Подробности
Уул уурхайн салбарт хүний гараар, оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн материаллаг эд зүйлс болох олон уурхай , уурхайн хот тосгон , тоног төхөөрөмж ,хөшөө дурсгал, түүхэн дурсгалт газар орон гээд ботид өв соёлын тухай мэдээлэл өмнө нь хүргэж байсан. Энэ удаа хүн төрөлхтний оюун санааны өв соёл болох урлаг, утга зохиолын бүтээлүүдэд уул уурхайн салбар, уурхайчдын ажил амьдралын тухай хэрхэн өгүүлснийг хүргэе.
Дэлхийн олон орны зохиолч, яруу найрагчид, зураач, хөгжмийн зохиолчид , театр киноны найруулагчид гээд олон уран бүтээлчид уул уурхайн салбар, уурхайчдын амьдрал ахуй , ажил хөдөлмөр , ёс заншил , дадал зуршил , үзэл бодол гээд тэдний оюун санааны өв соёл аж амьдaрлын тухай өгүүлсэн маш олон утга зохиолын ном , урлаг уран сайхны бүтээл туурвилууд бүтээсэн.
Бүр эртний Грек, Ромын үеэс Гомер, Плиний, Вергилии гээд олон гүн ухаантан , цэцэн мэргэд байгалийн эрдэс баялагийг хэрхэн яаж хайх, олборлон баяжуулах , ашиглах тухай зохиол бүтээлүүддээ тусган бичсэн байдаг. Эртний Ромын яруу найрагч, гүн ухааантан Тит Лукреций Кар (МЭӨ 100 онд амьдарч байсан) тэр үед байгаль дэлхийн тогтоцын тухай мөн металлыг хэрхэн хэрэн яаж нээж олборлон түүнийг хүмүүс амьдрал ахуйдаа амжилттай хэрэглэж байгаа тухай өөрийн шүлэг найрагтаа магтан дуулан өгүүлсэн байдаг. Тэрээр нэгэн шүлгэндээ
Алт , мөнгө ,зэс, хар тугалга , төмөр гээд
Олон төрлийн металлууд нээгдсэн
Гэвч шуугин найгаж байсан ой мод галын халуун дөлд дүрэлзэн шатана
Газар дэлхийн үндэс шороо хүртэл улайстал хална
Алт, мөнгө, зэс, хар тугалга гээд металлуудын халуун хайлмаг лав урсана
Хөрж царцсан металл гулдмайнуудыг хүмүүс гар дээрээ дээш өргөн өнгө гялгаар нь гялалзуулана
Тэднийг тус бүрийн харгалзах өнгө гялга, хотгор гүдгэрээр яг таг нарийн зөв тодорхойлж чаддаг
Тэд металлуудыг хайлж дурын хэлбэр хэмжээнд оруулах чадвартай болсон. гэж бичиж байжээ.
Эртний Грек ,Ромын гүн ухаантан ,эрдэмтэн мэргэд байгаль дэлхий уул ус , газар шорооны зүй тогтолыг сонирхон судлаж бичиж тэмдэглэсэн нь элбэг бий. Харин тэд байгалийн баялагийг ухаж, олборлон хүмүүсэд хүргэж байгаа уурхайчид буюу боолуудын хүнд хэцүү хөдөлмөр , ахуй амьдрал , санаа бодлын тухай тун бага сонирхон тэр тухай бичиж тэмдэглэсэн нь бараг байдаггүй. Дөнгөж дундад зууны дунд үеэс л утга зохиол, яруу найраг, дуу хөгжим, уран зураг гээд олон бүтээл туурвилд уурхайчид, металлургичдын тухай өгүүлж эхэлсэн байдаг.
Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийн хүнд хэцүү эмэгнэлтэй цаг үе, ололт амжилттай сайн сайхан цаг үе , эрх чөлөөнд дуртай хүдэр нүүрс ухагч нарын амьдралын хэв маяг өнгө төрх , ёс заншил , дадал зуршил, санаа бодол , өв соёлын тухай өгүүлэж эхэлсэн байдаг. Энэ бүхэн нь уул уурхайн салбарын оюун санааны өв соёлын үндэс суурь болсон юм.
Шведийн Фалун хот болон түүний дэргэдэх зэсийн хуучин уурхай нь дэлхийн боловсрол ,соёл шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-с бүх дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газар соёлын өвийн нэг юм.
Фалуны зэсийн уурхай бараг 650 гаруй жил ажилласан ба дөнгөж саяхан 1990 онд уг уурхай хаагдсан. Тус уурхайн зэс олборлолтын оргил үе болох ХVII зууны үед уурхайг олборлон ашиглах үйл ажиллагааг цаагчилан ирсэн олон Немец уурхайчид эрхлэн явуулдаг байсан.
Немецийн зохиолч Иоган Петер Хебел 1811 онд бичсэн “Фалунаас ирсэн уурхайчин” гэсэн өгүүлэлдээ тэнд болсон бодит үйл явдалын тухай өгүүлдэг.
Фалуны зэсийн уурхайн хаягдаж орхигдсон нэгэн уурхайн амнаас 1719 оны үед хүний занданшуулсан цогцос олдсон ба түүнийг дээш өргөн гаргасны дараа уурхайчдын хэн нь ч түүнийг танихгүй байсан гэдэг.
Уурхайн гүнээс дээш өргөн гаргаж ил тавьсан занданшуулсан цогцосруу нэгэн настай эмэгтэй ойртон очоод олон жилийн өмнө сураггүй алга болсон өөрийнх нь сүйт хархүү мөн болохыг танин цухиран уйлж эхэлдэг. Немцийн зохиолч, үлгэрч Эрнист Теодор Амаде нь И.П.Хебелийн энэ өгүүлэлээс санаа аван өөрийн зохиол бүтээлээ улам баяжуулан илүү дэлгэрэнгүй сургамжтай болгон бичсэн байна.
Тэрээр 1820 онд “Фалуны уурхай“ гэсэн өгүүлэл бичсэн ба ХIХ зууны сүүлээр Орос хэл дээр орчуулагдан “Фалуны хүдэр ухагчид” гэсэн нэрээр хэвлэгдэж байсан гэдэг.
Уг өгүүлэлд мөн л сураггүй алга болсон уурхайчны тухай болон газрын доорхи лус савдаг Торнберн сураггүй алга болсон уурхайчны үхэлд буруутай эдгээдүүдийг хэрхэн яаж шийтгэн цээрлүүлж байгаа тухай өгүүлдэг.
Зэсийн уурхайн гүнд дарагдаж алга болсон уурхайчны цогцос зориуд занданшуулсан юм шиг бүрэн бүтэнээрээ үлдэх нь зэсийн сульфид эрдэс болон пирит хүний биед нэвчин шингэж түүнийг бүрэн бүтнээрээ байхад нөлөөлдөгөөс болдог байна.
Ийм үйл явдал дэлхийн олон зэсийн уурхайд тохиолдож байсан.
Германы алдарт яруу найрагч Генрих Гейне жирийн хүдэр ухагчид, уурхайчдын ажил амьдралыг магтан дуулж олон шүлэг найраг бичсэн нь бий.
Тэрээр мөнгөний уурхай Гарцад очих дуртай байснаас гадна уурхайн гүнд орших үл ойлгогдох дуу чимээ, болзошгүй аюул эрсдэл, уурхайчдын аюул осолтой хүнд хүчир хөдөлмөр, санаа бодлын тухай онцлон бичсэн байдаг.
Гейне бичихдээ далд уурхайн гүнд уурхайчны бүдэг гэрэл, бүгчим халуун уур амьсгал, уурхайн хана тээвэрээс дуслах усан дуслын чимээ, машин техникийн нүрэглэх дуу , үл ойлгогдох хоржигнох шуугих чимээ, тасралтгүй исгэрэлтийн дуу чимээ энэ бүхэн анх удаа уурхайд орж байгаа хэн бүхэнд айдас чихүүдэс төрүүлдэг тухай бичсэн байдаг.
Гарц буюу Харц нем. Harz эртний Немец хэлээр Hart – «уулын ой мод» гэсэн утгатай үг энэ уурхай нь Германы хойд нутгийн хамгийн өндөр уул болох Доод Саксонийн нутагт Саксон Анхальт Тюрингид байдаг хуучин уурхай юм.
Немецийн бас нэг өөр романтик яруу найрагч, зохиолч Фридрих фон Гарденберг бол үе дамжсан уурхайчин буюу Доод Саксоний давсны уурхайн захирлын хүү бөгөөд Фрайбергийн уулын академид суралцаж байсан удам дамжсан уурхайчин юм.
Түүний бичсэн олонд алдаршсан «Гейнрих фон Офтердинген» романд настай хөгшин уурхайчин уул уурхайн ажил эрхлэх нь бурхан тэнгэрийн таалал болоод мөн чанар хувь зохиолын тухай хэд хэдэн утга яруу шат шүлэг ,сайхан хэллэг өгүүлдэгг хэсэг бий.
Уул уурхайгаас эрдэс баялаг олборлох нь бурхан тэнгэрийн хишиг буяныг хүртэж буй хэрэг түүнээс өөр юу ч хүмүүст аз жаргал , эд баялаг авчирч өгдөггүй гэж хэлдэг.
Уурхайн гүнд ажиллахаас өөр ямарч ажил бурхан тэнгэрт итгэх гүн гүнзгий итгэл үнэмшил , сүсэг бишрэлийг төрүүлж чаддаггүй гэсэн нь бий.
Уурхайчин хүн ядуу буурай төрдөг ядуу буурайгаараа дуусдаг тэд хаанаас металл олох,түүнийг хэрхэн яаж олборлохыг мэддэгтээ сэтгэл хангалуун байдаг бол металлын өнгө гялга, үнэ мөнгө олз ашиг түүний цэвэр ариун зүрх сэтгэлд тийм ч чухал байр суурь эзэлдэггүй гэж бичиж байжээ.
Оросын зөгнөлт зохиолч Иван Антонович Ефремов (уулын инженер, палеонтологич эрдэмтэн) уул уурхайн мэргэжилтэн , мастеруудыг газрын доорх зүйлсийг нэвт хардаг далдыг харагчид гэж нэрлэж байсан.
Түүний “Уурхайчдын хуучин зам” өгүүлэлд Уралын нуруун дахь зэсийн уурхайд ажилладаг уулын ажлыг гайхалтай сайн мэддэг, ахмад туршилгатай уурхайчны тухай агүүлдэг. И.А. Ефремов бичихдээ ”Түүний үгийг сонс тэр бол XV зууны үеээс уул уурхайн эрдэм мэдлэгийн үндэс суурь болсон Фрайбергийн уулын сургууль төгссөн инженер мэргэжилтэн, мастеруудын хэмжээнд мэдэхгүй байж болно.
Гэхдээ тэдий уул уурхайн тухай мэдлэг, туршилга, газрын доорхийг харж мэдэрч чаддаг мэдрэмж чадвар үеээс үед уламжлагдан дамжаж ирсэн. Тэд газрын доорхи орон зайг маркшейдерийн нарийн багаж хэрэгслээр хэмжиж гаргасан юм шиг тийм нарийвчлалтай яг таг баримжаалан тогтоож чаддаг гайхалтай онцгой мэдрэмж чадвартай хүмүүсийн юм” гэж бичсэн нь бий. Феодализмын үеийн төгсгөл капитализмийн эхэн үед түүхий эдийн үндсэн суурь бааз нь нүүрс төмөр байсан бөгөөд уурхайчдын хөлс хөдөлмөрийг эрчимтэй ашиглах болсон.
Энэ үеээс дундад зууны үеийн уурхайчид , хүдэр нүүрс ухагчид өөрийн тааваараа ажиллаж хөдөлмөрлөдөг ууламжлалт бие даасан байдал аж амьдралын хэвшил алдагдан хүнд хүчир хөдөлмөр, гаслан зовлон, эмгэнэлт хэрэг явдлаар дүүрэн амьдрал эхэлсэн гэж үздэг.
Европд аж үйлдвэржилт цэцэглэн хөгжиж эхэлсэн 1860–1870 онуудад Францын Луарски болон бусад нүүрсний уурхайнуудад ажил хаялт маш хүчтэй өрнөж байсан.
Эрх чөлөө амьдралынхаа төлөө тэмцэх эдгээр үйл явдал нь Францын зохиолч Эмиля Золяг нийгмийн энэ хурц асуудлыг хөндсөн «Жерминаль» (1885) романыг бичихэд хүргэсэн. Энэ роман нь нүүрс олборлогч уурхайчдын ажил амьдрал , тэмцэл хөдөлгөөний тухай өгүүлсэн утга зохиолын салбартаа тэргүүлэх шилдэг бүтээл болсон.
«Жерминаль» романд уурхайчдын ахуй амьдрал, ажил хөлөлмөр ,амьдралын хэв маягийг гайхалтай сайн илтгэн харуулсанаас гадна “хүнд хүчир хөдөлмөр бол уурхайчин хүний юу юунаас ч илүү амь зуух арга хэрэгсэл , амьдралын хэвшил юм” гэж бичсэн байдаг.
Мөн тэрээр зохиол бүтээлдээ хамгийн анх эмэгтэй хүн, насанд хүрээгүй хүүхдүүд яг эр хүн шиг уурхайд ажиллан хүнд хүчир хөдөлмөр эрхлэж байгаа тухай нийтэд ил гарган бичсэн.
Их Британийг нүүрсний аж үйлдвэржилтийг дэлхийн нүүрсний аж үйлдвэрлэлийн анхдагчид тооцдог. Их Британий олон алдартай зохиолч, яруу найрагчид уурхайн хот сууринд төрж өссөн байдаг бөгөөд уурхайчдын орчин ахуй дундаас Дэвид Лоуренс, Арчибальд Кронин зэрэг нэр алдартай олон зохиолчид уран бүтээлчид төрөн гарсан нь бий.
Зохиолч Дэвид Герберт Лоуренс гэхэд аж үйлдвэрийн хот Ноттингемийн ойролцоох жижиг хот болох Иствудед төрсөн. Тэрээр жирийн уурхайчны гэр бүлийн 4 дахь хүүхэд нь болон мэндэлсэн ба түүнийг бусад уурхайчдын үр хүүхдүүдийн адил эцгээ уламжлан уурхайд ажиллах хувь заяа хүлээж байсан. Гэвч тэрээр хүүхэд ахуйдаа хүнд сүрьяэ өвчин туссан нь мөн утга зохиол , уран зурагт шунан дурладаг байсан нь түүний ирээдүйн хувь заяаг өөрчилсөн байна.
Лоуренса 25 настайдаа анхныхаа номыг гарган хүнд өвчтэй байсан ээжийнхээ гар дээр тавьж чадсан. Зохиолч Лоуренса бүх амьдраллынхаа туршид 9 роман 10 яруу найргийн ном мөн 10 жүжиг 50 гаруй эссе өгүүллүүд бичсэн.Түүний бичсэн «Хөвгүүд ба нууц амраг» (1913), «Чаттерли бүсгүйн амраг» (1928) гэсэн алдартай романуудад Английн нүүрсний уурхайн ажилчдын эгэл жирийн ахуй амьдарлын тухай өгүүлдэг. Түүний эдгээр зохиол бүтээл романууд нь түүнийг дэлхий дахинд ихэд алдаршуулсан. Д. Лоуренсын «Чаттерли бүсгүйн амраг “ зохиолын нэг гол баатар болох үе дамжсан газрын эзний хүү өмнө нь буга агнаж байсан газар нь өнөөдөр утаа уугисан яндан, үйлдвэр уурхай сүндэрлэн боссон тухай мөн “ уурхайчид мэдээж хэрэг буга шиг тийм үзэсгэлэнтэй амьтан биш гэхдээ илүү ашигтай амьтад“ гэж өгүүлэж буй хэсэг байдаг.
Их Британий дэлхий дахинд алдаршсан өөр нэг зохиолч Арчибальд Джозеф Кронин Шотландаас гаралтай мэргэжлийн эмч бөгөөд тэрээр Өмнөд Уэльсын уурхайн жижиг хотын эмнэлэгт ажилладаг байсан. Түүний бичсэн «Одод доош хардаг» (1935), « Бэхлэлт» (1937) гэсэн романууд олонд ихэд алдаршсан бөгөөд дэлхийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийн жагсаалтанд зүй ёсоор тооцогддог.
Зохиолч Арчибальд Джозеф Кронин уурхайчдын ажил амьдралын тухай сайн мэддэг ба тэдний хүнд бэрх, ядуу зүдүү амьдралыг өөрчлөхийг хүсэж эрмэлздэг нэгэн байсан юм. Тэрээр «Одод доош хардаг» романдаа 1930-аад оны Английн уурхайчдын ажил хөдөлмөр, ахуй амьдрал, тэмцэл хөдөлгөөний тухай өгүүлдэг.
Түүний энэ романд “Уурхай бол уурхайчдын сэтгэл зүрхний хүсэл эрмэлзлэл , уур хилэнгийн төв нь уурхай яг анфитеатр гэсэн үг энэ гунигтай анфитеатр дотор үхэл амьдрал, хайр сэтгэл ,хөлс хөдөлмөр, мөнгө шунал ,цус гэсэн үзэгдэл байнга давтагдаж байдаг гэсэн мөрүүд бий.
Мөн ХХ-зууны эхэн үед Америкийн нэрт зохиолч Э.Синклером «Нүүрс ба хаан» (1917) гэсэн роман бичсэн. Түүний энэ романд 1914 оны хавар Колорадо мужийн нүүрсний уурхайн уурхайчдын ажил хаялтын тухай түүхэн үнэнийг өгүүлдэг. Уурхайчид өөрсөдийн эрх ашиг , цалин хөлснийхөө төлөө ямар их эрэлхэг зоригтой ,хатуу байр суурьтай тэмцэж байгаа тухайг бичсэн. Зохиогч романдаа зориулж материал цуглуулахын тулд уурхайчидтай хамт уурхайн гүнд хэсэг хугацаанд ажиллаж байсан гэдэг.
Уул уурхайн тухай бичсэн дэлхийн олон орны утга зохиолын бүтээл туурвил ном зохиолыг бүгдийг зөвхөн нэг удаагийн дугаараар тоочин бичих боломжгүй юм. Харин бидний хойд хөрш Орос орны зохиолч яруу найрагчид уул уурхайн салбар , уурхайчдын тухай ямар ямар бүтээл туурвил бичиж туурвисан тухай бага зэрэг өгүүлэх нь зайлшгүй юм.
Хаант Орос улсын үед нүүрсний олборлолт, аж үйлдвэржилт эд цэцэглэн хөгжиж байсан XIX зууны үеийн уурхайчдын тухай Оросын алдартай зохиолчид А.П.Чехов, А.С.Серафимович, А.И.Куприн нар зохиол бүтээлдээ бичсэн.
Зохиолч Александр Серафимович (Донбассаас гаралтай) 1895 онд «Газрын доор», «Жижигхэн уурхайчин», «Семишкура» гэсэн тэр үеийн нүүрсний уурхайн уурхайчдын амьдрал ахуйн тухай өгүүлсэн хэд хэдэн өгүүлэл бичсэн байдаг. Түүний бичсэн «Газрын доор», өгүүлэлд тэр үеийн уурхайн тухай маш тодорхой дэлгэрэнгүй өгүүлдэгээс гадна уурхайчид хөлс хүчээ шавхан ажиллах уурхайнхаа тухай “Өө би энд амралтын өдрөөрөө зүгээр л үзэх гэж ирсэн юм " гэсэн егөөдсөн хэллэг байдаг.
ХIХ-зууны сүүлээр Хаант Орос улсын Донецкийн нүүрсний сав газар чулуун нүүрс олборлолт цэцэглэн хөгжиж эхэлсэн. Тэр үеийн тухай тодорхойлон бичихдээ “Бидэн дээр өмнө зүгээс маш олон хүрз зээтүүтэнгүүд буюу үйлдвэр эрхлэгч нар ирсэн.
Тэд мөнгө ашиг орлого олох хүсэл шуналдаа хөтлөгдөн өөрсдийн хөрөнгө мөнгийг зарим нь хүний хөрөнгө мөнгийг нүүрс олборлох үйл ажиллагаанд зарцуулан азаа үзэж буй амьтад. Бүдүүн тоймоор хэлэх юм бол тэд өчнөөн гарз хохирол, байгаль орчины сүйтгэл, үгүйрэл хоосрол , зовлон шанлал авчирсан гэж бичиж байсан. Донецкийн нүүрсний сав газарт Оросын алдарт зохиолч Александр Иванович Куприн 1890-ээд оны төгсгөлөөр очиж байсан. Тэрээр өөрийн бичсэн «Газрын доор», «Уурхайн гүнд» гэсэн богино өгүүллэгүүд дээ уурхайчдын хүнд хүчир хөдөлмөр , ядуу зүдүү амьдрал ахуйн тухай дэлгэрэнгүй өгүүлдэг.
Тухайн үед Донбассын нүүрсний уурхайн эзэд ба эзэмшигч нар нь Франц, Белгийн баян хөрөнгөтнүүд байсан. Тэдний тухай А.И. Куприн 10 жил уурхайг удирдаж байгаа хэдий ч ганц ч Орос үг мэдэхгүй Белгийн бүдүүн тарган хөрөнгөтөн, бэртэгчин гахайнууд гэж нэрлэн бичсэн нь бий.
Донбассаас холгүй Азовын тэнгисийн эрэг дээр төрсөн Оросын алдард зохиолч Антон Павлович Чехов ч гэсэн тэрхүү нүүрс олборлолтын оргил үеийн тухай хэд хэдэн өгүүлэл бичсэн. Түүний бичсэн «Оросын нүүрс» (1884), «Тал» (1888), «Печенег» (1897) өгүүлэгүүд , аян замын тэмдэглэл « Сахалины арал» (1890) зэрэг зохиолуудад нүүрсний уурхайд өмнө нь Сибирт цөллөгөнд байсан хүмүүс ирж ажиллан уурхайчин болсон тухай мөн тэдний хүнд хүчир хөдөлмөр, гэрэл гэгээгүй, аз жаргалгүй амьдралын тухай өгүүлдэг.
Харин ЗХУ–н үед олон зохиолч яруу найрагч ,уран бүтээлчид Зөвлөлтийн үеийн уул уурхай ба нүүрсний аж үйлдвэрлэлийн ололт амжилтууд , уурхайчдын ажил хөдөлмөрийн амжилт яруу алдарыг магтан дуулсан маш олон зохиол бүтээл тууривсан.
Тэдний нэг болох Борис Леонтьевич Горбатов Зөвлөлтийн уран зохиолд уурхайчдын тухай хамгийн их бичдэг уурхайчдын хөдөлмөрийг магтан дуулсан, онцгой идвэхтэй суртал нэвтэрүүлэгч нь байсан юм. Тэрээр Ирмино их уурхайгаас холгүй орших уурхайн тосгонд төрж өссөн. Зөвлөлтийн үеийн үзэл сурталын гол баатар болсон жирийн цохилтот алхаар нүүрс олборлолтын дэлхийн дээд амжилт тогтоосон Алексей Григорьевич Стаханов тэр уурхайд ажиллаж байсан.
Донбассын нүүрсний уурхайд 1935 онд нэвтрэгч Стахановын бригадын 2 малтагч нэг ээлжиндээ 102 тн нүүрс гаргасан ба тэр үед ажлын норм нэг ээлжэндээ 7 тн нүүрс гаргах ёстойгоос 14 дахин их нүүрс гаргаж дэлхийн дээд амжилт тогтоосон байна.
Зохиолч Б.Л.Горбатов өөрийн “Донбасс“ романдаа Донецкийн нүүрсний уурхайн сав газар дахь уурхайчдын ахуй амьдрал, ажил хөдөлмөрийн тухай тэнд болж буй агуу их өөрчлөн байгуулалт шинчлэлт, хөгжил дэвшлийн тухай магтан дуулсан байдаг.
Тэрээр 1924 онд байгуулагдсан Зөвлөлтийн ажилчин тариачин ангийн зохиолчдын байгууллагыг үндэслэгчидийн нэг юм. Утга зохиолын бүтээлүүдээс гадна ЗСБНХУ-ын үеийн уул уурхайн бүтээн байгуулалт ололт амжилт , уурхайчдын тухай баримтат болон уран сайхны маш олон дэлгэцийн бүтээлүүд бий.
Тэдний анхных нь болох 1937 онд Ленфильм киностудийн бүтээсэн “Уурхайчин” уран сайхны кино юм. Уг кинонд Донбассын уурхайн жижиг хотод уурхайн дарга Чуб түүний уурхайд ажилладаг троцкист болон дээрэмчидтэй хэрхэн тэмцэж байгаа тухай харуулдаг.
Энэ киноны ерөнхий найруулагчаар Сергей Юткевич зохиогч нь Алксей Каплер нар ажилласан.
Мөн 1950 онд Горькийн нэрэмжит киностудийн бүтээсэн “Донецкийн уурхайчид “ гэсэн уран сайхны кино байна. Ерөнхий найруулагч нь Леонид Луков гол дүрд нь Олег Голубицко тоглосон ба энэ кино 1952 онд Сталины шагнал авч байсан. Киноны үйл явдал мөн л Донбассын нэгэн уурхайд шинэ нүүрсний нэвтрэгч комбайн угсарч суурилуулан ажиллуулж эхлэх түүнийг уурхайчид хэрхэн яаж эзэмшиж өөрийн болгож байгаа тухай өгүүлдэг. Өнөөгийн ОХУ ч гэсэн уурхайчдын тухай өгүүлсэн баримтат болон уран сайхны олон кино бүтээж байна.
Ер нь дэлхийн олон оронд уул уурхай , уурхайчдын ажил, ахуй амьдралын тухай өгүүлсэн дэлгэцийн бүтээлүүд бий.
Тэднийг бүгдийг энд тоочих боломжгүй юм. Жишээ болгон ганц нэгийг танилцуулбал Шинэ Зеланд, АНУ-н хамтарсан бүтээл болох 2003 онд бүтээсэн “Нуралт” кино байна. Найруулагч нь Рекс Пиано гол дүрүүдэд Мими Роджерс, Тед Шэкелфорд, Брюс Олпрес, Пол Гиттинс, Джон Брэйзиер, Бен Каслс, Уинстон Харрис нар тоглосон.
Киноны үйл явдал тэтгэвэрт гарсан эцгийнхээ оронд уурхайг удирдахаар очиж байгаа эмэгтэйд олон уурхайчид дургүйцэн эсэргүүцэж байгаа тухай, түүний анхны ажлын өдөр уурхайд нуралт болж осол гараад уурхайн гүнд хашигдсан уурхайчдын дунд түүний нөхөр хүү 2 байгаа тухай өгүүлдэг.
Мөн 2011 онд АНУ-Их Британы хамтран бүтээсэн “Уурхайчдын сүлд дуулал” кино , ерөнхий найруулагч нь Билл Мориссон байсан. Уг киноны үйл явдал өнгөрсөн зуунд Маргарет Тэтчерийн ерөнхий сайд байх үед Английн хойд нутаг дахь уурхайн ажилчид эрх ашгийнхаа төлөө тэмцэн ажил хаяж байгаа тухай гардаг.
Дөнгөж саяхан 2015 онд нээлтээ хийсэн АНУ-н Голливудын бүтээл “33” кино байна.
Уг киноны үйл явдал 2010 оны 8-р сард Чилийн Атакамийн цөл дахь Сан-Хосе уурхайд уурхайн нуралтаас болж газрын доор 700 метрийн гүнд хашигдан 69 хоносон 33-н уурхайчны тухай өгүүлдэг. Гол дүрд нь Голливудын алдарт жүжигчин Антонио Бандерас тоглосон ба нэг уурхайчны эгчийн дүрд 1997 оны Оскарийн шагналт жүжигчин Жюльет Бинош тоглосон байна.
Хүнд хэцүү амь дүйсэн үед сэтгэл санаагаар уналгүй эрэлхэг зориг , тэвчээр хатуужилтай байж найз нөхдөө уриалан дуудаж амьд гарахын төлөө хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлдэг. Тухайн үед газрын доор 69 хоносон эдгээр 33 уурхайчны баатарлаг үйлсийн тухай дэлхий даяараа шуугиж байсан. Уурхайчдын тухай өгүүлсэн хамгийн анхны дэлгэцийн бүтээлүүдийн нэг бол 1940 онд Английн зохиолч Арчибалд Джозеф Крониний бүтээл “Одод доош хардаг” зохиолоор бүтээсэн кино юм. Киноны найруулагч нь Кэрол Рид гол дүрд нь Майкл Редгрейв тоглосон ба энэ кино дэлхийн шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
Английн алдарт зохиолч Грэм Гриний уг бүтээлийн тухай “доктор Крониний романаар бүтээсэн уурхайчдын хүнд хүчир хөдөлмөр , ядуу зүдүү амьдралын тухай өгүүлсэн энэ киноноос илүү сайн бүтээл одоохондоо гараагүй байна” гэж хэлсэн байна.
Манай Монгол улсын хувьд ч гэсэн уул уурхай болон уурхайчдын амьдрал ахуйн тухай өгүүлсэн “Гэрлэж амжаагүй явна” , “Нарны унага” гээд хэд хэдэн дэлгэцийн бүтээлүүд бий. “Гэрлэж амжаагүй явна” кино 1981 онд бүтээгдсэн ба кино зохиолч нь Ч. Гомбо ерөнхий найруулагч нь Ж. Бунтар нар ажилласан. Энэ бүтээлээр орчин үеийн Монголын уурхайчдын эгэл жирийн амьдрал ,хайр сэтгэлийн тухай утга уянгатай харуулсан сайхан бүтээл болсон.
Түүнээс гадна манай зохиолчдын бичсэн уурхайчдын ажил амьралын тухай өгүүлсэн роман туужууд, дуу шүлэг яруу найраг ном зохиол олон бий. Манай Монголын ардын аман зохиол үлгэр домог, туульс , ёс заншил, өв уламжлалд ч гэсэн уул ус газар дэлхийгээ хайрлан хамгаалах тухай өргөн дэлгэр өгүүлсэн байдаг. Бараг аймаг сум бүрд тэр нутгийн уул ус, овоо тахилга, эрдэс баялагийн үүсэл гарал , хэрхэн хайрлан хамгаалах тухай үлгэр домог, туульс, хууч яриа бий. Манай ард түмний уул ус, газар дэлхийгээ хайрлан хамгаалдаг, дахин шүтдэг ёс заншил, өв уламжлал, үлгэр домог, туульсийн бүгдийг нь энд тоочих гэвэл боломжгүй юм. Тусгайлан судлах том сэдэв учир энэ удаа түр хойшлуулсан болно.
Дэлхийн утга зохиолд “алтны төлөөх халуурлын үеийн “ алт ухагчдын тухай маш их бичсэн нь бий. Нэвтэрхий толь бичигт “алтны төлөөх халуурлын үеийг” нийтээрээ олон хүн ямар нэг зохион байгуулалтгүй алт ухаж олборлон газар ороныг эвдэн сүйтгэх үйл явцыг хэлнэ гэсэн байдаг. АНУ-д XIX зууны эхэн үед хамгийн хурдан мөнгөтэй болж баяжих хүсэл шуналдаа хөтлөгдсөн маш олон хүн алт хайх алт олборлох аянд мордсон.
“Алтны төлөөх халуурлын үе” гэж нэрлэгдсэн алт хайх олборлохын төлөө олон хүн хошууран дайрсан энэ үе 1848 онд АНУ-н Калифорни мужид эхэлсэн.
Тэр үед бараг 100 мянган хүн алт хайх олборлох ажил эрхэлж байсан ба тэдний дунд жирийн уурхайчин, зартай дээрэмчин, зальтай луйварчин, хулгайч гээд янз бүрийн хүмүүс байсан. Тэдний тухай Америкийн зохиолч Фрэнсис Брет Гарт өөрийн уран бүтээлдээ дэлгэрэнгүй өгүүлэн бичсэн.
Түүний 1876 онд бичсэн «Габриэль Конрой» романд Сан-Францискоос ирсэн банкны баян эзэн алт ухагч нарын суурин Гнилая Лощинийн үйлдвэрлэл үйлчилгээг бүгдийг нь худалдаж аваад тэднийг хэрхэн яаж мөлжин , талхилан боолчилж байгаа тухай өгүүлдэг.
Австрийн алдарт зохиолч Стефан Цвейг «Эльдорадогийн нээлт»(1928) өгүүлэлдээ Калифорний алтны төлөөх халууралд европоос оролцогчийн анхдагч нь болох генерал Зуттера хочит эрийн эмэгнэлт хувь заяны тухай өгүүлдэг. Хүч чадалтай, зориг зүрхтэй залуу Зуттер ухаалаг хүн биш байсан тухай гардаг.
Генерал Зуттер гэдэг бол ботид хүн байсан Зуттер нь Германд 1803 онд төрсөн цэргийн боловсролтой 31 настайдаа хөзрийн мөрийд их хэмжээний өрөнд ороод гэр бүлээ орхин европоос дайжин зугтаж Америкд цагаачилан ирсэн. Тэрээр алт ухагчидын анхдагч нарын нэг байсан ба Калифорнид ирээд зэвсэгт дээрмийн бүлэг байгуулан тэднийг цэргийн зохион байгуулалтанд оруулан удирдаж өөр өөртөө генерал цол олгон өөрийгөө генерал Зуттер гэж нэрлэх болсон. Генерал Зуттер гэгч энэ этгээд дээрмийн бүлгээ удирдан зохион байгуулан хувиараа алт олборлогчидын дарамтлан дээрэм тонуул хийж амьдардаг нэгэн байсан бөгөөд шийдсэн балмад эдгээд байсан гэдэг.
Америкийн зохиолч Стефан Цвейг тэр үеийн Калифорний алт ухагчдын тухай” Алтны төлөөх халууралд” автсан цөлмөн сүйтгэгч хүмүүсийн сүрэг, тэнд бусдын эрх ашиг, засаг төр, хууль дүрэм гэж огт байхгүй хэн хүчтэй нь хэн гар буутай нь эрх ашгаа тулган хүлээлгэж, засаг төрийг тогтоодог” гэж бичиж байжээ.
Америкийн алдарт зохиолч Марка Твений уран бүтээлүүд энэ Калифорний алтны төлөөх халуурлын үе салшгүй холбоотой.
Түүний бичсэн «Хатуужсан хүн» номонд Невада болон Калифорнии мужийн алт угаах төхөөрөмж ажиллуулдаг алт олборлогч уурхайчдын амьдрал ахуйн тухай өгүүлдэг. Зохиолч түүнийг хүүхэд ахуй үеийнх шиг Калифорнд алттай газар нээж олоод түүнийгээ олборлон амархан хөрөнгөжин баяжаад тансаг сайхан амьдарна гэсэн ойлголт худал болохыг хүмүүсэд хүргэдэг.
Голливудийн алдарт жүжигчин Ч.Чаплин ч гэсэн энэ үеийн тухай өгүүлсэн ‘’Gold rush‘’ - “Алтны төлөөх халуурал” нэртэй инээдмийн кино 1925 онд бүтээж байсан байна ба хожим 1941 онд улам сайжруулан монтажлаж гаргасан. Энэ алтны төлөөх халуурлын үеийн тухай өгүүлсэн олон арван дэлгэцийн бүтээлүүд зөвхөн Америк биш дэлхийн өөр олон оронд бүтээгдсэн байдаг.
Мөн Аляскад болсон алтны төлөөх халуурал Америкийн алдарт зохиолч Джек Лондоны бүтээлүүдээр бүх дэлхий дахинд ил болсон. Түүний бичсэн «Хойд Одиссей» түүвэр зохиолын номонд орсон «Өвөг дээдсийн дуудлага» (1903), «Цагаан соёот» (1906), туужууд «Амьдарлын хууль» (1901), « Амьдарлд дурлах нь» (1905), гэсэн өгүүллэг бүтээлүүдэд Аляскийн алт ухагчид ба алт угаах төхөөрөмж дээр ажиллагсадын хүнд хэцүү ажил хөдөлмөр , ядуу зүдүү амьдрал ахуйн тухай тусган бичсэн байдаг. Дэлхийн анхны алтны төлөөх халуурал Орос оронд эхэлсэн гэж болох юм. Оросын Хаант засгаас хөрөнгө мөнгөтэй компани болон хувь хүмүүсэд Сибирт алт хайх олборлох зөвшөөрөл эрхийг 1826 оноос чөлөөтэй олгож эхэлсэн.
Хамгийн анхны хувийн алтны уурхай Баруун Сибирт Мариинскийн тайгад Алатау уулын орчимд ажиллаж эхэлсэн ба тэндээс алт олж баяжих хүсэлдээ хөтлөгдөн маш олон хүн яаран сандран ирсэн байна.
Мариинскийн алт олборлолтын үеийн тухай Вячеслав Яковлевич Шишков алдарт «Дүнсгэр мөрөн» (1928–1933) романдаа алтны үйлдвэрийн эзэн Громовын 3 үеийн түүхээр өгүүлсэн байдаг. Орос орон дахь капитализмийн хөгжил цэцэглэлт , уналт нуралт , хувьсгалын түүхийг энэ зохиолд харуулдаг.
Урал Сибирь дахь алт олборлолтын тухай Оросын нэрт зохиолч Дмитрий Наркисович Мамина-Сибиряка «Приваловскийн саятан» (1883), «Алт» (1892) роман болон бусад уран бүтээлүүддээ тусган бичсэн байдаг. Нэртэй утга зохиол судлаач шүүмжилэгч А.М.Скабичевский бичихдээ “Алт” роман нь “Уралын нуруун дахь алт хайгчидын хүсэл эрмэлзэл амьдралын зорилго, баяр баясал гээд тэдний дотоод сэтгэлийг нээн харуулсан гайхалтай шинэ сэргэг бүтээл болсон” гэж үнэлсэн байдаг.
“Горная Промышленность” №6 2013
Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ. Технологийн Сургууль
Сэтгэгдэл бичих