Нийтлэл 11 сарын 03, 2019

ХЭЛЭХ ҮГ БАЙНА: Ашигт малтмалын нөөцийн төлбөргүй болсонд эрх барьж буй улстөрчид бүгд буруутай

Нөөцийн төлбөр бол иргэд байгалийн баялагаас хүртэж буй өгөөж. Компани ашигтай ч бай ашиггүй ч бай газрын хэвлийн баялагийг ашигласан л бол төлөх ёстой. Олон улсын уул уурхайн нийтлэг зарчим.

Монголын үндэсний уул уурхайн мэргэжлийн компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын аль нь ч, хэзээ ч нөөцийн төлбөрийг байхгүй болгоё гэдэг санаачлагыг гаргаж байгаагүй. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нөөцийн төлбөрийг "тэг" болгочихлоо. Шалтгаан нь:

 2019 оны 3 сард УИХ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хуучин ашигт малтмал олборлоод борлуулсан этгээд л нөөц ашигласны төлбөрийг төлөх заалттай байсныг ашигт малтмалыг худалдсан, худалдахаар тээвэрлэсэн бүх этгээд нөөцийн төлбөр төлнө хэмээн өөрчилсөн. Үр дүнд нь нэг компани олборлосон ашигт малтмалынхаа нөөцийн төлбөрийг төлөөд бусдад зарж, нөгөөх нь түүнийг авч боловсруулаад экспортод гаргахад дахиад л нөөцийн төлбөрийг төлөх шаардлагатай болчихож. Давтан төлнө гэсэн үг. Ашгийн татвар, НӨАТ төлөхөөс гадна нөөцийн төлбөр давхардуулан төлнө гэсэн үг.

Энэ байдал нь шударга биш байгаа тул нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Тэр иргэн нь Дорноговьд үйл ажиллагаа явуулж байгаа Страто гэдэг нүүрс баяжуулах үйлдвэрийн сонирхлыг илэрхийлсэн бололтой юм. Гэхдээ энэ асуудал зөвхөн Дорноговьд хамаатай зүйл биш. Өмнөговь Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг орд дээр ч ижил төстэй асуудлууд үүсэх боломжтой, нийтлэг асуудал юм.

 Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хурал 2019 оны 6 сард Ашигт малтмалын хуульд УИХ-ын оруулсан өөрчлөлт нь Үндсэн хуулийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн заалттай зөрчилдөж байна хэмээн дүгнэсэн байна. Үндэслэлтэй эсэхийг цэгнэж мэдэдэхгүй юм, ямарч байсан тийм дүгнэлт гаргаж. Тэр заалтанд үндэслэн гардаг салбарын хуулиуд, Эрдэс баялагийн салбарт баримтлах төрийн бодлого, Аж үйлдвэрийн талаар төрөс баримтлах бодлого зэрэгт тусгалаа олсон боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын эсрэг байна гэсэн тайлбар хийжээ.

 УИХ Үндсэн хуулийн энэ шийдвэрийг хүлээж аваагүй. Засгийн газар үл тоож. Ерөнхийлөгч нь хориг тавиагүй. Бүгд мэдэж байсан. Шалтгаантай, шалтгаангүй, ямар зорилготой юу хийгээд байгааг бүү мэд.

 Ямартай ч Цэцийн шийдвэрээр Монгол Улс Нөөцийн төлбөргүй болов. Сангийн сайдын жиргэснээр нөөцийн төлбөрөөс 2020 онд 1.3 их наяд төгрөг хуримтлуулахаар төсөвлөсөн. Засгийн газрын төсөв бүрдүүлж, цалин тэтгэвэр олгох хамгийн том эх үүсвэр байхгүй болно гэсэн үг. Үүнийг 360 хоногт хуваавал хоногт 3.6 тэрбум төгрөгний хохирол учирах нээ. Үр дүнд нь Монгол Улс хохирно. Цалин, тэтгэвэр авдаг бүх хүмүүс хохирно.

Одоо яаралтай хуулиа шинэчилж нөөцийн төлбөрөө тогтоох хэрэгтэй. Ингэхдээ улстөрчид өөрийн үзэмжээр биш салбарын төлөөлөлтэй зөвшилцөж байж улс оронд ашигтай хувилбарыг хуульчилах хэрэгтэй байна. Компаниуд зөвхөн өөрийн ашгийг харахгүй. Уул уурхайн том салбар иргэддээ өгөөжтэй байж гэмээнэ урт хугацаанд тогтвортой хөгждөг, тиймээс харилцан ашигтай байхаас өөр замгүй.

Сангийн сайд газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд биш компаниудын өмч боллоо хэмээн болчимгүй мэдэгдэл хийсэн.

 Буруутанг хайя гэвэл уул уурхайн мэргэжлийн компаниуд биш төрийн эрх барьж буй услтөрчид буруутай. Тэдний алдаа, эсвэл зориуд хийсэн үйлдлээс болж Монгол Улс бүхлээрээ хохирч байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon