Нийтлэл 09 сарын 05, 2019

Сонголт бол ИРЭЭДҮЙ биш ӨНӨӨДӨР-ийг унших мэдрэмж

Хүн хэрхэн сонголт хийдэг тухай сэдэв үргэлжилж байна. Өмнө нь арвин сонголт эрх чөлөөнөөс эсрэг утгатай болж орхих тохиолдол байдаг тухай энд ярилцсан. 

Сонголт бол ИРЭЭДҮЙ биш ӨНӨӨДӨР-ийг унших мэдрэмж

2000 оны Америкийн сонгуулиар юу болсон бэ?

Таны санаанд Флоридад болсон "саналын хуудасны асуудал" буух биз. Тэгэхэд холбооны дээд шүүхээс саналын хуудас дахин тоолохыг зогсоож, үр дүнд нь 537 саналын давуугаар Жорж Буш ялалт байгуулсан.

Гэхдээ үнэндээ сонгуулийн хувь заяа зөвхөн саналын хуудасны асуудал гэгчээр шийдэгдсэн үү гэвэл бас ч тийм биш.

Жон Клузник профессорын судалгаагаар бол
- Нэр нь нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигч бусдаас 2%-аар давуу байдаг
нь тодорхой болсон гэнэ (Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиуд дээр хийгдсэн судалгаа).

Энэ бол "Ердөө л 2% уу?" гэж хөнгөхөн харах зүйл биш. Кеннеди Никсон хоёрын өрсөлдөөн ердөө 0.02%-ийн зөрөөгөөр төгсөж байсан удаа бий.
Мэдээж, Флоридагийн сонгуулийн хуудас дээр Жорж Бушийн нэр нэгд байсан. Учир нь, Флорида мужийн дүрмээр бол, мужийн захирагчын харъяалагддаг намаас нэр дэвшигч, сонгуулийн хуудсан дээр нэрээ нэгд бичүүлдэг юм байна (Тухайн үед Флорида мужийн захирагчаар Жорж Бушийн дүү Жеб ажиллаж байсан).

Флоридагийн 2% нь 50,000 санал гээд бодохоор, сонгуулийн хуудсан дээрх нэрсийн дараалал тэнд ямар чухал үүрэг гүйцэтгэсэн болох нь төсөөлөгдөх биз.

 юм.

Хамгийн эхний юм ой тойнд үлдэхдээ амар тул, сонгогдох хандлага ч өндөр байдаг. Үүнийг Primacy effect (анхдагчийн нөлөө) гэдэг.
Анхдагчийн дараагийн ашигтай байрлал гэвэл хамгийн сүүлчийнх юм. Анхдагчийн адилаар ой тойнд хадгалагдаж үлдэх магадлал өндөртэй.
Түүнээс гадна сонгуулиар Recency effect гээч юм бас өндөр нөлөөтэй. Тэр нь юу гэхээр, олон сонссон, олон харсны хэрээр илүүтэй ой тойнд хоногшдог тул, төдий чинээ танил дотно сэтгэгдэл бий болдог нөлөө юм.

Бас хүмүүс "Бодит тодорхой зүйлийг илүү чухал" гэж үзэх хандлага бий. Нэр дэвшигч хэчнээн чухал яриа дэлгэлээ ч, сонгогчидын нүдэнд ердөө л түүний царай хоногших жишээтэй.

Иймэрхүү байдлаар хүний сонголт болгонд үргэлж их бага хэмжээний хэлбийлт (хандлага) үүсгэж байдаг. Жишээ нь үүнийг дараах бяцхан туршилтаас ч харах боломжтой.
Доорхи 2 сонголтоос аль нь илүү сонгогдох хандлагатай байдаг вэ?
А: Ямар ч нөхцөлгүйгээр 10,000 төгрөг өгье.
В: Хуруудаад дийлбэл 20,000 төгрөг өгье.
Шууд хариуг нь хэлэхэд "А" юм. Хүмүүсийн дийлэнх олонх нь, 2 дахин бага боловч "найдвартайг" нь сонгодог.
Тэгвэл доорхийн хувьд яах бол?
А: Ямар ч нөхцөлгүйгээр 10,000 төгрөг төл.
В: Хуруудаад дийлэгдвэл 20,000 төгрөг төл.
Хариулт нь гэвэл... "В"-г нь дийлэнх олонх сонгодог. 2 дахин их мөнгө алдаж ч мэдэх атал.
Мөнгө "өгөх" болон "авах" дээр, бидний сонголт хийх шалгуур маань өөр байдаг учиртай юм гэнэ.
"Авна" гэж сонсуут "Ашгийн төлөвт" шилжиж, аль болох эрсдэлээс зайлсхийж, бага ч гэсэн найдвартай нь дээр гэж үзэх юм.
Харин "өгнө" болонгуут төлөв маань "Алдагдал" руу шилжинэ. Энэ үед эрсдэлтэй ч бай хамаагүй, бага хохиролтой үлдэж болох тэр боломжинд найддаг байна. Тэгээд зарим тохиолдолд мөрөөрөө төлөөд өнгөрөх байснаас хэд дахин ихээр шатах ч явдал гарна.
Олох болохоор өчүүхнийг олж, алдахдаа тулахаар бөөнд нь тавиад туудаг энэ гунигтай үзэгдэл, хөрөнгө оруулагчдын хувьд илүүтэй танил дотно санагдах биз.
Хүний иймэрхүү сэтгэлзүйн хандлага нь Prospect theory (Хайгуулын онол?) гэгчээр олонд танигдсан бөгөөд, Daniel KahnemanAmos Tversky нар энэ онолоороо эдийн засгийн Нобел ч авсан удаатай.
Тэр ч бүү хэл, зүгээр шоо хаяж хөрөнгө оруулалт хийгээд явах нь, зарим хөрөнгө оруулагчдаас хавьгүй ашигтай байх явдал ч бий. Тиймдээ ч спекюляторууд(хөрөнгийн үнийн өсөлт уналт дээр тоглогсод)-ыг заримдаа "сармагчнаас дор" гэж шоглодог биз. 
Иймэрхүү алдаа гаргагчид дээр харагддаг нийтлэг нэгэн шинж байдаг байна. Тэр нь өөртөө байгаа мэдээлэлд "хэт итгэх" явдал юм гэнэ.
- Ямар хүмүүс "хэт итгэдэг" вэ?
гэдгийг тайлбарлахын тулд
- Ямар хүмүүс "хэт итгэдэггүй" вэ?
гэдгийг тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу.
Юуны өмнө, Угаасаа ч юу ч мэдэхгүй бол, яаж хэт итгэж чадах билээ. Үүнийг Beginners luck гэх ба, амьдралд ойрхон жишээ гэвэл, анх удаа Покер тоглож байгаа хүмүүс дээр ажиглагддаг. Нөгөө талаар, маш сайн мэдлэгтэн "хэт итгэдэггүй" байх хандлагатай байдаг.
Тэгэхээр үлдсэн хүмүүс болох юм. Харамсалтай нь энэ хэсгийн хүмүүс нийгэмд дийлэнх олонхийг эзэлдэг.
Хөрөнгө оруулалтын бурхан гэж өргөмжлөгддөг Warren Edward Buffett нь тэднээс өөр хэт итгэдэггүй ховор хүмүүсийн нэг байсан бололтой.

1990–д оны тухайн үед, интернэт компаниуд бүүм болж, хөрөнгө оруулагчид тэндээс бөөн бөөн ашиг олж байв. Харин Buffett гуай огт тийшээ зүглэсэнгүй. Яагаад гэсэн асуултанд
- Би сайн мэдэхгүй
гэж хариулсан гэдэг. IT компани гэж юу болохыг ч сайн мэдэхгүй, яагаад ингэж ашиг олоод байгааг нь ч сайн мэдэхгүй байсан юм гэнэ.

Хэт итгэгчид түүнийг шоолон инээж байлаа.
- Хөөрхий дөө, мэдрэмж нь мохож дээ.
Харин IT бүүм хагарч, IT компаниудын хувьцаа навс унасаны дараа хэн ч түүнийг шоолоогүй биз...

Шатрын дэлхийн аварга агсан Гарри Каспаров гэж хүн бий. 22 насандаа хаан болж, 15 жил хаан ширээгээ хадгалсан түүний хожлын тоо нь бусдаас дэндүү хол тасархай.

Шатарчин л болсон хойно тоймгүй олон нүүдлийн цаадахыг уншдаг байлгүй гэж санагдах боловч, тэрээр өөрөө

- Би цаадах нүүдлүүдийг огт хардаггүй
юм гэнэ. Шатрын дараагийн нүүдэл гэдэг тэнгэрийн од шиг тоймгүй олон боловч, суут Каспаров ердөө л "мэдрэмжээрээ" тоймгүй олон дундаас хамгийн тодыг нь олж сонгодог гэх.
Мэдээж тэрээр тас харанхуй сонголт хийдэггүй л байж таараа. Арвин баялаг туршлага дээрээ тулгуурлаж сонгодгоос зайлахгүй. Энэ талаас харвал хөрөнгө оруулагч Buffett-тай төстэй.
Тэд юуны өмнө туршлага дээр суурилсан "логик (мэдлэг)" гаргалгаагаар шаардлагатай мэдээллээ сонгож гаргаад, тэдэн дундаас орчны мэдрэмжээ ашиглан шийдвэр гаргах нийтлэг аргатай. 
 Хэрхэн сонголт хийх вэ?
Ийм асуулттай тулгарах болгондоо бид өөрийн эрхгүй "ирээдүйг уншихыг" хичээдэг. Харин эксперт зиндааны суутнууд эсрэгээрээ "ирээдүйн тухай боддоггүй" бололтой. Өөрөөр хэлбэл, "ОДОО ЦАГТ хэр зэрэг төвлөрөх вэ?" гэдгээрээ ялгардаг байх нь.
Мэдээж одоо цагт өөрийн мэдрэмжийг төвлөрүүлэхийн өмнө, туршлага, мэдлэгтээ үндэслэн логик шигшилт хийдгийг ч мартаж болохгүй. Ямар ч туршлагагүйгээр онолдох нь, зарим үед ердийн "хэт итгэл"–ээс ялгарахгүй байх нь ч цөөнгүй...
Колумбын их сургуулийн профессор Sheena Iyengar–ийн лекцийн зах зухаас хүүрнэхэд нэг иймэрхүү.
ад, эцсийн шийдвэрийг бол "ирээдүй биш одоог уншдаг мэдрэмжиндээ" даатгах.
Тийм сонголт гэдэг эгэл бидэнд туйлын хэцүү даалгавар байх. Гэсэн ч сонголтыг тэгж хийдэг хүн гэж байдгийг мэдэх нь нэг сонсоход илүүдэхгүй мэдлэг болох биз ээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon