Нийтлэл 08 сарын 26, 2019

Төр муу менежер биш

Урт наслана гэдэг сайн хэрэг. Гэвч нөгөө талаас хөдөлмөрийн чадвар муутай, цалин орлогогүй урт насыг туулах болвол том эрсдэл. 

Яг энэ эрсдлийг хаах зорилготой даатгал бол нийгмийн даатгал юм. Үгүй ээ, бодоход хүн өөрөө ч банкинд сар бүр мөнгө хуримтлуулаад, нас өндөр болсон хойно түүнээсээ авч болно шүү дээ. "Яахлаараа эргээд бүрэн авч чадах найдлагагүй ийм даатгалд мөнгө төлж байх ёстой юм? Нийгмийн даатгал бол төрийн дээрэм."
За нэг иймэрхүү шүүмж, эсэргүүцэл сошиалаар явж байхыг харсан л байх.   

Тэгвэл төр яагаад иргэдээ энэ даатгалд албан журмаар хамруулж, цалин орлогоос нь хүчээр хураамж авдаг вэ?

Яагаад гэвэл хүн бүр айхтар зөв тооцоотой, арчаатай байж чадахгүй. Хүн бүр ирээдүй рүүгээ найдвартай хуримтлал үүсгэж чадахгүй. Хувийн даатгалын сан, бүтээгдэхүүн, эсвэл банкны хадгаламжийн үйлчилгээ зэрэг нь нэг л аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа учир 50-60 жилд юу болохыг хэлж мэдэхгүй. Дампуурч ч болно. Эрх биш төр бол байж байна. Хэрэв албан журмын НД-д хамруулдаггүй бол, хэсэг хугацааны дараа нэг ч төгрөгний цалин орлогогүй, туйлын эрсдэлтэй бүлгийн өндөр настангууд хэдэн мянгаар гарч ирнэ. Ингэснээр нийгмийн маш том асуудал, шүдний өвчин болох нь ойлгомжтой. Тиймээс төр тэр эрсдлийг хааж зохицуулахаас аргагүй.

Насаараа НД төлсөөр яг тэтгэвэртээ гарах дээр бүрлээч болчихож байгаа хүний хувьд хуримтлуулсан мөнгөө өөрөө олж авч чадахгүй нь харамсалтай ч, амьд яваа, урт наслах "эрсдлийг" хүлээсэн бусад хүмүүсийн тусын тулд түүний мөнгө зарцуулагдана. "Хэн нь ч урт насалж магадгүй учир хэдүүлээ эрсдлээ дундаа хуваая" гэдэг логик юм. Тиймээс заавал буцааж авах ёстой, ашиг шимийг нь заавал хүртэх ёстой хуримтлал биш. Зарчим нь ийм.

За харин бидний төлдөг НД буруу зарцуулагдаад байна гэдэг талаас шүүмжлэх бол өөр асуудал. Төр муу менежер. Ялангуяа авилгад идэгдсэн төр, хяналтгүй төр бол ил цагаан дээрэмчин. Ийм дээрэмчинд өгөхгүй гэдэг ч юмуу. Гэхдээ энэ асуудал зөвхөн НД-ийн асуудал биш, ерөөсөө татвар болон төсвийн орлого хэрхэн зарцуулагдаж, хэрхэн үрэн таран болж байгаа тухай өөр асуудал болчих учир орхиё.

Гол хэлэх гэсэн санаа. Чөлөөт зах зээлийн оронд нийгмийн даатгалын сан бол эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх хэрэгсэл болсоор иржээ. Хөгжингүй орнуудад НДС нь хөрөнгийн биржид үндэсний компаниудынхаа хувьцааг ихээр худалдан авч, тэдний үйл ажиллагааг далайцтай дэмжсэнээр дэлхийн томоохон брэндүүд, компаниуд босч ирсэн байдаг. Тэр компаниуд нь эргээд улсынхаа эдийн засгийг чирээд явдаг. Үүний тулд НДС-д хөрөнгийн удирдлагын чадварлаг баг, хүний нөөц хэрэгтэй. Мөн хариуцлагатай, хяналттай, найдвартай байгууллагын засаглал, ажиллах дүрмийг бий болгосон байх ёстой. 
Манайд хөрөнгийн зах зээл хөгжих шатандаа явна. Даатгалын компаниуд олноор гарч ирж, өрсөлдөөн дунд хөрөнгийн зах зээлийн чадварлаг хүний нөөц бойжсоор байна. Хувийн даатгалын компанийн бизнесийн амин сүнс бол хөрөнгийн зах зээл дээр зөв тоглолт хийх, портфолио байршуулах явдал. Даатгалын хураамж, нөхөн төлбөрийн зөрүүнээс бараг ашиг олохгүй. Тэр нь орсон, гарсан нь урсгал зардалдаа таардаг эд. Харин хуримтлагдсан хөрөнгийг оновчтой эргэлдүүлах замаар ашиг олдог үндсэн бизнес моделтой. Өнөөдөр хувийн даатгалын компанид ажиллаж байгаа залуу үеийнхэн дотроос маань ирээдүйд улсын НД-ын санг чадварлагаар авч явах, менемжент хийх, улс орныхоо эдийн засгийн томоохон хөшүүрэг, багаж зэвсэг болсон хөрөнгийн сангийн хариуцлагатай ажлыг гардан явуулах хүмүүс гарч ирэх нь дамжиггүй. Тэр үед манай хөрөнгийн зах зээл огцом тэлэх болно. Цаг хугацааны л асуудал юм даа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon