Хятад улс цагаан сарын үдэшлэгээ маш их шимтэн үздэг уламжлалтай. Харин энэ жил өвчин тахал дэгдсэнтэй холбоотойгоор цагаан сарын үдэшлэгээ өнжөөсөн. Гэхдээ тэд цагаан сараасаа 15 хоногийн дараа "Өлзийт өдөр" хэмээх уламжлалт баярын арга хэмжээнд маш их ач холбогдол өгч бэлдсэн нь ард түмнийхээ санаа сэтгэлийн байдлыг өргөх гэсэн хэрэг болов уу? Уг арга хэмжээний нээлтэн дээр хятадын маш алдартай таван жүжигчин цаг үеийн байдлын талаар гайхалтай уран бичлэг бүхий эссе найрууллыг яруу сайхан уншсаны гол агуулгыг та бүхэнд тоймлон хүргэсү! Жүжигчдийн уншсан дэс дарааллын дагуу гол санааг дугаарласан болно.
1. Чи минь л эсэн мэнд хүрээд ирвэл болох нь тэр. Үсээ тайруулсандаа битгий гонсойгоорой! Өвчин намдахаар хамгийн үнэтэй гоо заслын салонд оруулж бүр ч илүү сайхан үсний засал хийлгээд өгнө. Чамайгаа эсэн мэнд эргээд ирдэг юм бол би бүтэн жил гэрийн ажлаа ганцаараа хийж байх болно гэдгийг амлая! Хайртай шүү! Чамдаа!» хэмээн Ухань хотын нэг сувилагчийн нөхөр тэргүүн шугамд ажиллаж байгаа сувилагч эхнэртээ мессэж илгээжээ.
2. «Холдож болохгүй эмнэлэг маань байгаа учраас харих эрхгүй гэр минь ард буй.
Одоо надад цаг хугацаатай уралдан ажиллаад аль болох олон хүний амийг аврах ганц сонголт үлдсэн» гэж Ухань хотын нэгэн эмнэлгийн дарга хэлчихээд ажлын байран дээрээсээ холдолгүй байсаар халдвар авч өөд болжээ.
3. «Миний хүү ч гэсэн миний мэргэжлийг өвлөж анагаахын чиглэлээр суралцаж байгаа. Эмч хүний үүрэг хариуцлага гээч хамгаас чухал зүйл байдаг. Би хүүдээ ямар ч мэргэжлийн хичээлээс илүү чухал тэр зүйлийг өөрийн биеэр үлгэрлэн заах үүднээс Ухань руу явахаар шийдлээ.» хэмээн нэгэн эмч эцэг өргөдөлдөө бичжээ.
4. Дэгжих найдлагатай төр гүрэнд баатруудын эгнээ үл дундармуй. Хөгжих ирээдүйтэй улс орны хувь заяаг цаг үеийн улаач нар түүчээлэн урагшлуулмуй.
5. Эмч сувилагч нар нэг л удаа ариун цэврийн өрөө орвол хамгаалалтын хувцас нь хэрэгцээнээс гарах тул түүнийгээ тайлахгүйн тулд 12 цаг хоол унд идэхгүйн сацуу бүгд том хүний памперс өмсөөд ажиллаж байгаа ажээ. Тэгээд хоногт ердөө хоёрхон цаг нөгөө «нандин» өмсгөлөө тайлалгүй нүдний хор гаргачихаад үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэгээд хамгаалалтын дуулга, амны хаалтаа тайлахад толгой нүүрний арьс нь мэдээ алдчихсан байхыг сая олж мэдэх энүүхэнд.
6. Баатрууд гэж бусдаас онцгой хүмүүс байдаггүй юм. Бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулж чадах сайхан сэтгэл, хатан зоригийн илрэлийг л БААТАР хэмээн нэрлэх учиртай бус уу?
7. Орчлон хорвоод сахиулсан тэнгэрүүд үнэхээр байдаг бол цагаан өмсгөлт эдгээр баатрууд л тэдний жинхэнэ бүрэлбаа нар байж таарна.
Үзэгчид ээ, та бүхэн энэ хүнд хэцүү цаг үед ийм л сайн сайхан баатруудынхаа гавьяат үйлсийг харж уяраад шөнөжин унтаж чадахгүй хөрвөөж байгаа буй за!
Гэр орон маань одоо бидний хувьд хамгийн сүүлчийн толгой хоргодох бат цайз болоод байна. Гэхдээ энэ нь цаад утгаараа иргэн болгон тэргүүн шугамд тулалдаж байгаагаас өөрцгүй хэрэг гэдгийг ойлгоно буй за! Та гэртээ тайвуухан сууж байгаа чинь өөрийн болоод өрөөл бусдын аз жаргал, сайн сайхны соргог манаанд зогсож байгаа хэрэг юм шүү!
Энэ удаагийн нийт ард түмний тулалдаанд бид гарцаагүй ялах болно оо ! Яагаад гэвэл бидний үеийнхний хувьд «Ялалт» гэдэг үг маш танил дотно биш гэж үү? 1998 оны их үер, 2003 оны САРС, 2008 оны Вэнь Чуаньгийн газар хөдлөлт...... Тийм ээ ! Бид ялалт гарцаагүй бидний талд байх болно.
Энэ бол зөвхөн эхлэл хэсэг нь юм. Нэвтрүүлгийн энэ хэсгийг үзсэн олон үзэгчийн сэтгэл сэмрэн мэлмэрсэн тухай сэтгэгдлүүд хөвөрч байна. Нэвтрүүлгийг гүйцэд үзээд сонирхолтой хэсгийг тоймлон хүргэсээр байх болно.
Сэтгэгдэл бичих