Нийтлэл 02 сарын 20, 2020

УУЛ УУРХАЙ: Металл Рений нээгдсэн түүхээс

Ре́ний (лат. Rhenium)-химийн элемент, Д.И.Менделеевийн үелэх системийн 75 дахь дугаарт байрлах  гялалзсан мөнгөлөг цагаан өнгөтэй металл юм. Металл нунтаг нь тархсан байдлаас хамаарч хар эсвэл хар саарал өнгө үзүүлдэг.

Физикийн шинж чанар:

Физик шинж чанарын хувьд хамгийн нягт, хатуу металлын нэгд тооцогддог (нягтрал - 21,02 г / см³). Хайлах температур нь 3459 K (3186 ° C) буцлах температур нь 5869 K (5596 ° C) хүрдэг. Парамагнитик , зургаан талст өнцөгт болор сүлжээ (a = 0.2760 nm, c = 0.4458 nm) (a = 0.2761 nm, c = 0.4456 nm)

Рени нь VI бүлгийн галд тэсвэртэй металлууд (молибден, вольфрам) мөн цагаан алтны бүлгийн металлуудтай ойролцоо шинж чанартай. Хайлах температурын хувьд өндөр температурт хайлдаг металлуудаас хоёрдугаарт буюу вольфрамын дараа  харин нягтаараа дөрөвдүгээрт (osmium, iridium, platinum дараа) ордог. Рени буцлах температурын хувьд  химийн элементүүдийн дундаас хамгийн өндөр температурт буцалдаг элемент.

Рений бол газрын ховор металлын бүлэгт багтах бөгөөд дэлхийн царцдасны хамгийн ховор элементүүдийн нэг юм. Дэлхийн царцдас дахь түүний агууламжийг массаар 7*10-8 гэж тооцогддог. Рени нь галд тэсвэртэй металл ба хэт өндөр температурт (1000°-2000° С°) удаан хугацаанд тэсвэртэй байж чадах металл юм. Энэ металл нь 100° С-ээс ихгүй температурт устөрөгч ба давсны хүчлийн уусмалд тэсвэртэй, рени нь азоттой харьцаж урвалж ордоггүй.

Рений нь давталт халаалт, хөргөлтийг бат бөх чанараа алдалгүйгээр тэсвэрлэдэг ба 1200° С хүртэлх температурт түүний бат бөх чанар алдалдалгүй бөгөөд вольфрам  молибдений бат бөх чанараас хамаагүй илүү юм. Мөн Ренийн цахилгаан эсэргүүцэх чадвар вольфрам ба молибденээс 4 дахин илүү байдаг.

Химийн шинж чанар:

Ренийн нэгдлүүд ердийн температурт агаарт тогтвортой байдаг бөгөөд 300° С-ээс дээш температурт металлын исэлдэлт ажиглагдаж 600° С-ээс дээш температурт исэлдэлт эрчимтэй явагддаг. Рени вольфрамаас илүү исэлдэлтэд тэсвэртэй, азот, устөрөгчтэй шууд урвалд ордоггүй рений нунтаг нь зөвхөн устөрөгчийг шингээдэг. Халах урвалын  үед рени нь фтор, хлор, бромтой харилцан үйлчилдэг.

Рени нь давсны болон устөрөгчийн хүчилд бараг уусдаггүй бөгөөд халаах үед хүхрийн хүчилтэй бага зэрэг урвалд ордог боловч азотын хүчилд амархан уусдаг. Мөн Ренийг устөрөгчийн хэт ислийн усан уусмалаар харилцан үйлчлэж ренийн хүчил үүсгэдэг.

Геохимийн шинж чанар:

Химийн чанараараа Рений нь үелэх систем дэх молибден, вольфрам зэрэг хөрш элементүүдтэй төстэй гэж дээр дурдсан тэдгээр элементүүдийн дотор жижиг хольц хэлбэрээр тархан оршдог. Рений орших үндсэн   эх үүсвэр бол зарим зэс профирийн орд газар дахь зэс-молибдений хүдэр бөгөөд Мо-ны баяжмалтай дагалдах элемент болон гарч ирдэг.

Рени нь тогтвортой изотоп бүхий хамгийн сүүлд нээгдсэн элемент түүнээс сүүлд нээгдсэн бүх элементүүд (түүний дотор зохиомол элементүүд) тогтвортой изотопгүй элементүүд байдаг.

Онцлог шинж чанарууд:

Рений яагаад онцгой байдаг вэ? Энд доорх хэд хэдэн шалтгаанууд бий:

Ер бусын өндөр температурт хайлдаг 3180°C орчимд хайлах бөгөөд энэ нь вольфрам ба нүүрстөрөгчөөр илүү юм. Энэ шинж чанараас нь галд тэсвэртэй металл хайлш бий болгох (дулааны үйлчлэл, элэгдэлд маш тэсвэртэй) боловч карбид үүсгэдэггүй цорын ганц металл юм.

Өндөр нягтрал нь зөвхөн iridium, osmium болон platin-ээс давсан байдаг.

Уян хатан бус шинж чанартай шилжилтийн температур байхгүй. Энэ нь үнэмлэхүй тэгээс (-273.15°C) хайлах цэг хүртэл уян хатан хэвээр байдаг (өөрөөр хэлбэл уян хатан материал болон хувирах чадваргүй) өвөрмөц элемент юм.

Рений нь өндөр даралтын үед маш тогтвортой, хатуу (уян хатан чанар) бүх металлуудаас уян чанарын хувьд гуравдугаарт ордог.

Өндөр цахилгаан эсэргүүцэх чадвартай гэсэн хэдий ч рени-молибдений хайлш нь үнэндээ 10°K (-263.15°C) -т хэт өндөр цахилгаан дамжуулагч болж хувирдаг.

Элэгдэл ба үрэлтэд тэсвэртэй байдал: жишээ.нь янз бүрийн даралт гулзайлтын үед аажмаар хөдлөх эсвэл бүрмөсөн деформаци хийх хандлагатай.

Химийн урвалд онцгой тэсвэртэй Рени нь азот, хүхэр, фосфорын хүчлийн үйлчлэлд тэсвэртэй бөгөөд химийн бодисыг устөрөгчжүүлэхэд (устөрөгч – Н2) маш үр дүнтэй ашиглаж болдог.

Рени гаргаж авах технологи:

Эдийн засгийн ач холбогдол бүхий Рени  ихэвчлэн зэс, молибдений сульфидын хүдэр эрдсүүдийн дотор маш бага хэмжээгээр агуулагдах бөгөөд тэдгээр эрдсийг баяжуулах боловсруулах үйл ажиллагааны  үед түүнийг ялгаж авдаг.

Ер нь бол цэвэр металл Ренийг молибден болон зарим зэсийн баяжмалаас гаргаж авдаг. Молибдений баяжмалын уусмал дахь Рений эзлэх хувь 0.01-ээс 0.04%, зэсийн баяжмалд 0.002-0.003% хооронд байдаг. Зэс молбидений сульфидийн хүдрээс рени агуулсан зэс, молибдений баяжмалыг авч цаашид боловсруулах  пирометаллургийн процессын үед (хайлуулах, хувиргах, исэлдүүлэх) үүсэх тоос хий утаанд Re агуулагддаг бөгөөд өндөр температурт илүү их исэлдсэн Re2O7 ялгардаг.

Энэ  ялгарсан Re шатаах зуухнаас гарсан утаа тоос, лаг шлам цуглуулах системд хуримтлагддаг. Металл Re-г  перренат аммония болон устөрөгчөөр ангижруулан дараах урвалаар гаргаж авч болдог.

2NH4ReO4+7H2=2Re+2NH3+8H2O

Рени ялгах технологийн процессын бүдүүвч зураг:

1-шатаах зуух, 2- циклон, 3- хуурай электрофильтр, 4- труба Венутри, 5- вентилятор, 6- скруббер, 7- хүхэрт хийг шингээгч, 8- яндан хоолой:

Зэсийн сульфидын хүдэрт Рени нь ReS2, CuReS4 нэгдлүүд үүсгэн бага хэмжээгээр оршдог бөгөөд зэсийн хүдэрт 1,0-1,5г/т оршин ба зэсийн баяжмалд 5-6г/т бүр 20-35г/т хүртэл агуулагдах нь бий.

Шатаах зуухнаас гарсан Рени агуулсан утаа тоосноос үүссэн хаягдал лаг шлам  дахь Ренийг хүхрийн хүчлийн сул уусмалаар  уусган исэлдүүлж дараа нь хандлалт шингээлтийн үйл ажиллагаагаар ялган авдаг технологи бий.

Энэ процессын үр дүнд перренат аммония авах бөгөөд устөрөгчийг зайлуулсны дараа  рений нунтаг үлдэнэ. Нунтаг Рений цаашид боловсруулахдаа нунтаг металлурги буюу хэсэгчилсэн хайлах аргыг ашигладаг.

Зэсийн баяжмалыг хайлуулах процессын үед Рени хий ууртай хамт ялгаран (тэнд рений агуулга 56-60% хүрдэг) гардаг. Бүрэн сулраагүй рени нь бүхэлдээ царцсан шлам болсон хаягдлыг өндөр температурт шатаахад түүний дотор байсан рений нь хий төлөв байдалд шилждэг. Тоос хий уур баригч төхөөрөмжид хуримтлагдсан Рени агуулсан лаг шлам тунадсыг хүхрийн хүчлээр угааж уусган авдаг. Зэсийн баяжмал боловсруулах үед ренийг ялган авахдаа хүхрийн хүчилд угааж уусгах  ба  уусмалаас  цэвэр металл ренийг салгаж авах үндсэн арга бол сорбци  буюу шингээлтийн арга юм.

Рений нээгдсэн түүхээс:

Немецийн химич Вальтер Ноддак 1925 онд рентген спекторын аргаар 1600 гаруй эрдэс элементүүдийг судлан шинжлэх үедээ үелэх системийн 75-р байранд тохирох металл Ренийг олж нээсэн. Туршилт судалгааны ажил явагдсан газар нутгаар урсаж буй Рейн мөрний нэрээр шинэ нээгдсэн элементдээ нэрлэсэн байна.

Хамгийн анх Германы Мансфельдийн уул уурхайн комбинат зэсийн баяжмал хайлуулах  үедээ Ренийг ялган авч эхэлсэн бөгөөд анхны 1грамм Ренийг1929 онд 660кг молибдений баяжмал боловсруулах үед гарган авч байжээ.  Тэр үеээс Герман Улсад цэвэр металл Рени үйлдвэрлэл эхэлсэн гэж үздэг. 

Тухайн үед тэр комбинатын Рени үйлдвэрийн хүчин чадал жилд 120 кг хүрдэг байсан бөгөөд  тэр үеийн дэлхийн нийт хэрэгцээг бүрэн хангадаг байсан байна.  Харин 1943 онд АНУ-д молибдений баяжмалыг гидрометаллургийн аргаар боловсруулсны дараа анхны 4,5 кг ренийг гарган авч байсан түүхтэй.

Дэлхийн нийт Рений үйлдвэрлэл 1940 он гэхэд нийтдээ 400кг хүрч байсан бөгөөд 50 хувийг нь Герман улс дангаараа үйлдвэрлэдэг байжээ. Тэр үед Ренийг дулаан боловсруулалт ба электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэлд ашиглаж байсан бөгөөд 1970-аад оноос Ренийг өндөр чанартай бензин бусад нефтийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд катализатор болгон хэрэглэж эхэлсэн.

Энэ үеэс эхлэн түүний эрэлт хэрэгцээ эрс өсөн нэмэгдэж 40-45 хувь нэмэгдсэн ба 1981 он гэхэд  бүх дэлхийн Рений үйлдвэрлэл жилдээ 13-15тн хүрч өссөн. Дэлхийн нийт Рений үйлдвэрлэл 2006 онд 48,6 орчим тонн хүрсэн байна.

Түүхий эд, нөөц эх үүсвэр

Металл Ренийг дангаар нь олборлон баяжуулж буй үйлдвэр уурхай дэлхийн хаана ч байдаггүй  бөгөөд Рени нь үндсэндээ молибдений баяжмалаас гаргаж авдаг дайвар бүтээгдэхүүн бөгөөд зэс порфирийн ордуудад дагалдан оршдог металл юм. Цэвэр металл Ренийг ихэвчлэн зэс молибдены баяжмал хайлуулах зуухны утаа, тоос хийнээс гаргаж авдаг тухай дээр танилцуулсан.

Ренийн томоохон нөөц бүхий орд өнөөгийн Казахстан Улсын Жезказганын ойролцоо   (зэсийн сульфидын  эрдсүүдэд (CuReS4) тоосонцор хэлбэрээр орших) байдаг бөгөөд энэ уурхай орд газар ЗХУ-ын үед Рений үйлдвэрлэлийн гол эх үүсвэр байсан. Мөн рени нь бохирдол тоос хэлбэрээр колумбит ба пиритийн дотор бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд циркон, газрын ховор элементүүдэд бага хэмжээгээр агуулагдах нь бий.

Дэлхийд хамгийн их металл Рени үйлдвэрлэгч  орон бол Чили  дараа нь АНУ, Польш, Хятад, Казахстан зэрэг улс орнууд ордог.  Лондон дахь металл эрдэс баялгийн судалгааны газраас (Roskill Information Services Ltd) сүүлийн жилүүдийн дэлхийн хэмжээний рени үйлдвэрлэлийн тоо хэмжээ, улс орнуудын тухай мэдээлэл эмхэтгэн гаргадаг.

Дэлхийн тэргүүлэх Рени үйлдвэрлэгч улс орнууд ба үйлдвэрлэлийн хэмжээ (кг)

Манай дэлхий дээр эдийн засгийн хувьд үр ашигтайд тооцогдсон  ренийн цорын ганц орд бол ОХУ-д бий бөгөөд  түүний нөөц 10-15 тонн орчим гэж тооцогддог. ОХУ-н эрдэмтэд 1992 онд Сахалин мужийн Курилийн бүлэг арлуудын  нэг Итуруп арлын Кудрявый галт уулаас оргилох уур хий утаанд Рений маш ихээр агуулагдаж байгааг олж тогтоосон. Тэр орд газар Рений нь рибит ReS2 эрдэс хэлбэртэй, молибдениттэй төстэй бүтэцтэй оршдог байна.

Галт уулын дээд хэсэгт байрлах Калдера талбарын өндөр температуртай халуун хайлмаг шингэний тогтмол эх үүсвэртэй  ~ 50х20 м хэмжээтэй фумаролийн талбарт буюу галт уулын хий уур оргилох тогоо буюу талбайн үнс нурманд хуримтлагддаг байна. Ийм талбай нь байнга тогтмол үүсдэг бөгөөд янз бүрийн тооцоогоор жилд 10-аас 37 тонн рени агуулсан уур хий утаа ялгаруулдаг гэж тогтоосон. Тэр галт уулнаас оргилж буй уур хий утаанд зөвхөн сульфид Рений (ReS2) агуулагддаг бөгөөд түүний агуулга 80 % хүрдэг ба нэг хоногийн хугацаанд галт уулнаас гарсан 50.000 тн уур хийнээс 20тн Рений ялгардаг гэсэн тооцоо судалгаа хийгдсэн.

Харин түүнийг ямар арга технологиор ялган авах судалгаа шинжилгээний ажил явагдаж байгаа бөгөөд галт уулын фумаролийн талбайн хийн уураас рени болон бусад ховор металлыг ялгаж авах боломжтой болох нь батлагдсан. Өндөр температур бүхий галт уулын хий уураас ReS2 гаргаж авах арга технологийг боловсруулах судалгаа шинжилгээний ажил явагдаж патентжуулсан байна.

Дэлхий дээр байдаг цорын ганц энэ талбайгаас рени, инди, германий болон бусад ховор металлуудыг ялгаж авах судалгаа шинжилгээний ажил нь  ирээдүйд ховор металлуудыг олборлох үндсэн арга технологийг тодорхойлож байна. Эрдэмтэн судлаачид галт уулын фумаролийн уур-хийнээс ховор металлуудыг ялгаж авах  энэ арга технологи нь эрдэс түүхий эдийн шинэ эх үүсвэр болно гэж үзэж байна.

ОХУ-н хувьд полиметаллын ордуудад Ренийн хамгийн их нөөцтэй бөгөөд зэс-порфирийн ордын (дэлхийн ренийн үндсэн эх үүсвэр) зэс-молибдений хүдэрт бага хэмжээгээр оршдог.Урьдчилсан таамаглалаар ийм зэс- проферийн ордод орших Ренийн нөөцийн  хэмжээ 2,900 тонн хүрнэ гэж тооцсон бөгөөд энэ нь нийт нөөцийн 76% эзэлдэг байна.

Эрдэмтэн судлаачид Ренийн дэлхийн нийт нөөц ойролцоогоор 13,000 тонн бөгөөд молибдений түүхий эдэд 3500 тонн, зэсийн хүдэрт 9,500 тонн бий гэж үздэг. Дэлхий нийтийн Рени хэрэглээ жилд 40-50 тонн хэмжээтэй гэж үзвэл энэ металл нь хүн төрөлхтний хэрэгцээг  250-300 жил хангах магадлалтай гэж үздэг.

Ер нь бол зэс  молибдены сульфидын хүдрийн  баяжмал бол рени үйлдвэрлэх үндсэн түүхий эд бөгөөд тэдгээрт агуулагдах рений агууламж 0.002-0.005% хүрдэг байна.

Дэлхийн нийт рени үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг энэ эх үүсвэрээс авдаг бөгөөд үлдсэн хэсгийг нь хаягдал хоёрдогч түүхий эдээс гаргаж авдаг. Рени тарцианит (Cu, Fe) (Re, Mo)4S8 (53.61% -Re) агуулсан өөр нэг орд газар бол Финляндын Хитура Зэс Никелийн сульфидын орд газар  юм энэ уурхайгаас зэсийн баяжмалтай хамт Ренийг гаргаж авдаг.

Эрэлт Хэрэгцээ ба Үнэ ханш:

Ренийн гол хэрэглээ нь өндөр температурт ажиллах чадвар бүхий турбин хөдөлгүүрийн эд ангиуд ба түүний бүрэлдэхүүн хэсэг мөн нефть боловсруулах үйл ажиллагаанд катализатор болгон хэрэглэгдэг бөгөөд эцсийн хэрэглээний 80% ба 15% -ийг энэ салбарууд эзэлдэг.

Биметалл платин-рениум катализатор 1968 онд нээгдсэнээс хойш хар тугалгагүй өндөр октантай бензин үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж эхэлсэн бөгөөд газрын тос боловсруулалтыг шинэчлэн үр ашгийг эрс нэмэгдүүлсэн байна.

Үүнээс хойш газрын тос боловсруулах үйл ажиллагаанд өргөн ашиглаж эхэлсэн бөгөөд дэлхийн Ренийн эрэлт хэрэгцээ ч эрс нэмэгдсэн.

Рени нь дээр дурдсан онцгой шинж чанаруудыг агуулдаг учир зарим улс оронд үйлдвэрлэлийн чухал ач холбогдолтой "стратегийн түүхий эд металл" гэж тооцогддог. Рени агуулсан супер хайлшийг өндөр хүчин чадалтай цэргийн тийрэлтэт нисэх онгоц болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэхэд ашигладаг ба цэрэг стратегийн чухал ач холбогдолтой элемент гэж үздэг.

Жишээ нь АНУ-ын засгийн газраас энэ металлыг стратегийн нөөц түүхий эд материалд багтаан тооцдог бөгөөд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигладаггүй ч (цэрэг зэвсгийн маш чухал эд ангиуд үйлдвэрлэлд ашигладаг) Рени агуулсан супер хайлшнуудыг цэрэг батлан хамгаалах салбартаа өргөн ашигладаг.

АНУ-н хувьд 2007 онд гэхэд нийт рени ашиглалтынхаа 20% -г газрын тос боловсруулах шинэ катализаторуудад (дэлхийн нийт рени ашиглалтын 15%) ашигласан гэж (USGS ) Геологийн Судалгааны Албанаас нь мэдээлж байсан. Биметалл платин-рениум катализаторыг өндөр октантай нүүрс устөрөгчийн үйлдвэрлэлд өргөн ашигладаг бөгөөд эдгээр нь хар тугалгагүй хий түлш үйлдвэрлэхэд зориулагддаг.

Ер нь АНУ-н хувьд хэрэглэж буй рений 60% (дэлхийн хувьд 77%) супер хайлш үйлдвэрлэхэд ашигладаг болохыг дээрх USGS буюу геологийн судалгааны албанаас мэдээлсэн байдаг. Ренийн онцгой шинж чанаруудыг агуулсан хайлш буюу нэгдлүүдийг (супер хайлш) цөмийн энерги цахилгаан үйлдвэрлэл, өндөр даралт температурт ажиллах хий уурын турбинуудад ашигладаг.

Тийрэлтэт хөдөлгүүрийн хамгийн чухал эд анги болох өндөр температурт ажиллах уурын даралтат турбины ирийг рени агуулсан хайлшаар хийдэг. Ренийг никель болон бусад металлууд (молибден, вольфрам) хамт хайлуулан супер хайлшнуудын гаргаж авдаг бөгөөд өндөр температурт (1000°С) тэсвэртэй бат бөх шинж чанартай эдгээр хайлшаар пуужин ба дуунаас хурдан онгоцны хөдөлгүүрийн эд ангиудыг үйлдвэрлэдэг.

Түүнээс гадна никель ба рениум хайлшийг дотоод шаталтын хөдөлгүүрийн турбиний ир, тийрэлтэт хөдөлгүүрийн яндан үйлдвэрлэлд өргөн ашигладаг.

Энэ металлыг цэргийн нисэх онгоцон үйлдвэрлэлд олон жилийн турш ашиглаж ирсэн бөгөөд АНУ-н байлдааны сөнөөгч онгоц F-16S ба F-22S ба F-35S -ийн тийрэлтэд хөдөлгүүрүүд үйлдвэрлэхэд өргөн ашигладаг ба саяхнаас иргэний нисэх онгоцны хөдөлгүүрт ашигласан эхэлсэн.

Өндөр температурт ажиллах чадвартай рений агуулсан хайлш ашигласнаар тийрэлтэт хөдөлгүүрүүдэд түлшний хэмнэлт бий болдог бөгөөд Боинг 777 онгоцны хөдөлгүүрийн эд ангиудыг рени агуулсан супер хайлшаар хийдэг. Хэт өндөр температурт шатсан түлшнээс нүүрстөрөгчийн давхар исэл ялгаралт буурдаг тиймээс түүнийг байгаль орчинд ээлтэй “ногоон элемент” гэж нэрлэх нь бий.

Нэмж дурдахад ренийг батлан хамгаалах зориулалттай цэрэг армийн техник ялангуяа радио долгионд үл баригдагч нисэх онгоц үйлдвэрлэхэд өргөн ашигладаг бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрийн утаанаас үүсэх дулааныг хянах ба дулааны тогтвортой байдал үүсгэх шинж чанарыг нь ашигладаг.

Rolls-Royce, General Electric, Pratt & Whitney гээд олон компаниуд өндөр температурт ажиллах чадвартай Ренийн супер хайлшаар орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүрүүдийн турбины эд ангиуд үйлдвэрлэдэг  бөгөөд рени нь үнэтэй, ховор метал учир онцгой давуу талуудыг ашиглан  бусад металлуудтай хольж хайлш гарган авахаас бусад тохиолдолд түүний хэрэглээ хязгаарлагдмал байдаг юм.

Мөн рени супер хайлш ашиглан маш нарийвчлалтай тусгай багаж хэрэгслийн эд ангиуд үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд жишээ нь вольфрам-ренийн хайлшаар хийсэн термопар нь 2200°С хэм хүртэл температурыг хэмждэг. Ренийн хайлшаар спектрометр ба ионы монометр, катодын утас үйлдвэрлэхэд өргөн ашигладаг.

Эдгээр тохиолдолд ренийгээр бүрсэн вольфрамыг ашигладаг мөн Рени нь аливаа химийн урвалын хувьд тэсвэртэй тул хүчил, шүлт, далайн ус, хүхрийн нэгдлүүдийн нөлөөнөөс металлыг хамгаалах бүрхүүл үүсгэхэд ашиглах нь бий.

Анагаах ухаанд ренийг эмнэлгийн тусгай багаж хэрэгслийг үйлдвэрлэх ашигладаг ба тэдгээр багаж хэрэгслийг эмчилгээ, судалгаа шинжилгээний ажилд ашигладаг.

Ренийг вакуум орчинд ажиллах багаж хэрэгсэл үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд термопар, катод, цахилгаан холбогчид үйлдвэрлэхэд ашигладаг мөн гоёл чимэглэлийн зүйлс, үнэт эдлэл хийхэд ашигладаг ба металл үнэт эдлэлийн ренийгээр бүрж гялалзсан өнгөтэй болгоход ашиглах нь бий.

Түүнээс гадна Рений хольцтой хайлшаар металлын гадаргууг хамгаалан бүрэхэд өргөн ашигладаг ба Ренийгээр бүрсэн хамгаалалтын бүрхүүл нь цайр, хромын хамгаалалтын бүрхүүлээс хамаагүй давуу талтай байдаг. Аливаа металл эд ангийн элэгдэлд тэсвэртэй, зэврэлтээс хамгаалах, бат бөх чанарыг нэмэгдүүлэх зорилготойгоор гадаргууг нь бүрхэд түүнийг өргөн ашигладаг.

Сүүлийн жилүүдийн өнгөт металлын зах зээлийн  мэдээллээс харахад ренийн эрэлт, нийлүүлэлт тогтвортой тэнцвэртэй байгаа бөгөөд Roskill агентлагын мэдээлснээр сүүлийн 10 жилийн хугацаанд нийлүүлэлт хурдацтай өсч 35,000 кг-аас 65,000кг хүртэл өссөн байна.

Эндээс үзэхэд Ренийн эрэлт өсөх төлөвтэй байгаа нь агаарын тээврийн шатахууны үнэ өндөр мөн хүрээлэн буй байгаль орчны бохирдлын асуудал хурцаар тавигдаж байгаатай холбоотойгоор агаарын тээврийн компаниуд илүү түлш  шатахуун хэмнэлттэй хөдөлгүүрүүд хэрэглэх болсонтой холбоотой.

Тийрэлтэд хөдөлгүүрийн турбины  эд ангийг үйлдвэрлэхэд ашигладаг супер хайлш дахь Ренийн агууламж  6% хүртэл нэмэгдэх болсон байна өмнө нь энэ агууламж ердөө 3-5% байжээ.

Иргэний нисэх онгоц үйлдвэрлэгч компани Boeing компани 2009 онд  дангаараа  500-505 онгоц зах зээлд нийлүүлсэн бөгөөд 2007 оны 441 онгоц үйлдвэрлэж байсантай харьцуулахад нэмэгдсээр байна. Мөн европын өрсөлдөгч компани болох Airbus компанийн нисэх онгоц үйлдвэрлэл ч 2007 онд 453 байсан бол сүүлийн жилүүдэд 470 болж өссөн.

Дэлхийн хэмжээний Рени хамгийн их худалдан авагчид тийрэлтэд хөдөлгүүр үйлдвэрлэгч General Electric ба Pratt & Whitney компаниуд гэж тооцогддог. Pratt & Whitney компанийн шинэ сэлүүр бүхий турбо хөдөлгүүрүүд нь ойрын 20-30 жилийн хугацаанд тийрэлтэд хөдөлгүүрт нисэх онгоцны зах зээлд томоохон байр суурь эзэлнэ гэж таамаглаж байгаа.

Мөн АНУ-ын цэрэг батлан хамгаалах зориулалттай F-35 нисэх онгоц 3000 орчим, тийрэлтэд   хөдөлгүүр 6000 үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Түүнээс гадна үйлдвэрлэхээр төлөвлөж буй 700 орчим түүнээс дээш тооны F-22 сөнөөгч онгоцны хөдөлгүүрт мөн л 6% рений агуулсан гурав дахь үеийн никель суурилсан супер хайлшийг ашиглана.

Эдгээр шалтгаанаар Ренийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна мөн өөр бусад олон шалтгаанаар сүүлийн хэдэн жилийн турш зах зээлд Ренийн үнэ ханш өсөн нэмэгдсээр байна. Roskill агентлагын мэдээлэлд 2020оны 1-р сарын байдлаар 1кг цэвэр металл Рени 12500доллар хүрч өнгөрсөн онд  ханш 1500 ам.доллар/кг байсантай харьцуулахад огцом өсөн нэмэгдсэн байна. Тэдний судалгаа таамаглалд металл Рени үнэ ханш ойрын  жилүүдэд тогтвортой өндөр байх төлөвтэй гэж мэдэгдсэн.

Доорх графикт сүүлийн хагас зуун жилийн Ренийн үнэ ханшны өөрчлөлтийг харуулав.

Манай улсад Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Молибдены баяжмал боловсруулах Монгол-Швейцарийн хамтарсан “Шим технологи” компани нь 2004 оны 9 дүгээр сард нээгдсэн. Энэ үйлдвэр жилд 3600 тонн молибденийн баяжмал боловсруулан 2500 тонн молибденийн техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай.

Гэвч энэ үйлдвэр ажиллах хугацаандаа ренийг бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэж хараахан чадаагүй гэхдээ жилд 250-300кг Рени үйлдвэрлэж байсан. Одоогоор энэ үйлдвэр хөрөнгө мөнгө, өмчлөл, хууль эрх зүй, санхүүгийн асуудлаас болоод зогссоор байгаа билээ.

Эрдэнэт үйлдвэр жилдээ 5 мянган тонн Мо баяжмал гарган авдаг бөгөөд цаашид Оюу толгой, Цагаан суваргын орд газрын зэс-молибдены баяжмал бүтээгдэхүүнээс рени үйлдвэрлэх боломжтой бөгөөд цаашид судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх шаардлагатай.

Зөвхөн Цагаан суваргын баяжуулах үйлдвэрийн тухайд гэхэд жилдээ 4.4 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ТЭЗҮ хийгдсэн бөгөөд энэ үйлдвэр уурхай удахгүй ажиллаж эхэлнэ. Энэ нь Эрдэнэт Үйлдвэрийн жилд үйлдвэрлэж буй Мо-ны баяжмалын тоо хэмжээтэй бараг дүйж очих бөгөөд шинэ түүхий эдийн ихээхэн нөөц боломж бий нь эндээс харагдаж байгаа бөгөөд молибдений баяжмал боловсруулах үйлдвэртээ боловруулах бүрэн боломжтой юм.

Манай улсын молибдений баяжмал боловсруулах үйлвэрийн технологийг шинэчлэн, дахин ажиллуулах арга зам боломжийг хайх, зэсийн баяжмал боловсруулах хайлуулах үйлдвэр байгуулах төслөө нэн даруй хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.

 Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Молибдены баяжмал боловсруулах Монгол-Швейцарийн хамтарсан “Шим технологи” компани нь 2004 оны 9 дүгээр сард нээгдсэн. Энэ үйлдвэр жилд 3600 тонн молибденийн баяжмал боловсруулан 2500 тонн молибденийн техникийн исэл, 800 кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай.

Гэвч энэ үйлдвэр ажиллах хугацаандаа ренийг бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэж хараахан чадаагүй гэхдээ жилд 250-300кг Рени үйлдвэрлэж байсан. Одоогоор энэ үйлдвэр хөрөнгө мөнгө, өмчлөл, хууль эрх зүй, санхүүгийн асуудлаас болоод зогссоор байгаа билээ.

Эрдэнэт үйлдвэр жилдээ 5 мянган тонн Мо баяжмал гарган авдаг бөгөөд цаашид Оюу толгой, Цагаан суваргын орд газрын зэс-молибдены баяжмал бүтээгдэхүүнээс рени үйлдвэрлэх боломжтой бөгөөд цаашид судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх шаардлагатай.

Зөвхөн Цагаан суваргын баяжуулах үйлдвэрийн тухайд гэхэд жилдээ 4.4 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ТЭЗҮ хийгдсэн бөгөөд энэ үйлдвэр уурхай удахгүй ажиллаж эхэлнэ. Энэ нь Эрдэнэт Үйлдвэрийн жилд үйлдвэрлэж буй Мо-ны баяжмалын тоо хэмжээтэй бараг дүйж очих бөгөөд шинэ түүхий эдийн ихээхэн нөөц боломж бий нь эндээс харагдаж байгаа бөгөөд молибдений баяжмал боловсруулах үйлдвэртээ боловруулах бүрэн боломжтой юм.

Хэрэв бид эрэлт хэрэгцээ ихтэй энэ үнэтэй ховор металлын үйлдвэрлэлийг тогтвортой явуулж чадвал, бидний ашиг орлого өсөн нэмэгдэж санхүүгийн чадавх дээшлэхээс гадна техник технологийн шинэ дэвшил нэвтрүүлэх, инженер техникийн ажилтнуудын мэдлэг чадвар дээшлэх, шинэ ажлын байрууд бий болгох гээд олон давуу талуудыг бий болгох боломжтой.

 

Монгол Улсын Зөвлөх Инженер: Д.Отгонбаатар

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-03-03

    шинэ соргог мэдээлэл байна

arrow icon