“Үүлэн дээр орд өргөөгөө барьсан шонхор шувуу гэж байдаг юм гэнэ лээ. Орд өргөөнийх нь үүдэнд усан дусал мэт тунгалаг навчтай оройн ганц мод ургаж байдаг юм гэсэн. Хүний хувь заяаг бурхан зурдаг гэж эндүү ташаа бодоцгоодог. Хэн нэгний хааш явах юу хийхийг зааж заавардаж суудаг тийм их завтай бурхан гэж хаа байхав дээ. Хүн өөрөө өөртөө эзэн байж, өөрөө өөрийнхөө зам мөрийг тодорхойлж, учир жанцанг нь мэдвэл хувь заяандаа өөрчлөлт оруулж чадах тийм өндөр буян заяатай амьтан юм шүү дээ.”
Номын тухайд
Зөн совин, хувь тавилан гэж байдаг уу? Зүүдний цаад тал гэж бий юу? Он цаг хугацаагаар зүүдээрээ болон зөн совингоороо холбогдож болох уу? Бид зүүдээрээ дамжуулан цаг хугацаагаар аялж, хүсээд зорих болон мэдэгдэхгүй он цаг хугацаанд зочилж болох уу? Магадгүй болох л юм. Заримдаа зүүд минь биелээд байгаа мэт санагддагаас биш яг таг зүүдээ санаад, тэр байтугай сонссон харсан зүйлсээ тэмдэглээд авч чадахгүйгээр зуурхан л харагдаад өнгөрдөг. Харин зохиолч энэхүү номондоо тэрхүү зүүдээрээ болон учир нь үл олдох зөн сонвингийн учиг зангилааг тайлахыг, тэрхүү тайлалаа харуулахыг, тайлбарлахыг зорьжээ.
Номонд гурав дөрвөн өөр цаг хугацааны үйл явдал параллелаар өрнөх бөгөөд одоо цаг буюу миний барагцаалснаар 2012-2015, 1980-1985, 1916 оны луу жилийн үйл явдлуудыг зэрэгцүүлэн зүүд болон зөв совингоор огтлолцуулан дүрсэлжээ.
Номонд гурав дөрвөн өөр цаг хугацааны үйл явдал параллелаар өрнөх бөгөөд одоо цаг буюу миний барагцаалснаар 2012-2015, 1980-1985, 1916 оны луу жилийн үйл явдлуудыг зэрэгцүүлэн зүүд болон зөв совингоор огтлолцуулан дүрсэлжээ.
Энэ оны төрсөн өдрөөрөө хамгийн анх хүчтэй салхинд дайрууллаа. Шуургатай болгоомжтой байгаарай гэж хоёр хоногийн өмнө бэр эгч маань сануулж байсан боловч шуурга гэдгийг мэдэхгүй нөмөр газар нутгийн охин юм болохороо өглөөний хичээлээ тараад 20 минут хүчтэй салхи бороонд шалба норон дараагийн хичээл рүүгээ дугуйтай жийсэн юм. Өдрийн хичээлээ тарахад салхи бороо аль аль арай намдсан байв. Дугуйгаа жийсээр гэр харагдахуйц ойрхон гүүрэн дээр утсаар яриад харлан нүүж байгаа тэнгэрийн зураг аваад зогсож байв. Энгийн байсан тэнгэр эгчтэйгээ утсаар ярьж байх хоёрхон хормын дотор харанхуй бүрхэв. Алхвал 6,7 хэтрэхгүй минут дугуйтайгаа 2 3 минутын л зайтай гэртээ ойрхон байж байгаад шуурганд цохиулчихав. Хүчтэй салхинд хүмүүс замаас гарч хана болон барилга бараадан зогсдог аж. Гэртэйгээ тун ойрхон ирсэн тул гүрийгээд харихаар хичээн салхи сөрөн дугуй жийгдэхгүй тул хий дэмий л дугуйгаа түрэн урагшлав. Энэ янзаараа газар хороохгүйн дээр салхи улам хүчтэй болж баглаа цэцэгтэй дугуйн сагс салхинд яах ийхийн зуургүй одов. Түүний араас очиж арай чүү барьж авахад араас минь унадаг дугуй маань салхинд туугдан чирэгдэн харагдав. Тэгэн бүтэлгүйтэх явцад герман хүн дугуйн дээр минь явган сууж дугуйг хийсэхээс хамгаалахад нь дэргэд нь би төрсөн өдрийн бэлэг болох 2 баглаа цэцгээ тэврэн очиж мөн явган суув. Хэдэн хором өнгөрөхөд шуурга намдсан ч ус ихтэй бороо, хүйтэн салхиар солигдов.
Мөн монголд 2016 оны төрсөн өдрөөр маань бас иймэрхүү байгалийн гэнэтийн үзэгдэл болж байсан юм. Цасан шуурга болж зам хаагдаж уригдсан зочдоос зарим нь ирээгүй, зарим хүмүүс нь оройтож ирсэн юм. Хүндэтгэн ирсэн, байгалийн гэнэтийг үзэгдлийг ч үл хайхран оройтож ирсэн их сургуулийн ангийнхан маань энэхүү номыг бэлэглэж байв. Харин түүнээс хойш хоёр гурван ч удаа эхлүүлж эхлүүлж ингэж нэг юм хоёр жил хагасын дараа оройтож дуусгаж байна.
Онцлох зүйл
Олон хүмүүсийн номын тухай сэтгэгдэлүүдийг уншихад монгол хэлний уран яруу, тансаг байдлыг магтсан байсан нь гарцаагүй хүлээн зөвшөөрөхүйц үнэн ажээ. Жишээ нь нутаг усны аялга, хуучны үгсийг хэрэглэснээс гадна тайлбар зүүлт хийж өгчээ. Жишээ нь:
Елдэн галиа: зүггүй тархи, Чөрхөлсөн: хөтөлсөн...
Бас энэхүү номоос онцлох, дурьдах зүйтэй зүйл гэвэл одоо болоод дээр үеийн монголчуудыг аж амьдрал, уламжлал, ёс заншлын зарим зүйлсийг маш дэлгэрэнгүй тусгаж тодорхойлж бичсэн харагдана. Номыг унших явцад ямар нэг уран зохиолын хэтрүүлэг биш жинхэнэ бодит түүх болон дүрүүдтэй болсон явдал сонсож буй мэт сэтгэгдэл төрүүлсэн нь зохиолчийн том ур чадвар гэлтэй. Жишэээлбэл:
• Шоронгийн уур амьсгал, дотор болдог үйл явцыг
• Тэмээн жингээр ачаа ачих жинчдийн нарийн ширийн уламжлал
• Нутаг усны домог хууч яриануудыг
• Тууль хайлах ёс мөнхүү үйл явц
• Улс төрийн хэнээрхэлд автсан одоо үеийн залуус
• Ор хүрэлцээгүй хангамж муутай хэдэн эмнэлэг гэх мэт.
Дараагийн онцлох магтан сайшаах хэсэг бол дүрүүдийн төгс биш бодит үнэн амьдралд ойр зан чанар, дүрслэлүүд бол жинхэнэ ярих юм биш. Ааш зан, үйл хөдлөл, үг яриа бүгд ном дотроо амьд.
Яг л хуудас дундаа амьдарч аж төрж байгаа юм шиг. Би номыг хаагаад дуусгасан ч тэд өөрөө өөрсдийн цаг хугацаандаа үргэлжлүүлэн амьдарч буй мэт тийм л үнэн мөнхүү бодитой.
Онцлох ишлэлүүд:
Юу ч болоогүй юм шиг байж, шаазан ваар шиг царайныхаа цаагуур өөрийг нь хором бүр түймэрдэн тарчилгаж байгаа тэр тамын гал шиг хайр дурлалаа нууж сурахад өөрт байгаагаас хэд дахин илүү хүч тамир зарцуулах хэрэгтэй болов.
• Гэрэл гэдэг харанхуйн урвалт.
• Энэ бол хайр. Он цагийн тоосонд дарагдаад хэнд ч харагдахаа больчихсоноос биш.
• Охин минь хэрэггүй ээ, чихээ бөглөж нүдээ таглаж суухын хэрэггүй. Сэгсрээд хаячих. Зүйтэй яг ингэж сэгсрэх хэрэгтэй! Өдий болтол сэгсрээд хаячих гэж зааж өгөөгүйг минь уучлаарай. Ингэж байж л сэтгэл онгойдог юм шүү дээ.
• Түүний бодлоор ядуу хүн гэдэг өвчтэй зовлонтой, өрөөл татуу, эсвэл өтөл насандаа үр хүүхдийн тус дэм авч чадахгүй болсоныг л хэлэх байх.
• Хэтэрхий жаргалтайт үед хүний бие дундуур салхи нэвт эгшиглэн гардгийг олж харсан юм.
• Нэгэн цагт өөрийнх нь амь тавьж байсан бүхэн одоо өөрөөс нь алсран холдсон мэт.
• Сүүдрэн шувуу гэж байдаг юм гэнэ билээ, хөөрхий. Тэр шувууны далавч гэхдээ салхи ер зүсдэггүй болохоор үүлэн сүүдрээс ялгардаггүй юм гэсэн. Сүүдрэн шувуу сүүдэргүй байж болохтой яг адил гэрлэн шувуунд ч бас сүүдэр гэж байхгүй. Энэ нь зүйрлэвэл андууралгүй явсан уртын урт арван жилтэй тэнцэж орхидог нь хачин хяслантай байдаг шиг.
• Бодлыг үгээр илэрхийлэн гадагшаа гаргах нь үүл хүндэрсэн жингээ даалгүй бороо болгон асгаж хөнгөрдөгтэй адил юм.
• Яг л салхи шиг тогтож үл баригдах бодлын урсгал байсан ажээ. Бодлыг шүүрдэх нь уснаас загас гогдохтой адил агаад барьж авсан тэр бодлоо загасны сэрвээ сэлүүрийг авч, хальсалж, гэдэс дотрыг нь гаргадаг шиг уудлан шинжлэхэд ихээхэн цаг орох ажээ.
• Өндөр ургасан мод шуурганд түрүүлж өртдөг.
• Нэг аяга цай олдоход үүнийг уух надаас илүү цангасан хүн байгаа болов уу гэж боддог, нэг хонины арьс олдоход үүнийг хэрэглэх надаас илүү ядарсан хүн бий болов уу гэж боддог болсон цагт бүх ертөнц амгалан жаргаландаа умбана гэж бурхны ном сургадаг.
• Авгайн сайнаар айл болдог. Ноёны сайнаар нутаг жаргадаг.
• Тэр хүн чамтай эргэж учрахгүй л болов уу? Тэглээ гээд яахав дээ, чадвал хүнд очихыг бод. Бүсгүй хүн гэдэг чинь хэн нэгний галыг түлж, үр хүүхэд төрүүлж энэ хорвоог барах учиртай юм.
• Саяхан гарч ирэх гээд байсан нулимс одоо хаачив гэмээр ор сураггүй. Халуун нулимсаа асгаруулалгүй их л удсан санагдана. Бүүр нэг сайхан уйлмаар болтол нулимс гарахын оронд цээжин дээр хатуулдаад байх чинь ямар хяслантай юм бэ?
• Түүний эзэмшсэн цорын ганц зэвсэг гэвэл зугтах л байдаг. Тааламжгүй байж боломгүй бүхнийг хаяад зугтах түүний ганц чаддаг зүйл. Харамсалтай нь өөрөөсөө зугтаж чадахгүй байна, өөрөөсөө зугтахын тулд хор ууж, эсвэл цонхоор үсрэх хэрэгтэй болно.
• Манай монгол хэлний үйл үг байна, бүгд урагшлах, давших хэмнэлтэй. Үгсийн дуудлага нь өвөл зун шигээ эрс тэс, эхний үе нь чангарч ирснээ сүүл рүүгээ дотогшоо хумигддаг амин хүчтэй.
• Үг болгонд утгаас гадна өөрийн гэсэн жин, хүнд нөлөөлөх сайн муу эрчим байдаг юм шүү дээ. Хараал гэж ярьцгаадаг, хараал гэдэг чинь тухайн үгсийн бөөгнөрөл дэх муу эрчим хүчний тэсрэлт л байхгүй юу.
• Хүнд амин сүнс байдагчлан үгэнд амин хүч гэж бий. Тэдгээр амин хүч нь нэгдэн нийлэхээрээ бодит хүчийг бий болгодог. Тэр бодит хүч оюун санааны хүчийг бий болгон, бидний өдөр тутмын амьдралд сайн муу нөлөө үзүүлсээр байдаг.
• Үг хүнд өвлөгдөнө. Үгийн эрчим гэр бүлийн хүрээнд шүтээн сахиус, эсвэл муу ёрын онгод болон хадгалагдаж ч болно.
• Хэрэв үнэхээр хэн нэгний зүүд юм бол жаахан харамсалтай ч юм шиг. Жаахнаар барах уу? Харамсалтай. Мэдээж утга учир муутай ч гэсэн энэ амьдрал нь тэр чигээрээ хэн нэгний зүүд төдийхөн байвал хэн ч гэсэн харамсаж таараа.
• Үгээр алж, аварч болдгийн жишээ энэ л дээ. Сайныг бодож сайныг өгүүл гэж бурхны сургаалд заагаад байдаг нь тэр. Бодол зөв, өгүүлэх нь зөв бол явдал суудал зөв болоод ирнэ.
• Өдөр бүр хүлээдэг юм би түүнийгээ, намайг гэсээр ирэхэд нь дахиж хэзээ ч уулзахгүй гэдгээ мэдрэн тосох сон, маргааш гэж байхгүй хайрынхаа одоо цагаар яаран яаран хайрлахсан гэж хүсдэг.
• Та түүнийг хичнээн их хайрлалаа ч гэсэн тэр танд хайртай гэсэн үг биш шүү дээ.
• Гэвч энэхүү шохоорхол тун ч богинохон настай байж, харцыг нь соронздон татаж байгаа гоо үзэсгэлэн бол ердөө л нүд хуурсан илбэ зэрэглээ юм гэдгийг олж мэдэхэд тийм ч их цаг хугацаа орсонгүй.
• Чи их өөр болжээ. Нэг тийм хаалттай, түлхүүр нь хаана ч байхгүй томоо гэгчийн цоож дүүжилсэн хаалганы цаана байгаа юм шиг.
• Харанхуйд бүх өнгө багтдаг шиг, хоосонд бүх зүйл тодордог.
• Агаарын урсгал шиг, салхины түрэлт шиг, хүний амьсгал шиг байгаа мөртлөө харагддаггүй тийм зүйл хоосныг дүүргэж байдаг. Тэр үл харагдагч бол бүх зүйлийн амин чанар. Усан дусал шиг ч гэж болох л юм. Байгаа мөртлөө нэвт харагдаад байдаг, эгэл нүд гүйцэхийн аргагүй тийм зүйл...
• Уучлал гуйх хэрэггүй, хэн ч намайг гомдоогоогүй, би өөрөө л өөрийгөө үгүй болгосон юм билээ. Хайрлах хүн байсан ч хайрлаж чадсангүй, жаргах жаргал байсан ч жаргаж чадсангүй, хүний хамгийн том дайсан бол өөрөө л юм байна гэдгийг ойлгосон.
• Хүмүүн бид олж хардаггүй л болохоос хүний аз жаргал гэгч маш өчүүхэн зүйлд байдаг нь даанч гайхалтай.
• Сэтгэл рүүгээ дотогшоо хар! Үүл ч бас тэнд нүүж болдгийг сана.
2019 оны 10 сарын 27.
Б.Дөлгөөн.
Сэтгэгдэл бичих