Хорь гаруй настай хэрнээ 14 настай мэт харагдах бие бялдартай, нийгэмд өөрийгөө хянах чадваргүй гэж тогтоогдсон, нууцлаг, зөрүүд, гаж мэт сэтгэгдэл төрүүлэх Лизбет Саландер болон Шведийн нэр хүндтэй “Миллениум” сэтгүүлийн эдийн засгийн сэтгүүлч Микаел Бломквист хоёрын адал явдлын тухай өгүүлнэ. Бломквист Саландертай танилцахаас өмнө Вангер гэж Шведийн чинээлэг гэр бүлийн захиалгаар 40 гаруй жилийн өмнө сураггүй алга болсон охины тухай олж мэдэх ажлын санал хүлээж авчээ. Уг хэрэг дээр ажиллах үедээ тэрээр Саландераас туслалцаа авч хамтран ажиллахаар болдог. Гэвч тэдний ажиллаж буй хэрэг зүгээр нэг сураггүй алга болсон охины тухай биш, хэний ч санаанд оромгүй тун ээдрээтэй цуврал аллага руу хөтлөдөг.
Өөрсдийнх нь хайж байсан охин ор сураггүй болсон нь 40 жилийн өмнөх хэрэг боловч өдөр, сар өнгөрөх тусам эргэн тойрных нь хэргүүд ил болж байлаа. Алга болсон Харриест Вангер охин аав болон төрсөн ах Мартиндаа хүчиндүүлдэг байсныг олж мэдсэнээс гадна одоо хүртэл амьд байгаа ахынх нь нууц оромжийг илрүүлэв. Охины төрсөн ахыг гаднаас нь харахад “Вангер” корпорацийн өв залгамжлагч, чинээлэг эр хэдий ч нууц оромжиндоо эмзэг, дорой бүсгүйчүүдийг авчран тамлан алдаг байжээ. Хэний ч санаанд багтамгүй энэхүү нууцыг Саландер, Бломквист хоёр илрүүлчихдэг.
Луун шивээст охин Лизбетийн дүрийг зохиолч маань хүүхэд байхад нь тохиосон нэгэн явдлаас хойш сэтгэлдээ ургуулан амилуулсан гэдэг.
Тэрээр 15 настай байхдаа хүчингийн хэргийн гэрч болсон бөгөөд Лизбет хэмээх нэгэн танил охиныг нь гурван дээрэмчин залуу нүдэн дээр нь хүчиндсэн аж. Тухайн үедээ юу ч хийж чадаагүй Ларсон маргааш нь өнөөх охиныг эргэж очоод өвдөг сөгдөн уучлал гуйсан боловч охин хүлээж авсангүй. Ийнхүү олон жилийн турш болсон явдал Ларсоныг тайван орхиогүй бөгөөд эцэст нь тэрээр мөн л хүчингийн хэргийн золиос болсон Лизбетийн дүрийг бүтээсэн аж. Мэдээж энэ бол Ларсоны өөрийнх нь ярьсан түүх боловч түүнийг өөд болсны дараа Экспо сэтгүүлийнх нь нэгэн ажилтан Роллинг Стоун сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ларсон амьд байхдаа энэ түүхийг хоёр дахь эх сурвалжаас авсан гэдгээ надад хэлсэн” хэмээн ярьсан нь болсон явдлын бодит байдалд эргэлзээ төрүүлнэ.
1940-1960-аад оны үеийн Швед улсын нийгэм маш хүнд хэцүү байдалтай байсан юм шиг санагдлаа.
Охид,эмс хүүхнүүдийг хүчирхийлж, байнгын дарамтанд байлгаж, зүгээр ч нэг хүчиндээд өнгөрөхгүй маш зэрлэг хэрцгийгээр алж, түүнийг нь нийгэм даяар хүмүүс мэдэлгүй, нуугдаад, дарагдаад өнгөрдөг байсан нь тэсэхүйеэ бэрх гуниг төрүүлэв. Миний хувьд зүгээр солонгосын нэг ангит гэмт хэрэгтэнг олдог аймшгийн кино үзсэн юм шиг л санагдсан. Уншиж дуусгаад youtube рүү ороод “The girl with dragon tattoo” гэж хайгаад анх удаа англи хэлээр биш бүр хадмалаар ч биш амьдралдаа сонсож байгаагүй харь хэлээр бүтэн 2 цаг 35 минутын турш киног нь үзэв. Зохиолын үйл явдлыг жаахан товчилсон л болохоос биш кино нь яг л байсан л даа.
Шведэд эмэгтэйчүүдийн 18 хувь нь дор хаяж нэг удаа заналхийлэл, сүрдүүлэгт өртдөг, 46 хувь нь хүчирхийлэлд автдаг, 13 хувь нь бэлгийн харилцаанаас гадуурх бэлгийн аймшигт хүчирхийлэлд өртдөг, 92 хувь бэлгийн дарамтад орсон тухайгаа цагдаад мэдээлдэгүй гэсэн судалгаа байдаг байна. Аймшигтай байгаа биз.
Сэтгэгдэл бичих