Коронавирусын дэгдэлт, түүний хор нөлөөний талаар Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхимийн багш, доктор профессор, Б.Болдгивийн тайлбарыг хүргэж байна.
Шинэ коронавирус (2019-nCov)-ын дэгдэлттэй холбоотой баталгаагүй мэдээг шалгалгүй нийгмийн сүлжээгээр тараагаад байх нь тус болохоосоо илүү сөрөг үр дагавартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрсдийгөө халдвараас сэргийлэх анхан шатны арга хэмжээ (гараа угаах, маск зүүх, олон хүнтэй газраар явахгүй байх гэх мэт) аваарай. Хамгийн гол нь орчин үеийн шинжлэх ухаанд итгэж үзээрэй.
Аливаа халдварт өвчний дэгдэлтийн (“цар тахал” буюу “pandemic” гэж тодорхойлох болоогүй гэж бодож байна, энэ өвчний тохиолдолд) “байгалийн” (экологийн болон эволюцийн) явцыг тодорхойлох хэд хэдэн үзүүлэлт бий. Үүнд:
Хоруу чанар
Халдварт өвчний эмгэг шинж үүсгэх чадвар бөгөөд багагүй тохиолдолд үүнийг тухайн халдвараас болж үхэлд хүрэх магадлал гэж ойлгох нь бий. Шинэ коронавирусын хувьд одоохондоо үүнийг тодорхойлох эрт боловч сар гаруйн хугацаан дахь явцыг үзвэл өмнө дэгдэж байсан SARS гэх мэтийн өвчний тохиолдлоос багавтар байх бололтой. SARS-ын хувьд Хятад олон улсаас бараг гурван сарын турш “нууцалж”, өөрсдөө шийдэх гэсээр цаг алдсан учир илүү ноцтой нөхцөлд байдалд хүргэсэн тал бий.
Халдвар дамжих зам
Жинхэнэ эзнээсээ (тэр нь бас өмнө гарч байсан гахайн ханиадны адил ганц биш, хэд хэдэн эзнээс гаралтай байж болзошгүй, өөрөөр хэлбэл, өөр өөр амьтнаас гаралтай вирусүүд рекомбинацид орсон байх бололтой) хүнд дамжсаны дараа амьсгалын замын бусад өвчнүүдийн адил агаар дуслын замаар дамжиж байгаа бололтой. Мэдээж энэ бол халдвар дамжих хамгийн хурдан зам тул сайн мэдээ биш. Гэхдээ урьдчилан сэргийлэх арга замуудаар нөлөөлөх боломжтой.
Далд үе болон халдвартай байх хугацаа
Далд үе гэдэг нь халдвар авсан бодгальд өвчний шинж тэмдэг илэртэл хэр удаан хугацаа өнгөрдөг вэ гэдгийг илэрхийлнэ. Энэ хугацаанд тухайн бодгаль халдвартай ч байж болно, халдваргүй ч байж болно. Өвчнөөсөө хамаарна. Мөн илэрснээс хойш халдвар дамжуулах чадвар нь хэр зэрэг удаан хугацаанд хадгалагддаг вэ гэдэг нь бас нэг чухал үзүүлэлт. Шинэ коронавирусын хувьд далд үеийг 2-12 хоног, бас 14 хоног ч гэж тодорхойлсон байна. Энэ хугацаанд халдвар тарааж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Basic reproductive number
Өвчний дэгдэлтийг хамгийн товч тодорхой илэрхийлж чадах, дээрх бүх үзүүлэлтийг харгалзаж үзсэн параметр бөгөөд нэг халдвартай бодгаль цаашаа дунджаар хэдэн хүнд халдвар тарааж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт. Шинэ коронавирусын хувьд үүнийг 2-4 гэж тооцож байгаа нь өмнө дэгдэж байсан зарим халдварт өвчнийг гүйцэхээргүй үзүүлэлт юм. Улирлын чанартай ханиад томуу, түүний хүндрэлээр дэлхий дээр илүү олон хүн нас барж байгаа шүү.
Эдгээр “байгалийн” үзүүлэлтэд хүний зүгээс авах арга хэмжээ (хөл хорио, эрт оношлогоо, эмчилгээ, мэдээлэл хүргэх хурд гэх мэт) нөлөөлнө. Бас вирусын амьдралын эргэлт богино бөгөөд РНХ-ийн геномтойн улмаас харьцангуй богино хугацаанд эволюци явагддаг зүй тогтолтой учир хоруу чанар буурах хандлагатай байдаг. Мэдээж энэхүү шинэ халдварт өвчин ноцтой асуудал мөн, гэхдээ л орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хүрсэн түвшин маш өндөр шүү.
За тэгээд ч Хятадад дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай геномын секвенсинг хийдэг лаб, дэд бүтэц, өндөр чадвартай хүний нөөц байна. Үүн дээр олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэг нэмэгдээд ирэхээр оношлогооноос өгсүүлээд эмчилгээний арга боловсруулах хүртэлх бүх асуудал хамгийн “боломжийн” нөхцөлд байна гэсэн үг. Шинэ коронавирусын хувьд богино хугацаанд бүтэн геномын дарааллыг тодорхойлоод, филогенетикийн анализ хийгээд өгүүлэл болгоод тавьчихаж байна, манай урьд хөршид.
Яагаад өмнөд Хятадаас байн байн ийм шинэ өвчин дэгдээд байна вэ гэдгийн хариулт тун амархан. Хүнсний захдаа маш олон янзын амьд амьтад зардаг, тэдгээр нь хязгаарлагдмал орон зайд байх тул нэг амьтны биед вирусын давхар халдвар орж, улмаар рекомбинант вирус үүсэх тааламжтай нөхцөл бүрэлдсэн байдагтай холбоотой.
Ийм ч учраас эдгээр бүс нутгаас шинэ вирусын халдвар дэгдэх нь мэргэжилтнүүдийн хувьд нэг их гайхаад байхаар зүйл ч байгаагүй гэдгийг хэлж байгаа. Цаашид ч ийм зүйл болоход гайхаад байх биш, харин хаана, хэзээ дэгдэж болох вэ гэдгийг урьдчилан тооцож чаддаг болох зүг рүү чиглэн ажиллаж байна.
Харин манайд үл мэдэгдэх халдварт өвчин дэгдвэл бид бэлэн үү?
Одоо бол бэлэн оношлууртай вирусуудыг оношлоод, биш бол сэжигтэй тохиолдол гэж л үзэж байна. Шинэ халдварт өвчин дэгдвэл юуны өмнө өвчин үүсгэгчийг өсгөвөрлөж олшруулна, геномын дарааллыг тодорхойлно (бүтэн геномын секвенсинг, трансриптомик), бусад өвчин үүсгэгчтэй геномын хувьд ямар хамааралтай болох талаар филогенетикийн анализ хийнэ, жинхэнэ болон завсрын эзнийг тогтооно, эзэн организмын дархлааны хамгаалалтын процессыг судална, халдвар дамжих замуудыг илрүүлнэ, филогенетикийн дивергенци дээр үндэслэн халдварлалтын процессыг тодорхойлно, геномын хэмжээний ассоциацийн судалгаа хийж, кандидат генийг тодорхойлно, өвчин үүсгэгчийн молекул физиологийн судалгаа хийнэ, эдгээрийн дүнд вакцин болон эм гаргаж авна, эмчилгээний арга замыг боловсруулна, туршилт хийнэ. Энд эсийн биологи, молекул биологи, биоинформатик, биотехнологи, экологи, эволюци, анагаах, клиникийн салбаруудын нэгдмэл мэдлэг, хүчин чармайлт шаардагдана. Эдгээр мэдлэгийн салбараас гадна онцгой байдал, гамшигтай тэмцэх, хууль сахиулахаас өгсүүлээд нийгмийн бусад салбаруудын дэмжлэг хэрэг болно.
Бидний чадавх хаана байгаа вэ гэдгийг л бид бодож байх ёстой болов уу?
Үнэхээр манай улсад одоо болж буйтай ижил нөхцөл байдал үүссан гэж үзэхэд бидний хувьд бэлэн байдал хангалтгүй гэж бодож байна. Ядаж л шалтгаан тодорхойгүй хатгалгаа, ханиалгалт нэг дороос олон гарлаа гэдгийг тандах систем нь хэр сайн чадавхитай, үнэхээр мэдрэг эсэх зэргээ сайн үнэлэх хэрэгтэй байх. Бас одоо гарч буй нөхцөлд үндэслээд чадавхиа бодитоор үнэлээсэй. Тэгэхгүй хэл амнаас айгаад, эсвэл дарга нар тушаагаад өөрсдийгөө сайн гэж худал үнэлэхээ болих хэрэгтэй.