Нийтлэл 08 сарын 22, 2019

Яагаад хараат бус шударга шүүх бидэнд хэрэгтэй вэ?

Шүүхийн ерөнхий зөвлөл-ийг хэрхэн бүрдүүлэх талаар Үндсэн хуульд заагаагүй нь УИХ-ын олонхын зүгээс шүүхийн бие даасан байдалд халдах үүд хаалгыг нээсэн.

 Уг зөвлөлийн дарга, гишүүнийг сонгох, томилох журмыг хуулиар дөрвөн удаа өөрчилж, 1993-1996 онд Дээд шүүхийн, 1996-2002 онд Хууль зүйн сайдын, 2002-2013 онд Дээд шүүхийн, 2013 оноос Ерөнхийлөгчийн хэт нөлөө ШЕЗ-д орох эрсдэлтэй байхаар зохицуулжээ. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг ердийн хуулиар удаа дараа өөрчилж ирсэн нь тус зөвлөлийн ажлын залгамж чанар, тогтвортой байдлыг алдагдуулсан төдийгүй үүгээр дамжуулан шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэлийг үүсгэж ирсэн.

Өнөөдөр Ерөнхийлөгч дараах эрх мэдлийг хэрэгжүүлж буй учраас шүүх эрх мэдэлд зүй бусаар нөлөөлөх эрсдэл бий болчихоод байна:
1)
Бүх шүүгчийг томилдог. Ерөнхийлөгч ШЕЗ-өөс санал болгосон хүнийг шүүгчээр томилохоос дур зоргоороо татгалзсан 30 шахам тохиолдол бий (сүүлийн 20 гаран жилд).

2) шүүгчийг шилж олох ажлыг хариуцдаг ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг бүгдгийг нь томилж байна.

 Хэдийгээр ШЕЗ-ийн таван гишүүний гурвыг шүүгчид, нэгийг хууль зүйн яам, нэгийг Хуульчдын холбоо нэр дэвшүүлдэг ч эдгээрийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог.

3) ШЕЗ-ийн таван гишүүд дотроосоо санал болгож даргыг нь Ерөнхийлөгч томилдог.

4) Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилж байна. Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг томилохоос үзэмжээрээ татгалзсан жишээ олон бий. Өнгөрсөн хавар гэхэд Дээд шүүх дээр ийм зүйл давтагдсан.

5) Шүүгчийн ёс зүйн зөрчил үйлдсэн шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх чиг үүрэгтэй Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилдог. Тус хорооны есөн гишүүний гурвыг Хуульчдын холбоо, гурвыг шат шатны шүүгчид, гурвыг хууль зүйн яам нэр дэвшүүлдэг ч бүгдийг нь Eрөнхийлөгч томилдог, үзэмжээрээ томилохоос татгалздаг. Мөн, тус хорооны гишүүд дарга аа дотроосоо нэр дэвшүүлдэг ч Ерөнхийлөгч томилдог. Ерөнхийлөгч томилоогүйгээс болж тус хороо бүтэн жил даргагүй байсан тохиолдол бий, бас дийлэнх хугацаандаа дутуу бүрэлдэхүүнтэй ажилласан байдаг. Шүүхийн ёс зүйн хороо eсөн гишүүнтэй байх ёстой ч зохих томилгоо хийгдэхгүй байгаагаас одоо дөрөвхөн гишүүнтэй ажиллаж, нийт гишүүний хурлаа хийх боломжгүй болоод байгаа.

Дээрх таван бүрэн эрхийн сүүлийн дөрвийг нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй ч сүүлийн 27 жил хуулиар өгсөн байдаг. Эдгээр дээр нэмээд Ерөнхийлөгч Ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөн томилдог, АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлдэг, ҮАБЗ-ыг тэргүүлдэг эрх мэдэлтэй гээд бодвол хууль зүйн салбар энэ институтээс хараат бус байж чадахаар байна уу?

Өнгөрсөн хаврын хуулиар ҮАБЗ нь зөвлөмж гаргаад ямар ч үндэслэл хэлэхгүйгээр хүссэн шүүгчээ хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, УЕП болон АТГ-ын даргын бүрэн эрхийг дуусгавар болгодог болчихсон. Хууль санаачлах, хуульд хориг тавих, Засгийн газарт чиглэл өгөх зэрэг үндсэн бүрэн эрх Eрөнхийлөгчид бий.

Хэд хэдэн судалгаагаар дан жирийн иргэдтэй холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэхэд ахиц дэвшил гарч буй ч ихээхэн мөнгөн дүнтэй эсхүл улс төрийн том ашиг сонирхол хөндсөн хэргүүд дээр шүүх бүрэн хараат бус ажиллаж чадахгүй байна гэсэн дүн гараад байгаа. Хэрэг, маргааныг шударга бусаар шийдвэрлэх эрсдэл Eрөнхийлөгчийн институтийг тойрон аажмаар бий болсон. Энэхүү эрсдэлийг "шударга бусын хонгил" гэж шүүмжилж, засаж залруулна хэмээн гарч ирсэн (танигдсан) улс төрчид бий. УИХ-ын 62 гишүүний төслийн шүүхтэй холбоотой хэсэг дордохгүйгээр батлагдвал шударга бусын хонгил нуран унаж, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх баталгаа хангагдана.

62 ГИШҮҮНИЙТ ТӨСӨЛ: Шүүхэд нөлөөлөх эрсдэлийг бууруулах замаар шүүхийн хараат бус, шударга байдлыг хангана

1) ШEЗ шүүгч болон шүүгч бус гишүүний тэнцвэрт төлөөлөлтэй болно

Шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг хангах нэг арга бол ШЕЗ-ийн гишүүдийн тоог тэгш (төслөөр 10) болгоод шүүгч гишүүд болон шүүгч бус гишүүдээс тэнцүү бүрдүүлэх юм. Учир нь, шүүхийн хараат бус байдалд халдах эрсдэл үүсвэл шүүгч таван гишүүн нь зогсоох боломжтой. Гэхдээ, зургаагаас доошгүй гишүүний саналаар шийдвэр гаргах учраас шүүгчийн томилгоо зэргийг зөвхөн шүүгчид мэддэг байдалд хүрэхээс сэргийлнэ.
2) ШЕЗ-ийн гишүүд даргаа дотроосоо сонгоно

ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо сонгохоор заасан нь тус зөвлөлийг хэн нэгнээс хамааралгүйгээр бие даан ажиллуулах зорилготой. Гишүүд нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана.
3) ШЕЗ-ийн бүрэлдэхүүний тавин хувь нь шүүгчдээсээ сонгогдсон шүүгчид байна

 Төсөлд 10 гишүүний тавыг шүүгчид дундаасаа шууд сонгохоор заасан нь ШЕЗ дэх улс төрийн зүй бус нөлөөг сааруулна.
(4) ШЕЗ-ийн бүрэлдэхүүний тавин хувь нь хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд

 Ард түмнээс сонгогдсон төлөөллийн байгууллага болох УИХ нь ШЕЗ дэх шүүгч биш таван гишүүнийг томилно. Энэ нь эрх мэдлийг хуваарилах, хяналт тэнцлийг хангах зорилготой юм. ШЕЗ-ийн шүүгч-биш таван гишүүнийг УИХ-аас томилох явц дахь улс төржилтийг сааруулах дараах зохицуулалтыг төсөлд тусгасан.

ХУУЛЬ ЗҮЙН ӨНДӨР МЭРГЭШИЛ:

Шүүгч биш таван гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүмүүс байна. Мэргэжлийн өөр ажил эрхэлдэг гишүүдийг оруулж буй нь шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх, тал талын төлөөллийг хангах, улс төрч томилогдохоос сэргийлэх зорилготой.

Мэргэжлийн байнгын хороо, засгийн газар, мэргэжлийн холбоо нээлттэйгээр нэр дэвшүүлнэ. УИХ-ын холбогдох байнгын хороо ШЕЗ-ийн таван гишүүнийг нэр дэвшүүлэхээр төслийн 49.5.2-т заасантай холбоотой гарсан шүүмжлэлийг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээн авч, уг заалтыг “ШЕЗ-ийн гишүүдийн гурвыг УИХ-ын холбогдох Байнгын хороо, нэгийг ЗГ, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлэх”-ээр заах Ажлын хэсгийн саналыг дэмжээд байна. Иргэний нийгмийн оролцоог хангахын тулд ШЕЗ-ийн нэг гишүүнийг мэргэжлийн холбоодоос нэр дэвшүүлнэ. Шүүхийн төсөв, бодлогын асуудлыг боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангахад оролцдог утгаар нь ЗГ, мэргэжлийн байнгын хорооноос нэр дэвшүүлнэ. ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүдийг нэр дэвшүүлэх ажиллагаа хуульд заасны дагуу нээлттэйгээр явагдана.

Томилгооны сонсгол:

  УИХ эдгээр таван нэр дэвшигч дээр сонсгол заавал хийх учраас үнэхээр хууль зүйн өндөр мэргэшилтэй,           хараат        бусаар, шударгаар ажиллах хүн мөн эсэхийг маш сайн хэлэлцсэний эцэст шийдвэрлэнэ.

УИХ дахь олонх болон цөөнхийн оролцоо:

УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүйн саналаар ШЕЗ-ийн эдгээр таван гишүүнийг томилохоор заасан нь УИХ дахь олонх дангаараа түрий барьж бус харин цөөнхтэй зөвшилцөж хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг гаргах шалгарсан механизм.

5) Хүлээн зөвшөөрөгдсөн хуульчийг л шүүгчээр томилно:

 Шүүгч нь хүний амьдралын хамгийн чухал асуудлын хувь заяаг шийдвэрлэх эрх мэдлийг хэрэгжүүлэх тул мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Шүүгч нэгэнт томилогдсон бол ноцтой зөрчил гаргаснаас бусад тохиолдолд хялбар огцруулах боломжгүй болно. Тиймээс, ШЕЗ-ийн 10 гишүүний олонх буюу 6-аас доошгүй нь санал нэгдэж байж шүүгчийг томилох зэрэг шийдвэр гаргах хэрэгтэй.
6) Шүүгчийг ерөнхийлөгч батламжилна:

 ШЕЗ-ийн арван гишүүний тав нь шүүгчдээсээ сонгогдсон, үлдсэн тав нь Засгийн газар, мэргэжлийн байнгын хороо, мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшиж УИХ дахь олонх цөөнхөд хүлээн зөвшөөрөгдөж томилогдсон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байна. Шүүгч болон шүүгч бус гишүүдийн ийм тэнцвэртэй төлөөллөөс бүрдсэн ШЕЗ-өөс шүүгчийг мэдлэг, ур чадвар, ёс зүй, зан төлөвөөр нь шилж сонгон томилох шийдвэр гаргаж Ерөнхийлөгчид хүргүүлнэ. ШЕЗ-өөс шүүгчдийг томилох шийдвэр гаргаж Ерөнхийлөгчид тэдгээрийг батламжлуулахаар хүргүүлнэ, Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Тиймээс ШЕЗ-ийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийг оролцуулбал шүүх эрх мэдэлд хэт нөлөөлөл арилах боломжгүй.
7) Шүүх бүр дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно:

 Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох ба нэг удаа улируулан сонгож болно. Ерөнхий шүүгчийг шүүгчийн албан тушаалаас өөр, дээгүүр албан тушаал мэтээр үзэж Ерөнхийлөгч томилж ирсэн тул нэр дэвшигч нар нь ШЕЗ, Ерөнхийлөгч зэрэг санал болгох, томилох субьектүүдэд таалагдах, “багаар ажиллах”, даалгавар биелүүлэгч болж хувирах нөхцөлийг бүрдүүлсэн. Төслөөр үүнийг таслан зогсооно.
8) Шүүгчийн хариуцлагыг дээшүүлнэ, гэхдээ хараат бус байдалд нь халдахгүй:

 Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах болон бусад сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй байгуулж буй нь шүүгчийн хариуцлагыг дээшлүүлнэ. Уг зөвлөлийн гишүүдийн “гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч; гурав нь хууль зүйн эрдэмтэн; гурав нь иргэдийн төлөөлөл байна” гэж тусгажээ. Уг зөвлөлийн шийдвэрийн алдааг засах эсхүл түүний зүгээс шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлийг бууруулах үүднээс шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн шийдвэрт гаргасан гомдлыг Дээд шүүхээр хянуулна.

Дүгнэвэл шүүгчдийг өөрсдийг нь шийдвэрлэх нөлөөтэй оруулж, бас мэргэжлийн холбоо, ЗГ, УИХ дахь олонх цөөнхийн оролцоогоор гарч ирсэн бүрэлдэхүүн (ШЕЗ)-ээр шүүгчийг томилуулж, Eрөнхийлөгчөөр албажуулуулна гэсэн үг.

Шүүгчийг томилох чиг үүргийг ШЕЗ-д өгөхийн зэрэгцээ уг зөвлөлийн талыг нь шүүгчид өөрсдөө дотроосоо сонгож, үлдсэн талыг нь ЗГ, мэргэжлийн байнгын хороо, мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж УИХ дахь олонх цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр мэргэшилтэй иргэнээр бүрдүүлнэ. Тэгээд уг зөвлөл шүүгчээр томилох шийдвэрийг гаргаж, Ерөнхийлөгч батламжилна, үндэслэлээ хэлээд татгалзаж болно. Ерөнхий шүүгчийн томилгоо болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүн зөвхөн нэг хүнээс хамаардаг өнөөгийн байдал арилна. Энэ бүх зохицуулалт хамт батлагдвал нэг этгээд шүүхэд нөлөөлөх эрсдэл боломжит хэмжээнд хязгаарлагдана.(ямар ч тогтолцоонд хүний хүчин зүйл нөлөөлөхийг үгүйсгэхгүй). Манайх шиг шүүхийн зөвлөлийн загвартай улсууд шүүхээ хараат бус, шударга болгоход хэрэглэсэн сайн туршлагууд гэвэл ийм л зохицуулалтууд байдаг.

 

Сэтгэгдэл бичих

    • Хуульч
    • 2019-08-25

    Маш зөв үндэслэл бүхий нийтлэл бнаа. Дэмжинээ

    • Хуульч
    • 2019-08-25

    Маш үндэслэл бүхий зөв бичжээ. Дэмжинээ???

    • Зочин
    • 2019-08-25

    Зочин

    • Цээгий
    • 2019-08-24

    Хараат бус шүүхийг нүдний үзэмжээр сонгодог бол үр дүн мэдээжийн хараат байдлаар гарна. Солонгосын тангарагтны шүүх гээд кино үзээд олон талын төлөөллийг шийдвэр гаргах төвшинд сонгох хэрэгтэй гэж бодсон

arrow icon