Нийтлэл 11 сарын 26, 2019

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголчууд бид сөргөлдөх бус эвлэлдэх цаг ирсэн тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулж байна

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тамгыг залан ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Ёслол хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулах ёслол эхлэв.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эх дээр: “2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” хэмээн гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тамга дарснаар нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгаллаа.

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН УГ ЭХИЙГ НОТЛОН БАТАЛГААЖУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Монголчууд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын дарга аа,

Ерөнхий сайд аа

Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажууллаа.

1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төсөл өргөн барьжээ.

Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлтэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох болон улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх, эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй байх.

Энэ удаагийн Улсын Их Хурал эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч олигарх цөөнхийн эрхшээлд багтсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй. Бид сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож мөн чадсангүй. Жалга довны төлөөлөл хэвээр байх үзэл санаа амь бөхтэй зуурч үлдсэн.

Гэхдээ л чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид дахиад найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр улс орныг удирдах, зохицуулах чадвараа бүрэн алдах, энэ нь олон зүйлийн эрсдэлийг дагуулах уршигтай байхаар нөхцөл бүрджээ.

Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ.

Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч, хэрхэвч мартаж болохгүй. Монголчууд бид сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн тул ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулж байна.

Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хууль ёс тэгш үйлчилж, зон олон шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулах ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын зочид төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.

Сэтгэгдэл бичих

arrow icon