"Гуулингийн гоо бүсгүйчүүдийг төрийн сэнтийд эгнэгт бүү ойртуулагтун!" хэмээн Хубилай хаан гэрээслэж байсан нь «Юань улсын судар» дээр дурайн үлджээ. Түүнээс улбаатай үүдэн гарч болох хожмын уршиг дагаврыг гярхай ажиглаж сэрэмжлүүлэн сануулсан гэрээслэлийг ухаан мунхаг үр ач нар нь уландаа гишгэсний харгайгаар тулгар төрийн багана ганхан хугарсан гашуун түүх байдаг.
Үүгээр 2013 онд солонгосын MBC телевиз «Чи хатан» нэрт 51 анги киног бүтээжээ. Монголын Юань гүрний хааны ордонд жирийн аягачингаар сонгогдон орсон хосгүй үзэсгэлэнт Чи овогт бүсгүй өөрийн арга заль, эелдэг зөөлөн ааш зангаар ордны эмс хатадын далд нууц өрсөлдөөн дундаас цолгорон гарч хожмоо их хатанд өргөмжлөгдөж байгаа сонирхолтой түүхийг өгүүлсэн бүтээл болохыг цөөнгүй уншигчид үзсэн байх аа. Кинонд Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр, Чи хатан нарын цэвэр ариун хайр сэтгэлийг магтан дуулсан нь ч тодорхой.
Гэхдээ яг түүхэн бодит нөхцөл байдал ямар байсан бол? “Хятадын 25 төр улсын түүхэнд цорын ганц эмэгтэй хаан тодорсон нь Тан улсын Ү Зө Тянь хатан хаан бөгөөд бас цорын ганц харь үндэстний их хатан өргөмжлөгдсөн нь Ци хуанхоу бөлгөө.” хэмээн хятадын түүхчид бичиж ярьдаг. Үнэндээ Тан улсын хаад сурвалжтангууд бүгд Сяньби угсааны хүмүүс, тэдний шууд залгамжлагчид байсан нь олон зүйл дээр тодорхой байдаг л даа. Чи хатны тухайд бол хятадын түүхэн дэхь харь үндэстний их хатан уу? Монголын түүхэнд хамаарах уу гэдэг асуудал бас л сонирхолтой агаад эргэлзээтэй зүйл байж таарна.
Чи хатангийн Монгол нэрийг Өлзийхутаг гэх бөгөөд Юань улсаас хожуу үеийн түүхэнд нэр алдраа дуурсгасан Аюуш Ширидара хаан болон түүний дүү Тогостөмөр хаан нарыг төрүүлж 1369 онд Монгол нутагт өөд болсон гэдгээрээ яах аргагүй Монголын түүхэнд том үсгээр тод томруун бичигдэх учиртай нэгэн бөлгөө.
Гэхдээ тэр хүүхэд ахуй цагаасаа үерхэж дотноссон найз залуугаа тайганы дүрээр ордонд оруулж хожим төрийн сангийн даамлаар тохоон томилсон. Төвдийн нууц тарнийн гажууд урсгалыг дэмжин хөхиүлж, эр эм хослож эвцэлдэн бясалгах арга гээчийг хааны ордон болон монгол язгууртнуудын дунд дэлгэрүүлснээр түүнд Тогоонтөмөр хаан хүртэл хутгалдан автаж, хөлчүү зугаацлын гороор төрийн хэргийг хайхрахаа больсон тул хааны их эрх мэдэл үнэн хэрэгтээ Чи хатны гарт шилжиж, улмаар улс орон дампууран самуурахын үүтгэл болжээ.
Энэ бүх муу муухай мэдээ ард олны дотор тархаж хаан төрд урам алдарсан төдийгүй итгэл журамт сайд ноёд ч тэр бүхнээс нүдэн балай чихэн дүлий хол байхыг эрхэмлэх болсон тухай Юань улсын сударт бас бичиглэн үлдээсэн нь буй.
Би арван жилийн сургууль болон их сургуулийн түүхийн хичээл дээр ийм түүхэн баримт ерөөсөө уншиж байгаагүй. Та нар уншиж сонсож байсан уу? Түүхийн мэдлэгийг заавал түүхийн хичээл, сурах бичгээр дамжуулан олон түмэнд өвлүүлэх хэлбэр нэгэнт хоцрогджээ.
Харин олон ангит кино, уран зохиолын ном зэрэг сонирхолтой хэлбэрээр олон түмэнд толилуулвал илүү өгөөжтэй байж мэдэхийг «Чи хатан» олон ангит киноны жишээ бэлээхэн харуулж байна.
Нөгөө талаар угаас айхтар хэрсүү солонгосчууд иймэрхүү маягаар Монголын түүхийн тодорхой хэсгийг өөриймшүүлэн нутагшуулаад байна.
Хубилай сэцэн өвгийнхөө үнэт гэрээслэлийг хөсөр уландаа гишгэснийхээ горыг амссан Тогоонтөмөр хааны гиншсэн эмгэнэл харууслын дуу Монголоо гэх сэтгэлтэй хүн бүрийн сэтгэлд нэгийг хэлж хоёрыг сануулж байнам бус уу?
Сэтгэгдэл бичих