2019 оны намар урт удаан үргэлжилсэн. Илүү сартай намар гэцгээж ийм урт намар энэ насандаа үзсэнгүй гэх хүмүүс олон байсан. Урт удаан үргэлжилсэн намар дуусахад утаа залгах болов уу гэтэл энэ жил өмнөхөөсөө утаа арай багатай байх шиг. Гэхдээ нүдэнд үл харагдах утааны чанар ямар байгааг хэн ч таашгүй. Утаанаас болоод толгой өвдөөд байна, утаанаас болоод бронхиттой болчлоо гэх хүмүүстэй таарсанаа нуух юун . Илүү сартай намар дуусаж өвөл эхэлвээ. Өвөл эхлэхэд ханиад,томуу газар авдаг. Өрхийн эмнэлгээр дүүрэн хүн, дүүргийн эмнэлэгт ор байхгүй ээ гэх жил болгон хэлдэг өнгө аяс энэ жил ч мөн үргэлжилсэн. Энэ өнгө аяс олон хүнд дасал болсон мэт.
10 сарын дундуур ханиад хүрэв. Өрхийн эмнэлэгт үзүүлтэл олон тооны антибиотек бичиж өгөв. 7 хоног уух антибиотек үнийн дүн 75,000₮. Гомдмоор ч юм шиг. Өнөөдөр Монгол хүний дундаж цалин хэд билээ? Хэрвээ би мөнгөгүй ажилгүй байвал үхэх л сонголт байх шиг. Ханиад хүрсэн гэж ярих ч эрхгүй. Учир нь насанд хүрсэн хүн өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлага хүлээх үүрэгтэй. Өвчин тусаж байгаа бол наадах чинь чиний арчаагүй , ажилгүйгийнх гэх хэсэг бүлэг хүмүүс байдаг. Мэдээж буруутгах арга байхгүй. Би дархлаагаа дэмжээгүй учраас ханиад хүрсэн нь миний буруу. Мөн өөр газар амьдарч болох боломж байсаар байтал Улаанбаатарт байгаад байгаа нь бас л миний буруу гэж либертари үүднээс тайлбарлаж болно.
1 сарын дундуур дахин ханиад хүрэв өрхийн эмчид үзүүлхэд 45,000₮-н эм бичиж өгсөн ба 3 хоногийн дараа дахин үзүүл гэв. Дахин үзүүлэхэд хатгаа авсан тул эмнэлэгт хэвт гэв. Дүүргийн эмнэлэгт хэвтэхээр очиход ор байхгүй, хоногийн 15 мянгаас-45 мянган төлбөртэй ор л байна. 4 сар хүртэл хүлээж болно гэх. Эмнэлэгт хэвтэхээс өмнө шинжилгээ өг гэнэ. Таваас зургаан төрлийн шинжилгээний үнийн дүн нийт зуун хорин мянга орчим болов. Чээжний зураг авхуулсан шинжилгээний төв , үзлэг хийсэн эмч нар нь үзлэгийн мөнгө гэж 45 мянгаас жаран мянган төгрөг авах боловч ямар ч санхүүгийн баримт бичиг өгөөгүй нь гайхшрал төрүүлнэ. Ингээд эмнэлэгт хэвтэх хоногоо тооцоод ,эмнэлгээс гарсны дараа уух эмээ тооцоод 400,000₮ орчмийг ханиад болон уушигны хатгалгаанд зориулав.
Яагаад ч юм эм маш үнэтэй санагдаж байв. Ширхэг нь 7000-8000 төгрөг гээд л даатгалаар хөнгөлүүлж болно гэсэн ч даатгал нь сарын эхний өдрөө дуусчихдаг. Одоо хөнгөлөлт байхгүй гэсэн эмийн санчийн тайлбарууд л угтаж байна. Эм үнэтэй байгаа шалтгаан нь юу вэ? Яагаад энэ үнэтэй эмийг уусан ч дээрдэдгүй вэ? Яагаад хорт хавдараар нас барсан хүний тоогоороо дэлхийд тэргүүлдэг вэ? Яагаад хатгалгаа өвчнийг дарж чадахгүй ганцхан жилд 400 гаруй хүн зөвхөн хатгаанаас болж нас барж байна вэ? Дээрх асуултуудын хариултыг хайх гэж үзэе.
Нэг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлдэг үү?
Үндсэн хуулиараа Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатар хот агаарын бохирдолоороо дэлхийд тэргүүлнэ. Мөн хөрс болон усны бохирдол ч ихээхэн яригдана. Боддоо гэр хороололын ихэнх айл гүний усаар ундаална. Газар ухаж гүний ус гаргана ,мөн газар ухаж жорлон барина. Улаанбаатарын 70 хувь нь гэр хороололд амьдардаг гэж үзэн 100 гаар тооцвол 70 нь хашаандаа жорлонтой. Жорлонд ямар ч ариутгал хийгдэхгүй ба зундаа үер болж урсах нь энүүхэнд.Өвөл угаадсаа шууд л гудамжруугаа цацна. Хөлдсөн угаадас дээр зарим нь халтирч унан хөл гараа гэмтээх бол хавартаа хашаанааасаа зайлуулсан угаадсаараа өөрсдөөрөө амьсгална. Зуны халуунд ч бид тэр баас шээсээр амьсгалсаар , бараг л хоолтойгоо хольж идсээр аж төрнө. Хөрсний бохирдолоос үүдэн Гэдэсний халдварт өвчин болох цусан суулга, халдварт шар, туузан хорхой, сүрьеэ, амьсгалын замын өвчин үүсгэдэг. 2019 онд сүлжээ түргэн хоолны газраас олон хүн хордлоо, ..... хорооллын ус нь бохир байсан тул мөн олон хүн хордож халдвартад хэвтлээ гэх мэдээнүүд ээлж дараалан гарч байсан нь манай хотын хөрсний бохирдол ямар байгааг харуулна. Хаана амьдарч байгаагаас үл хамааран халдварт өвчин тарна. Яг л чи баян байгаад яахавдээ чиний улс ядуу байхад гэдэг шиг. Ер нь улсаараа, нийтээрээ хариуцлагатай хандахгүй бол улсаараа өвчин тусах магадлал өндөртэй.
Дээрхээс харахад бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэж чадахгүй байна.
Хоёр. Эмийн хэрэглээ
Замбараагүй эмийн хэрэглээ газар авч байсан бол сүүлийн жилүүдэд гайгүй болсон мэт. Учир нь эмийн сан ороход эмийн бичиг зайлшгүй шаарддаг болжээ. Насанд хүрсэн хүн нэг ханиаданд 50-60 мянган төгрөг зарцууулдаг ба өвлийн улиралд хэдэн ч удаа ханиад хүрэх боломжтой. Олон төрлийн антибиотекийг олон хоног дараалж уугаад ч эдгэхгүй байх тохиолдол элбэг. Мөн улаан үүдээс эм авахад хамаагүй хямд байдаг бас чанартай мэт санагддаг гэх хүмүүс нилээн байдгийг мэдэх ба манай улсад чанаргүй мөртлөө үнэтэй эм орж ирдэг юм болов уу гэх хардлага төрнө. Байр болгоны нэг давхарт байрладаг эмийн сангуудыг харахад эмийн бизнес хүнсний дэлгүүртэй адил ашигтай ажилладаг мэт.
Нэмэлт. Корона вирус
БНХАУ-н Вухан хотод Корона гэх вирус дэлгэрч уг вирусын улмаас олон хүн амь насаа алдаад байна. 2020 оны 2 сарын 12-ний байдлаар 1100 орчим хүн амь насаа алджээ. БНХАУ бол Манай улсын хөрш, дэлхийн хоёр дахь том эдийн засаг мөн хамгийн том зах зээл , мөн Их гүрэн юм. БНХАУ уг вирусыг дарж чадахгүй байгаа нь байдал ямар байгааг харуулна. Даяарчлагдсан дэлхий буюу улс орнууд харилцан бие биенээсээ хамааралтай болсон энэ цаг үед БНХАУ-д гарсан уг вирус дэлхийн ихэнх улс оронд эерэг болон сөрөг нөлөөллийг авчирна. Дээр дурьдсанчлан БНХАУ бол дэлхийн хамгийн том зах зээл , том импортлогч бөгөөд халдвар гараад буй уг бүс нутагт томоохон үйлдвэрүүд байршдаг ба Хятад аялагчдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг бол уг вируснээс үүдэн дэлхийн аялал жуулчлалын салбар өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад унах магадлалтай. Зөвхөн манай улсын хувьд л гэхэд бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ихэнхийг урд хөршийг авдаг. Коронагаас үүдсэн хөл хорио, манай улсын эдийн засагт хохирол авчирна. Үүний нэг жишээ нь нүүрс гаргахаа багасагасан явдал юм. Хоёрхон улсаар хүрээлэгддэг манай улсын хувьд хөршүүд маань тогтвортой , өсөлттэй байх нь манай улсад ихээхэн чухал.
Корона вирус дэлхийн бусад улс орнуудад ч хурдацтай тархаж байна. Манай улсын хувьд ойрын хөрш учир аюултай бүсэд багтаж байна. Монголын эрүүл мэндийн яам цаг тухай бүрд нь ард түмэндээ мэдээ, мэдээлэл ,сэрэмжлүүлэг өгч байгаа ч хатгаанаас үүдэн 400 гаруй хүн амь насаа алдаж байхад уг вирус орж ирхэд манай улс яах нь ихээхэн эргэлзээтэй.
Бид хатгаагаа дийлж чадахгүй , зөвхөн хатгаанаас 400 орчим хүн амь насааа алддаг гэдэг нь манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ ямар гэдгийг харуулна.
Дээрх тоо баримтууд зөвхөн насанд хүрсэн нэг хүний хэрэглээг харуулж байгаа бол бага насны хүүхэдтэй айлууд нэг өвөл ханиаданд хэдэн төгрөг зарцуулдаг нь эргэлзээтэй.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө тэмцэхгүй бол уушигны хатгалгаа, ханиад мэтийн өвчнөөс үүдэн хэдэн зуун хүн 21- зуунд амиа алдаж байна. Орчны бохирдол дээрх өвчлөлийн гол шалтгаан мэт.
Эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө бүх нийтээрээ хөдлөх цаг ирсэн мэт.
Сэтгэгдэл бичих