Нийтлэл 02 сарын 21, 2020

Популизмыг яаж ялах вэ?

Шинэ, тулгар ардчилсан орны либералуудын туршлагыг арай удаан тогтсон ардчилсан улсад хүргэх нь

LARRY DIAMOND

Дэлхий даяар ардчилалд тулгарч буй хамгийн том сорилт гаднаас бус дотроосоо эхтэй. Орос, Хятад болон бусад дарангуйлагч тогтолцоотой орнуудын манай ардчиллын инстүүц тогтолцоонд нөлөөлөх оролдлоготой эрс шийдэмгий тэмцэх ёстой ч  сүүлийн хэдэн арван жил тохиосон ардчилсан үйл явцыг энэ бүхэн зогсоож чадахгүй. Харин өөрсдийн маань өсгөж бойжуулсан дарангуйлагчид илүү аюултай. Харамсалтай нь ийм хүмүүсийн тоо өссөөр байгаа.

Сүүлийн нийтлэлдээ би гажуу либерал популистуудын зүтгүүлдэг 12 хөтөлбөрийг тайлбарласан. Ийм хөтөлбөрийг дарангуйлагч этгээдүүд өөрсдийн чин хүсэл, улстөрийн амбицдаа тааруулан хэрэгжүүлснээр ардчиллыг булшилчихдаг.  Популистууд ардчилсан тогтолцооны хэм хэмжээ, инстүүц тохируулгыг алхам алхмаар тогтмол сулруулсаар олонхын дарангуйлалд хүргэхдээ улстөрийн сөрөг хүчний эрх, үндэсний цөөнхөөр гул барьдаг юм. Америк маягийн ардчилалсан тогтолцооны үндсийг цутгасан үндсэн хууль боловсруулагсад   “олонхын дарангуйлал” тогтохоос хамгийн их эмээж  байсан учраас л 1780-аад онд ард нийтийн сонгуулиар төрөө байгуулах урд хожид байгаагүй аргыг бодож олсон билээ. Ийнхүү манай үндсэн хуулийн ардчилсан элементүүдийг либерал баталгаагаар (жишээ нь: Bill of Rights-Иргэний эрх) хангаж, бүгд найрамдах засаглалд гүйцэтгэх эрх мэдэл (хуульд захирагдах, шүүх засаглал) болон өөрийн саналаа илэрхийлэх эрх (сенатор, ерөнхийлөгчөө шууд бусаар сонгох хуучин загвар)-ийг ханган эрх мэдлийг тэнцвэржүүлсэн юм.  Үр дүнд нь “a republic”- ард нийтийн засаглал буюу Бенжамин Франклины нэгэнтээ хэлсэн алдартай хэлц “тогтоож чадах юм бол нийтийн засаглал” тогтжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ бүхэн бидний либерал ардчилал (мэдээж төгс төгөлдөр биш л дээ) гэж нэрлэдэг хэлбэрээ олж хөгжжээ.

Цэвэр “олонхын засаглал”-ын инстүүц, эрхзүйн хязгаарлалтууд либерал буюу “өндөр түвшний” ардчиллын гол амин сүнс мөн. Албан болон албан бус хязгаарлалтууд болох шүүх засаглал, парламент, аудитор зэрэг хянагч шалгагч, байцаагчид ерөнхийдөө, төрийн алба, хэвлэл мэдээлэл, их сургууль, бизнесийнхэн болон бусад иргэний нийгмийн бүрэлдхүүн хэсгүүдийн улстөрийн хувьд бие даасан байх чанар руу популист ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй болохын тулд хамгийн түрүүнд дайрч давшилдаг аж. Санасандаа хүрч эдгээр инстүүцийг өөрийн үзэл санаандаа нийлүүлж авахаараа популистуудын хийдэг хамгийн сүүлийн алхам нь сонгуулийн ажиллагаанд хяналт тогтоохыг зорьдог байна. Ингэснээр засаглалын тогтолцоон дахь цэвэр ардчилсан элементүүд гажуудан дахин сонгогдох магадлал нь огцом нэмэгдэнэ.

Дарангуйлагч тогтолцоонд шилжих алгуур үйл явц нэгэн цагт ардчилсан улс байсан Венесуэл, Турк, Шри Ланк, Бангладе, Боливид энэ маягаар өрнөсөн юм. Одоо Филиппинд ид өрнөж байна. Энэтхэгт ардчиллын чанар төдийгүй бүр ардчилсан улс хэвээр байх уу үгүй гэдэг асуудал хурц тавигджээ. Унгар, Польш зэрэг пост-коммунист орнуудад хүртэл сонгуулийн дарангуйллын систем рүү хальтран орлоо. Германы Альтернатив нам, Шведийн Ардчилагчид, Францад Үндэсний Фронт, Италид Лийг гэх мэт үндсэрхэг, гажуудсан либерал намууд өндийснөөр Баруун Европын туршлагатай ардчилсан улсууд хүртэл асуудалд ороод байгаа юм.

Популизм нь задгайрч, ардчиллыг устгаж байхдаа эрх мэдэлтнүүд өөрөө өөртөө хэмжээ хязгаар тогтоохгүй. Ардчиллын суурь элемент болох үзэл санаа, эгэх хариуцлага, хуульд захирагдах ёс руу дайрч давшилж хэлнэ. Эдгээрийг дарж аваад сонгох, сонгогдох эрх чөлөө рүү халдаж бусниулах ажил хийнэ. Хэрэв иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулахгүй л бол шүү дээ. Эсхүл сонгуулиар навс ялагдах хүртлээ сонгуулийн системийг бужигнуулна. Логик дараалал болон түүхээс харахад ардчилалд популистуудын үзүүлж буй аюулаас хамгаалах хамгийн найдвартай, шударга арга нь ардчилсан сонгууль байгаа цагт тэднийг сонгуулиар хөөн зайлуулах боломжтой. Гэхдээ популизмыг нь яаж дарах вэ?

Популизмыг дарахад энэ үзэгдлийн мөн чанарыг сайтар шинжлэх шаардлагатай. Грекийн улстөр судлаач Такис Паппасын “Journal of Democracy” сэтгүүд бичсэнчлэн “Ерөнхийдөө популизм хоорондоо харилцан хамааралтай, бие биенээ өдөөн дэмжсэн дөрвөн үндсэн шинж чанартай байдаг”. Эхлээд харизматик манлайлал, дараа нь улстөрийн гашуун бөгөөд үл зогсох туйлшрал (“сайн талынхан” буюу олонхыг улстөрийн авлигач бүлэглэл, тэднийг дэмжигч долоогчдоос тусгаарлах стратеги), гуравт улс орны хэрэг явдлыг хяналтдаа авах, “ардчилсан инстүүцүүдийг шахах” оролдлого, дөрөвт, “өөрийн дэмжигчид болон ард түмнээ цаг ямагт сөрөг хүчнээс өмгөөлөн хамгаалах арга ажиллагааг системтэйгээр хэрэглэх” юм. Үүн дээр нэмээд цаг зуурын популизм нь айдас түгшүүр, үндэстэн ястны цөөнх, “буруу номын” гэх шашин шүтлэгийг адлах, гадаадуудыг үзэн ядах, олон улсын инстүүцийг муушаах үзлийг дэвэргэн хөхиүлэн дэмжинэ. “Мэдээ мэдээлэл”, зураг дүрс ашиглан ардчилсан замаар гажуудлыг үүсгэн (бүтээж), аюултай хортой “хүмүүс” болох цагаачид, үндэсний цөөнх, гадны эрх мэдэл (дунд нь тоглоомын онол явж л байна)-ээс болж уугуул хүмүүсийн (бүр улс орон тэр чигээрээ) нийгэм эдийн засгийн байдал хэрхэн яаж муудаж байгааг харуулна. Ийм учраас улс орондоо цэвэрлэгээ хийж, улс үндэстнээ “дахин аугаа” болгох тангараг өргөнө.

Энэ нь бодитой, боломжтой төдийгүй түгэн дэлгэрэх аюултай нөхцөл мөн. Уурлаж хилэгнэсэн, итгэл алдарсан, айдаст автсан ард олон популистуудын буруу, муу бүхнийг өмөөрөн өмгөөлөхдөө популист удирдагч өөрийг нь хамгаална гэдэгт гүнээ итгэж байдаг. Намаа, нийгмээ шүүмжлэгч хүмүүсийг гутаан доромжлохдоо хууль журам зөрчиж буй популистыг дарах нь хэцүү ажил байж болох. Гэхдээ саяхны Истанбул, Будапешт, Прага хотын орон нутгийн сонгууль болон авлигатай тэмцэгч Зузана Чапутова Словакын Ерөнхийлөгчөөр сонгогдож, либерал төв үзэлтэй Кыриакос Мицотакис Грекийн Ерөнхий сайд болсон зэрэг үйл явдал, сонгуулийн дүнгээс харахад хэрэв либерал ардчилагчид зөв стратегитэй бол популист нам, лидерүүдийг нам цохиж чадах нь нотлогдлоо. Үүнийг аль болох л хурдан хийх хэрэгтэй. Популизм эрх мэдэлд удах тусмаа инстүүц тогтолцоо гажуудна, энэ хэрээр эрх чөлөө, ардчилал аюулд орно.

Улстөрд суралцах явц одоо хэвийн “урсгал”-аас огцом эргэх шаардлагатай болжээ. Тогтсон ардчилалтай улс орнууд тулгар, залуу улсуудаас суралцах хэрэгтэй. Шинэхэн ардчилалтай, ширүүн тэмцэлтэй улс орнууд нь гажуудсан либерал популизмтай тэмцсэн хангалттай туршлага хуримтлуулж, өөрсдийн давуу хүчтэй талаа, эмзэг сул байдлаа ч сайн мэддэг болжээ.

Популизмын эсрэг тэмцсэн шинэ, тулгар ардчилсан орнуудын туршлага болон тэдний амжилт, алдааг судалсан эрдэмтдийн ажлаас би дараах зүйлийг олж харж байна.

  1. Харизматик, “ерөнхий туйлшрагч”-ийн туйлшралыг ямар нэг хөтөлбөр, арга барилаар дарах гэж оролдох огт хэрэггүй. Хэрэв ингэх л юм бол популистын логик, агуулганд багтаад талбай дээр нь зохиосон дүрмээр нь тоглоод эхэллээ гэсэн үг. Ялагдах магадлал өндөр. Учир нь энэ тоглоомдоо популист улстөрч жинхэнэ ардчилагчдаас гаргууд сайн. Сонгуулийн стратеги бүхэлдээ популилст улстөрчийн хийсэн буруу бүхнийг илчлэх дээр төвлөрдөг тул тухайн популист улстөрчийн дэмжигчид улайрах, шийдвэрээ гаргаагүй сонгогчдыг өөрсдөөсөө түлхэхэд хүргэдэг байна. Иймд:
  2. Оролцоог хангасан сонгуулийн стратеги сонгож, популистын үйл хэрэг, хэлж ярьж буйд эргэлзэж буй тэр хэсэгт анхаарал хандуулан ажилласнаар сонгуулийн тойргийн иргэдэд боломжит хамгийн өргөн хүрээнд хүрэх юм. Өмнөх сонгуулиар популистэд санал өгсөн, нэгэн цагт түүнийг дэмжиж асан хүмүүсийг “хулхидуулагсдын жагсаалт”-т оруулах хэрэггүй. Эдгээр хүмүүсийн ёс суртахуун сэдлийг ч асуух хэрэггүй. Харин тэдний сонирхол, эерэг хандлага дээр тулгуурлан өдөөх хэрэгтэй. Ингэхээр:
  3. “Ингэвэл тэгнэ” гэх барьцах сэтгэхүйгээр ажиллах нь популист улстөрч бусдыг гутаан доромжилдог, хувь хүн өөрийгөө сүйтгэх явдалтай ижил хэрэг мөн. Гутаалт, доромжлолд нь автан нэг түвшинд очиж болохгүй, өөрийн зарчим, хүмүүжил, зан араншиндаа үнэнч бай. Популисттай хэрэлдээд үг хэлээр дийлэхгүй. Харин ч популистын ёс суртахууны түвшин рүү унах тул популистын дэмжигчдийн заримыг өөрийн талдаа элсүүлэх санаа чинь унана
  4. Өрлөг сэтгэл (empathy), даруу зангаа харуулж, популист улстөрчийн хортой арга ажиллагааг дуртайяа саармагжуулна гэдгээ үзүүл. (Өнгөрсөн онд болсон Туркийн орон нутгийн сонгуульд сөрөг хүчний “радикал хайр” гэх нэртэй сонгуулийн стратеги ялалт авчирсан юм). Сонгуульд ялахын тулд популист улс төрч арьс өнгөөр ялгаварладаггүй, дарангуйллыг дэмждэггүй, айдасгүй сонгогчдын хайрыг татах ёстой. Бас популист улстөрчид санаа зовнисон сонгогчидтой сэтгэл хөдлөлийн нэг түвшинд очих ёстой. Аюулгүй байдал, ирээдүйдээ санаа зовсон сонгогчидтой сэтгэл хөдлөлийн нэг түвшинд очихийн тулд ардчилагчид сэтгэл хөдлөлийг ашиглах шаардлагагүй, харин сонгогчдыг ойлгож, сэтгэл зовниж буйгаа харуулах хэрэгтэй гэж Польшийн эрдэмтэд Ярослав Күиш (Kuisz), Каролина Вигура нар ирэх сард Journal of Democracy (дөрөвдүгээр сарын дугаар) сэтгүүлд нийтлэгдэх эсседээ нотлон бичжээ. Чухам юу тэдгээр сонгогчдыг улстөрийн уламжлалт сэтгэлгээ, үнэт зүйлээс нь салгасан юм бол? Өнгөрсөн сонгуулиар энэ хүмүүс яагаад популистуудад саналаа өгсөн юм бэ? “Тогтолцоо” гэх (болон шийдвэр гаргадаг инстүүц тогтолцоо хэрхэн жирийн иргэдээс алслагдсан талаарх) популист хараал үнэний ортой юм биш биз? Соёлын (уламжлалт нийгэм, шашны үнэт зүйл), улстөрийн (сонгосон төлөөлөгчид нь тэднийг анхаарахгүй байх), эдийн засгийн буюу найдвартай ажлын байр, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн сан, эсхүл хүүхдүүдийнх нь ирээдүй гэх мэт олон чиглэлд эдгээр сонгогчдын итгэл алдарсан сэтгэлийг хэрхэн таньж мэдэж, тусгах вэ? Тэгэхээр:
  5. Эерэг, асуудалд төвлөрсөн сонгуулийн стратеги боловсруулж, эрх барьж буй популист засаглалын бодлогын алдаа, эмзэг талыг сайтар товойлгон гаргах хэрэгтэй. Тодорхой, практик, үзэл санаанаас ангид бодлогын хувилбар гаргаж, улстөрийн сөрөг хүчний байр сууринаас төдийгүй популист талынхан ч дэмжихүйц ирээдүйд хандсан өргөн хүрээний кампанит ажил өрнүүлэх шаардлагатай юм.
  6. Үндэсний үзлийг өөрийн улстөрийн сэдэв болгох боломж популистуудад бүү олго. Ардчилал “нийтлэг хамаарал (а sense of common belonging)”- тай байхыг шаарддаг. Ардчилсан үзэл санаа нь улс орныг нэгтгэж буй нийтлэг нэгдмэл бахархал гэх либерал, ардчилсан санааг өөгшүүлэн дэмж. Амжилт олохын тулд ийм либерал үндсэрхэг үзэл нь итгэж болохуй байх ёстой. Итгэл үнэмшил болохын тулд чин сэтгэлийнх байх ёстой. Өөрийн эх орон, ард түмэн, соёл уламжлал, ололт амжилтдаа бахдан бахархахын тулд НҮБ, Парисын гэрээ, олон улсын худалдаа зэргийг адлан муулах шаардлагагүй . Улс орныг аугаа улс болгосон эрх чөлөө, ардчилал, хуульд захирагдах ёсыг тов тодорхой зарлан тунхаглах хэрэгтэй.
  7. Ирээдүйд сайн сайхан болно гэдэгт итгэх итгэл, дэврүүн алсын төсөөллийг бий болго. Ард олныг сэдэлжүүлэх ардчилсан үзэл санаа заавал харизматик, эсхүл радикал байх албагүй. Гэхдээ ухаалаг, технократ мэргэжлийн засгийн газар байгуулна, хүмүүс ашиг сонирхлоо дээдлэнэ гэх рационал хатуу тооцооноос илүү бодож, уран тоглох хэрэгтэй юм. Ричард Никсон (болон түүний талынхан) ард түмэндээ хандсан анхны илтгэлийн агуулга шиг “хүмүүний чанадын нууцхан мөрөөдлийг нь ил гаргах” элемент агуулах ёстой. Популистууд өнгөрсөн түүхэн дээр тулгуурлан энэ мөрөөдлийг өдөөдөг. Гэхдээ “чанадын мөрөөдөл”-ийг ирээдүй цагт тавибал илүү их хүчтэй хөдөлгүүр болдог юм. Гол нь сэтгэл хөдлөлийн болон програмчлах түвшинд хүмүүст итгэл найдвар төрүүлж, бүр өдөөгч хүчин зүйл болох ёстой. Демократууд яагаад улс орны алсын харааг арай өөрөөр буюу илүү оролцоотой, ирээдүйд чиглэсэн бас найдвар төрүүлсэн байдлаар тодорхойлж чадахгүй байгаа нь ойлгомжгүй хэвээр.
  8. Уйтгартай, улиг болсон байж болохгүй. Күиш, Вигура нар мөн либерал ардчилагчдыг сонгуулийн улстөрийн арга барилыг тоохгүй орхиж болохгүй гэдгийг сануулж байна. Өнөө үед бидний амьдрал мэдээллийн их урсгал дунд өрнөж, олон эх сурвалжаас шинэ шинэ мэдээ, мэдээлэл авсаар байдаг. Популистууд энэ орон зайд доромжлох, уур хилэн, зэвүүцэл төрүүлэх, олноор бөөрөлхөхийг турхирах, худал мэдээ тараах зэргээр хурц сэтгэл хөдлөл үүсгэн тоглодог. Үүнийг “инфотэйнмент” улстөр гэж нэрлэнэ. Энэ аргыг ашиглан хүмүүсийг нийгмийн сүлжээнд өдөөн турхирч, уур бухимдлыг нь дэвэргэн, өөрийн талдаа барьдаг юм.  Ардчилагчид итгэл найдвар төрүүлэх, санаа сэтгэл өдөөх мэдээлэл, бодлогын тодорхой хувилбараа амьд, бүтээлч аргаар ард олонд хүргэх боломжтой. Ингэхдээ гол нь итгэл үнэмшлээрээ “өвчлөх” хэрэгтэй.

Европ, Латин Америк, Ази, Африкийн ардчилсан улсуудад тулгарч буй бэрхшээл зовлон нь зөвхөн дээрх асуудлууд л байсан болоосой гэж их бодох юм. Харамсалтай нь даяар дэлхий дээрх ардчиллын ирээдүйг гол тодорхойлогч улс болох АНУ-д ч эдгээр асуудал тулгарчихаад байна. Өдөр өнгөрөх бүр энэ улсын популист ерөнхийлөгч эгэх хариуцлага, иргэншлийн тухай тогтсон ойлголт, хууль дээдлэх зарчмыг нулимсаар. Хэрэв саяхны Сенатаар хэлэлцсэн хамааралтай асуудал нь ийм их гутаалт, доромжлолыг дагуулж байгаа юм бол дахин сонгогдчихвол юу болох бол? Америкийн ардчиллын ирээдүй полулистуудтайгаа тэмцсэн бусдын сургамжийг Ардчилсан нам хэрхэн яаж эрүүл ухаанаар харж, алдаагаа ухаарч суралцахаас хамаарна.

Орчуулсан @altanalim

2020.02.21

Эх сурвалж: https://www.the-american-interest.com/2020/02/20/how-to-beat-a-populist/

Ларри Даймонд нь Стэнтфордын Их сургуулийн социологи, улстөр судлалын профессор, Хүүвэр Институтын ахлах судлаач юм .

 

Холбоотой нийтлэл: Цезариуд мандах цагт

Сэтгэгдэл бичих

arrow icon