Нийтлэл 10 сарын 22, 2019

Ухаалаг тэнэглэл

Хүн болгоны өмнө өөрийн гэсэн зам бий. Тэр зам нь магадгүй чамаас хамгийн бага эсэргүүцэл шаардах эсвэл тухайн шийдвэрийг хийснээрээ чамд ирэх сорилт нь цаанаасаа л даваад гарах сэдэлтэй хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Ингэж гэмээн чи өөрийгөө зөв зам дээр явж байна гэдгээ мэдэрч урдаас чинь ирэх сорилтыг эерэгээр хүлээн авч, түүнийг давах хүсэл эрмэлзэлтэй байна.

Гэхдээ чиний явах зам чинь чамаас дор хаяж хэдэн алхмын урд байхад түүнийг бодитоор нь мэдэрч чадаагүй байж хэрхэн тухайн замыг зөв зам гэж урьдчилан мэдэх вэ?

Мэдээж бид ямар байхыг нь мэдэхгүй учраас зөвхөн өөрийн төсөөлөлдөө тулгуурлан л шийдвэр гаргана. Харин тухайн төсөөлөл нь бодит байдалтай яг адилхан байхгүй нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд яах вэ?

Магадгүй зөв гэж бодсон шийдвэрээ гаргана тэгээд бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэсэн айдастаа автаад өөрийгөө дараад тухайн шийдвэрээ үргэлжлүүлээд дуусгана. Урт хугацаандаа бол тухайн шийдвэр нь магадгүй зөв санагдах байх. Яагаад гэвэл нэгэнт буцах зав байхгүй болно. Дасна. Өөрөө өөрийгөө эвдэнэ. Хөгжинө. Сайн зүйл тийм үү? Гэхдээ ингэж явсаар байгаад нэг л өглөө сэрэхэд дараах асуултууд гэнэт толгой дотор чинь эргэлдээд эхэлнэ.

1. Би юуны төлөө амьдраад байна?
2. Ингэж явсаар юунд хүрэх вэ?
3. Энэ зорилгодоо хүрснээр би юуг олох вэ?
4. Би яагаад энэ хүмүүстэй найзлаад байгаа юм бэ?
5. Тэд намайг би тэднийг ойлгодог уу?
6. Би яагаад энэ бүсгүй/залуутай үерхээд байгаа юм бэ? гэх мэт…


Эдгээр асуултуудад хариулт олохгүй, тэгээд нэгэнт яваад ирсэн зам нь хувь хүнийх нь шинж чанарыг аль хэдийн эвдээд тэс өөр хүн болгосон байхыг хүмүүс магадгүй их хожим нь ойлгодог байх. Гэвч өөрийн сул талаа засаж, нийгэмд гоё сайхан хүн болж харагдах, нэр хүндтэй байх гээд олон асуудалд өөрийгөө хүлүүлж явсаар байгаад нэгэнд засагдахаасаа өнгөрсөн байх вий.

Яг ийм төрлийн асуудал миллениал гэж нэрлээд буй 1984 оноос хойшигэмээнэх хүмүүст бүр хэтэрхий их хамааралтай бөгөөд эдгээр хүмүүс өөрсдийгөө хамгийн онцгой, мундаг гэж боддог мөн залхуу, хувиа хичээсэн шинж чанаруудтай гэнэ. Сонирхвол дараах холбоосоор орж миллениал хүмүүсийн шинж чанар, яагаад тэд ийм болсон талаарх богинохон бичлэгийг үзэхийг санал болгож байна.
За миллениал руу хальж орсон хазаараа жаахан татаад үндсэн сэдэв рүүгээ орцгооё. Тэгвэл бидний амьдралын зөв зам ер нь яг юу юм бэ? бид хаашаа явах ёстой юм бэ?



Ер нь бол хүн бүрийн хамгийн зөв зам бол чиний хамгийн аз жаргалтай байх тэр л зам мөн. Аз жаргал нь өөрөө хүрэх зорилго биш, тухайн цэгт хүрэхдээ мэдэрч буй мэдрэмжүүдийг хэлнэ. Тэгэхээр аз жаргалтай байхын тулд өөрийн хүрэх цэг, туулах зам 2-оо аль алийг нь зөв сонгож байж гэмээн амьдрал тань аз жаргалтай болно. Гэхдээ энд нэг асуудал бий, хэрвээ та тухайн замаар хэзээ ч явж үзээгүй юм бол яаж тухайн замыг зөв зам гэж мэдэх вэ?

Энд бол өөр шийдэл байхгүй, Зөв гэж бодсон шийдвэрээ гаргаад сонгоод оролдоод үзэх л хэрэгтэй. Тэгээд тэр зам нь таны үнэхээр зөв зам мөн үү үгүй юу гэдгээ бодоод үз. Таныг үнэхээр эвдэж тэс өөр хүн болгох гэж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтийг хүлээн авахад доторх хүнд тань хэр их өөрчлөлт үзүүлж байгааг хараад дахиад шийдвэрээ бодож тунгаах хэрэгтэй.

Дээр хэлсэн санаануудыг ерөнхийд нь базаад хэлэхэд хэрвээ танд буруу замаар яваад байгаа юм шиг мэдрэмж төрвөл өөрийнхөө тавьсан эцсийн зорилго болон түүнд хүрэхээр сонгон авсан замаа эргээд нэг харах хэрэгтэй. Тэрхүү зам тань таны байгалаас заяасан гоё, сайхан содон шинж чанарыг тань үгүй хийдэг биш, улам бүр гялалзуулдаг, танд аз жаргалыг мэдрүүлэхүйц байх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ та тийм зорилго, тийм замаа олоогүй байгаа бол яг одоо гараад өөрийнхөө замыг хайгаад үзэх хэрэгтэй олдож л таарна. Ялангуяа миллениалуудын хувьд энэхүү замаа аль болох эрт олох шаардлагатай бөгөөд тэгж гэмээн 21-р зууны нийгмийн асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ байх.

За одоо хоёрдугаар хэсэг рүүгээ орцгооё.

Би яагаад ийм юм бодох болов. Ер нь өнөөдрийн Монголын залуучуудын түүврийг бүрдүүлж байгаа бид өөрсдийн зорилго зорилтоо хэрхэн тодорхойлбол зүйтэй вэ?

Бид бүгд өнөөдөр гадаадад гарч ажиллах, сурах, илүү өндөр цалинтай ажилд ажиллах, илүү хурдан аргаар илүү сайхан амьдрахыг хүсэж байна. Зөв бид сайхан амьдрах ёстой.

Гэхдээ сайхан амьдрал гэж юу вэ? Хамгийн сайхан амьдрал бол элэг бүтэн, эрүүл саруул амьдралд л оршино. Зарим нь магадгүй үгүй, өндөр кареер, сайн ажил, эд хөрөнгө гэж хэлэх л байх л даа. Гэхдээ амьдралд бүх юм хугацаатай, магадгүй чи нэг өдөр нэр хүндтэй, кареертэй, мөнгөтэй байна, өөр нэг өдөр чи юу ч үгүй ч байж мэднэ. Үүнийг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй. Гагцхүү яг тэр үед чинь чамтай хамт байх, гэр бүл, найз нөхөд гэх хүмүүс л чиний амьдралыг дүүргэж, аз жаргалын чинь өнгийг нэгээр нэмэх байх.

Жич: Аз жаргал, сайхан амьдралыг тодорхойлох олон ойлголт тодорхойлолтыг үгүйсгэх гээгүй бөгөөд энэ ойлголт нь миний л ойлголт, мөн амьдрал үзсэн олон энгийн хэрнээ ухаалаг хүмүүсийн ойлголтоор аз жаргалыг ингэж л ойлгодог юм билээ.

Монгол тэгвэл яагаад ийм их асуудалтай. Аз жаргалтай биш ууртай царайтай хүмүүстэй байна вэ? Зөндөө л олон шалтгаан бий л дээ гэхдээ эдгээрээс миний бодлоор хамгийн чухал шалтгаанууд нь:

- Өөртөө байгаа зүйлсийн үнэ цэнийг ойлгохгүй байх
- Өөрийн хийх боломжтой юмыг хийсэн шиг хийхгүй байх
- Нийгэмд өөрөөс нь өөр хүмүүс амьдарч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч хүндлэхгүй байх

Болдог бол бүгдийг нь хүссэн орон руу нь явуулаад үзүүлэх хэрэгтэй ч юм шиг. Магадгүй Монгол хүний үнэлэмжийг бага ч гэсэн ойлгоно байх. Яваад ирвэл ядаж л эх орондоо хандах хандлага, үзэл бодол нь арай өөр болж ирнэ байх. Магадгүй эсвэл бүр тэр орондоо хайр зарлаад явж ч магадгүй юм. Хэрвээ тэгвэл одоо тийм Монгол хүнээр ч яахав тэр чигтээ өөрийгөө бодоод явах нь зүйтэй байх. Хүний л сонголт хойно бидэнд шүүмжлэх эрх байхгүй. Ингээд шүүгдээд ирэхэд ихэнх хүмүүс нь арай өөр хандлагатай болж ирэх байх гэж найдаж байна. Тэр нь маш олон яагаад байх ёстой.

- Яагаад өнөөдөр Монголд бид сайн боловсрол эзэмшиж чадахгүй байгаа юм?
- Яагаад бид өнөөдөр Монголдоо амар тайван сайхан амьдарч чадахгүй байгаа юм?
- Яагаад өнөөдөр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад орой нь хамтдаа хооллож байх ёстой хосууд гадны орон луу ажил хийх гэж явж байгаа юм? гэх мэт маш олон яагаад…
Хариулт нь ер нь маш энгийн бид зүгээр л аливаа асуудлыг бүрэн шийдэж чаддаггүй хүмүүс (бүгд биш ч гэсэн массаараа). Бүр төр засгийн байгууллагаасаа эхлээд хувийн хэвшил хүртлээ бүгд тийм. Цалин нэмэх асуудлыг бэлэн мөнгө тараах байдлаар шийднэ. Агаарын бохирдлыг утаа бага гаргадаг түлшээр гэх мэт бүхий л асуудлыг зүгээр түр хугацаанд л аргацаагаад өнгөрөөх шийдэл олно тэрэндээ хязгаарлагдмал нөөцөө зарцуулна. Асуудлыг ийнхүү шийдэж байгаа нь нийгмийн бүхий л шатандаа буюу хувь хүн, өрх, байгууллагын нэгж, төр засаг хүртлээ дийлэнх нь ийм байх шиг байгаа юм.

За тэгээд эцэст нь хэлэхэд миний л төсөөллөөр бол аз жаргалтай байхын тулд, хүрэх цэг, туулах замаа зөв сонгосон залуус байх хэрэгтэй.

Эдгээр залуус нь өөрсдийнхөө өмнөө байгаа ажлыг, асуудлыг ул сууриар нь шийдэх гэж хичээдэг, зөв хандлагатай байх хэрэгтэй. Аливаа асуудлыг чамаас сайн шийдэж чадаж байгаа хүн байвал тэр хүнтэй хамтарч ажиллах чадвартай, сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд өөртөө байгаа цаг хугацаа, үнэт зүйлсийнхээ үнэ цэнийг мэдэрч аз жаргалыг мэдэрч чаддаг байх хэрэгтэй.

За ингээд оны том тэнэглэлээ үүгээр дуусгая даа. Дараагийн тэнэглэл хүртэл түр баяртай.

Сэтгэгдэл бичих

arrow icon