Нээлттэй Нийгэм Форум 2016 онд Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг нэмэгдүүлэх уриалгыг гаргасан юм. Энэ ажлын хүрээнд Монгол улсын иргэдийн эрх зүйн чадавхыг өнөөгийн байдлын судалгааг хийж үзэхэд иргэдэд өдөр тутам тулгамдаж буй эрх зүйн үр дагавар бүхий бэрхшээлүүдийн дотор ажил эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд хамгийн өндөр хувийг эзэлж байна. Өөрт тохиолдож буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар хоёр хүний нэг нь тодорхой үйлдэл хийхгүй байгаа бөгөөд үүнийхээ шалтгааныг 60 гаруй хувь нь “юу ч хийгээд нэмэргүй”, “юу хийхээ мэдэхгүй” гэжээ.
Судалгааны дүн болон 21 аймгийн сумд, нийслэлийн дүүрэг хорооны төлөөлөл, иргэдийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр 2018 он 2 сарын 14-ний өдөр батлагдсан юм.
Нээлттэй нийгэм форум тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn цахим платформыг бүтээх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн контентоор баяжуулах ажлыг бүх талаар дэмжин иргэдийн хүртээл болгоход бэлэн болоод байна.
Тус цахим мэдээллийн санд иргэдэд нэн шаардлагатай байгаа түгээмэл тохиолддог асуудлыг шийдвэрлэхэд хэрэг болох 35 сэдвээр мэдээлэл бэлтгэн оруулаад байгаа
бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг, төрийн үйлчилгээний нэг болж байгаа нь ННФ-ын төслийн цаашдын тогтвортой байдлыг хангасан томоохон алхам боллоо.
Монгол улсын цахим шилжилт, интернэтийн хэрэглээ маш хурдацтай нэмэгдэж байгаа хэдий ч нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хувьд хүртээмж хязгаарлагдмал байгаа нөхцөл байдлыг харгалзан эрх зүйн хөтөч иргэдийг сургаж, бэлтгэн орон нутгийн төвшинд ажиллуулах нь эрх зүйн анхан шатны туслалцааны тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд доод тал нь 650 орчим тооны эрх зүйн хөтөч нарыг бэлтгэх шаардлагатай байгаа бөгөөд сум суурин газар бүр нэг эрх зүйн хөтөч бэлтгэн ажиллуулахаар зорин ажиллаж байна.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох үүднээс ННФ нь 2019-2020 онд нийт 9 аймагт эрх зүйн хөтөч нарыг бэлтгэх ажлыг санхүүжүүлэхээр боллоо. Түүнчлэн Сэлэнгэ, Хэнтий аймагт эрх зүйн хөтчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж туршихаар техникийн туслалцаа үзүүлж тус 2 аймгийн 46 сум сууринд эрх зүйн хөтчийн булан нээж ажиллуулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааг эхлүүлж 100 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна. Эдгээр 2 аймгийн эрх зүйн хөтчийн үйл ажиллагааны үр нөлөөг үнэлж, сайн туршлагыг бусад аймагт нэвтрүүлэн үндэсний хэмжээнд эрх зүйн хөтчийн тогтолцоо хэрэгжих боломж бүрэлдэх юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчлэлийг сайжруулах зорилго тавьсан бөгөөд бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээний бүх шатны байгууллагын оролцооноос гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоо нэн чухал юм. ННФ нь эрх зүйн хөтчийн төрийн тогтолцооноос гадна тодорхой бүлгийн эрх ашгийг хамгаалж, туслалцаа үзүүлэх ТББ-ын эрх зүйн хөтчийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байгаа билээ.
Сэтгэгдэл бичих