2019 оны Монголын эдийн засгийн форумын үеэр “Залуу Монгол” нэгдсэн хэлэлцүүлэг болов. Энэ хэлэлцүүлэгт 70, 80, 90, 2000 төлөөлөл болсон шижигнэсэн 5 залуу оролцож сонирхолтой яриа өрнүүлсэн. “IRIM” судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар, ”Оюу Толгой” компанийн нөөц болон системийн менежер А.Одончимэг, “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа, МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан, “Investrade academy”-ийг үүсгэн байгуулагч Ү.Батмагнай нар Монголыг залуусын орон гэж дүгнэж чадав уу?
В.Ганзориг: Монголд хурал ихэдсэн, үр дүн байдаггүй, хайран зардал мөнгө болдог гэх шүүмжлэл байдаг. Би та бүхнийг энэ хэлэлцүүлэгт зочноор орооч гэхэд шууд тэгье гэж зөвшөөрсөн. Ямар хурал хуйд дуртай “хогнууд” вэ? (Инээлдэв) Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?
А.Одончимэг: Бид Монголын мянга мянган залуусын төлөөлөл. Залуус бид өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ боломжийг ашиглах ёстой гэж бодсон.
Т.Амарзаяа: Миний хувьд Монголын эдийн засгийн форум залуусын оролцоо, Монгол залуу хүний тухай сэдвийг хөндөж буй нь маш сонирхолтой байсан. Монголын бизнесийн төлөөлөлд монгол залуу хүн гэж хэн бэ, нийгэм дэх бидний оролцооны талаар үзэл бодлоо хуваалцахыг хүссэн.
Ч.Ганжавлан: Би 23 наснаасаа эхлээд сүүлийн найман жил сайн дурын чиглэлээр залуучуудтай их ойрхон ажиллаж байна. Энэ хэлэлцүүлгээр залуусыг сэдвийг хөндөж байгаа учраас энэ талаар дуугарах нь миний үүрэг гэж бодсон.
Ү.Батмагнай: Би өмнө нь Монголын эдийн засгийн форумын зохион байгуулалт дээр хоёр жил ажилласан. Энэ жил залуучуудын санал бодлыг хуваалцах зорилгоор энэ хэлэлцүүлэгт нь өөрөө зочноор оролцохыг хүссэн.
Ц.Батсугар: Олон хүмүүстэй уулздаг судлаач хүний хувьд хүмүүс аливаа асуудлыг өөрөөсөө холдуулдаг нь анзаарагддаг. Нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлаар залуучууд бухимдалтай байдаг атлаа буруутанг дандаа өөр газраас хайдаг, ах нар гэж ярьдаг, тэд болохгүй байгаа учраас гэж тайлбарладаг. Энэ форумын ач холбогдол нь асуудлаа нээлттэй ярилцахаас гадна залуус бид өөрсдийн болохгүй байгаа зүйлээ олж харах боломжийг олгох юм болов уу гэж бодоод энэ хэлэлцүүлэгт ирлээ.
В.Ганзориг: Батсугар захирлын танилцуулсан олон улсын судалгаагаар Монгол Улс залуусын оролцоогоор дундаж гэж гарсан хэрнээ дотоодын судалгаагаар манай залуусын нийгэм ба улс төр дэх оролцоо нь 20 хувь ч хүрдэггүй гэж дурдагдлаа. Яагаад ийм зөрүүтэй байна? Монгол Улс залуусын улс гэдэгтэй та нар санал нийлэх үү? Залуучуудын тэр их эрч хүч хаана байна вэ?
Ц.Батсугар: Залуучуудын хөгжлийн индекс гээд 2016 онд гарсан олон улсын хэмжүүр байдаг. Судалгааны олон ялгаатай арга зүйг ашигладаг. Энэ бүх арга зүй, судалгааны хүчин зүйлсийг нь нийлүүлээд дунджийг нь гаргавал дотоодын судалгааны дүн бүхлээрээ өөр гарахыг үгүйсгэхгүй. Монгол Улс залуучуудын улс мөн үү гэвэл миний хувьд биш гэж хэлнэ. Учир нь залуусын оролцоо, дуу хоолой нийгэмд эзлэх ёстой байр сууриа эзэлж чадахгүй байна. Энэ нь дотоодын судалгааны үр дүнгээр батлагддаг.
А.Одончимэг: Судалгааны дүнг харвал ингэж дүгнэж болохоор харагдаж байна. Гэхдээ би залуусын улс биш гэдэгтэй санал нийлэхгүй. Оюу Толгой компанид нийт 15 мянган хүн ажилладаг. Манай хэлтэст ажилладаг 60 гаруй хүний 90 хувь нь 24-35 насны залуус байдаг. Бусад газар, нэгжүүдээ хараад байхад энэ харьцаа яг л харагддаг. Уул уурхайн салбарын хувьд залуусын оролцоо өндөр байдаг.
Ү.Батмагнай: Залуусын оролцоо бага гэдэгтэй санал нэг байна. Нэг компани, газар нэгжид ажилладаг залуусын тоо олон ч яг шийдвэр гаргах төвшинд энэ тоо эрс багасдаг. Иймээс өмнөх үеийнхээ хүмүүсийн гаргасан шийдвэрийг дагаад явдаг. Энэ утгаараа Монгол Улс залуусын эх орон гэж хэлэхэд учир дутагдалтай.
Ч.Ганжавлан: Хамгийн том үүрэг хүлээх цаг нь ирсэн байхад энэ үүргээ биелүүлэх ухамсаргүй залуусын эрин үед бид амьдарч байна.
Монголд маш том өөрчлөлт явагдаж байна. Энэ өөрчлөлтөд залуусын оролцоо ус, агаар мэт хэрэгтэй байна. Улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол гээд бүх салбарт залуусын оролцоо дутагдаж байна. Өнөөдөр Монголд улс төр, эдийн засаг биш оюун санааны хувьсгал явагдаж байна. Нийгмийн энэ өөрчлөлтөд оролцох нь залуусын сонголт биш үүрэг байх ёстой. Энэ чухал үед нийт хүн амын тоонд эзлэх хувиар залуучууд өндөр хувийг эзэлдэг атлаа оролцоо тал дээрээ хойрго байдгийг судалгаа харуулдаг. Монгол олон залуучуудтай л улс болохоос биш залуучуудын улс биш.
Т.Амарзаяа: Би бол Монгол залуучуудын улс мөн гэж хэлнэ. Хүссэн, хүсээгүй хүүхэд, залуусын тоо нийт хүн амын талаас илүү нь байгаа. Харин 10, 20 жилийн дараа залуусын гэж хэлэхэд хэцүү болж магадгүй. Залуусын оролцооноос үл хамаараад би залуусын улс мөн гэж хэлнэ. Гэхдээ залуусыг оролцоог хангаж өгөх ёстой. Залуус оролцоогүй байгаа нь тэдний буруу биш. Энд тогтолцооны шинжтэй алдаа бий. Жишээ нь, залуусын улс төрийн оролцоо сул гэж ярьдаг. Гэтэл улс төр бол муухай гэдэг ойлголтыг залууст тултал өгдөг. Ингэж залуусын улс төрд орох, сонгуульд санал өгөх итгэл, үнэмшлийг бууруулдаг. Үүнийг залуус маань ойлгож, ухамсарлах хэрэгтэй. 18-28 насны залуу сонгогчийн тоо 400 мянга байдаг. Энэ 400 мянган залуу 2020 оны сонгуулиар үүргээ ухамсарлаад сонгуульд саналаа өгвөл хувьсгал хийх боломжтой. Алхам тутамдаа эсвэл сонгууль болгоноор алдаа гаргадаг хүнийг сонгохгүй байхад л энэ нь өөрөө залуусын оролцоо, том хариуцлага болно.
Би яг ардчилалтай чацуу буюу 1990 онд төрсөн залуу хүн. Ардчиллын үр шимийг би хангалттай хүртэж байгаа. Хүсвэл олон мэдээллийг авч чаддаг. Бидэнд сэдэл өгч, оролцох талбар бий болговол залуусын оролцоо нэмэгдэнэ.
Залуус руу чиглэсэн оюуны бодитой хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Дандаа популизм ярьж, тархи угаагаад байхаар залуус нэг л өдөр залхана. Ийм тогтолцооны гажуудал байгаа болохоос биш Монгол Улс залуусын орон мөн.
В.Ганзориг: Залуусын оролцоо муу байгаа нь хэний буруу вэ? Ах, эгч нарын буруу юу, эсвэл арчаагүй залуучууд та бидний буруу юу?
Ү.Батмагнай: 2000 онд төрсөн миний хувьд нийгэмд оролцоотой байх гэхээр хоёр төрлийн дарамт ирдэг. Эхнийх нь, өдий жаахнаасаа олон юм бүү ярь, ямар том юм боддог юм, мөрөөрөө яв, юу санхүүгийн зах зээл вэ, луйвар хийх нь үү гэх мэтээр
ах, эгч нар энгийн мэтээр өдөр тутам хэлж байгаа ч бидний илүү юм хийж бүтээе гэдэг хүсэл зоригийг мохоодог. Хоёрт, нийгмийн бусад нөлөөлөл. Шинэ юм сурч турших, улс төр судлая гэхээр чи юу яриад байгаа юм бэ, галзуураа юу, хичээл номоо л хийгээд явъя гэж хэлдэг найзууд байдаг. Шинэ үеийн залуусын хувьд улс төр сонирхдоггүй, мөрөөрөө хичээлээ хийж төгсөөд гайгүй ажилд орох нь чухал болсон.
Биднийг ийм болгосон нь өмнөх системийн буруу гэж боддог. Учир нь нэг хүүхэд улс төр сонирхдоггүй гэвэл түүний өссөн орчин, эцэг эхтэй нь холбож ойлгож болно. Гэтэл залуус массаараа ийм болчихоор биднийг хүмүүжүүлсэн өмнөх үеийнхний хандлага, төлөвшилтэй холбохоос өөр аргагүй. Бид багаасаа л “ээ дээ энэ одооний хүүхдүүд үү, эд нар юу хийж чадах вэ дээ” гэдэг орчинд өссөн. Гэтэл ингэж хэлж байгаа хүмүүсийг хэн төрүүлж, яаж өсгөж, ямар хүмүүс боловсрол олгож хүмүүжүүлсэн юм бол? Үүнийгээ тэр хүмүүс мартаад байдаг юм шиг санагддаг.
Монголчууд эрхээ сайн мэддэг атлаа үүргээ мартдаг. Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө хоногийн хоолтой, халаасны мөнгөтэй явуулах, байранд амьдруулахыг л үүргээ гэж боддог. Хүүхдийнхээ үзэл бодол, ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийг нь тэр бүр эцэг, эхчүүд хянуур анхаарч боддоггүй. Яагаад би ингэж хэлж байна гэхээр арван хэдтэй, 20 настай үеийнхээ олон найзуудтай уулзаад ярьж байхад дээр дурдсан эцэг, эхчүүдийн нөлөөлөл, хандлага мэдрэгддэг. Эцэг, эхчүүд хүүхдээ хооллоод, сургалтын төлбөрийг нь төлөх нь хангалттай зүйл гэж боддог. Тийм биш! Гол нь хүсэл мөрөөдөл, сорилт, асуудлыг нь сонсон, чин сэтгэлээсээ ярилцах нь чухал. Барууны өндөр хөгжилтэй орнуудын эцэг, эхчүүд хүүхдийнхээ тоглолт болгоныг алгасгүй үзэж, тэдэнтэйгээ байнга нээлттэй ярилцдаг. Бид хааяа аав, ээжтэйгээ чөлөөтэй ярих гэхээр юу яриад байгаа юм бэ, илүү дутуу юм битгий ярь, мөрөөрөө наад хичээлээ л хийгээд зүгээр л наад сургуулиа төгсөөд аль гэдэг. Энэ нь над шиг маш олон залуусыг далавчийг тасалж байгаа мэт санагддаг.
А.Одончимэг: Яг буруутан хайхад хэцүү юм байна. Би биш бид гэж хэлмээр байна. Би гэдэг ухагдахуунаа авч хаяад бид гэдэг сэтгэлгээг суулгаж чадвал бид биесээ сонсч, хүндэлж, хайрлаж эхэлнэ. Бид гэдэг ухагдахууныг гэр бүл, хамт олон, эргэн тойрны орчиндоо хамтдаа түгээн ажил, амьдралынхаа үнэ цэнээ болгож чадвал энэ ярьж байгаа асуудал байхгүй болно.
Ч.Ганжавлан: Дараа үеийн үлгэр дууриал гэдэг утгаараа миний бодлоор 60, 70-аад оны хүмүүсийн буруу тал хувь нь байгаа. Үлдсэн тал нь боловсролтой холбоотой яригдах болов уу. Залуусын оролцоотой холбоотой энэ ярьж буй зүйлсийг орон даяар ойлгуулъя гэвэл ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт суулгах ёстой. Залуучуудад эхэлж энэ боловсрол, мэдээлийг өгөөд дараа нь оролцоог нь асууж нэхэх хэрэгтэй. Бид өнөөдөр бие хүн болон төлөвшиж буй залууст энэ боловсролыг суулгаж өгч чадаж байгаа юу? Чадахгүй бол энэ залуусаас нийгмийн оролцоо нэхэх нь логикгүй үйлдэл болно.
Манай өмнөх үеийнхэн бидэнд сайн үлгэр жишээ үзүүлж чадаагүй. Хуучин сэхээтэн хүмүүс нийгэмд үлгэр дууриал болдог байв. Жишээ нь, олон хүмүүс Бямбын Ренчин гуайг даган дуурайдаг байсан. Манай үеийнхэн 2000 оны эхэн үед оюутан байхдаа нэг хэсэг бүгд илтгэх урлаг руу хошуурсан. Удалгүй эхнээсээ хар машин унаад улс төрд ороод эхэлсэн. Тэр үед ихэнх сэтгүүл нүүр хуудас дээрээ хамгийн ёс зүйгүй, хамгийн болдоггүй хүмүүсийн зургийг тавьж эхлэн, тэднийг нийгэмд янз бүрээр алдаршуулсан. Хэвлэл мэдээлэл тэр хүмүүсийг сурталчилсан. Бид тэдгээрийн уншиж өссөн. Ингэж сайхан яриад л, удахгүй машинтай болоод, том албан тушаалд хүрч болох юм байна гэдэг сэтгэлгээг нэг үеийн залууст суулгасан. Энэ бол манай өмнөх үеийнхний бидэнд үзүүлсэн үлгэр дууриал.
Т.Амарзаяа: Би олон институтийг буруутгахаар байна. Бид ардчилалд суралцаж явна. Анхнаасаа ардчилалтай төрөөгүй тул суралцах явцад алдаа гарна. Эндээс шууд буруутан хайхад хэцүү. Хаа хаанаа л алдаа гаргасан. Төр, улс төрийн намууд буруутай, тэд нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буруутай. Хариуцлагагүй, ёс зүйгүй мэдээ гаргадаг, хараат бус байдлаа өөрсдөө хангаж чаддаггүй. Үндэсний эв нэгдэл гэдэг зүйл байхгүй болсон. Үе хоорондын залгамж холбоо алга. Энэ нөхцөлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг талбар бол хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байдаг. Учир нь тэд бодитой, судалгаатай, үнэн зөв мэдээлийг олон нийтэд хүргэх ёстой. Гэвч шар талаа дэндүү барьж явсаар байна.
Судлаачид, эрдмийн хүмүүс бас буруутай. Яагаад гэвэл би иргэний нийгмийн төлөөллийн хувьд судлаачидтай нягт хамтран ажиллах шаардлага гардаг. Иргэний нийгэмд мэргэжлийн судалгаа хийх нөөц байдаггүй. Судлаачдийн хийсэн үнэн, бодит судалгаанд суурилан иргэний нийгэм ажиллаж, төрд нөлөөлөх ёстой. Гэтэл манай судлаачид энэ үүргээ учир дутагдалтай биелүүлдэг. Иргэний нийгэм хамтран ажиллах санал тавихад маш өндөр үнэ хэлдэг. Зүй нь бараг үнэгүй ажиллах ёстой. Иргэний нийгмийн байгууллагаас ч гэсэн хариуцлага нэхэх ёстой. Бид утга учиртай ажиллах ёстой. Гэтэл зарим иргэний нийгмийн байгууллагууд асуудлаа өмчилдөг, санхүүжилтийн төлөө хамтрах биш өрсөлддөг, чиглэлээрээ мэргэшин чадавхжиж чаддаггүй.
Ц.Батсугар: Би буруутан хаймааргүй байна. Бид нийгмээрээ ямар нэг асуудлын буруутанг хайж олоод, түүнийг цовдолж байгаад тойрч бүжиглэх хүсэл эрмэлзэлтэй болчихоод байна. Юм болгон дээр буруутан хайсаар байгаад нийгмээрээ детектив киноны гол дүрийн жүжигчид боллоо. Учир шалтгаанаа ярилцъя. Залуусын оролцоо сул байгаад гурван үндсэн асуудал байна гэж хардаг. Нэгт, нийгмийн хувьслын асуудал. 1990 онд орсон шилжилтийн нийгмээсээ Монгол Улс одоо хүртэл гараагүй. Тасралтгүй шилжсээр л байна. Үүнтэй холбоотой олон асуудал үүссэн. Тухайлбал, хотжилт. Өнөөдөр хүн амын 70% нь хот, суурин газарт, хүн амын тал нь Улаабаатар хотод амьдарч байна. Энэ тоо манай нийгмийн капиталын бүтэц орвонгоороо өөрчлөгдсөнийг гэрчилдэг. Хуучин бид хамаатай садан, ах дүүтэйгээ ойрхон амьдарч, тэднээс үлгэр дууриал авдаг, тэд болохгүй үед зааж чиглүүлдэг, дэмждэг, загнадаг байсан бол одоо хүн төвтэй зарчим руу шилжиж байна. Ингэхээр үлгэр дууриал авдаг байсан хүн холдож, стандартууд өөрчлөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотой мэдээллийн технологи ба нийгмийн үнэт зүйлийн хөгжлийн асуудал босч ирдэг.
Хоёрт, нийгмийн суурь бүтэц, өгөгдлийн асуудал бий. Жишээ нь, шашин, уламжлал, соёл гэх мэт. Хуучин хот айлаар амьдарч, өрх тусгаарласан ч гэсэн аавынхаа хаяанд буудаг байсан. Энэ нь залуусын нийгмийн оролцоо, бие даах байдалд хэрхэн нөлөөлж байсан бол? Энэ хувьсал, нийгмийн суурь бүтцийн өөрчлөлтийн хүчин зүйл хувь хүн дээр буухдаа хувь хүний асуудлыг үүсгэдэг.
Гуравт, Залуусын оролцоо нь идэвхтэй, утга учиртай байхын тулд залуучууд боловсрох ёстой. Төлөвшөөгүй, боловсорч гүйцээгүй залуусын нийгмийн оролцоо утга учиргүй болдог.
Зарчим, үнэт зүйлс дээрээ нэгдээгүй залуус бид л болохгүй байна, идэвхтэй байя гээд бөөнөөрөө давхиж очоод 2020 оны сонгуульд саналаа өгье гэж бодоход энэ үйлдэл нь нэг л сонгуулийн давалгаа болоод дуусна. Иймээс хэн нэгэн буруутан хайхаас илүү бид яах ёстой билээ гэдэг асуултыг бодох ёстой.
В.Ганзориг: Залуучуудын гэх тодотголтой маш олон байгууллага байдаг. Монголын залуучуудын холбоо, намуудын залуусын холбоо, оюутны бас сурагчдын холбоо гэх мэт. Энэ холбоод үндсэн үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу?
Ү.Батмагнай: Эдгээр байгууллагыг нийгмийн институт, шийдвэр гаргах нөлөөллийн хувьд томчууд хараад нэг их ач холбогдол өгдөггүй байж магадгүй. Дараа үеэ бэлдэж байгаа гэдэг утгаар эдгээр байгууллагууд залуусын хувьд хамгийн дээд институт. Манай үеийнхэн дунд оюутны холбоо гэж ярьвал маш дургүй хүлээж авдаг. Оюутны холбооны гишүүн боллоо гэвэл тэгвэл чамтай найзлахгүй гэж манай найзууд шууд хэлдэг. Учир нь энэ байгууллагын гишүүн байх нь онигоо буюу ичгэвтэр байдалд ордог төвшинд хүрчихсэн. Оюутны байгууллагын оршин байх зарчим нь зөв боловч ажиллуулах гүйцэтгэл дээрээ маш том алдаа гаргасан. Ганжавхлан ахын хэлснээр хэн нэгний цүнх баригч болоод, машин унаад, нийгэмд зөв үлгэр дууриал болж чадаагүй хүмүүс эдгээр холбооноос гарсан. Ийм учраас нэр хүнд нь унасан. Гэхдээ залуусын энэ хандлагыг би өөрчлөх хүсэлтэй байдаг. Бид шалтаг тооцоод энэ бүхнээс холдон зугатаад байвал эдгээр холбоог өөрчлөн шинэчлэх хүн гарч ирэхгүй. Бид өөрсдөө л зоригтой дуугарч ажиллах ёстой.
Хууль дүрэм чанга Хонг Конг улсад 23, 25 настай залуус үнэ цэнээрээ нэгдэн маш том бослого хийж байна. Үүний хүчинд ялтан шилжүүлэх хуулиа өөрчлүүлж, эх газрын Хятадын бодлогын эсрэг удаан тэмцээд ялж чадлаа. Бидний залуу нас бол шалтаг тоочиж болохгүй нас. Шалтаг тоочоод л эхэлбэл бид өмнөх үеийнхээ, нөгөө муулаад байдаг, зөв үлгэр дууриал үзүүлээгүй гэдэг ах, эгч нараас ялгагдахгүй болно.
Ч.Ганжавлан: Эдгээр байгууллагууд улс төрийн маш их хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй. Хуучны социалист залуучуудын холбооны бараг төрийн аппарат шиг данхагар бүтцээ зөөллөж чадаагүй. Засаг солигдохоор намаа дагаад эдгээр залуучуудын байгууллагуудын удирдлагууд нь солигддог гэх мэт хөгжилтэй зүйлүүд ихтэй юм билээ. Өөрийгөө үнэлдэг, өөрийн үнэ цэнэтэй залуучууд мэдээж ийм байгууллагууд руу ойртохоос цааргална. Эдгээр байгууллагууд нэлээд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байдаг. Үүнийгээ түрээслэх замаар үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлдэг бүтэцтэй байх. Дотор нь ороод сайн ажил хийж байгаа мундаг залуучууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ л цүнх баригчид бэлтгэдэг системээсээ салж чадахгүй байгаа. Тэнд нэг юм байна. Одооны залуучууд медаль авч зүүдэг соёлоос ичдэг болчихсон байхад л хэдэн мянгаар нь медаль тэмдэг тараасан хэвээрээ. Шинэ үеэ мэдрэх хэрэгтэй.
Т.Амарзаяа: Надад эдгээр байгууллагууд улс төрийн хүчний боловсон хүчнийг бэлддэг дамжлага газар гэж санагддаг. Сурагчдын холбоо гэж байгууллага байдаг. Хажуудаа лидер сурагч гэдэг академитай. Тэндээ 13 төрийн лидер сурагч бэлтгэдэг гэдэг. Үүгээр дамжсан хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд оюутны холбоонд ордог. Оюутны холбооны сонгууль яг улс төрийн намуудын суудал наймаалцдаг шиг болдог гэж ярьдаг. Их сургуулиа төгсөөд Монголын залуучуудын холбоо гэдэг их айлын гишүүн болдог. Энэ холбооны удирдах зөвлөлд нам намын залуу биш хүмүүс байдаг. Ингэж хамгийн сүүлд нь энэ байгууллагаар дамжаад улс төрд ордог ерөнхий дүр зураг харагддаг. Тухайбал, аль нэг яам, агентлаг, төрийн байгууллагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад сонгууль дөхөхөөр албан тушаалаа өгөөд намын залуучуудын холбоо руу ордог. Ийм залуус төрийн байгууллагыг өөрсдийгөө бусдад таниулах хэрэгсэл болгож ашигладаг. Олонд танигдмагцаа өөрийгөө сонгуульд сойж эхэлдэг. Залуучуудад улс төрийн боловсрол олгох гэж байгаа бол ийм зарчмаар явж болохгүй. Энд ах, эгч нар бүхий л булхай, буруу үлгэр дууриаллаа залууст заагаад гаргаж байна гэсэн үг. Чи юм мэддэг, мэддэггүй хамаагүй олны өмнө сайн ярьдаг, бусдаас илүү байх ёстой гэдэг юмыг ойлгуулж тархинд нь суулгачихдаг.
Би залуучуудыг өмөөрмөөр байна. Анхнаасаа би олон хүүхэдтэй ядуу айлд төрсөн бол гэж төсөөлье. Угаасаа миний амьдрал ядуу байсан. Угаасаа манайх найман хүүхдийн мөнгө болох нэг хүүхдийн 20 мянган төгрөгөө аваад хүнсээ цуглуулдаг байсан. Хотын хамгийн захын, нэг ангид 60 хүүхэдтэй сургуульд сурдаг байсан. Ангийнхаа хамгийн ард нь суудаг байсан. Барьж буй гар утас, өмссөн гутал, хувцаснаасаа болж ялгаварлан гадуурхалтад өртдөг байсан. Дээд боловсрол эзэмших боломж байгаагүй. Азаар байсан нь хувийн сургууль байсан. Дараа нь ажлын байран дээр гарах гэтэл танил тал байхгүй. Ийм нөхцөлд залуу хүн яах вэ? Энэ бүхэн миний буруу юу? Биднийг амьдруулж буй тогтолцоо, бодит байдал ийм байна. Хэсэгхэн хүмүүс л хотын төвөөр ажиллаж амьдарч, олон хүмүүс хотын амьдрал, боломжийн хүрээнээс гадна амьдарч байна. Би анхнаасаа хөгжлийн бэрхшээлтэй байсан бол яах байсан бол? Би анхнаасаа бэлгийн цөөнх байсан бол яах юм бэ? Ийм маягаар олон нөхцөл байдлыг оруулан бодвол энэ бүхэн залуу хүн надаас шалтгаалах зүйл мөн үү?
Ц.Батсугар: Судалгаанаас харж байхад манай залуучуудын байгууллагуудын гүйцэтгэх чиг үүрэг хангалтгүй байгаа. Аливаа институтууд нийгмийн дэд бүтэц байх ёстой. Эдгээр байгууллагууд анхнаасаа нийгмийн өгөгдөл нь дутуу хүмүүсийн тэгш боломжийг хэрхэн хангах тухай асуудлийг шийдэх, хяналт бий болгох, боловсрол, мэдлэг олгох зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй нийгмийн дэд бүтэц байх ёстой. Монголын залуучуудын холбоо зэрэг залуучуудаар овоглож буй байгууллагууд ч биш дийлэнх иргэний нийгмийн байгууллагууд, тухайлбал Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг нь нийгмийн дэд бүтэц биш бусдын багаж хэрэгсэл болоод байгаа харагддаг. Багаж хэрэгсэл гэдэг нь залуусыг удирдан чиглүүлэх замаар, тэдгээрийг ашиглан ямар нэг ашиг сонирхолд хүрэх тоглоом нь болоод байна. Үүний цаана маш том учир шалтгаан байгаа байх. Үүнээс яаж гарах вэ гээд ярьвал нэлээд том хэлэлцүүлэх болно.
В.Ганзориг: 70, 80, 90, 2000 оны төлөөлөл байгаа тул асууя. Үнэхээр та нарын хооронд үе хоорондын үзэл бодол, үнэ цэнийн зөрүү гараад болохгүй байна уу?
Ү.Батмагнай: Би багаасаа хэд хэдэн байгууллагад ажиллаж үзсэн. Олон янзын хүмүүс байдаг. Нас нь ахмад мөртлөө бодол санаа нь шинэлэг, залуучуудыг маш сайн ойлгодог, өөрчлөлтийг дэмждэг, чөлөөтэй гоё харьцдаг хүмүүс байгаа. Харин зарим нь яг эсрэг байдаг. Чи надаас дүү учир чиний бодол, санаа надад хамаагүй гэдэг хүмүүс байдаг. Манай аав, ээж 40 гаруй насны хүмүүс. Энэ үеийнхэн нийгмийн шилжилтийг даваад гарсан ч хүүхэд байхад нь аав, ээж нь тэдний бүх юмыг нь шийдэж өгдөг байсан. Харин намайг сургуулиа өөрөө сонгохоос авахуулаад хангалттай эрх чөлөөг гэрийнхэн маань олгож байгаа. Ийм учраас л би өмнөх үеийн хүмүүстэй харьцуулбал илүү том, чөлөөтэй сэтгэх боломжтой байгаа болов уу.
А.Одончимэг: Ажил хийж байхад үеийн ялгаа харагддаг уу гэвэл харагддаг. 70-аад оныг төлөөлж байгаа би 2000 оны хүүхэдтэй цуг ажиллахад хүндрэлтэй зүйл нэг их байдаггүй. Учир нь бид ардчиллыг дээдэлдэн, техник технологиос авахуулаад бүхий л зүйлс хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дээр ажиллаж буйгаа сайн ойлгосон хүмүүсийн нэг. Өөрчлөлтийг хүлээж авах ёстой. Гэхдээ сайныг нь аваад, мууг нь сайжруулаад хамтдаа урагшаа алхах хэрэгтэй. Харин 1940-өөд оны хүмүүстэй уулзаад ажил ярихад энэ бол тогтсон систем гээд хуучин зүйлээ өөрчлөх дургүй хандлага харагддаг. Бид тэдний хандлагыг буруу гэж хүлээн авахаас илүү тэр хүний санааг бүрэн ойлгох, хэрэгтэй зүйлсийг нь шийдэлдээ тусгаж өгөөд хамтдаа цаашаа явбал амар байх болов уу.
Ү.Батмагнай: Залуу, ахмад үеийнхэн сошиал орчинд нэлээд сөргөөцөлддөг. Хоёр хэрэлдэж буй хүний хэн ухаантай нь буруутай гэдэг шиг манай өмнөх үеийнхэн биднийг арай илүү ойлгох ёстой санагддаг. Биднийг сайн ойлгоогүй байж нийтээр нь хамаад залуу үеийг буруутган шүүмжилж, хэрүүл хийх гээд байдаг. Үүнийг манай өмнөх үеийнхэн илүү сайн ойлгодог байгаасай гэж хүсдэг.
А.Одончимэг: За, 80-аад оны төлөөлөл хариулаарай.
Ч.Ганжавлан: 88 оны чинь 90-ээд оны үе руу ордоггүй юм уу? (Инээв) Маш олон өөрчлөлт манай нийгэмд хурдацтай явагдаж байна. Үүнээс болоод үеийн ялгаа хүртэл ойлгомжгүй болж эхэлж байгаа. Үе хоорондын хөгжил янз бүрийн үелзэлтэй явагдсан. Бид бол хагас социализмын үеийн үлдэгдэл. Нийтийн гэдэг ойлголт бараг миний үеэр дууссан байх. 2000 оныхонд хувь хүний байр суурь, ашиг сонирхол, үзэл бодол, өөрийгөө илэрхийлэх чадвар хүчтэй төлөвшин сууж байна. Манай үеийнхэн диктатур дунд өссөн, ер нь зориг муутай хүмүүс шүү дээ. Мэдээлэл авах, түгээх орчин зэргийг харвал шинэ үеийн залуусын хувьд зөв ялгарал болж гарч ирж байгаа. 15-34 хүртэлх насыг залуу нас гэж тооцож байгаа тул бид яалт ч үгүй нэг тогоонд орж таарна. Тэгэхээр хоорондын ялгаагаа багасгах, бие биенээ сонсох, хүндлэх, энэ тайзан дээр байгаа бид тав хоорондоо учраа олчихвол болчих гээд байна л даа.
Т.Амарзаяа: Чи залуу юм байж, эсвэл наадах чинь настай хүн тул ойлгохгүй ээ гэх мэтээр үе хоорондын ялгаа байдаг. Энэ бол зүгээр л бидний дунд тогтсон хандлага. Тэрнээс биш зориудаар ялгаварлан гадуурхах гээд гаргадаг үйлдэл биш гэж боддог. Эмэгтэй юм чинь, залуу бүсгүй юм чинь гэх зэргээр ийм хандлага жендер дээр ч гардаг. Энэ тогтсон хандлагыг эвдэж чадвал бид өөрчлөгдөх боломжтой. Энэ хандлагыг эвдэхийн тулд хүний эрх, гарааны тэгш нөхцлийн тухай ярих ёстой. Үүнийг бид байнга ярих ёстой. Нэг залуу хүн эсвэл нэг 60-аад оны хүн алдаа гаргасны төлөө 1000 залууг, эсвэл 60-аад оны хүмүүсийг тэр чигээр нь буруутгаж болохгүй.
Үе хоорондын ялгаа ажлын байран дээр илүү гардаг болов уу. Тиймээс мэргэжлийн байх, шатлан дэвших боломжийг олгох, чадаж байгаа хүнд итгэл хүлээлгэн хүлээн зөвшөөрөх, харилцан бие биенээсээ суралцах соёл маш чухал. Үүнд хувийн хэвшлийнхэний хувь нэмэр өндөр байдаг. Хүмүүсийн гарааны нөхцлийг тэгшитгэх дээр бизнесийн байгууллагууд том ажил хийж нийгэмд нөлөөлөх боломжтой. Компанийн нийгмийн хариуцлага гээд өндөр настнууд, хүүхдүүдэд бэлэг, хоол өгдөг үе өнгөрсөн. Харин хүмүүсийн гарааны нөхцлийг тэгшитгэх, ажлын байраар хангах, орчин нөхцлийг нь сайжруулах, залууст ажил, амьдралын ментор хийх нь тухайн компанийн нийгэмд оруулж буй хамгийн том хувь нэмэр болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэл эрүүлжих шаардлагатай байна. Үе хоорондын залгамж халааг бататгах, хэвшмэл тогтсон хандлагыг арилгахад энэ түншлэл чухал. Харамсалтай нь одоо төр, хувийн хэвшил нэг нэгэндээ тендер зарладаг, нэгийгээ дэмжиж буй нэрээр барьцаанд авдаг. Энэ эрүүл биш харилцааг үгүй хийж чадвал үе хоорондын зааг, ялгаа гэдэг зүйл асуудал биш болно.
Ц.Батсугар: Олон улсад үе хоорондын зөрүү байна гээд судлаад гаргаад ирсэн. Baby boomers, X, Y, Z үеийнхэн, тэдний онцлог, үнэлэмжийн тухай олон судалгаа бий. Залуу үе энэ орчинд өсөж төлөвшихөд би төвтэй гэдгээс эхлүүлээд онцлог байгаа. Тэртэй тэргүй өөрчлөлт гарна. Тухайлбал, бидний ярьдаг хөдөлмөр эрхлэх орчин, ажлын байр гэдэг зүйл дээр том өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг түрүүлж ойлгон, угтаж хүлээн авч байж үе хоорондын ойлголцлыг бий болгоно. Ингэж чадахгүй байгаагаас манайд үе хоорондын зөрчил үүссэн. Энэ нь үнэт зүйл, соёл, уламжлал, хандлага, итгэл үнэмшлийн ялгаа гэсэн үг. Ардчилал, хүний эрх гэдэг дэлхийн нийтлэг үнэт зүйлсийн талаарх залуусын ойлголт шал өөр болсон. Тэд асуудлыг маш нээлттэй хүлээж авдаг. Тухайлбал, ЛБГТ эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, тэдний нийгэм дэх тэгш оролцоо, боломж гэх мэт. Гэтэл өмнөх үеийнхэн хаалттай орчинд өссөн болоод тэр үү ийм хандлагыг таашаадаггүй.
Үе хооронд энэ мэт үзэл бодлын зөрүү үүсэхээр хэнийх нь зөв бэ гэдэг асуулт гардаг. Уг нь хэнийх нь ч зөв биш. Учир нь энэ мэт ялгаатай үзэл бодол хүмүүсийн дунд байх ёстой. Ийм зөрчил үүсэх үед боловсролтой, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тогтсон зарчимтай залуус өөрийн итгэл үнэмшлээ дагаад ялгараад явчихдаг. Ингэж төлөвшиж амжаагүй залуус нь соёл, уламжлалын нөхцлөө дагаад ахмад настнуудаа дагаад нөгөө тал руугаа гардаг.
В.Ганзориг: Ид шидийн орон гээд нийгэмд тустай том төсөл хэрэгжүүлж буйг тань хүмүүс мэднэ ээ Ганжавхлан. Гэхдээ уг нь энэ төрийн хийх ёстой ажил биш үү? Цаашид тогтмол нэмэгдэн гарах урсгал зардлуудаа хэрхэн санхүүжүүлэх вэ?
Ч.Ганжавлан: Алт шиг асуулт асуулаа. Нийгмийн асуудлыг яагаад хандиваар шийдээд байгааг хүмүүс асуух ёстой. Бид бүгд татвар төлдөг. Тэр нь нэг газар төвлөрөөд салбарын яамаар дамжаад нийгмийн асуудлыг шийддэг. Монголд энэ тогтолцоо зөв ажилладаггүй. Өнөөдөр шөнө хүртэл хоолгүй, хувцасгүй, сургуульгүй олон мянган хүүхэд маргаашийг хүлээж байгаа. Иргэн хүний хувьд хүмүүсийн өр нь өвдөөд, янз бүрийн мэргэжилтэй хүмүүс нийлээд ямар нэгэн ажил хийхийг хүссэн. Энэ бол “Ид шидийн орон” төсөл юм. Нийгэмдээ оролцоотой байх, бусдад хандив өгч, боломжгүй нэгэндээ гаргаа сунгах нь хөгжилтэй орнуудын нийгмийн гишүүдийн хэрэгцээ нь болсон байдаг.
2017 онд бид зургаан сарын дотор “Ид шидийн орон 1” гэдэг бүтээн байгуулалтыг олон нийтийн хандиваар хийж дуусгасан. Түүнээс хойш хоёр жил төр засгийн ямар ч оролцоогүй урсгал зардлыг нь шийдээд явж байна. Бид өдрийн 1 доллар, өдрийн 100 төгрөг гэдэг системийг мэдээллийн технологи ашиглан үүсгээд, тухайн хүний төлбөрийн карттай холбосон. Эргээд имэйл, шуудан, гэрийн хаягаар нь тайланг нь хүргэдэг. Энэ системд АНУ-д байгаа 350 монгол хүн, Монголд байгаа 6000 гаруй хүмүүс нэгдсэн. Үүгээр бид урсгал зардлаа шийдээд явж байна. 2018 онд энэ системээр нийт 360 сая төгрөгийн хандив цуглуулсан. Энэ бүх мөнгийг багш, ажилчдын цалин, хүүхдүүдийн эмчилгээ, хоол, төвийн цахилгаан, усны төлбөрт зарцуулдаг. Нэг хүнээс гарч буй 100 төгрөгийн аян олон хүнийг хамруулахаар 360 сая төгрөг болсон гэсэн үг.
Бид Монголын бүх асуудлыг хандиваар шийднэ гэж хэзээ ч бодоогүй. Энэ нь ч логикийн хувьд буруу. Бид бодит нөхцөлд байдалд хариу үйлдэл үзүүлэн нийгэмд гэрэл асааж, мөс хагалж байгаа юм. Хүсвэл, нэгдвэл болдог юм гэдгийг бодит кэйсээр хүмүүст харуулж байна. Энэ хийсэн ажил дээрээ үндэслээд бид мөнгөө зөв зүйлд зарцуулаач ээ гээд нөлөөллийн ажлуудыг хийнэ. Манай төв баригдсанаас хойш гэмт хэргийн гаралт буурсан, 144 хүүхдийн эрх хамгаалагдсан. Хүүхдийн эрх зөрчигдөж аюулд учрахад улсын хамгаалах байр 108 ба манай төв хоёр л тэдэнд хаалга татаад орох аврал болдог. Энэ бол сошиал медиагаар хоосон шаагилдах биш бодитой хийсэн шийдлийн жишээ гэсэн үг. Мэргэжлийн эмч, хуульч, өмгөөлөгч тухайн хүүхдийн аюулгүй байдал бүрэн хангагдах хүртэл хугацаагүй ажилладаг систем үүсгээд 144 хүүхдийн амьдралд эерэгээр нөлөөлсөн. Энэ бол сэтгэл. Гэтэл өчнөөн тэрбум төгрөгөөр хурал, өчнөөн 10 сая төгрөгөөр бодлого гаргаад яагаад ийм зүйл хийж болоогүй юм бол? Сүүлийн 20 жилд Монголд Community Center-ийн үүргийг Улаанбаатарын гэр хороололд Исүсийн сүмүүд л гүйцэтгэсэн. Тэнд хүүхдүүдийн уулзах газар нь худаг, унших номгүй байдаг.
Гэтэл төр залуучуудаа гэгээлэг байя гээд ярьдаг. Өөрөөр хэлбэл, шилний араас модон чихэр харуулаад долоолгож буйтай адил гэсэн үг. Тэнд ном унших газар байтугай унших ном нь байхгүй. Манай төв нийслэлийн хамгийн хүнд нөхцөлтэй гэр хорооллын хоёр хэсгийн голд байрлаж ажилладаг. Тэндэхийн нөхцөл байдлыг бид аль ч хорооны даргаас илүү сайн мэднэ. “Ид шидийн орон 2” төслөөс хойш бид олон нийтийн хандиваар төв барихгүй. Энэ хоёр төвөө жигдэртэл, судалгаатай үр дүн гартал бид маш сайн ажиллана. Энэ төвүүдийн нийгэмд эерэг өөрчлөлт авч ирж чадаж байна гэсэн концепц батлагдвал аль ч аймаг, аль ч дүүрэг нээлттэй ашиглаж болох нөлөөллийн ажлууд руу орно. Ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
В.Ганзориг: Одноо, Оюу Толгойн Монголын нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөг олон хүн мэднэ. Гэвч нийгмийн нэг хэсэг хүмүүс байнга шүүмжилж дайрдаг. Оюу Толгойн 15 мянган ажилчид өөрсдийнхөө төлөө компанийнхаа нүүр царай болоод яагаад нийлж дуугарч хөдөлдөггүй юм бэ?
А.Одончимэг: Сүрхий асуулт байна (Инээв). Хүндлэл, ёс зүй гэдэг зүйл Оюу Толгой компанийн хувьд хамгийн чухалд тооцогддог. Энэ үнэт зүйлээрээ дамжуулан биднийг эсэргүүцдэг хүмүүсийн эсрэг жагсахаас илүү төслөөрөө дамжуулан нийгэмд хувь нэмэр оруулж байгаа үйлдлээрээ, ажлаараа, үр дүнгээрээ гол мессежээ олон нийтэд өгөхийг зорьдог. Хөдөлмөр эрхлэлт, тогтвортой ажлын байраар дамжуулан Оюу Толгой залуусын нийгмийн оролцоог хангадаг. Сонгуульд оролцож, санал өгдөггүй залуусын дийлэнх нь байнгын ажил хөдөлмөр эрхэлдэггүй, боловсрол бүрэн эзэмшээгүй байдаг. Залуусын идэвхийг нэмэгдүүлэх зорилготой олон хөтөлбөрийг манайх хэрэгжүүлдэг. Жишээ нь, орон нутгийн залуусын хөгжлийн дэмжих, гадаад, дотоодын сургуульд явуулдаг тэтгэлэгүүд, төгсөгч мэргэжилтнүүд, дадлагажигч оюутны хөтөлбөр гэх мэт. Энэ бол бидний бодит үнэ цэнэ.
В.Ганзориг: Батмагнай, 2000 онд төрсөн бизнесмений хувьд өнөөдөр залуус бизнес эрхлэхэд тулгамддаг хамгийн том асуудал юу байдаг вэ?
Ү.Батмагнай: Өмнөх үеийн хүмүүсийн сэтгэхүйд л хамгийн том асуудал байдаг. Тэдний үл тоосон, үл хүндэлсэн хандлага нэг бодлын сорилт мэт боловч нөгөө бодлын хамгийн том асуудал болдог. Гэхдээ манай цахим шийдлийн компани дээрээ анх удаа Оросоос хүмүүс ирж бидний ажлыг сонирхсон. Энэ төсөл дээр намайг удирдан ажилладаг ах “Өмнө нь олон жил бид Оросоос хараат явж ирсэн. Юм авч байсан болохоос өмнө нь хэзээ ч Орос руу оюуны өмчөө экспортолж байгаагүй. Үүнийг хийж чадвал маш олон залууст итгэл, урам зориг өгөх болно” гэж хэлж байсан.
Монголын эдийн засгийн чуулга уулзалтад над шиг 20 настай залууг урьж оролцуулж байгаад маш их талархаж байна.
Залуусын оролцоог хэн нэг хүн, нэг байгууллага дангаараа шийдэхгүй. Бүх талууд хамтран ажиллаж байж идэвхтэй байнгын оролцоотой залуусыг бий болгоно. Нөгөө талдаа залуус өөрсдөө бас хичээх хэрэгтэй. Нийгэм маань ч гэсэн биднийг илүү сайн ойлгох ёстой. Хэрэгтэй зүйлийг заагаад, хэрэггүй зүйлийг хэлж өгч байж залуу хүмүүсийн сэтгэхгүйг өөрчилж чадна. Миний үеийн залуусын бодол ийм байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлэх зорилгоор би энэ хэлэлцүүлэг ирсэн.
В.Ганзориг: Амарзаяа, та “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Ажлаа хийгээд л явахгүй, хар залуугаараа яагаад заавал ТББ, улс төрийн хяналт гээд яваад байгаа юм бэ? ТББ-ын чинь цаана ямар нэг улс төрийн хүчин, нууц эзэн байхгүй биз?
Т.Амарзаяа: Манай ТББ 2014 онд байгуулагдсан. Сэтгүүлч, хуульч, сэтгэл зүйч мэргэжилтэй залуусын нэгдэл. Би хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаад нэгдсэн. 2008 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо анх удаа Засгийн газрын эсрэг хүүхдийн эрхийг хамгаалах нөхцөл байдал хүнд байгаа тухай сүүдрийн тайлан бичсэн. Эндээс эхлээд би хүүхдийн эрхийн төлөө ажиллах шаардлагатайг ойлгосон. Хүүхдүүдийн дуу хоолойг сонсохгүйгээр томчууд тэдний өмнөөс шийдвэр гаргадаг учраас хүүхэд хамгааллын нөхцөл байдал сайжрахгүй байгааг харсан. Ингээд л иргэний нийгэм рүү өөрийн эрхгүй орсон. Би уг нь сэтгүүлч мэргэжилтэй. Бусад хамтрагчид маань ч адилхан түүхтэй. Залуусын байгууллага гэхээр гоё хувцастай, өнгөлөг эсвэл хэт энтертайнмент байдлаар шоу цэнгээн гэж хүмүүс төсөөлдөг. 2014 онд бид ТББ-аа байгуулж байхад олон хүн залуусын оролцоог ингэж боддог байсан. Бидний том зорилго бол Тинк Танк болох. Бид бодит ажил хийнгээ суралцаад явж байгаа залуус.
Залууст хамаатай бодлогын шийдвэр гарахад түүнд хяналт тавьж оролцдог, асуудлаа судлаад шийдэл санал болгодог байгууллага хэрэгтэй юм байна гэж хараад энэ байгууллагаа байгуулаад одоо таван жил болж байна.
Ямар нэг нам, улс төрийн хүчин, бизнесийн байгууллага бидний ард байхгүй. Яг бор зүрхээрээ, гадна дотны төслүүд бичээд хэрэгжүүлээд санхүүжилт босгоод явж байна. Бидний хийсэн хамгийн том ажил бол 2012, 2016, 2017 сонгуулийн үеэр “Нээлттэй нийгэм форум”-тай хамтран иргэний нийгмийн ажиглагчдыг бэлтгэх, сонгуулийн 100 хэсгийн хороон дээр 200 залууг ажиллуулсан. Энэ ажлыг бид сонгууль бүрээр хийдэг. Хэсгийн хороон дээр ажиллахын тулд жагсаалт, төлөвлөгөө гаргаж, сонгуулийн процессийг нээхээс эхлүүлээд хаах хүртэл, сонгуулийн санал авах, санал тоолох, хяналтын тооллого хийх хүртэл залуусыг чадавхжуулж оролцдог. Энэ ажилд оролцсон залуус сонгуулийг шударга явуулахад өөрийнх нь хувь нэмэр ямар чухлыг маш сайн ойлгодог. Нэг сонгуульд ажиглагчаар ажилласан залуу дараагийн сонгуульд би заавал ажиллана шүү гэдэг юм.
Бид жижиг мониторинг бас хийдэг. Жишээ нь, залуучуудад зориулсан төрийн эзэмшлийн барилга байгууламж Улаанбаатар хотод байна уу гэх мэт. Энэ кэйс дээр ийм байгууламжууд байсан бол одоо ихэнх нь хувьчлагдаад, Хүүхдийн ордон зэрэг хэдхэн газар үлдсэн. Монголын залуучуудын холбоо хэдийнэ өөр байгууллагын харъяа болчихсон. Бодлогын шүүмжлэл талаас ажилладаг гэсэн үг. Мөн улс төр ба мөнгө гээд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал дээр бид нэлээд сайн дуугарч ажиллахыг хичээсэн. Сая манай ардчилал маш том эрсдэлд ороод, ерөнхийлөгчийн засаглалтай болох шахсан. Одоо ч тэр эрсдэл байсаар байна. Гурав дахь хэлэлцүүлгээр юу болох нь тодорхойгүй байна, шударга бусын хонгил нээлттэй үлдэх эрсдэл байна.
Миний бөөрийг 480,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна, тэдэнтэй [email protected] эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Монголоос ирсэн Барьяма бол миний нэр
Миний бөөрийг 480,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна, тэдэнтэй [email protected] эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Монголоос ирсэн Барьяма бол миний нэр
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected] ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: [email protected] имэйлээр холбоо барина уу. whatsapp дугаар: +19099134258
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид ([email protected] ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: [email protected] имэйлээр холбоо барина уу. whatsapp дугаар: +19099134258