Нийтлэл 01 сарын 08, 2020

Популизмын зардал

Сүүлийн 20-оод жилийн туршид Монголчууд бид “популизм” гэдэг үгийг их сайн мэддэг болсон. Олон улсад энэ үгийг ихэвчлэн авилга авдаг, өөртөө л үйлчилдэг “элит” гэгч бүлэг хүмүүс болон “иргэд” гэсэн бусад хүмүүсийн бүлэг хоорондын харилцаа, зөрчил байдлаар тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл нийгмийн өөр өөр давхаргын хүмүүсийн өөр өөр үзэл бодол, эрх ашиг, ёс суртахууны ялгаанд үндэслэн “иргэд”-ийг төлөөлөгч гэж өөрийгөө тодорхойлсон нэг нөхөр “иргэд”-ийн эрх ашиг гэж тодорхой асуудлыг “элит” гэгч бүлэг этгээдийн өөдөөс сөргүүлэн тавихыг хэлнэ.

Үүний хамгийн сүүлийн жишээ бол тэтгэврийн зээлийг тэглэх асуудал юм. Үүнийг тайлбарлавал: “Иргэд” нь тэтгэврийн зээлтэй иргэд, тэдний төлөөлөгч нь Ерөнхийлөгч, “элит” бүлэг нь татвар төлөгчид болох нь. Эсвэл хэдэн жилийн өмнөх Батзандан, Магнай нарын иргэний хөдөлгөөний жишээн дээр “иргэд” нь ард түмэн, “элит” бүлэг нь тухайн үед Төрийн ордонд байсан улс төрчид. Гайхалтай нь энэ жишээний “элит” бүлэгт иргэний хөдөлгөөний “гайхамшигт” тэмцэгчид маань өнөөдөр өөрсдөө багтсан байна.

Эдгээр жишээнээс харвал яригдаж буй асуудал бүр дээр “иргэд”, “иргэд”-ийн төлөөлөгч, “элит” бүлэг нь дандаа өөр өөр бүлэг хүмүүс болдог байх нь.

Тэгвэл популизмын зорилго нь юу байж болох вэ? Зорилго нь ердөө л “иргэд”-ийн бүлэгт таалагдах, тэдгээр бүлэг хүмүүсийн дунд өөрийн нэр хүндийг өсгөх, эсвэл дэвшүүлсэн асуудлаараа далимдуулан хэн нэгэн ашиг орлого олох. Популизмыг ялган танихад маш амархан. Учир нь дэвшүүлсэн тухайн асуудал нь байгалийн, нийгмийн, эдийн засгийн өөрийнх нь хууль, зохицуулалтуудыг ихэвчлэн уландаа гишгэсэн, сөрсөн шинж чанартай байдаг. Ингэснээрээ популизм байгаль, нийгэм, эдийн засагт “гажуудал” үүсгэдэг. Тухайлбал саяхан <<Улаанбаатар хотын замын татварыг нэмэх>> санал гаргаад дэмжигдэж чадаагүй. Энэ санал бол эдийн засгийн хуулиар дамжуулан иргэдийн өмнө тулгамдаж байгаа замын түгжрэлийн асуудлыг шийдэх гэж оролдсон “ажил хэрэгч” санал байсан. Энэ бол популизм биш. Учир нь эдийн засгийн зохицуулалтыг сөрөөгүй, харин үүнийг ашиглах санал байсан.

Популизм ард түмэнд, улс оронд үнэхээр ашигтай юу гэвэл үгүй. Ердөө л “иргэд”-ийн төлөөлөгч гэж нэрлэсэн тэр хүнд (бүлэг хүмүүст) л ашигтай. Жишээ нь иргэний хөдөлгөөний удирдагчид гэж байсан “улаан хувьсгалчид” өнөөдөр өөрсдөө бүгд “элит” бүлэгт орж тухтай сандалд тухлангаа өөрсөддөө ашигтай зүйлсийг л хийж, өөрсдийн ах дүү нараа дарга болгоод, ЖДҮ-ийг дэмжих сангаас хямд зээл аваад л сууж байна. “Иргэд”-ийн төлөөлөгч гэж өөрсдийгөө нэрлэсэн эдгээр хүмүүс, улс төрчдийн популист үйл ажиллагаанаас “иргэд”-эд наалдсан эерэг зүйл юу ч байхгүй.

Эдийн засгийн талаас нь харвал аливаа үйл ажиллагаа, бизнес хийхэд зардал гардаг, эргээд орлого олдог. Тэгвэл популист үйл ажиллагаа ч бас зардалтай, эргээд олох орлоготой л байж таарна. Бизнесийн зардлыг бизнес эрхлэгч өөрийн орлогоороо, эсвэл зээлээр, санхүүжилт босгох замаар өөрөө л төлдөг учраас орлогоо өөрөө авна. Энэ бол хэн төлсөн нь ашиг, орлогоо өөрөө авах шударга зарчим.

Популизмын зардлыг харин хэн төлж, хэн ашгийг нь хүртэж байна вэ гэж бодоод үзье.

ПОПУЛИЗМЫН ЗАРДАЛ

Хамгийн сүүлийн үеийн жишээ: Тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх буюу чөлөөлөх

Зардлын хэмжээ: 850,0 орчим тэрбум төгрөг

Эдийн засгийн утгаараа зээлийг зээл авсан иргэн өөрөө төлнө. Харин энэ жишээн дээр зээл авагч иргэний зээлийг өөр хэн нэгэн этгээд (энэ тохиолдолд Улсын төсвөөс) өмнөөс нь төлнө. Зээл олгосон банкинд ямар ч алдагдалгүй, харин ч ашигтай, зээл авсан иргэнд мөн л ашигтай. Энгийнээр бодоход энэ нь үнэхээр “гайхалтай” санаа. Ингэснээр сонгуулийн үеэр амласан иргэдийн зээлийг төлж өгнө гэсэн амлалтын багахан хэсгийг биелүүлсэн гэсэн нүүртэй болно.

Гэхдээ үүний цаана хүний зээлийг өмнөөс нь төлж өгөх гэж байгаа “Улсын төсөв” гэгч бодит биегүй, ёо-ёо гэж хэлж чадахгүй “сайхан сэтгэлтэй хэн нэгэн этгээд” нүдэндээ нулимстай сууж байгаа. Харамсалтай нь энэ этгээд өөрөө орлого олдоггүй, орлогоо татвар төлөгч нар болох бизнес эрхлэгчид, ажил хийж цалингаасаа татвар төлж байгаа ажилчдын халааснаас, эсвэл гадаадын зээлдэгчдээс зээл авч олж авдаг. Нэг ёсондоо улсын төсөв бол өөрөө тэтгэвэрт гарсан иргэнтэй адил юм. Тэтгэврийн иргэд “Улсын төсөв”-тэй адил тэтгэвэр гэх татвараар орлого олно, олсон орлого нь хэрэглээндээ хүрэхгүй бол зээл авдагтай адил.

Хамгийн энгийнээр тооцоход энэ шийдвэрийн зардал доод тал нь 850,0 тэрбум төгрөг буюу 310,0 орчим сая ам.доллар болно. Энэ зардлыг 6%-ийн хүүтэй бонд гаргах замаар санхүүжүүлнэ гэсэн тул энэ хүүгийн зардлыг оруулж тооцов.

2019 оны 3-р улирлын байдлаар Монгол улсын нийт өрийн үлдэгдэл 22,7 их наяд төгрөг буюу монголын хүн бүр 7,1 сая төгрөгийн өртэй байсан бол “тэтгэврийн зээлийг чөлөөлж” улсын төсвөөс төлснөөр монголын хүн бүрийн өр 266,4 мянгаар нэмэгдэж 7,4 сая төгрөгийн өртэй болох нь.

Жишээ 2: Монгол улсын 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлын нэмэгдэл

Зардлын хэмжээ: 275,5 тэрбум төгрөг

УИХ-аар батлагдсан 2020 оны улсын төсөв 2,3 орчим их наяд төгрөгийн алдагдалтай бөгөөд энэ нь 2019 онтой харьцуулахад 202,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Жил бүр л улсын төсвийн алдагдал нэмэгдэж батлагддаг.

Монгол улсыг нэг өрх айл гэж үзвэл “Монгол” гэдэг айлын хэрэглээ жил бүр олж байгаа орлогоосоо илүү байдаг ба энэ илүү гарсан зарлагаа өөр бусад айлаас мөнгө зээлэх замаар санхүүжүүлдэг. Хэрэв зээл авсан бол түүнийгээ энэ айл хэзээ нэгэн цагт төлөх л болно. Энэ ч үүднээс энэ айлын өмнө нь авсан зээлийн өр нэхэгдэж эхэлсэн ба удахгүй төлж эхэлнэ. Санхүүгийн хэт ачаалал ирэх гэж байгаа энэ үед “Монгол” бас л орлогоосоо илүү их зарлага гаргана гэж төлөвлөөд байж байна. Учир нь энэ жил сонгуулийн жил.

2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн зардлыг 2019 оныхоос 18%-аар буюу 275,5 тэрбум төгрөгөөр нэмж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлын нэмэгдэл нь бараг энэ хөрөнгө оруулалтын зардлын нэмэгдэлтэй ойролцоо. Энэ зардлыг хаанаас санхүүжүүлэх вэ гэвэл бас л зээл, тусламжаар санхүүжүүлэх байх.

Тэгвэл Монгол улсын нийт өр ойролцоогоор 23.8 их наяд төгрөг болж 5% орчмоор нэмэгдэн монгол хүн бүр, дөнгөж төрсөн хүүхэд бүр 7,5 сая төгрөгийн өртэй болно.

2019 оны 11-р сараас хойш хоёрхон сарын хугацааны популизмын зардал нийтдээ 1,1 их наяд төгрөг буюу 410,5 сая ам.доллар.

Энэ зардлыг ард түмэн татварын мөнгөөрөө төлөх ба үүний үр дүнд 2020 онд шинээр төрөх хүүхэд хүртэл төрөхдөө 7,5 сая төгрөгийн өртэй болох нь.

3,2 сая хүн амтай Монгол улсын 900,0 мянга орчим өрхийн 2 жилийн талхны мөнгөтэй тэнцүү 1,1 их наяд төгрөгөөр:

Хэрэв компаниудад 8%-ийн хүүтэй зээл олгосон бол 90,0 орчим тэрбумын хүүний орлого олж олон ажлын байр бий болж, Монгол улсын өр нэмэгдэхгүй байх байсанд;

Хэрэв сургууль, цэцэрлэг барьсан бол ойролцоогоор 1000 гаруй сургууль, цэцэрлэгтэй болох байсан;

Энэ бүхнээс харахад популизм та бидний өрийг нэмэгдүүлж, биднээс авах татварын хэмжээг нэмэгдүүлж, ард түмэнд ирээдүйд олдох байсан боломжийг л хааж байна.

Харин популизмын орлого, ашгийг хэн хүртэх бол? Та юу, бид үү, эсвэл тэд үү?

Дахин нэг тунгаагаад үзээрэй …

Нийтлэлч: Хаш-Эрдэнэ

Эх сурвалж: khasherdeneblog.wordpress.com

 

Сэтгэгдэл бичих

arrow icon