Нийтлэл 10 сарын 01, 2019

Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэх учир нь

Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирохгүй, хэчнээн гайхамшиг байсан ч бид энэ тухай ярих шардлагагүй. Учир нь харьцангуй их эрх мэдлийг, харьцангуй тогтвортойгоор нэг хүнд шилжүүлдэг ийм засгийг дарангуйлалд урвуулахгүйн тулд бат бөх, ул суурьтай хяналтын механизм ажилладаг. Тийм хяналт Үндсэн хуульт байгууламжаас илүү өргөн хүрээнд, нийгмийн мөн чанарт шингэж оршдог. Харин бидэнд тийм орчин нөхцөл, тийм хяналтыг хэрэгжүүлэх тэнхээ өнөөдөртөө лав байхгүй. Яагаад гэдгийг энд тайлбарлана. Үүний зэрэгцээ дэлхийн улс төрийн өнөөгийн уур амьсгал ч нэг хүний засаглал “буруу замаар будаа тээх” өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна. Энэ талаар нийтлэлийн хоёрдугаар хэсгээс уншаарай.

Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигсэд АНУ-ын тогтолцоог шагшин магтах аж. Гэхдээ тэд мөсөн уулын зөвхөн оройн хэсгийг харжээ. Суурийг нь ойлгохын тулд түүх ярих хэрэгтэй болно. АНУ-ын төрийн тогтолцоо зөвхөн Үндсэн хууль батлагдсанаар бий болоогүй юм. Тэр засаг, тэрхүү нийгмийн мөн чанарыг ойлгохын тулд наад зах нь 1066 онд Нормандчууд Английг эзлэж, газрыг нийгмийн зэрэг зиндааг харгалзан эзэмшүүлдэг түрээсийн тогтолцоо буюу феодализмыг бий болгосноос эхлэж харах учиртай. Энэ цаг үеэс АНУ-ын төрийн тогтолцооны өвөг болох Английн орчин үеийн төр, эрх зүйн тогтолцоо бүрдэж эхэлсэн. 

Тооны хувьд цөөхөн, хүч багатай боловч дасан зохицох чадвар сайтай Нормандчууд Английг засаглахдаа шинээр захиргааны байгууллага, хууль цаазыг бий болголгүйгээр Англи-Саксоны төрийн байгууллагуудын хуучин суурийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн өөрчилсөн юм. Англид эзэн суухад Нормандчуудын түшиц нь үнэнчээр дагахаа илэрхийлж, газрын эзэд болсон Англи-Саксоны язгууртнууд, түшмэлүүдээс илүүтэйгээр эзэд, ноёдынхоо шударга бус байдалд гоморхсон ард олон байв. Нормандын хаадууд ардуудад ойрхон байж, гомдол, маргааныг нь өөрийн биеэр, харьцангуй шударгаар (ижил тохиолдлуудыг адил шийдэж) шийдвэрлэх замаар засаглах эрх, нөлөөгөө бэхжүүлж байсан нь улмаар парламентат ёс, нийтийн эрх зүй (common law)-г бий болох нөхцлийг бүрдүүлжээ. Энд Английн эрх зүйн тогтолцооны түүхийг хүүрнэвэл бас чухал дүр зураг харагдах боловч уншигч таныг залхаахгүйн тулд феодалийн тогтолцоо, багахан орон зайд нийгэмшиж амьдардаг олон хүн, эзэн хааны ард олонд ээлтэй байх шаардлага, тэдгээрээс үүдэлтэй зуун дамжиж хөгжсөн нарийн, төвөгтэй хууль эрх зүйн тогтолцооны үр дүнд хууль, дэг журмыг эрхэмлэх сэтгэлгээ Англичуудын соёлын ДНХ-ийн нэг хэсэг болсон гээд орхиё. 

Ямар ч эрх мэдэл ялзрах хандлагатай байдаг тул эрх мэдлийг хязгаарлах дэвшилтэт институциудээ (парламент ба шүүх), тогтвортой хуулиа тэдгээрийг төрүүлсэн Нормандын угшлийн хаадын дур зоргоос хамгаалах шаардлага цагийн эрхээр Англичуудад бий болж байв. Ийнхүү 1215 онд Магна Карта (Magna Carta),1689 онд Эрхийн Билл (Bill of Rights),1701 оны Эвлэрлийн тухай хууль (Act of Settlement) батлагджээ. Хязгаартай эрх мэдэл, маргааныг ашиг сонирхлоос ангид шийдвэрлэхийн чухлыг зүрх, тархиндаа бат ойлгосон Англичуудын туршлага таван зууныг туулан сая цаасан дээр буув. Өнөөдөр ч Англид эртний эдгээр баримт бичгээс өөр бичигдмэл Үндсэн хууль байдаггүй. Австралийн төрийн тогтолцоонд хамгийн их эрх мэдэлтэй субъект бол Ерөнхий сайд. Харин Ерөнхий сайд гэсэн үгийг Австралийн Үндсэн хуулиас эрээд та олохгүй. Тэнд гүйцэтгэх засаглалын ажил хуулиар гэхээсээ уламжлал, сэтгэлгээ, соёлоор зохицуулагддаг. 

Одоо АНУ-ын тухайд. 1606 онд нэгдүгээр Жэймс хаан Плаймауд, Лондон компаниудад шинэ тивд байнгын колони байгуулах зөвшөөрлийг өгснөөр Америкийн колончлол эхлэв. АНУ байгуулагдах хүртэл 180 орчим жилд Английн 13 колони өлгий нутгаасаа өвлөсөн засаг захиргаа, эрх зүйн үндсэн дээр харьцангуй бие даан оршиж байлаа. Гэвч феодалийн тогтолцооны утгыг алдуулсан шинэ тивийн өргөн уудам, эзэнгүй газар, харьцангуй эрх чөлөө зэрэг нь өдөр тутмынх нь амьдралд нөлөө багатай боловч хөдөлмөрийнх нь үр шимийг хуу хамдаг хааны засгийг эсэргүүцэх сэдлийг колонийн иргэдэд төрүүлсээр байв. Өөрийн эрхээр амьдарч болох байтал яагаад эзэн хааны боол хэвээр үлдэх гэж? Энэ асуултын хариулт болж the American creed буюу Америк маягийн итгэл үнэмшил колонийн жилүүдэд боловсорсон юм. Эрх чөлөөний хүсэл тэмүүлэл хувьсгалд (1765-1783) хүргэв, дайны дараа Үндсэн хууль (1788) батлагдаж, АНУ мэндлэв. Энэ тухай АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс “Америкийн хувьсгал эхлээд хүмүүсийн оюун санаа, зүрх сэтгэлд гарсан юм” хэмээн бичиж үлдээсэн нь бий.

АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулах, холбооны засгийн бүтцийг зураглахад Америк итгэл үнэмшил “алтан гадас” болж байв. Тийнхүү бүтээсэн засаг нь мөн эдгээр итгэл үнэмшлийг биежүүлэхэд хөтөч болох учиртай байлаа. Мэдээжийн хэрэг тийм архитектурыг холоос хайх шаардлага АНУ-ын Үндсэн хуулийн эхийг боловсруулагчдад байгаагүй. Төрийн эрх мэдлийг хувиарлах онолын Библи болох “Хуулиудын амин сүнс”-ийг Барон де Монтескье Английн төрийн тогтолцооноос ургуулан бичсэн гэх юм билээ. Хэдийгээр Америкчууд эрх чөлөөг максимум байдлаар хамгаалж чадах засгийг зураглахыг хичээсэн ч гарвал үүслээрээ хол явж чадаагүй юм гэсэн санааг судалгааны нэг бүтээлээс дээхнэ үед уншсан санагдана. Эзэн хааныг ерөнхийлөгчөөр сольсон нь харьцангуй уламжлалт хандлага боловч түүнийг хянах төрийн байгууллагуудын цогц тогтолцоог хуульчлан бүрдүүлсэн нь тухай үедээ маш том дэвшил байсан. Гэвч тэр цагаас хойш 250 шахам жил өнгөрчээ.

Америк итгэл үнэмшил гэж юу вэ? Товчхондоо, чөлөөт байдал (liberty), тэгш байдал (equality), бие даасан, хараат бус хувь хүн байх (individualism) болон өөрсдөө засаглах (self-government) гэсэн ойлголтуудыг Америк итгэл үнэмшил багтаадаг.Чөлөөт байдал нь дарангуй төрөөс ангид байхыг, тэгш байдал нь нийгмийн бүх гишүүд үнэ цэнэ, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг, хувь хүн байх нь эдийн засгийн хувьд хараат бус, орон зай нь халдашгүй байхыг, өөрсдөө засаглах нь төрийн бодлогод үг, үзэл бодлоо тусгуулах боломжтой байх нөхцлүүдийг шаарддаг. Эзэн хаант засгийн дарангуйллыг эсэргүүцэж үүссэн улс төрийн олонлог учраас эрх мэдэлд болгоомжтой хандах, түүнийг хянах соёл Английн колони асан бусад улсуудынхаас ч өндөр. Ийм соёл, сэтгэлгээний суурин дээр өнөөдрийн АНУ өдийсөн. Нийтлэг үндэс угсаагүй энэ улсын иргэдийг эдгээр итгэл үнэмшил л Америк хүн болгодог. Соёл, спортын арга хэмжээ, олон нутгийн дунд сургуулийн хурал цуглаанаас эхлээд төрийн том ёслолоор үйлдэгддэг зан үйл бүхэлдээ эдгээр итгэл үнэмшлийг Америкчуудын тархи, зүрхэнд суулгасаар ирсэн. 

Хүчтэй Ерөнхийлөгч, түүний тэргүүлдэг гүйцэтгэх засаглалыг парламент, шүүх, хуулиас гадна нийгэм нь, соёл нь, сэтгэлгээ нь хянадаг юм. Хянах ёстойгоо ухамсарласан олон нийт, хянагдах үүргээ ойлгодог улс төрчид тэр тогтолцоог амилуулдаг. 

Нүдэнд харагдахгүй, хүний үйлдлийг тэр бүр яв цав тодорхойлохгүй ч соёл, хандлага, дадал хэмээгч зүйлс урт хугацаандаа зөв, бурууг шүүх нийгмийн хэмжүүр болж, аливаа сонголт хийх учир шалтгаан болдог. Америк итгэл үнэмшил АНУ-ын төрийн бодлогын хэрхэн залдагийг олон жишээнээс харж болно. Европын чөлөөт, ардчилсан дэглэмтэй улс орнуудтай харьцуулахад АНУ-ын нийгмийн халамжид зарцуулдаг төсөв харьцангуй бага, гэвч боловсролд зарцуулдаг төсөв нь их. Учир нь бусдын дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатайгаас бусад үед хувь хүн өөрийгөө бүрэн хариуцах ёстой, харин хүн бүрт амжилтад хүрэх тэгш боломжтой байх ёстой учраас чанартай боловсрол хүн бүрт хүртээмжтэй байх ёстой гэсэн нийгмийн итгэл үнэмшил эдгээр бодлогын цаана бий. Иргэний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хөдөлгөөнүүд амжилтанд хүрч, АНУ-г өөрчилж байгаагийн сэтгэлгээний суурь нь тэгш байдлын зарчим. Хүн бүр тэгш байх ёстой нийгэмд нэг хэсэг нь тэгш бус амьдарч байгааг эсэргүүцсэн тэмцлийг Америкийн нийгмийн олонх нь итгэл үнэмшлээрээ дэмжсэн учраас байдал өөрчлөгдөж байгаа юм. 

Харин бид хэн билээ? Монгол мөрөөдөл ч юм уу, оюун санааны талаасаа бид хэн болох, хэн байхад тэмүүлэх ёстойг зааж зурсан итгэл, үнэт зүйлсийн томъёолол бидэнд байхгүй. Харин бид ямар соёл, сэтгэлгээ, дадалтай улс вэ гэдгийг эрэгцүүлэхийг хичээсэн оролдлого хэдэн зуу биш юм гэхэд хэдэн арав бий.Нэгэнт ихээхэн задгай, барьцгүй асуудал учраас зөвхөн энэ нийтлэлийн агуулгад хамааралтай соёл, оюун санааны асуудлыг л товчхон, бүдүүлэгдүү сануулъя. Бидэнд хуулийг эрхэмлэх, төрийн эзэн гэдгээ ухамсарлаж, эрх мэдлийг хянах, хувийн орон зайнхаа халдашгүй байдлыг хамгаалах соёл, дадал, итгэл үнэмшил, хандлага бий юу? Бид олиггүйдээ биш, гагцхүү бид өөр түүхтэй, өөр орчинтой, өөр философийн нөлөө бидэнд хавьгүй их учраас оюун санааны тийм ДНХ маниуст байхгүй. Байхгүй юу байхав, сүүлийн 30 жил бий болон ядаж байна. Гэхдээ одоохондоо маш хэврэг.

Англиас төрсөн улс орнууд хэдэн зууны туршид өөрийн жамаар хөгжсөн соёл, сэтгэлгээний суурийг өвлөж, нүүдэллэн суурьсан газрынхаа онцлог, үүсэн хөгжлийнхөө түүхээр нөхцөлдсөн өөр өөрийн өвөрмөц сэтгэлгээ, соёлыг бий болгосон. Угшил нэг боловч ондоошил бас их бий. Хамгийн гол нь тэдний соёл сэтгэлгээ органикаар хувьссан. Харин… Хорьдугаар зууныг Манжийн хамжлагаар эхэлсэн наш народ хувь заяаны эрхээр дэлхийн хоёр дахь социалист улс болов. Намын дарангуйллыг эцэслэх гэсэн олон нийтийн хүсэл, Зөвлөлт засгийн нөлөөг халах эрх баригчдын сонирхол нэгдэж, ардчилсан чөлөөт нийгмийг сонгов. Бидний соёл, сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэлд ганцхан зууны дотор гурван удаа огцом, эрс өөрчлөлтүүд орсон.

Улаанбаатарын гудамжинд Буддын сүм, социализмийн ёотон маягийн орон сууц, капиталист шилэн барилгыг давхцуулан харж болно. Үүний адилаар бидний оюун санаад өнгөрсөн хийгээд өнөөдрийн үнэт зүйлс холилдон эмх замбараагүй оршиж байгаа. Их Монголын эзэнт гүрнээс улбаатай төрийг дээдлэх үзэл, Буддын шашны хүлцэнгүй философи, намаас айж, даргыг шүтэж явсан социализмийн туршлага бидний ой санамжид амь бөхтэй бий. Уудам орон зайд нүүдэллэн амьдарч ирсэн, өдөр тутмын амьдралд нь төр, хуулийн оролцоо харьцангуй бага байсан учраас бидэнд хуулийг сахихын чухлыг чөмгөндөө тултал ойлгох туршлага байсангүй. Социализмийн үед даргын үг хууль, хууль харин гууль байв. Саяхныг хүртэл эсгий гэртээ гурван үеээрээ шамбааралдан амьдарч ирсэн маниуст хувийн орон зайн халдашгүй байдал манатай. Цөөхүүлээ учраас аймаг хошуугаараа хамаатан шахуу, танилын халуун нүүрний илчинд зүй ёс, хууль ёс хайлж урсах нь элбэг.

Багштай маргах нь битгий хэл, асуулт асуувал заримдаа буруутдаг сургуулийн хүмүүжилтэй бид харьцангуй эрх мэдэлтэй ганц бүдүүн даргатай болчихоод түүнийгээ улалзуулж барах уу? 45-аас дээш настай, социалист ухамсарын бүтээгдэхүүн байх өндөр магадлалтай дарга маань нь ард түмний үйлчлэгч гэдгээ гүн бат ухамсарлаад улалзаад, учирлаад зогсож байх болуу? Ихээхэн эргэлзээтэй шүү. Одоогийн овоо даруулгатай даргаасаа бид чинь хариуцаж байсан дэд бүтцийн төслүүдийнх нь тухай битгий хэл хань ижил хэн болохыг ч асууж чадахгүй л яваа туулайнууд шүү дээ. Уул нь төрийн тэргүүний гэр бүлийн амьдрал нийтэд ил байж, түмэн олон ямар хувь хүнд итгэж, удирдуулснаа хянадаг. Хүний албан дүр гэрийн дүрээс өөр байх нь олонтаа. Аль алиных нь зах зухыг мэдэрч байж удирдагчаа бид арай дээр танина. 

АНУ-ын төрийн архитектурыг магтах яахав. Тэр барилгын суурь, түүнийг барьсан материал нь бидэнд алга. Төвлөрсөн эрх мэдлээс үүдэн гарах эрсдлийг бид үүрч чадахгүй. Даахгүй байж, булуу хураахаа болих уу даа, хампаануудаа?

Нийтлэлийн хоёрдугаар хэсэг: Ардчиллыг анзаараагүй байхад хулгайлдаг

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-01-16

    Г.Нарантуяа бүсгүй гайхалтай ойлгомжтой бичжээ. Монгол үнэхээр дарангуйлагчтай болоход ойрхон байгаа. Женко Хүрэлсүх хоёр дарангуйлагч болох нэн сонирхолтой танхай бүдүүлэг зантай гэж яригддаг. Хоёулаа гадаад хэлгүй, хоёуланг нь болосролтой гэж хэлэх аргагүй. 2020 он Монголыг дарангуйлагчаас хол байлгаж ивээх болтугай.

    • nym
    • 2019-10-13

    zow ho

    • nym
    • 2019-10-13

    zow ho

arrow icon