Багадаа уншиж байсан олон номтой минь ижил уур амьсгалтай, ойролцоо үнэт зүйлийн баримжаатай бяцхан ногоон номыг их л нандигнан уншлаа.
"Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч Апертеид дэглэм сөнөтүгэй! Даян дэлхийд эрх чөлөө, шударга ёс, энх тайван мандтугай! Өмнөд Африкийн дарлагдсан ард түмнийг боолчлолын гинжнээс чөлөөлөгтүн!" гэж уншиж, бичиж, туг лоозон барин жагсаж явсан хүүхэд нас минь ээ гэж.
Хүү маань нэг удаа " Та азтай юмаа. Дэлхийн түүхийн хамгийн сонирхолтой цаг үе байсан 20 дугаар зуунд төрж өссөн. 20 дугаар зуун хүмүүсийн итгэл үнэмшлийн хувьсгалын зуун байсан харин 21 дүгээр зууны хувьсгал нь технологид, зорилго нь хэрэглээнд байгаа нь харамсалтай. Гэвч удахгүй түрийвчээс тархи руу шилжих байх гэж найдна" гэж хэлж байсан юм. (Зөвхөн ингэж хэлж, бодож байгаагийнх нь төлөө хүүгийнхээ түүхийн багшид талархаад баршгүй.) 20 дугаар зууны сүүлийн хагасын бүтээгдэхүүн болох би тэгэхэд л нээрээ ч тийм юм уу гэж бодсонсон. Уг нь өсөж төрсөн итгэл үнэмшлээ үр хүүхэдтэйгээ хуваалцах боломжгүй, алдаж андуурсан ч юм шиг буруутай мэдрэмжтэй байдагтаа хөөрхий социалист коммунист түүхээсээ бишүүрхэж суудаг байсан болоод ч тэр үү өнгөрсөн зууны үзэл суртлын тухай жаахан гундуу бодолтой байдаг байсан юм. Гэхдээ л гэгээнд тэмүүлсэн хүүхэд нас минь тэнд үлдсэн болохоор яав ч 20 дугаар зууныг орвонгоор нь эргүүлсэн эв хамт үзлийг бүрэн буруутахгүй байсаар насыг барах шинжтэй дэг ээ.
За хадуурахаа болиод, бидний төсөөлж ч чадахгүй тэс өөр нийгмийн талаар өгүүлсэн номынхоо тухай бичье.
"Африкт төрсөн цагаан арьст хүнийхээ хэргийг гаргаж амь насаа ч болов зольж байгаад өдөр бүр өөрийн харж буй бурангуй ёсыг устгахыг хичээх болно. Иргэд нь эрх тэгш болсноор бүх зүйл амар байхгүй ч би улс орныхоо ирээдүйд итгэж байна." Энэ үгийг хэлсэн хүн бол зохиолч Надин Гордимер юм. Цагтаа Нельсон Манделагийн "Би үхэхэд ч бэлэн" хэмээх шүүх хурал дээр хэлсэн алдарт өмгөөллийн илтгэлийг нь бичилцэж явсан цогтой тэмцэгч түүний үзэл баримтлалыг "Зургаан тохой газар " өгүүллэг нь бүрэн илэрхийлэх шиг. Буу шийдэм агсахгүй ч буруу гэж бодсон зүйлтэйгээ өдөр бүр л тэмцэх Лэрис хатагтай, амандаа бувтнан дургүйцэх ч ачир дээрээ туслах нөхөр бол яг л хатагтай Гордимер, түүний нөхөр Кассирер нартай төстэй ч юм шиг. Амьддаа хүн зэрэгт тооцогдохгүй, өсөж төрсөн нутагтаа байгаа хирнээ амь зуулгын төлөө нүүж сууж ч болохгүй, үхсэн ч оршуулчих зургаан тохой газар олдохгүй өрөвдмөөр хувь заяатай хар арьст уугуул иргэдийн тухай энэ өгүүллэг Гордимерийн уран бүтээлийн ерөнхий өнгө аясыг бүрэн илэрхийлнэ.
Түүвэрт орсон өгүүллэгүүд бүхэлдээ аялдагчид ба тэмцэгчдийн тухай гээд хэлчхэд нэг их хилсдэхгүй байх.
Хотын түүх, Хөдөөний түүх өгүүллэгүүдээс бид үнэн чанараа мартаж, нийгмийнхээ хэмжээст таарах гэж үр хүүхэд, хайр дурлалаасаа урваж буй залуусын түүхийг уншаад аялдагчид хэзээ ч жинхэнэ аз жаргалыг мэдрэх хувьгүй юм гэдгийг ойлгоно. Хайртай бүхнээ найр тавьж өгсөн ч хахир нийгмээс өршөөл хүртэж чадахгүй гэдгийг Аман түүх өгүүллэгээс бас олж харж болно.
Харин тэмцэгчид хэзээд жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадна. Хүн болж төрснийхөө хэргийг гаргах гэж өсөж төрсөн улс оронд нь хоригдчихдог байсан бүтээлүүдээ дэлхий нийтэд хэвлүүлж, нийгмээрээ буруутгаж байсан ч хүнлэг ёсны үүднээс үзвэл ийм байх ёсгүй хэмээн төр засгийнхаа эсрэг тууштай тэмцэж чадсан баян нөхөртэй, цагаан арьст энэ дэгжин хатагтайг хүнийх нь хувьд дүрсэлж чадсан сайхан дүр бол Бадмаараг чулууны хэлтэрхий өгүүллэгт нь гардаг Бамжийгийн эхнэр 9 хүүхэдтэй, царай муутай, мусульман шашинт, эгэл жирийн энэтхэг эмэгтэй гэж бодогдлоо. Тэр чимээгүй л чадах зүйлээ хийж, хэнийг ч үл ялгаварлан харьцаж, аюултайг нь мэдсэн хэрнээ их ухаан зарахгүй энгийн мэдрэхүйгээс ч ойлгогдох шударга бус байдлыг халахын төлөө гар хумхилгүй тэмцсээр байсан юм. Тэр хоёрыг адилтгаж байгаа зүйл нь хүн чанар, буруутай үл эвлэрэх үзэл, бас дэлгэр хайр нь юм.
Нобелийн шагналт, Өмнөд Африкийн зохиолч Надин Гордимерийн бүтээлүүд ихэвчлэн апертеидыг шүүмжилсэн байдаг учраас одоо бол түүхийн хичээлийн хоёрдогч сурвалж болгон ашиглах төдий мартагдах зүйлс биш юм гэдгийг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Зургаан тохой газар" өгүүллэгийн түүвэр нь залууст дахин нэг батлан харууллаа.
Түүний бүтээлүүд ийн амь бөхтэй, сонирхол татсаар л байх шалтгаан нь түүний доорх хэлсэн үгтэй, үзэл бодолтой нь холбоотой болов уу.
"Миний бүтээлүүд дан ганц улс төрийн өнгө аястай юм биш шүү. Ямар ч зохиолч хүн өөрийн бүтээлээрээ нэг зүйлийг л олж харуулахыг хичээдэг. Тэр нь амьдралын утга учир юм. Харин улс төрийн өнгө аяс бол тэр амьдралыг нь дүрслэн үзүүлж утга учрыг нь таньж олох гээд байгаа хүмүүсийн минь амьдарч байсан улс орон, цаг үетэй нь холбоотой дүр төрх төдий зүйл"
Нээрээ л ёс суртахууны хөгжлөөс илүү хэрэглээний хөгжилд тэмүүлсэн шинэ зуун, шинэ нийгэмдээ мансуурсан биднийг саяхан л ийм байсан шүү, одоо ч ийм газар бий шүү, хүнд эрхэмлэх нандигнах гол зүйл нь эрх чөлөө шүү гэдгийг хуучралгүй сануулан сургамжилж байгаа нь түүний бүтээлийн эрхэм чанарыг нь батлан илэрхийлнэ.
Эхлэн өгүүлсэн эв хамтач үзэл, зүүний үзэл баримтлал дэлхийн 2-р дайны дараагаар Өмнөд Африкт ч гэсэн хүчтэй түгэн дэлгэрсний нөлөөлөл Надин Гордимерийн бүтээлд тодхон харагддагаа. Өнөөдрийн өндөрлөгөөс шүүж үзвэл түүний зохиолуудад арьс өнгөөр ялгаварлах байдлын зарим хэлбэрийг энгийнчилж үг дуугүй хүлээн зөвшөөрсөн, цагаан арьстнуудын гэгээрэл зөвшилцөл, дэмжлэгээр л дамжин хар арьстнууд эрх чөлөөгөө олох мэт төөрөгдөлт өнгө аяс цухалздагтай маргахгүй ч тухайн үедээ түүний уран зохиолоор дамжуулан хийсэн тэмцэл үнэ цэнэтэй байсан, байсаар ч байх болно гэдэгтэй уншигчид бүгд санал нийлэх биз ээ . Цаашид улс төр, ёс суртахууны сэдэвт богино өгүүллэгийн энэ мастерын олон бүтээлүүдтэй эх хэлээрээ танилцана гэж итгэнэ.
Залуус дүү нартаа зөвлөхөд заавал уншаарай. Өөрт чинь байгааг чи бүр анзаардаг ч үгүй тэр эрх чөлөөг хэн нэгний хувьд хэтэрхий үнэтэй, хүсээд ч олдохгүй баялаг, амь насаа дэнчин тавин хайрлан эрхэмлэх зүйл болохыг дахин нэг ойлгох болов уу.
Сэтгэгдэл бичих