Нийтлэл 12 сарын 08, 2019

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Үл үзэгдэх хотууд

Зөндөө олон эмэгтэй хүний нэртэй өөр хоорондоо огт адилгүй хотуудын талаар эртний аялагч Марко Поло эзэн дээдэс Хубилай хаантайгаа хөөрөлдөж буй мэтээр бичигдсэн домог үлгэрийн хүүрнэл зохиолыг шимтэн уншиж хэсэгтээ татагдлаа. Ийм хүчтэй сэтгэгдэл төрүүлж, оюунд минь салхи хуй босгож, мартагдсан бүх мэдэрхүй, төсөөлөхүйг минь шавхан гаргасан ийм жижигхэн ном хэр олон билээ дээ. Магадгүй “Алиса гайхамшигийн оронд”, “Бяцхан ханхүү” зэргийг анх уншаад төрж байсан сэтгэгдлээ дахин нэг амссан гэх юм уу? Ийм мөрөөдүүлж чаддаг, мөрөөдөлд хөтөлдөг, дүрслэл баялаг хэрнээ хүн бүрт өөрөөр буух учиг ихтэй битүү шаглаатай номд их дуртай.


Энэхүү номд дурдагдах хотууд нэг талаасаа хотууд боловч өнгөцхөн утгаараа бол хүмүүс, хүн хүний дутагдал, давуу тал, өөрчлөлт, өө сэв, дурсамж, дурлал, уйтгар, улангассан хүсэл бас униар манан төдий дурдатгалыг хотоор төлөөлүүлсэн мэт санагдана. Үнэн хэрэгтээ хүмүүний ертөнцийг танихуйн бэрх хийгээд хуурмагийг, оршихуй хийгээд ухаарахуйн харьцаа, шүтэн барилдахуйг ( сав шим ертөнц дэх юмс үзэгдэл, амьдралын учир холбогдол, тэдгээрийн бие биетэйгээ салшгүй харилцан нөхцөлдсөн холбоо, шалтгаан нөхцөл- монгол хэлний тайлбар толь ) өгүүлсэн ажгуу.
Зохиолоос авах санаа, сонин сайхан
Үүдэл санааны тухай: Яагаад Хубилай, яагаад Марко Поло гэж?
Энэхүү зохиолд гайхалтай хоёр эрхэмийн эхлэл үгүй бас төгсгөл үгүй харилцан яриа, бодрол, бие биенээ танадаж түншсэн ч юм шиг, үзэл бодлоо нэгтгэн ууссан ч юм шиг үзүүр цулбуургүй өгүүлэмжтэй. Хэдийгээр тууж гэх ч яг тууж шиг бичигдээгүй. Энэ зохиолыг уншихад аргагүй С.Т.Колерижийн “ Хубилай хаан” шүлгийн мөрүүд санаанд орж ирнэ. Түүний зүүдэн дунд орж ирсэн тав, зургаан зүүн мөрөөс санаанд орон буулгасан нь гэгдэх тавин дөрвөн мөр шүлгийн сүүлийн хэсэг болох
... Найраг эгшиг чангаран чангаран уянгалах тусам
Нарлаг тэр ордныг мөсөн агуйтай шүтэлцүүлэн
Намуухан агаарт би сэтгэлээрээ сүндэрлүүлнэ.
Тэр дууг сонссон бүхэн их ордыг олж хараад
Тэсгэл алдран, Бүү сарни, бүү сарни! гэж дуу алдана.
Тэнгэр хааны гялалзсан мэлмий, гилэлзсэн үс тодорно.
Дээдсийн дүрийг тойрон гурвантаа хүрээ үүсэхүйд
Дэмий л сүрдэж биширсэндээ нүдээ анихыг хүсэхүйд
Диваажингийн сүү амсаж, бал амтлан
Дэлгэр их жаргалыг эдэлсэн мэт болно.
Орчуулагч Д.Бямбаа
“Гурван зуун шүлэгт” эмхэтгэл Д.Мэнд-Ооёо 153р тал
Аргагүй эдгээр мөрүүд л Итало Калвиног бас энэхүү үлгэрээ туурвихад нь нэгэн түлхүүр болсон юм шиг санагдана.
Ямар сонин зохиомжтой юм бэ? Яагаад ийм юм бол?
Ер нь энэ золигийн математикчид уран зохиолд ороод ирэхээрээ ёстой янзын юм хийцгээх юм. Алиса гайхамшигийн орондыг л хар л даа. Бас энэ Үл үзэгдэх хотууд . Гэхдээ Итало Кальвиног тоочин гэж байгаа юм биш шүү. (Тэр бол минийхээр ёстой гоё үлгэрч өвөө. Яахав өвөө болж арай амжилгүй өнгөрчихсөн л дөө. Өнгөрөхийнхөө өмнө жүжигчин амрагтаа бичиж байсан захиаг нь харахаар бас ч гэж дүрсгүй өвөө болохоор байж гэж бодогдсон.) Зүгээр л түүний энэ номны гарчиг дах учир утга нь дэс дараа нь олдохгүй олон тоог хараад жоохон гайхаж өнөө гүүглээ ухаж байгаад түүнийг Oulipo хэмээх тун хачирхалтай (минийхээр л тэр шүү дээ.) урсгалын томоохон төлөөлөгчид тооцогддогийг нь мэдэж авлаа. Түүний номон дахь энэ сонирхолтой тоонууд энэ урсгалын нэг баримталдаг аргачлалтай холбоотой юм байна.

Дээр хэлсэнчлэн өнөө олон эмэгтэй хүний нэртэй хотууд нь уг зохиолд 55 гардаг. Харин зохиол нь 9 бүлэгтэй. Эхний болон сүүлийн бүлэгтээ тус бүр арван хотыг таван малгай сэдэвт хуваан 4 3 2 1 болон 1 2 3 4 гэсэн өгсөх ба буурах дарааллаар хуваарьлан бичсэн. Харин бусад бүлгүүддээ тав таван хотын тухай өгүүлсэн. Тэр толгой эргүүлсэн хүснэгтийг нь би энд гурилдасгээд хийчихсэн байгаа. Ер нь бол хүний сэтгэлгээнд орж ирж байгаа түмэн бодлууд өөрийн гэсэн утгат давтамж, магадлал, нөхцлүүдтэй бөгөөд түүнийг нь олж бичиж чадвал хүмүүний оюуны суу билгийг илэрхийлсэн агуу бүтээлүүдийг туурвиж болно гэсэн утгатай санаа бүхий хүмүүсийн энэ нэгдлийг тоо шинжлэх ухаанд ухаангүй дуртай нэг зохиолч, уран зохиолд учиргүй дуртай нэг эрдэмтэн хоёр нийлээд үүсгэчихсэн бололтой юм. Энэ бичсэн аргачлалыг нь би анх номыг нь уншиж байхдаа мэдээгүй л дээ гэхдээ тийм давтамжийн мэдрэмж яалт ч үгүй байгаад л байсын. Тэгээд л ийм жанцантай юм байна гэж ухаж олж мэдэв. Гэхдээ надад бол Итало Кальвино шиг уран өгүүлэгчид тэр тоо илүү санагдсан. Гэхдээ магадгүй бүхий л цаг үеийн уран өгүүлэгчид, агуу бүтээлүүдийг судлаад үзвэл ард нь айхтар тооны ухаан байдаг байж мэдэх юм. Мань мэт ямар тэрийг нь тоолж тооцоолж мэдэх биш мэдэрснээрээ л үнэлдэг хэрэг шүү дээ. Мэдээж аливаад өөрийн бүтэц, хэм хэмнэл, давтамж, оргил, халил, түрэгдэл уналт, төгсгөл бий.

Гэхдээ л шууд томьёолчих нь хаашаа юм. Нэг үгээр хэлэхэд одоогийн уран зохиолд байгаа нэг сонин хандлага биднийг арай жаахан судалгаатай унш гэдэг шаардлага тавиад байх шиг санагддаг юм. Учир юу гэвэл зарим нэг зохиолчид худалдааны борлуулалтын хамгийн өндөр ашигтай давтамж, бүтэцийг ашиглаад давс нь багадсан сулхан цай шиг роман хэвлээд л боорцог шиг зараад, түүнийг нь арай задраагүй өнөө давтамжийг нь олж харах тоондоо хүртэл уншаагүй нь авч уншиж хууртаад байгаа юм шиг. Харин зарим нэг үнэн өгөгдөлтэй гарууд тэрэндээ дулдуйдаад уншихгүйгээр зүгээр л санаанд орсноо буулгаад баахан сайхан материалын гарз хийж, орц сайтай хэрнээ дутуу хайрсан боорцог шиг юм гаргаад байна уу даа гэж бодогдох. Тиймээс учиргүй хүн хуулдаггүй юм гэхэд уншиж судалж, өөрсдийгөө боловсруулж байж юм гаргавал зүгээр шиг санагдах юм.

Номын чимэг зургийн тухай дэмий шахуу бодол
Алгын чинээ жижигхэн кармааны хэвлэлт уншсан би хэзээ нэг цагт, хөдөлмөр үнэлэмж нь өөр болоод ирэхийн цагт ёстой гоё тос шиг цаасан дээр хэвлэсэн тогос шиг эрээн хэвлэлт нэгийг уншиж үзмээр санагдлаа. Манай зураачид ялангуяа монгол үургийн дэг сургуулийн зураачид, бурхан бүтээгчид өөрийн тэг, үзэл онолоороо энэ номын чимэглэл зургийг хийвэл ямар ном гарах бол? Эсвэл аялагчид, энд тэндэхийн хот, барилга балгадыг сонирхон судлагчдаас хорвоогийн өнцөг булан дах өнгөрсөн ба эдүгээгийн олон хотуудын зургаар энэ номын чимэглэл зургийг хийвэл ямар ном гарах бол? гэж бодож үзлээ. Их сонирхолтой сайхан ном гарах байхаа. Тэгээд мэдээж ухаж үзлээ.
Энэ номыг Архитектурын ангийн оюутнууд их уншдаг, дадлага ажил хийдэг, бүр зарим хэвлэлийнх нь номын чимэг зургийг архитекторууд хийсэнд гайхах юм ер алга. Энд байгаа хэдэн зурагнуудыг авсан сайтаа холбоосоор оруулчихлаа.
Ер нь бол миний толгойдоо дүрсэлсэн нь тэр чигтээ буулгасан ч юм уу эсвэл ойролцоо буулгачихсан санагдсан нэг ч зураг олдоогүй гэхэд болно. Тийм л болохоороо уран зохиол агуу юм даа. Бидний толгойг ажиллуулж, төсөөлүүлж, мөрөөдүүлж чадаж байна шүү дээ. Бидний унших үг ижил байх ч толгойд буух төсөөлөл бүр өөр өөр. Үүнийг харин нүдэнд харагдаж гарт баридтал мэдрүүлэх номын нэг нь Үл үзэгдэх хотууд.

Төгсгөлийн оронд
Тэмдэглэлийнхээ төгсгөлийг энд нэг их дурдаагүй философи үзэл баримтлалын тухай бичмээр байсан ч улам нуршихаас зайлсхийн уг номын төгсгөлийн хэсгээр өндөрлөюү. Угаас өгүүлмээр байгаа санаа энд бүрэн буй.
Хаан өгүүлэрүүн:
“Хамгийн сүүлийн зогсоол тамын хот юм бол бүхний утга гэж үгүй ажээ. Тасралтгүй хумигдах орчил тойрогт одоо цаг биднийг улам бүр сорон авсаар байна бус уу?”
“Там гээч ирээдүйд учрах холын зүйл биш билээ. Там үнэхээр оршдог аваас энд хэдийнэ буй. Бид хамтдаа тамыг бий болгож, тэндээ өдөр бүр амьдарч байна. Тамаас зугтах зам хоёр буй хэмээн сэтгэнэм. Ихэнх хүний хувьд, эхний арга нэн амархан: тамыг хүлээн зөвшөөрч, нэг хэсэг нь болсноор цаашид анхаарч үзэх шаардлагагүй болно. Удаах арга эрсдэлтэйн дээр үргэлжийн айдас хүйдэс дунд өндөр сэрэмжийг сахин амьдрах хэрэг гарна. Тэр нь юу хэмээвээс, тамын дотор оршдог авч тамтай холбоогүй хүн ба юмс үзэгдлийг эрж хайн, ялган таньж сурах билээ. Чингэж хэмээнэ тэдэнд чөлөө учрал, орон зайг чадлын хэрээр өгч, тэр хэвээр цаашид удаан оршин тогтноход нь туслах учиртай” гэж Марко Поло хариу өчжээ.

Сэтгэгдэл бичих

    • Дөлгөөнтамир
    • 2020-10-29

    Би номын уншаагүй байгаа хэдий ч энэ номын тэмдэглэлийг хараад бараг гол санааг нь ойлгочихлоо. Энэ номыг заавал олж уншиж цааш нь түгээх болноо

arrow icon