Европт гоё сайхан зүйл зөндөө үзэж, хүний сайхан чанартай их таарч сэтгэл зүрх, оюун санаа цэнэглэгдлээ. Уран барилга, соёл, урлагийн өв нь хэчнээн гайхамшигтайг бүгд л шагшдаг. Энэ удаа зүгээр ганган хээнцэр залуучууд бүсгүйчүүдийн тухай ярья. “Европын Холбоо” гэж юу болох тухай олон улсын харилцааны онолын агуулгад бол цуврал тэмдэглэлийн эхнийх буюу “Дайн ба Энх”, олон нийтийн харилцаа ба дэлхий дахины улстөрийн чиг хандлагын талаар бол “Эмоц ба Ухаан” тэмдэглэлээс уншаарай.
За тэгээд гол асуудал, Страсбург хотоос цаашлаагүй ч франц залуучууд ямар супер дэгжин, цэмцгэр, биеэ гоё авч явдгийг бол биширч ирлээ. Дээрээс нь эхэлье. Миний хувьд үсний стилийг бол ёстой янз бүр болгодог Токиод удсан. Ялангуяа төвийн дүүргүүдээр бол залуучууд үсээ янзлахгүй, янз маяг стилтэй тайруулж будалгүй явна гэж бараг байхгүй. Тэр нь нэлээн салон тайралттай учраас ойр ойрхон салон орж янзлуулах, арчилгаа(maintenance) хийх хэрэг байдаг гэсэн. Хамт ажиллаж байсан нэг залуугаас асуухад сард нэг удаа бол салон орох дадалтай гэж хариулж байсан. Гэхдээ япончуудын стилийг бид мэднэ. Өвөрмөц тайралт, содон стилтэй. Франц залуучууд, ялангуяа ажил хэрэгч хүрээнийхэн нь бол айхтар өвөрмөц содон тайралттай гэхээсээ нэг бол ургуулсан, нэг бол цэмцгэр цэвэрхэн тайрсан байдаг харагдав. Хамгийн гол нь хүн нэг бүр үсээ анхаарч гоё ус, гель түрхэж арчилсан байдаг юм байна. Тэгэхээр хүн маш гоё цэмцгэр харагдах юм. Монголд бол миний мэдэхээс Харилцаа Холбооны дарга байсан Ардчилсан намын Жадамбаа, одоо Ард санхүүгийн нэгдлийн Гантулга захирал нар үсээ үргэлж маш гоё цэмцгэр авч явдаг харагддаг. Энэ талаараа бол хуучны сэхээтнүүд бас мундаг байж дээ. Хааяа нэг Хайдав гуайтай гудамжинд таарахаар нас өндөр болж таяг тулсан ч эрвээхэй зангиа зүүгээд үсээ цэмцийтэл хойш нь самнасан таардагсан.
Дараагийн зүйл: сахал. Толгой дараалан сахалтайг хэлэх үү, тэрийгээ нямбай засаж маш гоё үнэртэй ус түрхдэг нийтлэг соёлтой юм байна. Ер нь эрэгтэй хүн үс, сахлаа цэмцгэр засаад сайн ус түрхсэн байхад бусдад цаанаа таатай, эерэг сэтгэгдэл төрүүлэх юм.
Үүний дараагаар ороолт. Адилхан л даавуу хэрнээ тэд ороолтоор бас фаашн хийж чадаж байна. Бараг өөрийнхөө үс, нүдний өнгөнд зохицуулж сонгоод ороочихсон юм уу гэлтэй дэгжин. Хараад байхад өнгөний хувьд голдуу үндсэн өнгийн хувцас өмсдөг хүмүүс юм. Хар, хар хүрэн, бор, хар хөх, гүн цэнхэр гэх мэт. Мэдээж дундаж орлого өндөр учраас үнэтэй, чанартай юм хэрэглэдэг биз. Гэхдээ жишээ нь их чанартай пиджак өмсөөд өнгийг нь тааруулсан ороолтыг орооход бол мөнгөнөөс илүү мэдрэмж ордог байх. Гутал ч гэсэн чанартай, дэгжин гутал өмсдөг соёлтой юм байна. Цув, пальтог бас ороолт, гуталтайгаа, худалч хүнд ардаа чирсэн чемодантайгаа хослуулаад өмссөн харагдана. Манайд Молор-Эрдэнэ доктор Европт удаан амьдарсных бас нэг тийм дэгжин, мэдрэмжтэй хувцасласан харагддаг.
За тэгээд чанартай хувцаслаж, сахал үсээ сайхан янзлаад, таатай үнэр татуулсан дээрээ соёлтой маннертай гэдэг нь жигтэйхэн. Ер нь хүний биеэ авч явах байдал бас тодорхой хэмжээнд тухайн хүний дотоод ертөнц, хандлагыг тусгаж байдаг гэж боддог. Гоозүйн мэдрэмжтэй дэгжин гоё сайхан хүнээс муу муухай юм бага гардаг санагддаг л юм.
Бүтэлгүй хүнд ийм дэгжин залуус нь ямар эелдэг, тусч байдгийг мэдрэх завшаан хэд хэд гарлаа.
Сүлжилдсэн олон шугамтай Токиогийн метрогоор зорчдог байсан хүн ер нь ямар ч хотын метрогоор нүдээ аниад явах чадвар сууна. Тэгж бардаад метроны буудал руу нь яваад орчихлоо. Гэтэл эргүүлдэг тохируулгатай машинд нь задгай зоос хэрэг боллоо. Байдаггүйэ. Ядаж байхад буудлын мэдээллийн цохнууд нь шууд амраад эзгүй болчихдог юм байна, ёстой хачирхалтай. Амардаггүй унтдаггүй хотод амьдарч байсныг хэлэх үү эзэнгүй хаягдсан мэт болоод сандарлаа. Уг нь эрт амардаг, ажлыг зогсоож чаддаг хотын хэмнэл нь зөвийн хувьд зөв санагдсан. Тэгж байтал ард очерлож байсан хүн миний цаасан мөнгийг буцааж өгөөд билет аваад өглөө. Коронавирус гарсан Азиас очсоныг хэлэх үү, Европчууд Азиудыг ялгаварладаг их зантай гэх маягийн стереотаиптай байсныг хэлэх үү тийм найрсаг, соёлтой занд нь хэчнээн баярлав. Билет авч өгснөөр барахгүй зөв шугамд суун суутал дагаж явсан.
Бас нэг дурсамж. Зоосон мөнгөөр цаасан тасалбар аваад баркод уншуулаад суудаг юм байна. Тэрийгээ хаячихвал эвгүйдвэл метронд хонох юм биш үү? Токиогийн метро бол сүүлийн метро зогстол пост нь эзэнтэй байдаг. “Шуман” өртөөнд буугаад гарах гэсэн чинь билетээ олсонгүй. Билет олдохгүй байна гээд хэлэх хүнгүй. Айхтар цул төмөр хаалтууд дотор хэсэг хүн хайж явлаа. Тэгээд гарч чадахгүй зогсож байсан чинь нэг залуу картаа уншуулаад гаргаж өгөв. Бараг хүмүүс нэг нэгэндээ тусална гээд эзгүй хаячихдаг ч юм болов уу гэж бодоход хүрлээ.
Энд залуучуудыг онцолж бичсэн ч эмэгтэйчүүд ч ялгаагүй маш дэгжин, хээнцэр. Европын Парламент дотор ажил хэрэгч күүл стил зонхилж байсан бол гудамжинд зарим хүн нь өвөрмөц содон стилтэй, хурц улаан пальто гэх мэт зоримог шийдэлтэй фаашн хийсэн харагдана. Нүүр будалтын хувьд нэг бол гоё натурал, эсвэл бүр тов тод өнгөөр хацраа өнгөлж уруулаа будсан байх юм. Контур, тенийг бас яг л гоо сайхны брандын сурталчилгаатайгаа адилхан драматик, элегант буддаг юм байна. Мөн л эрэгтэйчүүдтэйгээ адилхан үсээ гоё засаж, таатай үнэртэй ус цацсан байх юмаа. Бас их энгийн күүл загвартай хэрнээ сайн металлаар хийсэн шинжийн ээмэг, зүүлт их зүүсэн харагдана. Торгон алчуур, ороолт зангидаж донжийг нэмжээ.
Нэг иймэрхүү их соёлтой, маннертай хүмүүс дунд хэд хонохоор аяндаа хүний сэтгэл санаа өөдрөг болж, өөрөө ч сайхан хувцаслаж, сайхан байя гэж хичээдэг юм байна.
Гоо зүй гэдэг гоо сайхнаас өргөн ойлголт. Хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сайн сайхнаар дүүргээд, ёс зүй, хүнлэг үзэл зэрэг эерэг сэтгэлгээнд хөтөлдөг хүчийг хэлээд байх шиг.
Тэр ч утгаараа Достоевский гоо сайхан гэхээсээ гоозүй ертөнцийг аварна гэж хэлсэн шиг байдаг.
Ямар ч үндэстэн байсан хүмүүс бид Африкийн нэг л мөчрөөс салаалсан хоёр хөл хохимой толгойтой нэг төрөл. Энэ төрөл байгалийн бусад амьтдыг бодвол нүцгэн биеийг хувцас, соёл, хандлагаар гоёдог онцлогтой. Биеэ хэрхэн авч явахаас хамаараад сайхан муухайгийн аль нэг туйл руу савлаж чаддаг цорын ганц төрөл. Аль руу нь савах вэ гэдгийг мэдээж алсуураа оюун ухааны хөгжил мэднэ. Бусдыг хүний хувьд биеэ тийм сайхан авч явдаг болсон байгааг хараад өөрсдөө ийм байхсан, хөгжихсөн хүний хувьд гоё сайхан болох юмсан гэж бодож ирснээ хуваалцав. Ганц биеэ сайхан авч явцгаая! Гоозүй ертөнцийг аварна.