Хүн гэдэг амьтан хүн төрөл олж төрөх нэг хэрэг. Гэтэл зөвхөн хүнээс цаашгүй зориг зүрхгүй, туйлбаргүй аваас адгуус амьтнаас юуны ялгаа байх билээ.
Ш.Шажинбатын элс цас романыг унших гэж бүтэн сар цүнхэлж явснаа бодохоор дотроо өөрөө өөрийгөө зэмлэх хийгээд битүүхэн эмзэглэх сэтгэгдэл төрж байлаа.
Монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн түүхт үйл явдал болох “Улиастайн 2000 цэргийн бослого” хэмээн түүхэнд алдаршсан баримтаас сэдэвлэсэн уг романы нэг онцлог нь баатруудын дүрийг дурайтал зурж, уншигчдын зүрх сэтгэлд амьдрахаар дүрсэлсэн явдал юм.
Номын сүүлийн хуудсыг хаагаад би юун түрүүнд эх орон, газар шороо, нутаг усаа хамгаалан авч үлдэхийн тулд манжийн засагтай тэмцэж, дайтаж, халуун амь, бүлээн цусаа урсган явсан олон олон монгол ахан дүүс, эрэлхэг зоригт баатар эрчүүдээр бахархан омогшиж суулаа.
Эх орныхоо төлөө хөлс цусаа урсгасан зоригт баатар Арсай, Есөнтөмөр баатруудыг хувьдаа бахдан сайшааж, атгаг хорон санаат Ханхай болон Ё Зун Жи нарт уур цухал төрөн тэднийг үзэн ядсаар, нарт хорвоогийн жаргалыг эдэлж чадалгүй, зовлонт амьдралаар нэгэн насыг элээсэн ухаан төгс бүсгүйчүүд болох Цээмээ, Саранзаяа нарыг өрөвдөн сэтгэлдээ төсөөлсөөр нэгэн ботийг дүүргэв.
Энэ зохиолд хайр дурлал, атгаг хорон санаа, эх оронч үзэл, жаргал зовлон, айдас түгшүүр, дайн байлдаан, сайн муу, төөрөг тавилан гээд хүний энэхэн орчлонд байх бүхий л зүйл гарч ирдэг. Түүхэн зохиол болохоор бодит үнэнээс зөрөөгүй байхаа гэж дотроо мэтгэнэ.
Есөнтөмөр, Арсай хэмээх итгэлт андууд манжийн дарлалаас нутаг ус, эх орноо аврахын тулд дайн байлдаан хийж, эцэж цуцалтгүй зүтгэнэ. Харин үүний зэрэгцээ улс эх орноосоо урваж, манж хятадын талд хүчин зүтгэсэн Ханхай ноён болон түүний түнш анд Ё Зун Жи нар хорон санаа агуулан Арсай, Есөнтөмөр нарт саад болно. Эцэстээ Ханхай ноён эхнэр Цээмээгээ, баатар эр Есөнтөмөр нарыг хардан хорооно. Үүний дараагаар хятад эхнэр аван (Пэнь Ань) өнчирч хоцорсон Саранзаяа нарыг эхнэрээ болгон авна. Харин бэлэвсэрч хоцорсон Саранзаяа эцэстээ Ханхай ноёны толгойг хараад галзууран, уул хадаар тэнэж явсаар хорвоог орхидог. Харин ээж, ааваасаа хагацаж, Арсайг даган явсан Эрболд хүүгийн ирээдүй яах бол гэсэн бодол зүрх түгшээнэ. (магадгүй 2-р боть дээр үргэлжлээд гарах байх) Ингээд үүнээс наана түүнээс цааш үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Гагцхүү “Муу санаа эзнээ отно”, ”Олны хүч оломгүй далай” гэх мэт зүйр үгсээр эл зохиолыг төлөөлүүлмээр.
Ер нь Манж хятадын засгийн үед ихэнх монгол ноёд хаад нь хөрөнгө мөнгө, эрх мэдэл, авгай хүүхэн, албан тушаалд хэт шунаж толгойгоо мэдүүлчихсэн байж. Харин хятадууд энэ занг нь гарамгай ашиглан улс орон, ард түмнийг минь өдөөн турхирдаг...
Одоо бодоод байхад хаад, ноёдтой кинон дээр гардаг шиг тэр үед ч бас толгойг нь тасдан авч эзэндээ барьдаг байсан байна лээ.
Хятадуудын нэг аймаар зүйл нь нэгийг нөгөөгөөр нь үгүй хийлгэдэг явдал. Энэ бүхний эцэст эх орон, газар шороогоо авран үлдсэн Арсай, Есөнтөмөр, Хатанбаатар Магсаржав баатруудын ялалтаар Ховд хот чөлөөлөгдөн, дайн эцэс болсон билээ.
Өөрийн ашиг сонирхлын төлөө үхэн хатан зүтгэдэг хорон хүмүүс байхад эх орныхоо төлөө амь биеийг үл хайрлах эр зоригт эрчүүд байна.
Сонирхуулахад:
1982 онд 30000 хувь хэвлэгдсэн бөгөөд зохиолч Шоовойн Шажинбат гуай үр хүүхдүүддээ зохиолынхоо баатруудын нэрийг өгсөн нь нэгийг өгүүлнэ.
Эцэст нь энэ зохиол бол Монгол хүн бүрийн заавал унших зохиолын нэг шүү.
3-р ботийг нь хэрэггүй уншлаа гэсэн бодол төртөл дууслаа ахиад 4-р боть гарах байлгүй
PICTION
3 ботийг 3-ланг нь уншлаа. Унших явцад хар бараан, сэтгэл эмзэглүүлэм, нэг хүнд ийм их зовлон зүдгүүр, шалгуурыг тохож болдог л юм байх даа гэж бодон бодон уншлаа. Зохиолын 80 хувь нь хүнд, хар сэдэв... Уншигчдын сэтгэл зүйд ингэж нөлөөлж байхад тухайн баатрууд болон тухайн үеийн нийгэмд аж төрж байсан дээдсүүдэд маань ямар хэцүү байсан бол гэж бодож, өрөвдөж суулаа. Амьдрах гэдэг бол амьсгалахын нэр биш тэмцэхийн нэр бололтой.