Монголын өвлийн тэр дундаа идэр есийн хүйтнээрх тачигнасан жавар, талын салхийг төсөөлье. Чухам тэр салхины эрчим, хэмнэл бүтээлээс нь мэдрэгддэг зураач бол Цэгмэдийн Цацрал. Түүнтэй ярилцаж суухад бүтээлээс нь мэдрэгддэг мөнөөх салхи дүр төрх, аяг байдал, үйл хөдлөл, үг яриа бүхнээс нь салхилах шиг. Тийм салхи хийморь сэргээдэг дээ.
Тэрбээр Дүрслэх урлагийн дунд сургууль, Берлиний урлагийн дээд сургуулийг хувцас загвар, уран зургийн мэргэжлээр төгссөн. Анхны бие даасан үзэсгэлэнгээ 2003 онд Монгол, Герман улсад гаргаснаас хойш өнөөг хүртэл бие даасан, хамтарсан 20 орчим үзэсгэлэн гаргажээ. Хамгийн сүүлд өмнөх онд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн тэнхимд хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан юм. Түүнтэй уран бүтээлчийнх нь амьдралын талаар энгүүхэн ярилцсанаа хүргэе.
Хэрхэн бүтээл зураачийнхаа гарын үсэг, нэрийн хуудас болох хэмжээнд хүрдэг юм бол? Таны бүтээлийг хараад л “Энэ Цацралынх байна” гэж танигдахуйц ажиллагаа, арга барил, уур амьсгалтай яаж болов?. Заяамал зүйл үү? Сургалтаар эсхүл хөдөлмөрөөр олж авдаг зүйл үү?
Уран зураг бол гар ажиллагаа гэхээсээ илүү тархины ажиллагаа. Урлагийг юу урлаг болгодог вэ? гэхээр цаадах санаа. Техникийн хувьд төгс зурахаас илүү юу бодож зурсан нь илүү чухал. Тухайн зураачийн туулсан амьдрал, түүнээсээ олсон туршлага, хувь заяа нь хааш хөтөлснөөс хамаарч уран бүтээл нь ямар байх нь тодорхойлогддог. Үүн дээр нэмэгдэж хаана, ямар сургуульд, ямар багштай байсан нь нөлөөлнө. Тиймээс уран бүтээлийг зөвхөн сурсан техникээр тодорхойлох учир дутагдалтай. Миний зургууд ч үүнээс гажихгүй дээ. Гэхдээ өнөөг хүртэл зурсан, зурж буй байдлаа би “миний арга барил, санаа чухам энэ шүү” гэж дүгнэхгүй. Цаашдаа хувирах болно. Би явцдаа л явна.
“Өөрийгөө давтах” гэх ойлголт зураачийн хувьд ямар утгатай юм? Бүтээл нь зураачийн гарын үсэг, нэрийн хуудас болох хэмжээнд хүрнэ гэдэг нь нэг талаар “давталт”-ын үр дүн үү? Өөрийн арга барилаа олох болон өөрийгөө давтахгүй байх хоёрын зааг нь хаанаа юм бэ?
Хэрвээ хүн нэг л зүйлээ хийгээд, чаддагаа л дахин дахин давтаад байвал хөгжихгүй байгаа хэрэг.
Нэг л сэдвээрээ, нэг л аргаараа зураад байвал надад нэг газраа л холхиод байгаа мэт санагддаг. Тиймээс өөрийгөө давтахгүй л байх хэрэгтэй.
Нийгэмд үнэт зүйл, үзэл санааны хувьсгал болдог шиг уран бүтээлчийнхээ хувьд дотоод хувьсгалтай тулгарсан уу? Ийм хувьсгал нэг болдог уу? Нэлээн хэд болдог уу?
Уран бүтээлчийн хувьд хувьсгал хэд, хэд болсон. Эхнийх нь Германд анх ирэхэд болсон. Би Монголд Дүрслэх урлагийн их сургуульд сурч байсан. Манайх илүү академик талын боловсрол олгодог учраас би зарим талаараа академикт хайрцаглагдсан байлаа. Энд иртэл би эд нар надаас юу хүсээд байгааг ойлгохгүй, миний хүсээд байгааг эд бас ойлгохгүй. Тиймээс өмнө сурсан арга барил, тэр дагуу тодорхойлсон Цацралыг эвдэх шаардлагатай тулгарсан. Тэгээд эвдсэн. Энэ бол эхний хувьсгал.
Миний анх сурсан мэргэжил бол хувцас загвар. Мэдээж хэрэг оюутан байхдаа ч зургаа зурсаар л байсан. Хичнээн тийм ч хувцас загварын нөлөөллөөс уран бүтээлээ салгах, ангижрах ёстой болсон. Учир нь сэдэв ч гүехэн, ажиллагаа нэг л болж өгдөггүй. Өөрийгөө сурсан зүйлээсээ чөлөөлөх энэ оролдлого маань хоёр дахь хувьсгал.
Удаах хувьсгал гэвэл.? Би биполар хүн. Энэнтэйгээ тулгарах бүрийд жижиг, жижиг хувьсгал болдог. Бүх амьдрал минь сэтгэл зүйн уналт, хөөрөлттэй холбогдож түүнийг даван туулах бүрийдээ хувьсгал хийж амьдардаг.
Тайлбар: Сэтгэцийн хоёр туйлт эмгэг. /Bipolar disorder/. Сэтгэлийн хөөрөл, гутралын эмгэг бөгөөд түгээмэл тохиолддог. Нэг бол тархи хэт ихээр идэвхжин хөөрлийн (manic) байдалд, нөгөө бол тархины идэвх эрс муудаж гутралын (depressive) байдалд ордог. Энэхүү хөөрөл, гутрал нь хэдэн хором, хэдэн цаг, хоног өдрийн хооронд хэлбэлзэж болдог.
Хувьсгал нь энэ байж. Тэгвэл уран бүтээлчийн хувьд гацаж, мухардаж байсан уу? Яаж даван туулсан бэ?
Өмнө хэлсэнчлэн би биполар хүн. Биполар байна гэдэг нь хоёр туйлт байдал. Нэг тал нь нисч буй мэт. Энэ үедээ гараас уран бүтээл урсаж өгнө, жилийнхээ төлөвлөгөөт бүх ажлыг хийчихнэ. Киноны супер баатруудтай адил супер хүч чадалтай мэт л байдаг. Унтахгүй долоо ч хонож чаддаг. Гэтэл нөгөө туйл буюу гутралын үедээ шууд доод түвшин рүү унадаг. Маш гүнзгий, харанхуй рүү унана. Ийм үедээ зурах, уран бүтээл хийх, ажиллах ямар ч боломжгүй. Нэг ёсны уран бүтээлчийн гацалт юм уу даа. Ийм хоёр туйлтай амьдрах уран бүтээлчийн хувьд ч, хувь хүний хувьд ч тун хэцүү. Гэхдээ энэ үеэ дуусна гэж мэдэж байгаа тул хөдөлгөөнтэй байх, хүнтэй илүү их уулзах, өөрийгөө нээлттэй байлгах зэргээр хэвэндээ ордог.
Надтай адил биполар зураач олон байдаг. Энэ бол нарийндаа клиник өвчин. Байнга ингэж амьдрах зүгээр биш. Сэтгэл хөөрлийн дээд түвшиндээ очиход уран бүтээл гардаг ч энэ хэвийн зүйл биш. Тиймээс надтай адилхан ийм зураач байгаа бол мэргэжлийн хүнд хандаж туслалцаа авах ёстой. Хүн амьдралдаа дундыг барих ёстой шүү дээ. Бөөр, элэг , зүрх өвдөхөд эмчид ханддаг шигээ л сэтгэл, сэтгэл зүйгээ эрхтэн гэж тооцож эмчид хандах ёстой.
Уран бүтээлчийн хувьд өөртөө хангалтгүй санагдах үе байдаг уу?
Хов хоосон, цав цагааны өмнө суух заримдаа сайхан. Заримдаа аймаар. Би тэр хоосныг дүүргэх ёстой болдог учраас. Гэхдээ хичнээн хэцүү ч ийм хямрал хөгжихөд маш дэм болдог. Ийм хямралгүй байх л муу. Бүтээл тань таалагдахгүй бол ураад, тастаад хаях зоригтой байх ёстой. Хүн өөрийгөө эвдэх зоригтой байвал сайн. Уран бүтээлчийн хувьд хямралтай тулвал би үүнийгээ боломж гэж хардаг. Хүн угаасаа л зовдог биз дээ?. Тултал нь зовоод туучиж гарах ёстой. Тэгж байж л хөгжинө.
Урлагт үүрэг байдаг уу?
Таван жилийн өмнө бол би уран бүтээл жинхэнэ байх, сайн ч бай, муу ч бай үнэнчээр бүтээлээ хийх тухай зүйл ярих байсан. Сүүлийн үед энэ бодлыг чухалчлахаа больсон. Учир нь харьцангүй ойлголт. Жинхэнэ, жинхэнэ бусыг хэн шүүх юм? Тэр шүүлт зөв, бурууг нь яаж мэдэх юм? Шүүсэн хүн нь хүртэл өөрөө тэр “жинхэнэ”-дээ нийцэх үү? гэх мэт дагасан олон асуултын хариуг олох хэрэгтэй болно. Хариуг нь олох, хооронд нь дэнслэхийн тулд тодорхой хэмжээний боловсрол хэрэгтэй. Гэхдээ ийм боловсролтой гэж тооцогдож буй хүмүүс нь ч “жинхэнэ, жинхэнэ бус”-ын талаарх өөрийн үзлээ хэлэхэд болгоомжтой хандвал зохино. Эцсийн дүндээ үзэгч л өөрийн гэсэн шүүлтүүртэй байх хэрэг гарна. Мэдээж энэ шүүлтүүр шууд бий болохгүй. Монголд бол үзэгчид соёлын олон талт байдалд нээлттэй байж л өсөж хөгжинө. Уран зургийн үзэсгэлэн, дуурь үзэх зэргээр. Өөр арга байхгүй.
Тодорхой утгаар энэ бол оюуны хөдөлмөр. Хөдөлмөрлөхгүйгээр шүүлтүүрдэх хэмжээний боловсрол олж авна гэж байхгүй.
Зураачид судалгаагаа хэрхэн хийдэг юм бол?
Би бол контентдоо анхаарал хандуулдаг. Унших зүйлдээ илүү ач холбогдол өгдөг хүн. Миний одооны сэдэв зөн билиг. Тэрнээс шалтгаалж түүх, эзотерик, окульт, үхсэний дараах амьдрал зэрэг сэдэв их судална. Тухайлбал, Ф.Оссендовский. “Хүн, Араатан, Бурхад” их таалагддаг. Ийм төрлийн номуудаас урам зориг авах дуртай. Гэхдээ ямар ч бүтээлийг зөвхөн урам зоригоор хийхгүй. Нэмж судална, бодно, эргэцүүлнэ, ажиллана.
Бас Luciano De Crescenzo гэж зохиолчийн “Эргэлзэхүйн магтаал” номыг олон уншсан. Үл итгэх байдал хөгжилд хөтөлдөг буюу үл итгэхүйг филисофи талаас нь тайлбарласан ном л доо. Үл итгэх, аливаад шүүлтүүртэй харах их чухал ойлголт. Ямар ч хямралтай үед ёгт, хөгжилтэй номонд дуртай. Цаанаа шооч, шогийн мэдрэмжтэй хүмүүс оюунлаг зүйл бичихээрээ илүү гоё бичдэг.
Судалгаа хийх, санаа сэдэл авах ба хуулбарлахын зааг нь хаана байдаг юм? Хаашдаа шив шинийг санах, сэдэх боломжгүй болсон эрин зуун юм биш үү?
Цоо шинэ зүйл хийх боломжгүй. Уран бүтээлчид хоорондоо төстэй санаа хөндсөн байх магадлал өндөр. Аль ч соёл иргэншил, цаг үе, түүн доторх бүх л уран бүтээлчдэд хөнддөг сэдэв хэдхэн. Үхэл, хайр, нөхөн үржихүй зэрэг бол мөнхийн сэдэв. Учир нь эд бол хүний амьдралын зогсоол.
Гэвч сэдэв нэг гээд санаа, арга ажиллагаа цогцоороо яг адилхан байна гэж үгүй. Аяндаа хэн нь анхдагч, хуулбарлагч гэдгийг үзэгчид өөрсдөө шүүчихнэ.
Уран бүтээлд нөлөөлдөг гадаад, дотоод орчны нөлөөлөл ярья л даа. Тухайлбал, цаг агаар, хөгжим, улс төрийн нөхцөл байдал, хувийн амьдрал зэрэг?
Нөлөөлөх зүйл байна. Нөлөөлүүлэх зүйл байна. Нөлөөлүүлэхээс хамгаалах, хориглох зүйл ч байна. Шинэхэн зураач байхад орчны нөлөөнд автах үе байсан. Цаг агаар, хөгжим ч юм уу? Гэвч аажимдаа үүнийг өөртөө хорьсон.
Уран бүтээлдээ гадны нөлөө оролцуулахаа больсон. Цаг агаарт тааруулж зурна гэвэл нар гардаггүй, байнгын саарал улсад амьдардаг миний уран бүтээл юу болж хувирах вэ? Хөгжмийг гэхэд хийх ажлаа төлөвлөчихөөд, тэрэндээ тааруулж буюу туслагч болгож хөгжмөө сонгоно.
Хувийн амьдралын тань эгзэгтэй хормууд хүчтэй туссан бүтээл байгаа юу? .
Миний бүх зураг амьдралтай минь холбоотой. Бусад зураачидтай харьцуулахад зургийн тоо ч бага. Олноор зурж чаддаггүй. Зурахдаа автоматаар хувийн амьдралтайгаа холбож зурдаг. Тэрэн дундаас “Тойруулга” зураг байна л даа. Хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн учир хэдэн жилийн турш нэг бол хөхүүл, нэг бол жирэмсэн явсан. Миний хувь хүн хааччихав? Миний бүтээлч чанар хааччихав? гэмээр амьдрал. Ерөнхийдөө нэг эст амьтан шиг л амьдарч байсан. Ээж болох мэдээж жаргал. Гэвч уран бүтээлч хүний хувьд зогсонги, өөрийгөө алдсан мэт үе байсан. Өөрийгөө яаж мэдэрч байснаараа л тэр бүтээлийг зурсан даа.
“Өөрийн гэсэн өрөө” уран бүтээлд хэр чухал вэ?
Маш чухал. Тэр тусмаа эмэгтэй хүмүүст чухал. Эмэгтэй уран бүтээлч байх нь эрэгтэй уран бүтээлч байхаас хэцүү. Эхнэр байх, ээж байхтай холбоотой хариуцлага хувийн орон зайнаас их хумсална. Эхнэр, ээж Цацрал биш уран бүтээлч Цацрал байхын тулд өөрийгөө орон зайгаар таслах ёстой. Тиймээс орон зай маш чухал.
Зургаа зурахдаа ямар бэлтгэл хийдэг вэ? Ер нь уран бүтээлийн өмнө зураач өөрийгөө бэлддэг үү?
Урлангаа цэвэрлэдэг. Цэвэрлэгээ бол нэг төрлийн бясалгал. Тэр явцад бийр, будгаа олно. Санаа олно. Бодол цэгцэрнэ.
Уран бүтээлчийн хувьд хориглодог зүйлс тань юу вэ?
Прагматик зүйлс нь гэвэл хүмүүсийн сэтгэгдэл, шүүмж уншихгүй байх, яг уран бүтээл хийж буй үед сошиал хэрэглэхгүй байх зэрэг. Хүмүүс уран бүтээлчдийн хориглох зүйлсийн нэгээр “мөнгө битгий бод, зарагдах үгүйд битгий анхаар” гэдэг. Гэвч хүн бүрт мөнгө хэрэгтэй. Тиймээс “огт бодохгүй бай” гэж хэлэхгүй. Энэ нь 100 хувь арилжааны зорилгоор зур гэсэн үг ч биш. Бүтээлээ хэдэн төгрөгөөр үнэлэх талаарх бодол бол эрүүл явц.
Зураач хүний амжилт юугаар илэрдэг юм? Амжилт ер нь их зан дагуулдаг уу? Их зан гэдэг эго юу?
Амжилт, их зан хоёр хоорондоо огт холбоогүй. Их зан гэдэг бол хүнийг хүндлэхгүй байгаатай агаар нэг. Уран бүтээлч хүн эрүүл эготой байх хэрэгтэй. Эгогүй уран бүтээлч амжилтад хүрэхгүй. Эрүүл эго гэдэг нь зөв цаг хугацаанд зөв газраа байхсан гэх амбиц байж магад.
Таны уран бүтээлд илэрдэг зарим бэлгэдлийн талаар ярья л даа. Тухайлбал, үс. Та гэлтгүй ер нь олон зураачид үсэнд ач холбогдол өгдөг шиг. Үсийг яагаад ингэтлээ соёл иргэншил, зан үйл, урлагийн бүтээл, хувь хүний хэв маягт чухлаар тавьдаг юм ? Зөвхөн зураг ч гэлтгүй таны үсний засалт, өнгө онцгой?
Зарим соёл иргэншилд үсийг бэлгэдэл маягаар авч үздэг. Үсийг бэлгэдэл болгодог идеа надад таалагддаг. Манайхны “эмэгтэй хүний үс нь урт, ухаан богино” гэж худлаа. Харин ч үс уртсах тусмаа сүнслэг байдал нь урт л гэсэн үг. “Би гэрээ засчихлаа, чамайг хүлээж байна” гэх зурган дээрээ үсээрээ гэр барьсан байдаг. Үс сүнслэг зүйл юм бол барьсан тэр гэр ямар гэр вэ? Бодит байшин сав биш болж таарна.
Би үсээ өөрийнхөө нэг хэсэг гэж үздэг. Хямрал болох бүрт үсээрээ “оролддог”. Үсний өнгө хувирах бүрт амьдралд минь ямар нэг юм болж байна л гэсэн үг. Үсний өнгө тод, галзуу болох бүрт амьдрал дээрээ би “тэмцэж байна аа” гэсэн утгатай. Оролдохгүй, натурал явах тусам “би жаргалтай явна” л гэсэн үг.
Сэтгэгдэл бичих