Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ “Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэр гарсан" тухай дуулгав. Энэ цочир мэдэгдлийн араас чухам л Сүхбаатар кинон дээр богдын боовны төлөө зодолддог шиг олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг, хэрүүл маргаан өрнөж байна.
Энэ талаар ярилцахаас өмнө эхлээд эдийн засгийн суурь мэдлэг, хоёр зүйлийг тодруулж авмаар байна.
Нэгдүгээрт, зээл тэглэх гэдэг нь эдийн засгийн биш улстөрийн ойлголт юмаа. Үг гэдэг хүчтэй. Тэглэх гэдэг нэршил улстөрчдөөс гаргаад ирэхээр нээрээ л зээл тэг болж, агаарт сарних гээд байгаа юм шиг буруу ойлголт төрүүлж байна.
Үнэндээ бол тэглэнэ гэж асар ихээр гажуудсан ойлголт. Эдийн засгаас хэзээ ч мөнгө тэг болж алга болдоггүй. Эргэж төлөөгүй байлаа ч нийт эдийн засагт эргэж байдаг. Тэр мөнгө эргэж банкинд очихоос өмнө улстөрчид түрүүлээд төлчихвөл тухайн зээлийн дүн тэглэгдэх байтугай хоёр үржигдээд эдийн засгаар эргэнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, тэгээд яадаг юм бүр л их мөнгөтэй болох юм шиг сайхан санагдаж магадгүй. Даанч үйлдвэрлэх, борлуулах процессыг дамжаагүй ямар нэг ид шидээр бүтсэн бүр их мөнгө гэдэг нь бүр үнэгүй дэвсгэрт л гэсэн үг.
2000 оноос хойш 14 жил зарцуулж байж эдийн засаг дахь мөнгө 10 их наяд төгрөг болсон байдаг. Гэтэл 2014 оноос хойш ердөө 6 жилийн дотор энэ мөнгө дахиад 10 их наяд төгрөгөөр нэмэгдэж 20 их наяд гараад байна. Хоёр дахин их мөнгөтэй харагдаад байгаа хэрнээ яагаад хоёр дахин ядуурав?
Маш хялбаршуулсан жишээ татъя. Таны хармаанд 1000 төгрөг байлаа. Та түүгээрээ сүү, талх авчихдаг байв. Улстөрч 1000 төгрөг гаргаж ирээд таны нөгөө хармаанд хийгээд сонгуульд ялна. Гэтэл нийт 2000 төгрөгтэй болсон хэрнээ одоо сүү авч хүрэхгүй болно. Өөрөөр хэлбэл баялаг бүтээгчид биш улстөрчдийн бүтээсэн мөнгө ядуурал авчирдаг.
Улстөрчид ингэж мөнгө өгөхдөө үргэлж чиний зовлон дээр тоглолт хийж, өгөөмөр шалтгаанууд гаргаж ирдэг. Малчдаа харж үзнэ, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ, шатахуун хямдруулаад өгнө, үнэ тогтворжуулна гэх мэт ямар нэг олон нийтийн хүсэл мөрөөдөлд дөрөөлж, ядарсан нийгмийн бүлгийг харж үзсэн сайхан сэтгэлтний дүрд ордог. Одоо Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гурав үүний дараагийн дугаар болох ахмад настнууд дээр тоглолт хийх гэж байна.
Ингэж тоглолт хийхдээ шууд хэвлэж тараах гэх мэт жаахан болхи аргаар үздэг байлаа. Одоо популизм бүр төгөлдөршжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний орд дээр очиж ажиллагаа хийснийг бүгд санаж байгаа. Тэр ордоос олборлох алт, мөнгийг 5 жилийн хугацаанд Монголбанкинд нийлүүлэх гэрээ хийсэн нь он гарахын өмнөхөн болсон явдал. Төв банк цаг тухайд нь үнэт металл худалдан авах нь төгрөгийн арыг даах баталгаа болдог. Харин олборлохоос нь өмнө 5 жилээр гэрээ хийж, Ерөнхийлөгч энэ ордын эргэлтээс зээл тэглэх яриаг ҮАБЗ-ийн нэрээр гаргаж ирсэн нь тун сэжигтэй. Олборлоогүй, нийлүүлээгүй байгаа үнэт металлын төлбөрт Монголбанк Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 800-гаад тэрбум төгрөгийг урдчилан хэвлэж болзошгүй дүр зураг үүсээд байна. Өөрөөр хэлбэл төрийн гурван өндөрлөг төрийн төсөв, улсын сан ашиглан сонгуулийн жилийн санал худалдан авахаар хуйвалдсан байх магадлал байна.
Эндээс хоёр зүйл:
Нэгдүгээрт, төрийн үүрэг нь тэтгэврийн зээл төлөх биш тэтгэврээрээ амьдрах боломжийг бүрдүүлэх.
Жишээ нь нийгмийн даатгалын мөнгө гулгиулсан банк, түүний эзэн Б.Ундармаад хариуцлага тооцох байтугай нэмээд ЖДҮ зээл өгөх маягтай ажиллаж байж ард түмний хармаан дахь мөнгийг инфляцаар хулгайлах гэж байгааг эрс эсэргүүцэх хэрэгтэй. Үнэгүй мөнгө хавханд л байдаг.
Хоёрдугаарт, Төрийн гурван өндөрлөгөөс бүрддэг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл маань Аюултай Байдлын Зөвлөл болж хувирах нь.
2019 онд хийсэн нэг хууль байгаа. ҮАБЗ-ийн зүгээс шүүх, прокурорыг үзэмжээрээ түдгэлзүүлж огцруулдаг болсон. Асар их эрх мэдэлтэй болсон гэсэн үг. Одоо гэтэл УИХ, Засгийн газрын урдуур орж нийгэм, эдийн засгийн бодлого хийх болов. Зээл тэглэнэ гэдэг нь бүр Монголбанкны чиг үүргээс хүртэл булаалдаж байна. Нэмэлт, өөрчлөлтийн будаг нь хатаагүй байхад Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдлийн хуваарилалтын дээгүүр жаалж, хууль дээдлэх ёсны урдуур гурван хүн хөндөлсөх маягаар шинэ оныг угтлаа. Татвар төлөгчид УИХ, Засгийн газар, өч төчнөөн агентлаг, байгууллагууд бүхий данхар төрийг юуны төлөө тэжээдэг юм? Судалгаанд суурилсан, алсын хараатай бодлого, ажиллагаатай тогтолцоо хийлгэх гэж. Нэг удаа шархны лент наалгах гэж биш. Хийх ёстой тогтолцоо нь ажиллахгүй байгаагаас үүдэн гарсан хүний амьдралын зовлон дээр зоолдог улстөр хэрээс хэтэрлээ.
Ер нь монголчууд бид юуны төлөө мянга мянган жил төрт ёсыг хөгжүүлж, өлсөөд ч хамаагүй эрх чөлөөг эрхэмлэж парламентын засаглал, ардчилсан тогтолцоотой болсон билээ? Гурван мунагийн шинэ жилийн архины ширээн дээр шийдсэн сэтгэлийн хөөрлөөр хувь заяагаа заалгах гэж биш байлтай.