Нийтлэл 09 сарын 02, 2019

ШЕЗ-ийг бүрэлдүүлэх асуудлыг яагаад Үндсэн хуулиар зохицуулах шаардлагатай вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана” 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасан байдаг.

1992 оны Үндсэн хуулийн төслийг болосвруулж байх үед НҮБ-ийн шинжээчид “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнийг томилох журмыг Үндсэн хуульдаа заахгүй бол шүүхийн хараат бус байдал бэхжиж чадахгүй” гэсэн агуулгатай зөвлөмж өгсөн байдаг. Гэхдээ тухайн үед Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний талаар тодорхой заагаагүйг буруу гэж шууд дүгнэж болохгүй. Учир нь Үндсэн хууль тогтоогчид маань Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргааны байгууллагын талаар бүрэн дүүрэн ойлголттой байгаагүй, манайдаа шинэ зүйл байсан. Улс төрчид ч энэ байгууллагын талаарх ойлголт хангалттай байгаагүй. Харин одоо цаг өөр болсон. Энэ байгууллага ямар учиртай, юу хийдэг байгууллага болох, энэ байгууллагын судсыг атгасан хүн юу хийж болох, болдогыг бүгд мэддэг болсон.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь 1993-2002 онд 12 гишүүний бүрэлдэхүүнтэй, 2002-2013 онд 14 гишүүний бүрэлдэхүүнтэй, тэдгээр нь бүгд орон тооны бус байсан бол, 2013 оноос хойш орон тооны 5 гишүүнтэй, тэдгээрийг анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголын хуульчдын холбоо гэсэн таван газраас нэр дэвшүүлж Ерөнхийлөгч, даргыг нь гишүүдийнх нь санал болгосноор мөн адил Ерөнхийлөгч томилж байна.  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг 1993-1996 онд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 1996-2002 онд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн (энэ хугацаанд таван ч Хууль зүйн сайд ШЕЗ-ийн дарга хийгээд үзсэн), 2002-2013 онд буцаад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хавсран хийж байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сайд хавсран хийх хийж байх үед гүйцэтгэх эрх мэдэл, улс төрийн албан тушаалтны зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэсэн бол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг хавсран хийж байх үед шүүн таслах ажиллагаа болон шүүхийн захиргаан эрх мэдэл нэг гарт буюу Дээд шүүхэд төвлөрч шүүхийн дотоод хараат бус байдал алдагдах нөхцөл үүссэн.

2008 онд профессор Брент Т.Уайт “Голдоо хүртэл ялзарсан уу? Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн  өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан”-даа “Шүүгчийг сонгох үйл явц нь маш их улс төрждөг ба Ерөнхийлөгч үүнд харьцуулшгүй хүчтэй нөлөө үзүүлдэг учраас Ерөнхийлөгчид хэн үнэнч байна вэ гэдэг нь бусад бүх асуудлаас илүү чухал болдог” хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл 2012 онд батлагдсан Шүүхийн захиргааны тухай хуулиар шүүгчийг өөрт нь санал болгож томилуулдаг ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг давхар Ерөнхийлөгч томилохыг зөвшөөрсөн нь “дарин дээр давс” гэгч болж, шүүх дэх Ерөнхийлөгчийн нөлөөллийг үлэмж нэмэгдүүлэх бололцоог бүрдүүлсэн хэрэг болов.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд шүүхийн захиргааны байгууллагыг 4 удаа тонгочуулсан буюу эхлээд шүүхэд өөрт нь, дараа нь гүйцэтгэх эрх мэдэлд, түүний дараа шүүхэд өөрт нь, хамгийн сүүлд бие даасан байгууллага (Ерөнхийлөгчийн нөлөөлөл дор)-д хариуцуулаад байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэхээс өмнө шүүхийн захиргааг 5 дахь удаагаа тонгочуулж, буцаагаад Улсын дээд шүүхийн дэргэд байлгах санал хүчтэй гарч, энэ талаар хуулийн төсөл боловсруулагдаж байна гэх мэдээлэл чих дэлсэж байв. Магадгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдээгүй бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоогийн зохицуулалтыг өөрчилчихсөн байхыг ч үгүйсгэхгүй. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилох талаарх хуулийн төслийг УИХ-аар 2012 онд хэлэлцэж байх үед УИХ-ын зарим гишүүд, тухайлбал Д.Лүндээжанцан гишүүн: “Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг томилдог.  Дээр нь одоо шүүгчийг сонгон  шалгаруулдаг Ерөнхий зөвлөлийг  нь  томилчих  юм бол хүчний баланс нөгөө  тал руугаа хэт орох, тэмээн  тэнгийн  ачаа нэг тал руугаа болчихоод байна”, О.Баасанхүү гишүүн: “Ерөнхийлөгч маань шүүгчийг томилдог, тэгсэн хэр нь Ерөнхий зөвлөлийг  томилдог  ингээд  ерөөсөө шүүхийг бүхэлд нь томилдог гэсэн ганцхан өгүүлбэр дээр тохогдож байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн мэдлийн шүүх засаглал болох гээд байна. ... нэг субъект дангаараа байх нь жинхэнэ хараат болдог байхгүй юу”[1] хэмээн одоогийн нөхцөл байдлын дүр зургийг хэлж байсан нь чуулганы хуралдааны тэмдэглэлд бичигдэн үлджээ. О.Бааасанхүү гишүүний энэ байр суурь одоо ч өөрчлөгдөөгүй байгаа болов уу.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын гишүүдийн асуултад “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх нь бол өөр өөр субъектэд байж болно. Тэрнийг нь ингэж баталгаажуулдаг нэг субъект байх нь зүйтэй гэсэн үүднээс л хэлж байгаа. Түүнээс биш бол Ерөнхийлөгчийн үзэмжээр томилох, батлах тухай асуудал бол байхгүй ээ”[2] гэж хэлж байсан боловч, бодит байдал дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр хэнийг томилох, хэнийг ажиллуулах нь Ерөнхийлөгчөөс хамааралтай болж хувирсан. Ерөнхийлөгч санал болгосон нэр дэвшигчийг томилохгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг анх санал болгосон газар нь хариуцлага тооцож эгүүлэн татаж чадахгүй болсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийг нэг эрх мэдэл буюу нэг байгууллага, албан тушаалтнаас хэт хамааралтай байдлаар байгуулсан тохиолдолд энэ байгууллага шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, хуульчдаас шүүгчийг шилж олох зэрэг чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлж чадахгүйд хүрэх ба энэ нь шударга ёсонд аюул учруулж, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхэд ноцтойгоор нөлөөлдөг билээ. Хохирол нь эрх мэдэлтэн, хөрөнгө чинээтэнд бус, иргэд дээр тусдаг.

Гэхдээ бид одоо хараат бус бие даасан шүүхтэй, шүүгч үүргээ хараат бус, шударгаар гүйцэтгэж чадах тийм шүүхийн захиргааны байгууллагыг бий болгох эрх зүйн үндсийг Үндсэн хуулиараа бэхжүүлэх боломж бий болж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуулийн 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно." гэсэн байдлаар тусгахаар томьёолох санал гаргаад байгаа бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг заалтыг батлах эсэхийг хэлэлцэх гэж байна. Энэ санал бол бидний өнгөрсөн 26 жилийн  туршлага, алдаа, оноо, үүний дээр олон улсуудын сайн жишгийг харгалзан боловсруулагдсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийг аль нэг байгууллага, албан тушаалтанд нөлөөлөл, дэргэд байлгах санаархалгүй, харин ч уг байгууллагыг шүүгч болон шүүгч бус гишүүдийн тэнцүү тооцоотойгоор бүрдүүлж, балансыг нь хангах дэвшилтэд санал юм.     

Шүүхийн ерөнхий зөвлөлийг шүүхээс өөрөөс нь, эсхүл улс төрөөс хэт хамааралтай бишээр шүүгчид болон шүүгч бус гишүүдийн төлөөллийг тэнцвэртэй байдлаар бүрдүүлж, түүний зарим чиг үүрэг (шүүгчийг огцруулах, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах)-ийг Шүүхийн сахилгын хороо гэх шинэ инстүүтэд шилжүүлсэнээр Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах үндсэн үүргээ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлж, шүүх дэх улс төрийн нөлөөлөл багасах, хариуцлагатай, хараат бус шүүхийн тогтолцоо бэхжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Хуульч П.Баттулга

Ашигласан эх сурвалж:

[1] Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 30-ны өдрийн

хуралдааны тэмдэглэл

[2] Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 30-ны өдрийн

хуралдааны тэмдэглэл

Сэтгэгдэл бичих

    • Иргэн
    • 2019-09-02

    ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ТУХАЙД ҮХНӨ-Д ТУСГАЖ БАЙГАА ЗААЛТУУД, НӨГӨӨХ 'ДОРДУУЛСАН 7'-ООС Ч БҮҮР ДЭНДҮҮ ДОР, БАЙЖ БОЛШГҮЙ ЗОХИЦУУЛАЛТУУД ТУСЧ БАЙНА. ШҮҮХ ЗАСАГЛАЛ НЭГ ХҮНИЙ ХАРААТ БАЙГАА ӨНӨӨГИЙН 'ТАХАЛ' БҮР ГАЗАР АВАХ НЬ ЭЭ !!!

arrow icon