Нийтлэл 08 сарын 28, 2019

ХЭЛЭХ ҮГ БАЙНА: 2020 оны сонгуулийн шоу хийх сэдэв ШҮҮХ биш

 Шүүхээр сонгууль хийдэг жишиг тогтсон. Эхлэл төдийхөн байсан болохоор өргөн хүрээнд хамарч чадаагүй. Хоёр, гуравхан хүнийг оролдож байгаад сонгуулиа хийчихдэг байсан. Одоо туршлагажсан, жишигжсэн болохоор далайцтай хамарна биз. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт,  шүүхийн хэсгээ хурдан засаж авахгүй бол ардчилсан сонгууль, ардчилал амь тавина. Ирэх олон жил гишүүн байх эсэх энэ өөрчлөлтөөр хамгаалагдана. Электорат хөдөлгөөнөөс таныг нэрэлж, нам чинь дэвшүүлж, иргэд чинь дэмжиж ч магадгүй. Гэтэл таныг, намыг чинь бүртгэхгүй, бүртгэлтэй холбоотой маргааныг чинь шийдвэрлэхгүй, ялаад гараад ирэхэд хүчингүй болгох эрх шүүхэд л байгаа. Энэ байгууллага бие даасан, шүүгч нь хараат бус ажиллаж байж ардчилсан сонгууль амьд үлдэнэ. Өөрөөр хэлбэл шүүх ардчилсан сонгуульд хутгалдахаа больж, иргэдийн гарт сонгох, сонгогдох эрхийг нь үлдээнэ гэсэн үг.

Ардчилал гэхээр иргэдийн засаглал, олонхийн засаглал гэж бодоод байдаг. Гэхдээ олонхийн засаглалын амин сүнс нь сонгуулийн зарчим, тогтолцоо. Нөгөө Монтьескоё, Руссо, Гоббс бүгд тэгэж хэлсэн. Иргэдийн сонгох эрхэнд шүүх, шүүгч хутгалдан орох нь ардчилсан засаглалыг хэврэгжүүлэх, амин сүнсийг нь таслахтай адил. Иймд ардчилал өндөр хөгжсөн, шүүгч даалгавар гүйцэтгэдэггүй улсад сонгуулийн зарчим, тогтолцоотой холбоотой маргааныг шүүх нь хүлээн авахаас зайлсхийж, улс төрийн зарчмаар буюу сонгуулийн зарчмаар шийдэх ёстой гэж үздэг.

2 жишээ татая:

Нэгт. АНУ-д 1860 оноос эхэлсэн маргаан. Сонгуулийн тойргийн зурвасыг өөрчлөх замаар өөрийн нэр дэвшигчид ашигтай нөхцөлийг бүрдүүлдэг “Partisan Gerrymandering” гэх арга. Энэ арга нь улс төрийн үзэл баримтлал, арьс өнгө, хүйс болон хөрөнгө чинээгээр нь ялгаварлах замаар сонгуулийн тойргийг хувааж өөрийн ялалтыг баталгаажуулдаг. Энэ арга  тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна гэж 200 жил шүүхэдсэн. Янз бүрээр шийдвэрлэгдсэн. Эцэстээ 2019 оны 07 дугаар сард АНУ-ын Дээд шүүхээс  “бидэнд энэ асуудлыг шийдвэрлэх Үндсэн хуулийн эрх хэмжээ байхгүй” гэжээ. Үндэслэл нь тун энгийн энэ мэт асуудлыг сонгуулийн зармчаар буюу Үндсэн хууль, бусад хуульдаа өөрчлөлт оруулах байдлаар шийдэх нь зохимжтой. Хэрэв шүүх энэ асуудлыг шийдээд эхэлбэл ардчилсан сонгууль, ардчилалд аюул нүүрлэнэ. Өөрөөр хэлбэл шүүхэд хууль бусаар нөлөөлөх гэж оролдоно, шүүхээр сонгууль хийх гэж санаархана.

Хоёрт. АНУ-ын 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан. Жорж Буш болон Горр нар санал тэнцсэн. Зөвхөн Флорида мужийн үр дүнгээс хамаарах байв. Хоёр ч хүрэхгүй хувийн зөрүүгээр Жорж Буш ялалт байгуулав. Флорида мужийн хуулиар бага хувийн зөрүүгээр ялсан тохиолдолд саналыг гараар тоолох зохицуулалттай. Харин гараар тоолсон тохиолдолд хэрхэн, яаж саналын хуудсыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нь гол маргаан болсон. Эцэст нь Дээд шүүх санал дахин тоолохыг зогсоож, Жорж Буш ялалт байгуулсан юм. Энэ шийдвэрт мөн л дээрх санаа тусгалаа олсон. Шүүх сонгууль хийж болохгүй. Гэтэл хийсэн нь ардчилалд маш том аюул учруулж байгааг судлаачид шүүмжилсэн. Зовнил нь бодит биелэлээ олсоор байна.

Ардчилал бол маш аюултай тогтолцоо мэт. Доналд Трамп, Комедиан, Популистийг дээрээ сонгох боломжийг олгодог аюултай тогтолцоо. Гэхдээ энэ сонголт нь өөрөө ардчиллын амин сүнс. Буруу сонголт хийлээ, тэрийг сонго, эсвэл энэ сонголтыг чинь болиулна гээд эхэлбэл энэ бол дарангуйлал. Харин ардчиллын дарангуйлалаас ялгагдах  гол зүйл бол сонгуулиар сольж, засаж, сургамж авч, урагшилж чаддагт оршино. Өнөөдөр өөдрөгөөр харвал 27 жилд 4 ерөнхийлөгч солиод, 20 гаруй ерөнхий сайдаас салсан байна. Бүгд л авилгачид байсан гэж та шүүмжилж байгаа бол…

2020 оны сонгуулийг шүүхээр хийх аюултай. 60 тэрбум, ЖДҮ, Бонд гээд хангалттай сэдэв, шалтаг байгаа. Би иргэн хүн. Би саналаа танд өгсөн ч, шүүх “POOR CHOICE” гээд  өөрчлөх нийгэм рүү урагшилсаар байна. Иймд шүүх бие даасан, шүүгч хараат бус байж ардчилсан сонгууль үлдэнэ. Муугаар бодвол таныг ядахдаа 5 жилдээ нэг удаа гуйдаг, хүн шиг ханддаг энэ тогтолцоог хадгалан үлдэх нь Үндсэн хуулийн шүүхийн шинэчлэлийг хэсгийг дэмжиж, санал бодлоо хэлэхээс эхэлнэ. Зангиатай жагсаал дээр уулзая.

Зангиатай жагсаалын тухай зарим мэдээлэл

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэх гэж буйтай холбогдуулж ард иргэд, олон нийтэд Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгуулан таниулах, оролцоог нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 29-ний пүрэв гаригт хуульчид цуглахаар төлөвлөж байна. Цуглаан 2019 оны 8 дугаар сарын 29-ний 12:00-с 15:00 цагийн хооронд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны нэрэмжит талбай-7 хаягт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гаднах Хуульчдын талбайд зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: Хуульчдын нийгэмлэг
Хувцаслалт: Ажил хэрэгч хувцаслалт, зангиа

 

 

Сонгогч Д.Баяр

Сэтгэгдэл бичих

    • равдан
    • 2019-08-28

    Энэ шүүх зөв буруу шийдлээ гээд байгаа хүмүүс зөв бурууг яаж мэдээд байна аа

arrow icon