Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асууж шийдвэрлүүлэх саналыг УИХ-ын зарим гишүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүд болон ойрын хүмүүсээс сүүлийн хоёр жил гаргаж тавиад байсан бол сүүлийн хэдэн долоо хоног Eрөнхийлөгч энэ санаархалаа албан ёсоор илэрхийлж Тамгын газрын дарга нь байнга ярьж сурталдах болов .
1992 оны Үндсэн хуулийг батлах үед АИХ энэ асуудлыг хэлэлцэж, хүчтэй ерөнхийлөгч бүхий парламентын засаглалыг сонгосон. Нэгэнт шийдвэрлэгдсэн асуудал болох засаглалын хэлбэрийг дахин хэлэлцүүлэх нь одоогийн парламентын засаглалаас ухрах, ерөнхийлөгчийн засаглал руу шилжих агуулгатай үйлдэл юм
. Үндсэн хуулиа дээдлэн сахихаа тангаргалсан Монгол Улсын Eрөнхийлөгч ийм алхам удаа дараа хийж буйд харамсаж байна
.
Ерөнхийлөгчийн засаглал нэрийн АНУ маягийн тогтолцоог ойлгож байна уу, эсхүл нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлсөн дарангуй дэглэмийг ойлгож байна уу гэдэг нь туйлын тодорхойгүй.
АНУ-ын тогтолцоог л яг таг хуулчихвал бүх юм "сайхан" болчихно гэж зарим нь хэлэх болов. АНУ-ын тогтолцоо манайх шиг улсад үл тохирно. Үүний оронд одоогийн парламентын засаглал аа илүү бэхжүүлэх хэрэгтэй. Ард нийтийн санал асуулгад оруулах гэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол ийм чиглэлд боловсруулагдсан.
Монгол Улс парламентын засаглалын хэлбэрээ хадгалж, улам хөгжүүлэх үндэслэлийг товч тайлбарласан нийтлэл 4 жилийн өмнө хэвлүүлж байснаа дахин хүргэж байна.
Засгийн газар нь ард түмнээс сонгогдсон парламентаас үүсэн бий болж, парламентын өмнө хариуцлага хүлээж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг тогтолцоог парламентын засаглал гэдэг. Засгийн газар парламентын итгэлийг хүлээхгүй бол огцордог бөгөөд засгийн газрыг ерөнхий сайд толгойлж, төрийн тэргүүнийг хаан эсхүл ерөнхийлөгч хэрэгжүүлдэг.
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиар парламентын засаглалыг авсан гэж Монголын үндсэн хууль судлаачдын олонх үздэг бол зарим судлаачид хагас-ерөнхийлөгчийн засаглалтай гэж үздэг. Үндсэн хуулийн 20-р зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж заасан нь парламентын засаглалыг илэрхийлж байгаа гэж тайлбарладаг. Үнэндээ 1992 оны Үндсэн хуулиар хагас Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол 2000 оны нэмэлт өөрчлөлт парламентын засаглал руу ойртоход хувь нэмэр оруулсан юм. Учир нь, Засгийн газрыг байгуулахад болон Засгийн газар оршин байхад парламент дахь олонхын төдийгүй Ерөнхийлөгчийн зөвшөөрөл, итгэл шаарддаг байх нь хагас Ерөнхийлөгчийн засаглалын гол шинж. Харин, 2000 оноос хойш Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлаж парламентын олонх Ерөнхий сайд хэн байхыг дангаар шийдэх, Ерөнхий сайдын саналаар засгийн газрын гишүүдийг томилох болсон (Үндсэн хууль, §33.1.2, §39.2). Ингэснээр Монгол парламентын засаглалын үндсэн шинж рүүгээ дөхсөн. Парламентын засаглалтай улсад Ерөнхий сайдаа парламент сонгодог бөгөөд олонх Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй бол Засгийн газар огцордог бөгөөд Ерөнхийлөгчөөс заавал итгэл хүлээсэн байхыг шаарддаггүй. ХБНГУ, Эстон, Финланд зэрэг улсын жишээнээс үүнийг харж болно.
Нэг маргаангүй, тодорхой зүйл бол бид ерөнхийлөгчийн засаглалыг сонгоогүй харин хүчтэй парламент бүхий засаглалын хэлбэрийг сонгосон шийдвэр
. Энэ сонголт нь Монгол дарангуйлал руу орчихгүй, ардчилсан дэглэмээ хадгалж яваагийн нэг шалтгаан болж байна. Тогтвортой хөгжил гэдэг бол зөвхөн эдийн засаг өсөх төдийгүй хүний эрх, байгаль орчин хамгаалагдаж, тусгаар тогтнол баталгаажсан байхыг хэлдэг. Хөгжил гэдгийг ийнхүү цогц утгаар нь авч үзвэл Монголчуудын хөгжих гол зам дарангуй дэглэм эсхүл ерөнхийлөгчийн засаглал бус харин ардчилсан дэглэм, парламентын засаглал мөн.
Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа парламентын засаглал сонгосон нь
Манайд бол 1990 онд дэглэм солигдоход, мөн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудаар төрийн эрх мэдлийг шилжүүлэхэд хүчирхийлэл гарахгүй явж ирсэн нь бидний бахархах ёстой амжилт. Эргээд харахад Монголд төрийн эрх мэдлээ тодорхой хэмжээнд хуваарилж зааглаад өгчихсөн, бие биеэ тодорхой хэмжээнд хянаж, тэнцэж байна, хүний үндсэн эрх, эрх чөлөө боломжийн хэмжээнд хэрэгжиж байна, дээр нь ардчилсан сонгуулиа хийж чадаж байна. Ардчилсан дэглэм тогтвортой оршиж байгаад олон хүчин зүйл нөлөөтэй боловч 1992 оны Үндсэн хууль голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр дундаа Үндсэн хууль тогтоогчдын ухамсартайгаар сонгосон парламентын засаглал нь одоогийн Үндсэн хуулийн амин сүнс юм.
Үүнийг дотоод гадаадын судлаачид ч хэлдэг. Жишээлбэл, яагаад адилхан ардчилал руу шилжсэн хэрнээ Төв Азийн орнууд болон Орос дарангуй дэглэм рүү орчхоод байхад Монголд ардчилал алдаа оноотой ч гэсэн хөгжөөд байгаагийн учир нь ерөнхийлөгчийн засаглалыг сонгоогүй харин хүчтэй парламент бүхий засаглалын хэлбэр (хагас ерөнхийлөгчийн засаглал)-ыг сонгосонд оршиж байна гэж харьцуулсан улс төр судлаач Стевен Фиш тайлбарласан.
Үндсэн хууль тогтоогчид парламентын засаглал Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болно гэж үзсэн учраас засаглалын энэ хэлбэрийг сонгосон.
Түүхээс харахад Монголчууд нэг хүнээр удирдуулж байхдаа тусгаар тогтнолоо алдсан, бусдын эрхшээлд орсон байдаг бөгөөд үүнд тухайн үеийн удирдагчийн шийдвэр голлох нөлөө үзүүлсэн байдаг. Жишээ нь, Өвөр Монгол болон Төв халхын зарим ноёдыг албан тушаал, эд хөрөнгөөр худалдан авсан буюу орчин үеийн хэллэгээр тэдэнд авлига өгсөн нь Монголчууд Манжийн эрхшээлд ороход дотоод хагарлаас дутуугүй нөлөөлсөн. Хуучин ЗХУ-ын үед Монголыг тусгаар улс байлгах, бие даасан бодлого явуулахыг дэмждэг ерөнхий сайдууд, бусад лидерүүд хэлмэгдэж эсхүл тодорхойгүй шалтгаанаар амь насаа алдаж, эцэст нь Оросын үгэнд ордог, тал засдаг хүмүүсийг намын удирдлагад гаргаж ирэхэд хүрсэн. Социализмын үед бид бодит байдал дээр өөрсдийнхөө хувь заяаг бие даан шийдвэрлэх боломжгүй байсан. Энэ мэт түүхийн сургамжуудаас харахад Монголд нэг хүний засаглал эсхүл нэг хүнд эрх мэдэл төвлөрүүлсэн засаглал тохиромжгүй бөгөөд парламентын засаглалыг Монголын тусгаар тогтнолын баталгаа гэж тэд үзсэн.
Парламентын засаглалын давуу тал нь гэвэл ерөнхийлөгчид их эрх мэдэл өгдөггүй, бэлгэдлийн шинжтэй байлгадаг, гол шийдвэрүүдийг парламент нь гаргадаг.
УИХ 76 гишүүдээс бүрддэг учраас гадны улс эсхүл бусад этгээдээс УИХ-д нөлөөлөх нөлөөлөл ерөнхийлөгч эсхүл Ерөнхий сайдад нөлөөлөхөөс бага байдаг. Нэг хүнд нөлөөлөх нь 76 хүний олонход нөлөөлөхөөс хамаагүй амархан. Дээр нь, УИХ хууль болон бусад шийдвэрүүдийг нээлттэй хэлэлцэж гаргадаг учраас олон нийт хэвлэлээр дамжуулан хяналт тавих өргөн боломжтой. УИХ-ын гишүүд сонгуулиар гарч ирдэг учраас тэд иргэдийн өмнө хариуцлага хүлээж байдаг. Засгийн газар нь ард түмнээс сонгогдсон парламентаас үүсэн бий болж, парламентын өмнө хариуцлага хүлээдэг. Үүгээрээ парламентын засаглал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол хангагддаг гэж Үндсэн хууль тогтоогчид харсан.
Ерөнхийлөгчийн засаглал ба ардчилал
Ардчилсан дэглэмийг урт хугацаанд хадгалж буй 20 гаран улс байдаг. АНУ, Герман, Англи, Япон, хойд болон баруун Европын орнууд байна. Эдгээрээс ерөнхийлөгчийн засаглалтай ганцхан улс байгаа нь АНУ. Бусад нь бол парламентын засаглалтай эсвэл хагас ерөнхийлөгчийн засаглалтай орнууд. Постсоциалист улсуудаас ч гэсэн ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгочхоод ардчилалтай явж байгаа улс ховор. Орос, Узбекистан, Казакстан зэрэг орнуудад ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон ч дарангуй дэглэм рүү гулсан орж, ардчиллаа алдсан, хүний эрх, эрх чөлөөний зөрчил газар авсан. Фрийдом Хаусын үнэлгээгээр эдгээр постсоциалист орнууд бүгд эрх чөлөөгүй гэсэн ангилалд ордог. Эрх чөлөөтэй гэсэн ангилалд орсон Төв болон зүүн Европын ихэнх улсууд болон Монгол нь парламентын эсхүл хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Харьцуулсан улс төр судлаач Жуан Линзийн олон жилийн судалгаа дараах дүгнэлтэд хүрсэн байдаг: “Өнөөдөр дэлхий дээр тогтвортой ардчилсан улсуудын дийлэнх олонх нь гүйцэтгэх эрх мэдлийг хууль тогтоох олонхоос бий болгож, уг олонхоос хамааралтайгаар оршин байлгадаг парламентын дэглэмтэй байна. Нөгөө талаар, Үндсэн хууль нь урт хугацаанд үйлчилж буй ганц ерөнхийлөгчийн ардчилал бол Америкийн Нэгдсэн Улс.”
Ерөнхийлөгчийн засаглалтай улсад ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх төдийгүй засгийн газрыг толгойлж ажилладаг бөгөөд хууль тогтоох эрх мэдлээс бие даан үйл ажиллаа явуулдаг. Цэрэг цагдаа, мөнгө санхүү гээд бүх чухал эрх мэдлүүд ерөнхийлөгч гэх нэг хүнд төвлөрдөг учраас тэр хүнийг эргээд хянахад их хэцүү болж ирдэг. Ерөнхийлөгчийг огцруулах бараг боломжгүй учраас бүрэн эрхийн хугацаа дуусан дуустал байж л байдаг. Ийм нөхцөлд ерөнхийлөгч нийтийн ашиг сонирхлыг дээдэлсэн шийдвэрээс илүү өөрийн болон тойрон хүрээлэгчдэдээ ашигтай шийдвэр гаргах боломж нээгддэг. Үүгээр зогсохгүй сөрөг хүчнээ гадуурхаж дуу хоолойг нь боймлох, улс төрөөс шахах, өөрийнхөө нам доторх эсэргүүцэгчдийг ч гадуурхах, заримдаа бүр өөрийнхөө нэр дэвшсэн намаа ч хаяад явах боломжтой болдог. Ингээд ерөнхийдөө улс төрийн болоод намын ямар нэг хяналтгүй болж ирдэг. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа хэдийгээр парламенттай адилхан боловч шийдвэрийг ганцаараа гаргадаг утгаараа парламентаас илүү хурдан шийдвэр гаргаж, эрх мэдлээ бэхжүүлэх боломжтой байдаг учраас хяналтаас гарахад их амархан байдаг. Ингээд ирэхээр ардчилсан тогтолцооноос хурдан дарангуйллын тогтолцоонд шилжих нөхцөл бүрддэг.
Америк яагаад ерөнхийлөгчийн засаглалыг амжилттай хэрэгжүүлээд ардчиллаа хадгалаад байна вэ гэхээр нэгдүгээрт энэ түвшинд хүрэх гэж маш урт хугацааг туулсан. Ингэхдээ олон ерөнхийлөгчид нь улс төрийн аллагаар буудуулж нас барсан, боолчлол, иргэний дайн, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэх мэт олон бэрхшээлийг даван туулж өдий зэрэгтэй хөгжсөн. Ийм хэцүү замыг туулж байж ерөнхийлөгчийн засаглалыг төлөвшүүлсэн. Хэрэв ерөнхийлөгчийн засаглалын дор ардчиллыг хөгжүүлье гэвэл магадгүй ийм замыг туулах болно. Энэ бол тийм хүсэх зүйл яавч биш. Хоёрдугаарт, АНУ байгуулагдахаас ч өмнө тэнд Англиас уламжлан авсан бие даасан шүүхийн тогтолцоо бэхэжсэн байсан нь ерөнхийлөгчийн засаглалыг хамжааргатай болгох нэг гол нөхцөл болсон. Мөн, шүүх нь эрүү, иргэн, захиргааны маргааныг шийдэхээс гадна Конгрессоос баталсан хууль тогтоомж эсхүл Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах эрх мэдлийг анхлан хэрэгжүүлсэн. Гэтэл шинээр ардчилалд шилжсэн орнуудад ийм хараат бус шүүх байхгүй, байгуулах ч хэцүү л дээ. Гуравдугаарт, Америкийн төрийн байгууламжтай холбоотой. АНУ бол холбооны улс учраас хэдийгээр ерөнхийлөгчийн засаглалтай гэгддэг ч бодит байдал дээр холбооны эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. АНУ-ыг бий болгосон 13 муж нь анх Английн колони байсан бөгөөд тэд хожим нэгдсэн улсыг байгуулж тусгаар тогтнолоо тунхагласан. Гэсэн хэдий ч мужууд нь боловсрол, эрүүл мэндийн асуудлыг тус тусдаа шийдээд зогсохгүй иргэний болон эрүүгийн эрх зүйн голлох зохицуулалт нь мужийнх байдаг. Энэ мэт маш чухал асуудлуудаа 50 муж улс нь тус тусдаа өөр өөрийн хуулиар шийддэг. Мужийн энэ эрх мэдлийг Үндсэн хуулиар хамгаалсан. Тэгэхээр Холбооны засгийн газар болон ерөнхийлөгч бол мужийн шийдээд үлдсэн багахан хэмжээний асуудлууд дээр л эрх мэдэлтэй байдаг. Хэрвээ Ерөнхийлөгч төдийгүй Конгресс мужийн хэрэгт оролцоод шийдвэр гаргаж эхэлбэл шүүх тэрийг нь хүчингүй болгочихдог. Тиймээс, холбооны засгийн газар, ялангуяа ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвтээ түвшинд Конгрессын болон шүүхийн эрх мэдлээр хязгаарлагдаж, босоо түвшинд мужуудын эрх мэдлээр хязгаарлагддаг. Энэ мэт хүчин зүйлс нь АНУ-д ерөнхийлөгчийн засаглал төлөвшиж ардчилал амжилттай хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн. Харамсалтай нь, ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бусад улсад ийм эерэг нөхцөл бүрдэж байсангүй. Төв болон Өмнөд Америкийн орнууд АНУ-г дагаж ерөнхийлөгчийн засаглалыг авах гэж зөндөө оролдож байсан ч төрийн эргэлт, үймээн самуун байнга гарч тогтворгүй байдал үүсдэг байсан. Зарим нь одоогоос л жаахан гайгүй болж байна.
Дарангуй дэглэм тогтвортой хөгжлийг бий болгохгүй
Парламентын засаглалд итгэх иргэдийн итгэл буурсны улмаас заримдаа ардчилсан ерөнхийлөгчийн засаглал, заримдаа бүр авторитар дэглэм рүү ч шилжих нь зөв, авторитар дэглэмтэй Орос, тоталитар дэглэмтэй Хятад зэрэг улсууд хөгжөөд байна, ер нь улс орон хөгжихөд хатуу гар хэрэгтэй байна гэх үзэл бодол сонсогдох боллоо. Энэ талаар ярилцахын тулд хөгжил гэдэг юмыг эхлээд яг юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөгжлийг тодорхойлох хүчин зүйлийг манайхан цогцоор нь авч үзэлгүй ганцхан эдийн засгийн утгаар хөгжлийг тодорхойлж асуудалд хандаад хатуу гараар зангидах дэглэмд шилжих хэрэгтэй гэж үздэг хүмүүс байдаг. Гэтэл хөгжил гэдгийг тодорхойлох ахиад 3 хүчин зүйл бий. Тэр нь тусгаар тогтнол, хүний эрх, байгаль орчин гурав юм. Өөрөөр хэлбэл, дараах эрэмбэ бүхий томьёогоор жинхэнэ хөгжил тодорхойлогддог: тусгаар тогтнол + хүний эрх + байгаль орчин + эдийн засаг = тогтвортой хөгжил. Эдгээр дөрвөн элементээр тодорхойлогддог хөгжлийг тогтвортой хөгжил гэж нэрлэж болно. Бусад орны эрхшээлд ороод ч хамаагүй эдийн засгаа хөгжүүлэх нь чухал гэж бодож буй хүмүүс Өвөр Монголчуудтай нэг яриад үзэх хэрэгтэй. Өвөр Монгол хүн өөрийнхөө төдийгүй өөрсдийнхөө хувь заяаг мэдэхээ больж, бэлчээр нутгаасаа шахагдаж, Монгол хэл, соёл, уламжлалаасаа тасарч, зөвхөн Хятад хэл сурч, Хятад сургуулиар хүмүүжсэн тохиолдолд л сайхан амьдрах боломжтой болсон. Монгол хэл, соёлоо хадгалж, Монгол сургуульд сурсан хүүхдүүд амьдралын боломжоор хамгийн хязгаарлагдмал, ядуу хэсэг болдог болсон нь харамсалтай. Түүнчлэн, хүний эрхэм чанарыг хүндэлдэггүй, хүнийг хүний ёсоор хүндэлж эрх, эрх чөлөөг нь эдлүүлдэггүй газар хүн эрхэм амьдралаар амьдрах боломжгүй. Бусдын эрхийг зөрчөөгүй хүрээнд хувь хүн өөрийн үнэт зүйл, амжилтыг өөрөө тодорхойлж, түүнийхээ дагуу амьдралаа төлөвлөх, амьдрах боломжийг бүх хүнд тэгш олгож байдгаараа ардчилал гайхамшигтай. Өөрийн хүссэнээр амьдрах эрх чөлөөгүй бол нэг их баян байгаад яах билээ. Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг. Нэг их мөнгөтэй хэрнээ сүйрсэн байгаль орчинтой болчихвол тэр их мөнгөний хэрэгцээ гарахгүй, уух ундны уснаас авахуулаад байгалиас үнэгүй авдаг бүхнээ гаднаас өндөр үнэ, өртгөөр худалдаж авахад хүрнэ шүү дээ. Тэгэхээр хөгжил гэдгийг цогцоор нь ойлгож авч үзэх хэрэгтэй.
Дарангуй дэглэм тогтвортой хөгжлийг бий болгож чадахгүй, тогтвортой хөгжил зөвхөн ардчилсан дэглэмд л хэрэгжих боломжтой бөгөөд дарангуй дэглэмд ийм боломж байхгүй. Харин, тусгаар тогтнол, хүний эрх, байгаль орчноо золиослоод эдийн засгаа хөгжүүлсэн ганц нэг жишээ бий л дээ. Гэхдээ бид эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд заавал ийм их золиос гаргах хэрэг байна уу үгүй юу. Тэрний оронд тогтвортой хөгжлийн дөрвөн хүчин зүйлээ дөрвүүлэнг нь адилхан аваад явах нь дээр үү. Яахав хүмүүс эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд дарангуй дэглэмийг сонгоод амжилтад хүрсэн жишээгээр Өмнөд Солонгос гэх мэт ганц нэг улсыг дурддаг. Өмнөд Солонгос 1990 оноос өмнө дарангуй дэглэмтэй байхдаа байгал орчин, хүний амь нас, эрх, эрх чөлөө зэрэг маш их зүйлийг золиосолсон. Хэд хэдэн ерөнхийлөгчид нь улс төрийн аллагаар алагдсан. Түүнчлэн, дарангуй дэглэмд шилжээд хөгжөөгүй жишээ маш олон байгаа. Туркменистан, Узбекистан, Киргизстан зэрэг байна. Авторитар дэглэмтэй нийт улсуудын маш цөөхөн хувь нь л эдийн засгийн хувьд хөгжөөд, үлдсэн нь маш ядуу тарчиг байна шүү дээ. Тэгэхээр авторитар дэглэмд буюу нэг хүний хүчтэй гарт зангидуулсан засаглалд шилжих нь эдийн засгийн хөгжилд хүргэнэ гэдэг бол маш ташаа ойлголт гэдгийг ухаарах хэрэгтэй. Заримдаа авторитар дэглэм өөрөө задраад улс төрийн тогтворгүй байдал руу шилждэг. Учир нь, дарангуйлагчаас эрх мэдлийг нь шилжүүлэх тогтсон горим байхгүй учраас ихэнхдээ хүчирхийллээр шийдвэрлэдэг бөгөөд заримдаа иргэний дайнд ч хүрдэг. Дарангуйлагч өөр рүү нь хэн ч халдаж магадгүй гэсэн айдастай байдаг учраас өөрийг нь шүүмжилсэн болон хардлага төрүүлэх бүх хүмүүсийг хянадаг, хорьдог, устгадаг. Авторитар дэглэм өөрөө тогтвортой биш, хүчирхийлэл хэзээ ч гарахад бэлэн тийм л дэглэм.
Казакстан улсыг хөгжүүлж байгаа Назарбаев ерөнхийлөгчийн жишээ авторитар дэглэм удаан хугацаанд тогтвортой оршиж засаглаж чадах юм байна гэх итгэл үнэмшил төрүүлдэг гэж хүмүүс ярьдаг. Хүмүүс энэ жишээг их ярьдаг л даа. Казакстан яахав эдийн засгийн утгаараа хөгжиж байж болох ч хүний эрх зэрэг тогтвортой хөгжлийн бусад үзүүлэлтээр манайхад дүйж очихгүй. Назарбаевын дэглэм оршин тогтнохын тулд маш их хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт хэрэглэдэг. Нэгэнт хаалттай учраас энэ нь ил тод харагдахгүй л дээ. Яахав Назарбаев ерөнхийлөгчийн амьд байх хугацаанд тэр дэглэм 20-25 жил тогтвортой оршин тогтнож байна, гэтэл Назарбаев мөнх биш шүү дээ. Тэр хүнийг нас барсны дараа хэн гарч ирэх вэ, гарч ирсэн хүн нь Назарбаев шигээ тогтвортой засаглаж чадах уу гэдэг эргэлзээтэй. Засгийн эрхийн төлөө их л өрсөлдөөн явагдах болов уу, магадгүй хүчирхийлэл хэрэглэж ч мэднэ. Ингээд хүчирхийлэл хэрэглээд эхлэхээр гадны аль нэг хүчирхэг улс цэрэг зэвсгээр дотоодод нь энх тайвныг сахиулахаар орж ирэх үүдийг нээдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэдийг өөрсдөөс нь хамгаалахын тулд гадны улс орж ирнэ гэсэн үг. Аажмаар тусгаар тогтнолоо алдахад хүргэнэ. Энэ чинь л өөрөө үнэт зүйл, хуулиар бус нэг хүний дур зоргоор удирдуулдаг түр зуурын дэглэмийн уршиг шүү дээ. Ялангуяа Монгол шиг жижиг улсад авторитар дэглэм бол бүр ч аюултай. Монгол дарангуй дэглэмтэй болоод засгийн эрхийн төлөө дотроо бужигнавал зарим улс Украины хэрэгт оролцож байгаагаасаа илүү ихээр бидний асуудалд оролцож “санаа” тавихыг үгүйсгэхгүй.
Монгол Улс парламентын засаглалтайгаа хөгжих боломжтой
Ардчиллаа бид алдаж болохгүй. Учир нь, ардчилал Монголын тогтвортой хөгжлийн баталгаа юм. Ардчилал бидэнд тусгаар тогтнолоо хадгалах, хүний эрхийг хамгаалах, байгаль орчиндоо санаа тавих, эдийн засгаа хөгжүүлэх боломжийг өгдөг. Харин, Монголын ардчиллын баталгаа бол парламентын засаглал юм
. Гэтэл, сүүлийн үед ерөнхийлөгчийн засаглалтай болж байж Монгол улс хөгжинө гэж ярих улс төрчид, улс төрийн нам бий болсон. Тэдний ярьж байгааг ажиглахад ерөнхийлөгчийн засаглал гэх боловч ачир дээрээ Монголыг дарангуй дэглэмтэй болгохыг санаархаж байгаа мэт санагддаг. Жишээ нь, 2012 оны УИХ-ын сонгуульд Монголын үндэсний ардчилсан нам Казакстан шиг ерөнхийлөгчийн засаглалтай болж улсаа хөгжүүлье гэж ухуулж байсан.
Ардчилал, тэр дундаа парламентын засаглал эдийн засгийн хөгжлийг авчрах боломжтой.
Түүнчлэн, сүүлийн жилүүдэд МАХН Монгол Улс дахь парламентын засаглал, ардчилсан дэглэмийг устгаж бараг хязгааргүй эрх мэдэлтэй ерөнхийлөгчийн засаглал буюу дарангуй дэглэм рүү шилжүүлэх, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгааг үгүй хийх агуулгатай Үндсэн хуулийн төсөл боловсруулж сурталчилж байна. Энэ нь Үндсэн хуульт ардчиллын бараг бүх суурь зарчмуудыг үгүйсгэсэн төсөл харагдсан. Мөн, 2018 оны 8 дугаар сарын 21-нд МАХН, МНН, ИЗНН, МҮАН-ын дарга нар 1992 оны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг үгүйсгэж, либерал ардчилсан дэглэмд аюул учруулж мэдэхүйц Шинэ дээд хууль гэгчийг батлах саналтайгаа хамтран мэдэгдэв.
Дээр хэлсэн утгаар тогтвортой хөгжлийг бий болгосон улсууд нь бараг бүгдээрээ ардчилсан улсууд. Эдийн засгийн хувьд хамгийн хөгжсөн улсуудад ч ардчилсан улсууд багтдаг. Япон, Герман, Англи, Австрали, Канад зэрэг бидний мэдэх хамгийн хөгжилтэй орнууд парламентын засаглалтай. Тиймээс, ардчилал, тэр дундаа парламентын засаглал эдийн засгийн хөгжлийг авчрах боломжтой. Парламентын засаглалтай ардчилсан тогтолцоотой хэрнээ бид яагаад хөгжихгүй байна вэ гэдгийн ялгааг гаргах хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулийн зохицуулалт эдийн засгийн хөгжилд нөлөөлж байна уу гэдгийг бусад парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсуудын үндсэн хуулиудыг харьцуулан ярих шаардлагатай.
2015.05.11
Жич: Зохиогчийн хувьд одоогийн парламентын засаглалыг илүү үр нөлөөтэй, хяналт тэнцэлтэй болгох талаарх судалгаануудыг хийж, “Монгол Улс дахь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоорондын хянал, тэнцэл” (УБ 2016) номыг О.Машбат, Д.Үүрцайх, Э.Энхгэрэлийн хамт, профессор Ч.Энхбаатараар ахлуулсан судалгааны багт орж ажиллан Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ (УБ 2016) номыг хамтран бичиж тус тус хэвлүүлсэн юм. Эдгээр болон бусад судалгааныхаа үр дүнг нийтлэл, ярилцлага хэлбэрээр олон нийттэй дараах байдлаар хуваалцсан болно:
"Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх бодлогын мөргөлдөөн үүсгэж байна," Үндэсний шуудан сонин,
“Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийг Тайванийх шиг таван салаа мөчирт хуваарилах гэж байна,” Үндэсний шуудан сонин, 2017.05.23
“Засгийн газрыг байгуулах ажиллагааг нарийвчлан зохицуулж, хяналт, тэнцлийг хангая,” Үндэсний шуудан сонин, 2015.12.04
“УИХ-ын гишүүдийн тоог 140 болгох хэрэгтэй,” Үндэсний шуудан сонин, 2015.12.03
“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуульд нийцсэн байхын зэрэгцээ судалгаанд суурилсан байх ёстой,” Trends.mn Мэдээллийн цахим хуудас, 2015 оны 12 сарын 1
Сэтгэгдэл бичих