За ямартай ч бүтэн жилийн турш уншина гэж бодож явсан зохиолынхоо ард гарав. Зохиол маань ч амттай сайхан байлаа. Майн Ридийн зохиолуудаас уншсан миний тав дахь зохиол. Зохиолчийн уншигчдад хүргэх гэсэн гол санаа, өвөрмөц бичлэгийн хэв маяг, чөлөөт сэтгэлгээ нь надад маш их таалагддаг.
Майн Ридийн ихэнх зохиолууд нь тэр чигээрээ адал явдал. Хайр дурлал, уйтгар гуниг, хөөр баяр, атаа хорсол, шунал хүсэл гээд хорвоо дээрх бүхий л сайн муу зүйлийг сэтгэл болон мэлмийд минь харагдтал төсөөлж бичдэг.
Эмээ, өвөө минь хүртэл түүний зохиолыг уншиж өссөн гэдгээ одоо ч ярих дуртай. За юутай ч зохиол руугаа оръё.
Коллежоос саяхан суллагдан гарсан Эдвардад эцгийнхээ гэрт амьдрах хэцүү байв. Тэрээр гэрээсээ явж Нью Орлеан хотод ирнэ. Гэрээсээ авч гарсан мөнгө нь ч дуусаад, ирсэн хотод нь халуун орны хумхаа өвчин гарснаар Сент-Луис хот руу явахаар хатуу шийднэ. Тэрээр усан онгоцны зогсоол дээр анх харсан цагаас эхлэн түүнтэй хамт нэг онгоцонд суусан Эжени Безенсон хэмээх чинээлэг, үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйд дурлана. Золгүй явдлаар тэдний суусан усан онгоц сүйрнэ. /Энэ хэсгийг уншсаны дараа Титаник кино шууд сэтгэлд минь буусан шүү./ Гэхдээ ухаан зарсан эрэлхэг зоригтойнхоо хүчээр Эдвард бүсгүйгээ болон өөрийгөө аварна. Харин түүний сэтгэлээ өгсөн бүсгүй Эжени биш, түүний боол хурлийз бүсгүй байдаг.
Хурлийз бүсгүй - /латины “кварта” дөрөвний нэг гэсэн үгнээс гаралтай/ өвөө юм уу эмээгийнхээ талаас негр гаралтай хүн.
Эдвард креол бүсгүй /усан онгоцонд таарсан чинээлэг үзэсгэлэнт бүсгүй/, хурлийз бүсгүй /түүний боол/ хоёрын хэнд нь дурласнаа ялгахад хэцүү
байв.
Зохиолын гол баатар Эдвардыг хэд хэдэн зүйл зовооно.
1. Тэр хөөрхөн хурлийз бүсгүйд дурлаж, сэтгэлийн жолоогоо алдсан.
2. Сэтгэлийг нь булаасан эрдэнийг зарах гэж буй явдал.
3. Түүнийг маш ихээр хардсан хардалт
4. Түүнийгээ худалдан авах бэл бэнчин гээд л...
За тэгээд л жинхэнэ адал явдал эхэлнэ дээ. Хайртай бүсгүйг нь боолын худалдаагаар зарах болно. Мөрийтэй тоглох, мөнгө олох гэж тэрээр машид хичээнэ. Энэ бүхний эцсийн зорилго нь зөвхөн хурлийз бүсгүй.
Тухайн үеийн Нью-Орлеан хотын үндэс угсаа нь багагүй сонирхол татсан. Өөр ямар ч хотод ийм олон хэлийн хүн амьдардаггүй байх. Францчууд шавыг нь тавьж, Испаничуудын гарт шилжээд, Америкчуудын өргөтгөсөн энэ хотын оршин суугчид дээрх гурван үндэстнээс бүрдэнэ. Энэ үед боол ноёны ялгаа маш хүчтэй байсан бөгөөд энгийн харц ард боолтой суух нь битгий хэл өмөөрч болохгүй байсан цаг билээ. Тийм л хүнд үед өөрийнхөө амь насыг дэнчин тавин, хайр сэтгэлийнхээ үнэ цэнийг алдан, зориг мохолгүйгээр тэмцэж чадсан Эдвардыг бахдсан юм.
Ийм сонирхолтой зохиол уншихад өдөр нь уншаад л шөнө нь зүүдлээд, сэтгэл догдлом сайхан байлаа. Уншигч танаа Хурлийз бүсгүй унших бага ч сэдэл өгсөн гэж итгэж байна.
Сэтгэгдэл бичих