Колумб улсын ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Juan Manuel Santos-тай уулзах завшаан тохиов. Мань эрийг Time сэтгүүл дэлхийн хамгийн их нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж байсан бөгөөд Колумб улсын түүхэнд хамгийн олон хүний саналаар 2010 онд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2014 онд бас улиран сонгогдож байв.
Түүний улс төрийн зорилго энх тайван, тэгш эрх, боловсрол гэсэн гуравхан л зүйл байжээ. 50 гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг олон жилийн хэлцэл хийн зогсоож чадсан тэрбээр 2016 онд энхтайвны Нобелийн шагнал хүртсэн. Түүнтэй хөөрөлдсөн ярианаас товчлон буулгая.
Харвардын их сургуульд сурч байхдаа засаглал ямар чухал болохыг яс махандаа тултал ойлгосон аж. Сайн засаглал төрийн бүтээмж, ард иргэдийн нээлттэй индэр болж чаддаг. Нийгмийн асуудлуудад худал санаа зовж суулгүй сан байгуулж хөгжлийн асуудлуудыг шийдэхээр зоригложээ. Улс төрд ороход хоёр зам байдаг. Нэг нь бүр багаас нь, эхнээс нь алгуур орох. Нөгөө нь эрсдэлтэй боловч шууд тооноор нь орох. Би хоёр дахийг нь сонгосон гэж ярих түүнээс улс төрч хүн ямар байх ёстойг асуухад "Өөрчлөлт хийх зүрх сэтгэл, чин зориг чухал. Гэхдээ ёс суртахуун бүр чухал"
гэж хариулав.
Улс төрийн намуудыг барууны, зүүний гэж хуваагдахад дургүй тэрбээр өөрөө аль алийг нь хослуулсан төвийн байр суурийг хүчтэй дэмждэг юм байна. Эмоци улс гүрнийг, дэлхий ертөнцийг удирдаад эхэлсэн гэдгийг тэрбээр популизм, үндсэрхэг үзэл, худалдааны дайнаар жишээ аван тайлбарлаж байв. Улс орны хөгжилд идеологи маш чухал гэдгийг нэг бус удаа хэлнэ билээ. Мань эр улс төрд орохоосоо өмнө зорилгоо маш сайн тодорхойлжээ.
Түүний улс төрийн ментор нь Нелсон Мандела байжээ. Түүнийг хоосон завин дээр суулгаад яахыг нь ажигласан байна. Юу хийхээ мэдэхгүй, сэлүүрээ ч барьж чадахгүй түүнийг Мандела зорилгогүй бол анхнаасаа завин дээр яах гэж гарсан юм гээд яваад өгсөн гэдэг. Очих газраа тодорхойлсон хүн завинд суугаад салхи, саадыг үл тоон урагшилдаг.
Чи зорилгоо тодорхойлоогүй бол улс төр гэж бүү бод гэсэн байна.
Партизаны иргэний дайн, хар тамхины мафи гээд асар том асуудлыг хэрхэн шийдсэнийг асуухад. War sometimes necessary to make peace буюу зарим тохиолдолд энхтайванг бий болгоход дайн өөрөө "тус" болдог гэв. Цаад санаа нь хүмүүс зовлон үзэхээс нааш жаргалыг мэдэрч чаддаггүй. Иймээс цор цор гээд байгаа хүмүүсийг заримдаа түр хаячих нь хэрэгтэй байдаг. Өөрсдөө зовоод ирэхээрээ асуудлыг ойлгодог юм гэж иргэний дайныг удирдаж байсан босогчидтой хийсэн хэлэлцээрийн нууцаа дэлгэсэн юм. Бас нэг тактик нь энхийн хэлэлцээрийн гол хөзөр, контент нь дайны хохирогчид байжээ.
50 гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоож чадсан ч бид орчин цагт хоорондоо мэдлэг, мэдээллийн том дайнд орсон. Энэ дайнд ёстой ялагдаж болохгүй шүү гэж монгол залууст захиж байна лээ. Босогчидтой энхийн хэлэлцээр хийж байхад хуурамч мэдээ, мэдээлэл хамгийн том саад болж байсныг хэлж байв.
Дайн хийх маш амархан. Учир нь дайныг босоо удирдлагаар шууд удирддаг. Энхтайван тогтоох асар хүнд. Учир нь хэвтээ удирдлагаар үүнийг удирдахаас өөр сонголт байдаггүй. Өөрөөр хэлбэл ялгаатай байр суурь, өөр үнэ цэнэтэй эргэн тойрны бүх хүмүүсийг ятган үнэмшүүлж, өөрийн талд оруулах менежмент асар хүнд. Хүн болгоныг сэтгэл хангалуун байлгах боломж байдаггүй. Тийм учраас энхтайвныг тогтооход заавал шинэ дайсан гарч ирдэг. Харин дайн хийхэд олон найзууд төрдөг.
Иймээс цөвүүн цагийн найзууд, хүнд цагийн дайснуудаас хол байхыг хичээгээрэй гэнэ. Өөрөөрөө бахардаг зүйл юу вэ гэхэд Ерөнхийлөгч байхдаа улсын төсвийнхөө хамаг том зардлыг боловсролын салбартаа зориулан баталж чадаж байснаа хэлж байна. Анх удаагаа батлан хамгаалахаасаа илүү боловсролдоо мөнгө зарцуулж эхэлсэн тэрээр Ливерпүүлийн боловсролын системийг шууд хуулсан байна. Багш нараа чадавхижуулах ажлыг эхлүүлж, тэтгэлэгээр зодон мэргэжлийг нь дээшлүүлснээр тивдээ толгой цохих системтэй болжээ. Гэхдээ үүнээс цааш хийх ажил зөндөө бий гээд даруухан хэлнэ билээ.
Дэлхий ертөнцийг хэн өөрчлөх бол гэсэн асуултанд дундаж давхарга, эмэгтэйчүүд, залуучууд гэж шууд хариулсан. Ядуурлаас гарсан хүн хүсэл эрмэлзлэлтэй, хариуцлагатай болдог. Залуус нийгмийн идэвхтэй, улс төрийн зорилготой бас зоригтой байх ёстой.
Залхуу, ядуу, зорилгогүй, зориггүй хүн бусдад үл үзэгдэгч болдог. Тийм хүнийг хэн ч олж харж чаддаггүй. Үл үзэгдэгч бүү бай гэнэ.
Тухайлбал, одоо дэлхий даяар шуугиад мөрдөөд байгаа SDG буюу Sustainable Development Goals-г Колумб улсын хоёр жаахан охин санаачилсан, автор нь юм байна шүү дээ. Сантосыг ерөнхийлөгч байхад тэр хоёр охин уулзаад санаагаа хэлэхэд нь дэмжээд Хятад, Их Британи улсуудтай санал солилцоод, 2015 онд Рио Де Жанеро хотод батлуулж байсан гайхамшигтай түүхтэй юм байна. Хөгжингүй орны иргэн байх тусмаа улам их санаачилгатай, идэвхтэй байх ёстой шүү гэж захиж байна.
Хүчирхийлэл, авлигыг үгүй хийх цорын ганц арга бол боловсрол.
Миний хувийн болон улс төрийн философи бол боловсрол, боловсрол, бас дахин боловсрол гэж байна аа. Улс төрд зориг хэрэгтэй. Бид зоригтой улстөрчдийн гачаалд орсон. Нэг юмыг тогтоогоод ав. Угаасаа хэн нэгэн хийж эхлэхээс нааш улс төрд бүх юм боломжгүй байдаг юм гээд шивгэнэн захив. Боловсрол бол дэлхийг хамгаалах хамгийн том хөрөнгө оруулалт шүү л гээд байна.
Мань хүнээс Венесуэлийн улсыг асуухгүй байж чадсангүй. Шийдэл юу вэ гэхэд Хятад, Орос, Куба, АНУ, Латин Америкийн бусад улстайгаа хамтрахгүй бол үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэж чадахаасаа өнгөрсөн гэж хэллээ. Хэдийнэ 1.3 сая венесүэл иргэд Колумб улсад дүрвээд очсон байна.
Бултаараа боловсроцгооё залуус аа!
Сэтгэгдэл бичих