Нийтлэл 10 сарын 18, 2019

Эдийн засгийн ухааны хѳгжил, ирээдүй

Эдийн засагт юу болоод байгааг, ер нь яаж ажилладгийг хэрхэн мэдэх вэ? Зүй тогтлын харилцан хамаарлыг хялбарчилсан онолын математик модель зохионо, дата цуглуулаад эмпирик тест хийн регресс үнэлнэ, зах зээлд оролцогчдоос түүвэр судалгаа авч хүлээлтийг нь мэдэх гэж оролдоно, шууд амьдрал дээр эсвэл компьютер тоглоомд тодорхой бүлэг хүмүүсийн дунд туршилт хийж болно, сүүлийн үед биг дата & хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах вэ гэдэг нь нэг шинэ сонирхолтой арга хэрэгсэл болж хѳгжиж байна. Эдийн засгийн ухааны үндэс тавигдсан гэгддэг 1776 оноос ѳдийг хүртэлх хугацаанд юу эс тохиолдхов...

Эдийн засгийн ухаан анхандаа философи шахуу зүйл байсан. А.Смит, Д.Рикордо, К.Марксын номуудаас хүүрнэсэн ѳгүүлбэр, идеологийн гэж болохоор тайлбарыг уншиж болно. Сайн тал нь заавал олон жил энэ сэдвээр бэлтгэгдээгүй байсан ч, баргийн боловсролтой хүн уншаад хэлсэн үгний ихэнхийг нь ойлгох боломжтой юм.

Харин 20-р зууны эхэн үе буюу дэлхийн хөгжлийн тѳв Англиас Америк руу шилжээд байсан 1930-аад онд Америк, Европын гол эдийн засгуудын хүндрэл, таагүй байдал эдийн засгийн ухаанд нэгэн том ѳѳрчлѳлтийг авчирчээ. Магадгүй хүн тѳрѳлхтнийг том дайн руу хѳтѳлсѳн тухайн үеийн их хямралын дараа улс орны эдийн засаг бүхэлдээ хэрхэн ажилладгийг ойлгох хэрэгцээ шаардлага ѳндѳр болсон байдаг. Макро эдийн засаг гэдэг зүйл энэ үеэс л эрчтэй хѳгжиж эхэлжээ. Ж.Кейнсийн үг хүчтэй болж, С.Кузнец дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг тооцох аргачлалаа зохиов. II дайн дууссаны дараа дэлхий 2 лагерьт хуваагдаж бүх талаараа ѳрсѳлдѳх болж, идеологийн, онолын маргаанууд ширүүсэхэд энэ нь эдийн засгийн ухааныг ч тойрсонгүй. Эдийн засагт төр оролцох ёстой гэдэг үнэлэмж бүдгэрч, М.Фрийдман тэргүүтэй эдийн засагчид, чөлөөт зах зээлийн онол газар авах болсон нь санамсаргүй зүйл биш болов уу.

Гэхдээ хангалттай дата, түүн дээр ажиллах хэрэгсэл хараахан бий болоогүй байсан тул математик модель эдийн засагчдын гол хэрэгсэл, тулгуур болж байлаа. Амьдрал хэрхэн ѳрнѳдгийг тоон тэгшитгэлээр хялбарчлан тайлбарлах давалгаа ширүүн явж байв. Сүүлдээ итгэхэд хэцүү томъёонууд хэт их болсноор аль нь зѳв бэ гэдгийг шалгах шаардлага тулгарсан. Хялбар хүүрнэсэн өгүүлбэрүүдийн үе дуусч, математик суурьтай PhD нарын бичсэн хүнд тэгшитгэлүүдийн үед эдийн засгийн ухаан ч уншигчид, олон нийтээс хөндийрчээ.

Азаар тоон мэдээллүүд бүрэлдэж, замбараагүй ѳгѳгдѳл дундаас зүй тогтол олж тогтоох арга техникүүд хѳгжиж, 80-аад оноос компьютер гэдэг хүчтэй машин бий болсноор хүнд тооцооллуудыг богино хугацаанд хийх боломжтой болсон. Ингэснээр онолчдын ярьсан зүйлс бодит амьдрал дээр хэр үнэн байна вэ гэдгийг судалдаг эмпирик тооцооллын ажлууд эдийн засгийн ухааны гол цѳм болов. Дата сайн ухаж, үнэн зүй тогтлыг олж чадах уу гэдэг уралдаан судалгааны ажлуудын гол боллоо. Макро ерѳнхий зүйл ярьдаг эрдэмтэд ч микро суурьтай загварт анхаарлаа хандуулж эхлэв. Цөөнгүй эрдэмтэд, зарим макро бодлого тодорхойлогчид эдийн засаг хэрхэн ажилладгийг, яаж удирдах хэрэгтэйг ойлгочихлоо /"Great Moderation"/ гэж бардамнаж хүртэл ярих болов.

Гэтэл нэг ѳдѳр зуун жилд нэг тохиолдох том хямрал (2008-09) болж, гамшгийг хэн ч олж харж чадаагүй болж таарав. Нѳгѳѳ мундаг дата анализ, боловсронгуй тоон загварууд, түүн дээр ажилладаг эрдэмтэд бүгд шүүмжлэлд ѳртлѳѳ. Эдийн засгийн ухааны нэр хүнд унаж, эдийн засагчдад итгэх итгэл буурав...

Эдийн засаг ѳѳрѳѳ анх хүний тархинд бүрэлддэг зүйл, харин хүний сэтгэлзүй ѳѳрѳѳ иррациональ, таамаглахад бэрх зүйл юм. Дээр нь технологи, нийгмийн ѳѳрчлѳлтѳѳс хамаараад эдийн засгийн бүтэц, хэрхэн ажилладаг зүй тогтол нь тогтмол хувьсан ѳѳрчлѳгддѳг тул "ус хөлдөхөөр мѳс болдог" гэдэг шиг үр дүнг тогтмол гаргаж авч болдоггүй. Мөн макро эдийн засгийн хэмжээнд туршилт хийх нь өөрөө олон хүний амьжиргаа, амьдралтай холбогддог тул мораль, ёсзүйн хувьд ч төвөгтэй. Иймд ихэвчлэн абстракт ертөнцөд, бодит амьдралыг төлөөлөлөх математик загвар, аггрегат статистик дунд амьдардаг эдийн засагчдыг прагматик зарим хүмүүс "амьдралаас тасархай, цаас судлаач" гэж шүүмжлэх нь ч бий. Анх шилдэг эрдэмтэд ч энэ салбарыг хэцүү гээд оролдож үзэхээс болгоомжилж зайлсхийдэг байсан. Хэдэн зуун жилийн дараа дата, түүн дээр ажиллах хүчирхэг арга техникүүд хѳгжсѳн ч амаргүй хэвээр л байна. Гэхдээ ирээдүйг таах зѳн билгийн тулаан шиг зүйл бол яг ч эдийн засагчдын үндсэн хийх ажил биш юм. Хэзээ хаана ямар дайн болж нефтийн үнэ ѳсѳх вэ, эсвэл хэн ямар улстѳрч дэлхийн эдийн засагт том шок авчрах вэ гэдгийг урьдчилан таана гэдэг боломжгүй шахуу зүйл.

Эдийн засгийн ухаан мэдээж тѳгс биш ч, алдаагаа засч хѳгжлийн зѳв замдаа явж байгааг сүүлийн 10 орчим жилийн Нобелийн шагналтнуудаас харж болно. Хэдэн жилийн ѳмнѳх математик загварчлалын оргил үед чухал хэрнээ тоогоор хэмжих аргагүй үзүүлэлтүүдийг зүгээр л "орхичихдог" байсан бол хямрaлаас хойш хүний сэтгэлзүй, газарзүй, байгалийн нөөц ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвээр тулгуур судалгаа хийсэн эрдэмтэд Нобель авах болов (П.Кругман 2008, Э.Остром 2009, Нордхаус 2018 гм). Хүмүүс мѳнгѳ санхүү, үйлдвэрлэл хэт ярьсаар дэлхийн дулаарал үргэлжилж, ирээдүйд энэ гариг дээр амьд амьтан үлдэх үү үгүй юу гэдэг бодит эрсдэл тулгарч буй үед байгаль орчны асуудалд хүн тѳрѳлхтний анхаарлыг хандуулах зайлшгүй шаардлагатай. Мѳн хүний иррациональ сэтгэхүй хөрөнгийн үнийн хѳѳсрѳл, санхүүгийн хямралын үндсийг тарьдаг нь харагдсан тул зах зээлд оролцогчдын зан төлөв эдийн засагт яаж нөлөөлдгийг илүү нарийн ойлгох нь чухал (Р.Шиллер 2013, Р.Тэйлэр 2017 гм Нобелийн шагналыг нэрлэж болно). Түүнчлэн, тэгш бус байдал гүнзгийрсээр дэлхий нийтийн асуудал болж популизмын хѳрсийг бүрдүүлж, тогтворгүй нийгэм эдийн засгийг үүсгэх бодит эрсдэл ѳндѳр энэ үед 2019 онд "ядуурал" сэдвээр Нобелийн шагнал олгосон нь нүдээ олсон хэрэг болов (2015 оны А.Дитоны шагнал мөн тэгш бус байдалтай холбоотой).

2019 оны энэ удаагийн шагнал бол онол зохиох эсвэл, нэгэнт бэлэн дата дээрх анализ гэхээсээ бодит туршилт хийн, ѳѳрсдѳѳ дата үүсгэж ингэхдээ дэлхий нийтийн хүнд проблем болсон ядуурлын асуудалд шинэ өнцгөөс прагматик шийдэл санал болгож буй судалгааг мэргэжлийнхэн болон бодлого боловсруулагчдын анхаарлын тѳвд авчирснаараа чухал үйл явдал боллоо.

Шагналын үндэслэл болсон судалгаанууд сургуульд үнэгүй сурах бичиг тараах, тариачдад байнгын татаас өгөх гэх мэтээс илүү хичээлийн хоцрогдлыг нь арилгах, бие дааж хөдөлмөрлөх чадварыг нь сайжруулах нь ядуурлыг бууруулахад илүү үр дүнтэй, үр ашигтай гэдгийг бодит туршилтаар тогтоосон нь "Хүнд загас өгөх биш, загас барих аргыг нь заа" гэдэгтэй төстэй үр дүн байв. Бодит амьдрал дээрх шинжлэх ухаанч эдгээр туршилтуудын үр дүн нь олон зуу, мянган жилийн явцад үнэн нь батлагдсан, олон хүний аль хэдийн мэддэг ардын мэргэн үгстэй нийцтэй байгаа нь онцлог бөгөөд, академик ертөнцийг амьдралтай холбоход хялбар болж байна. Мөн Э.Дюфло 46 насандаа буюу түүхэнд тус шагналыг хүртсэн хамгийн залуу тохиолдол болсон нь "эмэгтэйчүүдэд ээлгүй" гэж хурц шүүмжлэгдэх болсон эдийн засгийн ухаанд эерэг өөрчлөлт авчирна, ирээдүйн залуу эмэгтэй эдийн засагчдад үлгэр дуурайлал болно гэж хүлээгдэж байна.

Цаашид биг дата & хиймэл оюун ухаан энэ салбарыг хэрхэн яаж ѳѳрчилж хѳгжүүлэх нь сонирхолтой. Эдийн засгийн ухаан, эдийн засагчид байгаль дэлхий, хүний нийгмийн цаашдын тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах, тулгамдсан сэдвүүдээр хуримтлуулсан мэдлэгээ эдийн засгийн бус мэргэжлийн хүрээлэл болон олон нийтэд хүргэх, гээгдсэн итгэлийг сэргээхийн тулд хичээж, хөгжсөөр байна.

Сэтгэгдэл бичих

    • z
    • 2019-10-19

    nice

    • Зочин
    • 2019-10-19

    Nice.

arrow icon