Нийтлэл 01 сарын 17, 2020

ЗАВХРАЛ: Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төсвийн мөнгөөр иргэдийг 'хахуульджээ'

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан. Гэвч энэ зарчмыг бүх нийтэд зориулах ёстой төсвөөс хэсэгчлэн зээл тэглэх, эсвэл хэн нэгнийг онцолж эмчилгээнд зардал гаргах зэргээр төр өөрөө уландаа гишгэх болоод удаж байна. Нийтийн төсвийг нэг хэсэгт нь зарцуулах арга хэлбэр үүгээр зогсохгүй. Удирддаг салбар, яамныхаа төсвөөс цохож өөрийн хармаанаас өгч байгаа өглөг буян мэт шоуддаг сайд, гишүүд ч байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 онд эх үрсийн баяраар Хан-Уул дүүргийн иргэдэд гэр бэлэглэлээ гэж пиар мэдээ цацаж байв. Гэтэл энэ нь Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын төсвөөр авсан гэрүүд аж.  Засгийн газрын байгууллагуудын төсөв бол иргэдээс татсан, иргэдэд зарцуулах ёстой мөнгө. Өөрийнх нь мөнгөөр өөрийг нь баярлуулах, ингэхдээ хувь улстөрчийн нэр хүнд олох арга хэрэгсэл болгодог завхрал үргэлжилсээр байна.

Үндсэн үүрэгт ажлаа хийж чадаагүйн улмаас Дарханы зам дээр олон олон гэр бүл хагацал үзсээр байхад нөгөө талд нь баяр ёслолоор иргэдийн зовлонгоор улстөрийн шоу хийж зогсох нь ичгүүртэй. Улстөрчид төсвийн мөнгө, салбарын төсвөөс аливаа хэлбэрийн улстөрийн хандив, сурталчилгаа хийхийг нэгмөр хориглох, зөрчсөн тохиолдолд хатуу хариуцлага тооцдог болмоор байна. Иргэдийн зүгээс ч ийм улстөрчдийн өгдөг өглөг, хандивт баярлах биш нийт иргэдэд хандсан ажлын үр дүн, хариуцлага нэхдэг болж байж завхрал арилна.  

 

 

 

arrow icon