Монгол экспат болж Мобиком корпорациас KDDI компанид ажиллаж байгаа Ц.Төгөлдөрийг та бүхэнд танилцуулж байна. Тэрээр IoT, Connected Vehicle бизнес хөгжүүлэлт, Стратеги хамтын ажиллагааны хэлтсийн ахлах инженер бөгөөд KDDI корпорацийн Австрали дахь төслийг нь хариуцдаг.
В.Ганзориг: Та өөрийгөө товч танилцуулна уу. KDDI корпорацид ажиллаад хэр удаж байгаа билээ?
Ц.Төгөлдөр: Намайг Цолмонгийн Төгөлдөр гэдэг. Одоо 26 настай. KDDI корпорацийн Токио хот дахь төв салбарт IoT стратеги хамтын ажиллагаа хариуцсан ахлах инженерээр ажилладаг. Би 2015 онд ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөхөөс өмнө Мобиком корпорацид 3 сарын гэрээт инженерээр орж ажлын гараагаа эхэлж байв. Үргэлжлүүлээд үндсэн ажилтан нь болж, Техникийн Ашиглалт, Үйлчилгээний албаны инженер, Техник Төлөвлөлтийн албаны инженер, Эрчим хүч хэмнэлтийн менежер зэрэг албан тушаалуудыг эрхэлж байсан. KDDI корпорациас жил бүр салбар компаниудын дунд ирээдүйн чадварлаг боловсон хүчинг бэлтгэх зорилготой “Global Mobility Program”-ийг зарладаг. Уг хөтөлбөрт хандаад шалгуурыг нь хангаж чадвал Японд зарлагдсан ажлын байран дээр 1-2 жилийн хугацаатайгаар ажиллах боломж бүрддэг. Би энэ хөтөлбөрт тэнцэж ирээд яг нэг жил болж байна.
KDDI компанийн талаар товч мэдээлэл өгнө үү.
KDDI корпораци нь харилцаа холбооны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг, Япон улсад салбартаа хоёрт бичигддэг компани. 2000 онд DDI, KDD, IDO гээд 3 корпораци нэгдэж KDDI үүссэн түүхтэй. Бизнесийн чиглэлийн хувьд хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүрэн холбоо, интернет, дата төвөөс гадна банк санхүү, контент, медиа, эрчим хүч, боловсрол гээд маш олон чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг. 1984 онд үүсгэн байгуулагдсан, дэлхий даяар 62 хотод 100 гаруй салбар, нийт 42 мянган ажилтантай бөгөөд Фортун 500-ын жагсаалтад 22 дахь жилдээ бичигдэж байна. Жилийн борлуулалтын орлого нь 48 тэрбум ам.доллараар хэмжигддэг компани.
KDDI корпораци нь дан ганц харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэхээс гадна бизнес сегментээ өргөжүүлэн Хувь хэрэглэгч, Байгууллагын хэрэглэгч, Олон улсын үйлчилгээ дээрээ нэмээд Life design гэсэн шинэ бизнес сегментийг үүсгэсэн. Life design бизнес сегмент гэдэг нь үүрэн холбооны дэд бүтэц дээр суурилан нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хувь хэрэглэгчдэд үзүүлдэг гэж ойлгож болно. Commerce, Finance, Settlement, Entertainment зэрэг чиглэлүүдээр үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, хамгийн сүүлд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой олон төрлийн урамшуулал болон хямдралыг олгодог "AU Smart Pass Premuim” үйлчилгээ хэрэглэгчдийн зүгээс маш эерэг үнэлгээг аваад байна.
Нууц биш бол яг одоо ямар төслүүд дээр ажиллаж байгаа вэ?
IoT бизнес хөгжүүлэлтийн газар, Connected Vehicle хөгжүүлэлтийн алба, Стратеги хамтын ажиллагааны хэсэгт ахлах инженерээр ажиллаж байна. Маш энгийнээр тайлбарлахад, манай төсөл маань глобал түвшинд авто машин үйлдвэрлэгч байгууллагуудыг IoT цогц платформаар ханган ажилладаг гэж ойлгож болно. Миний хувьд хариуцан авсан бүс нутгийн хэмжээнд хэрэглэгч (авто машин үйлдвэрлэгч), түнш (тухайн бүс нутгийн оператор компани), вендор (Ericsson, Thales etc) гурвын дунд техникийн шийдлийн оновчлол талаас нь SPOC (Single point of contact)-оор ажилладаг байгаа. KDDI болон Тоёота Моторс Корпораци нь урт хугацааны хамтын ажиллагааны түүхтэй бөгөөд 2016 оноос хойш хамтран IoT Global Communication Platform дээр хамтран ажиллаж байна. Уг төсөл маань Америк, Европ, Ойрхи Дорнод, Хятад, Энэтхэг, Зүүн Өмнөд Ази гээд зах зээлийн багтаамж өндөртэй бүс нутгуудаас эхлээд хэрэгжилтийн шатандаа орсон явж байна. Миний хувьд яг одоогоор Австралийн төслийг хариуцаад ажиллаж байгаа.
KDDI-ийн зүгээс тухай бүс нутгийг IoT платформ болон Сonnectivity-ээр хангадаг. Үүн дээр суурилаад Тоёота өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэгжүүлдэг. Тоёота-гийн үйлчилгээний хувьд AI voice recognition vehicle assistance, Automotive system Diagnosis and Analysis, Operator support service, Navigation, Telematics service гээд төрөл бүрийн үйлчилгээ байгаа. Сонирхолтой тоо баримт дурдвал, 2025 он гэхэд Connected Vehicle зах зээл 253 тэрбум долларын багтаамжтай болно. 2025 онд гэхэд 11 мянган хүний амь насыг хамгаалж, зам тээврийн ослыг 260 мянгаар бууруулна гэсэн судалгааны тоо баримтууд байна. Одоогоор Тоёота компанийн төсөл маань л олон нийтэд нээлтээ зарласан байгаа бөгөөд бусад төслүүд нууцийн зэрэглэлд байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна.
KDDI болон Тоёота Моторс Корпорацийн хамтран хэрэгжүүлж байгаа Connected Vehicle төслийн хэрэглэгчийн гар дээр очих эцсийн бүтээгдэхүүн нь яг юу байх билээ?
Тоёота корпораци нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан IoT төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд эдгээрээс дурдвал автомашины алсын зайн хяналт удирдлагын систем, 24/7 хэрэглэгчийн онлайн туслах, Voice recognition based route map, онлайн дуудлагын төвтэй холбогдож хүссэн тусламж авах, автоматаар машины оношилгоог хийж, үзлэг үйлчилгээ шаардлагатай үед анхааруулга зөвлөмжийг өгөх, авто жолоодлого, олон хэрэглэгчид дундаа нэг автомашин эзэмших, санхүү, даатгалын үйлчилгээнүүд байх болно.
KDDI AU үүрэн холбооны Японы зах зээлд эзлэх хувь ба өрсөлдөөний онцлог, бусдаас ялгагдах давуу тал нь юу вэ?
Япон улсын гурван том харилцаа холбооны компанийн нэг болох KDDI нь зах зээлийн 30 гаруй хувийг атгадаг. Мобайл үйлчилгээний хувьд энэ гурван операторын үнэ болоод хэрэглээний багц бараг адилхан гэж хэлж болно. Үүн дээр операторуудын зарлаж буй урамшуулал, нэмэлт хэрэглээний боломжуудаар хоорондоо өрсөлддөг. Манай AU-гийн хувьд хэрэглэгчддээ зориулсан маш олон төрлийн үйлчилгээ, урамшууллыг санал болгодог нь нэг том давуу тал бөгөөд онцлог нь. Тухайлбал, Японы залуус мобайл үйлчилгээний хувьд дан ганц дата хэрэглээгээрээ бүх харилцаа холбоогоо зохицуулдаг болсон. SMS болон Voice үйлчилгээг хэрэглэх шаардлагагүй болчихсон. Үүн дээр суурилаад AU Япон улсдаа хамгийн анхны хязгааргүй au Data MAX багцыг гаргасан. Нэмээд хэрэглэгч AU-гийн ID үүсгэснээрээ гэр бүлийн урамшуулал, үүрэн холбоо, гар утасны лизинг, цахим мөнгө, банк санхүү, эрчим хүч, тог цахилгаан гээд бүх төрлийн ахуйн хэрэглээнүүдээ зохицуулах боломжтой байдаг.
KDDI групп дотроо өөрийн банктай гэж дуулсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
Манай корпораци өөрийн гэсэн банк, санхүүгийн групптэй бөгөөд дунд хугацааны менежментийн төлөвлөгөөндөө санхүүгийн үйлчилгээний тэлэлтийг чухалчилсан. Бүхий л үйлчилгээ боломжит түвшиндээ цахим хэлбэрт шилжиж байгаа өнөө үед хэрэглэгчийн хүсэлт шаардлагад нийцсэн үнэ цэнийг бүтээх ёстой. AU ID-тай хэрэглэгч өөрийн гар утсандаа суулгасан аппликэйшнаараа дамжуулан санхүүгийн бүхий л үйлчилгээг авах боломжтой. Жишээ нь, хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, харилцах дансны удирдлага, төлбөрийн карт, даатгал, цаашилбалөдөр тутмын төлбөр тооцооны хэрэгсэлд ашиглаж байна.
Мобиком корпорацийн хувьд хөрөнгө оруулагч KDDI корпорацитай нягт уялдаа холбоотой ажилладаг бөгөөд үүнд манай корпорацийн ерөнхий захирал Хамада-сан маш том хувь нэмэр оруулсан. KDDI корпораци дотор Монголын бизнесийг хариуцан ажилладаг алба байдаг бөгөөд дан ганц хөрөнгө оруулалт гэлтгүй хүний нөөцийн сургалт, хөтөлбөрүүдийг тогтмол хийдэг. Энэ нь Мобикомын хувьд ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлдэхэд бодитой хувь нэмэр оруулдаг. Үүний нэг жишээ нь миний Global Mobility Program юм. Одоо энэ хөтөлбөр нь салбар компаниуд төв дээрээ ажиллах сонголттой байгаа бол энэ жилээс эхлэн салбар компаниуд хоорондоо хүнээ солилцдог болж байгаа. Өөрөөр хэлбэл, Мобикомын ажилчид Мяньмар, АНУ, Европ гээд KDDI-ийн бизнес байгаа бүх газарт очиж туршлагаа зузаатгах, мэдлэгээ хуваалцах боломжтой гэсэн үг.
Дэлхийн том компанид ажиллахын давуу ба сул талууд юу байдаг бол?
Мэдээж хэрэг маш олон давуу тал бий. Тухайлбал, салбар бүрийн олон чадварлаг залуустай хамтран ажиллах суралцах боломжоор дүүрэн байдаг бөгөөд өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжих боломж хүн бүрт нээлттэй байдаг. Мобиком болон KDDI нь ажилчдынхаа материаллаг болон сэтгэл санааны хангалуун байдлыг эрхэмлэн анхаардаг нь бас нэгэн том давуу тал гэж боддог.
Том корпораци гэдэг утгаараа шийдвэр бүрийн ард талд том үр дүн гарч байдаг. Тэр утгаараа аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд маш няхуур нямбай, тогтсон аргачлалын дагуу ажилладаг нь нэг талдаа алдаа эрсдэлгүй боловч нөгөө талдаа бүтээлч сэтгэлгээг бууруулах дутагдалтай санагддаг. Залуу хүнийхээ хувьд аливаад аль болох бүтээлчээр хандахыг хичээдэг.
Бизнесийн орчны хувьд Япон арга барил нь илүү урт хугацааны тогтвортой хөгжлийг чухалчилж, процессийн хувьд олон талаас нь судалгаа шинжилгээг хийдэг бөгөөд үүнийг Кайзэн гэдэг.
Үр дүнд нь эрсдэлийг хамгийн бага түвшинд бууруулж чаддаг ч энэ нь нөгөө талаараа бага зэрэг удаан санагддаг. Япон хүний хувьд "БИД" гэсэн үнэлэмжийг их чухалчилдаг бөгөөд бүхий л асуудал, шийдвэрийг тал талаас нь олуулаа ярилцаж зөвшилцөж байж гаргадаг нь бусдаас ялгарах онцлог нь болов уу гэж бодож байна. Нийгмийн амьдралын хувьд Япончууд өв соёл уламжлалаа их дээдлэн хүндэлдэг санагдсан. Иргэдийнхээ хөгжилд бүр багаас нь онцгой анхаарал хандуулдаг бөгөөд энэ нь мэндлэх, хүндлэх ёсноос нь эхлээд харагддаг.
Технологийн салбарт гарч буй шинэ трэнд, тэдгээрээс Монголд нутагших боломжийг хэрхэн харж байгаа тань сонин байна?
Технологийн салбар гэхээсээ илүү харилцаа холбооны салбартаа гарч байгаа шинэ трендүүдийн тухай ярьсан нь оновчтой болов уу. Нэн тэргүүнд яригдах сэдэв бол үүрэн холбооны тав дахь үеийн технологи. Одоо бидний хэрэглэж байгаа 4G технологи хувь хэрэглэгчид илүү мэдрэгдэж байгаа бол 5G нэвтэрсэнээр технологийн салбарт илүү том дэвшил авчрах болов уу. Өмнөх үеийн технологитой харьцуулбал өндөр хэмжээний давтамж ашиглах тул хурдны хувьд 100 дахин өсөх боломжтой бөгөөд нэгж талбайд хамрах хэрэглэгчийн тоо ихсэх давуу тал байгаа. Ингэснээр илүү олон төхөөрөмж сүлжээнд өндөр хурдаар холбогдож эхлэх юм. Ингэснээр дараа дараагийн томоохон өөрчлөлтүүдийг салбар бүрт авч ирнэ.
Дараагийн ярих ёстой зүйл IoT гэж бодож байна. Хамгийн сүүлийн судалгаагаар 2025 он гэхэд дэлхий даяар нийт 25 тэрбум машин, тоног төхөөрөмж интернетэд холбогдоно гэсэн урьдчилсан тоо гарсан байна.
Яг одоо энэ тоо 10 гаруй тэрбум байгаа. Эдгээрийг олон сегментэд хувааж байгаа ч хамгийн их өсөлт үзүүлэх сегмент нь ухаалаг гэр болон ухаалаг байшин байгаа юм. Энгийнээр хэлбэл, та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гэр ахуйн бараанууд буюу ТВ, угаалгийн машинаас эхлээд л рүүтер, хамгаалалтын төхөөрөмжүүд, цахилгааны тоолуур гээд бүхий л зүйлс интернетэд холбогдоно. Нөгөө талд оффисийн барилгууд халаалт, хөргөлт, гэрэлтүүлэг, аюулгүй байдлаа бүрэн хэмжээгээр ухаалгаар шийдэж эхэлнэ гэсэн үг.
Мэдээж хэрэг энэ бүхэн Монголд хэрэгжих боломжтой. Бусад оронтой харьцуулахад Монголын нөхцөлд хэрэглэгчийн тоо л бага болохоос харилцаа холбооны салбар яг адилхан боловсон хүчин, яг л адилхан дэд бүтэцтэй ажиллаж байгаа. Хэрэглэгчийн хүсэлт шаардлагаас хамаараад энэ бүхэн хэзээ хэрэгжиж эхлэх нь цаг хугацааны асуудал. Харин бид энэ бүгдээс өмнө digitalization буюу цахим шилжилт рүү аль аль талдаа илүү хурдан алхах хэрэгтэй. Бизнесийн салбарууд үүн дээр анхаарал хандуулж хууль эрх зүйн зохицуулалт болон мэдээллийн аюулгүй байдлын орчин зэргээ улам сайжруулах ёстой болно. Манай Мобиком корпорацийн зүгээс энэ тал дээр онцгой ач холбогдол үзүүлж тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж буйд их баяртай байдаг.
Финтек ба цахим мөнгөний шинэ экосистемийн талаар таны бодол?
Цахим мөнгөний тал дээр Япон болон Монголын хувьд адил тал олон. Залуу үеийн цахим мөнгөний хэрэглээ ихсэж байгаа боловч нийгмээрээ цаасан мөнгөний хэрэглээг голчилдог. Хэдий Япон орон дэлхийн гурав дахь том эдийн засаг боловч иргэдийн цаасан мөнгөний хэрэглээ өндөрт ордог юм билээ. Энэ нь нөгөө талаасаа орон даяарх АТМ-ын найдвартай сүлжээ болон гэмт хэргийн үзүүлэлт маш бага зэргээс нь хамаардаг болов уу.
Харин сүүлийн жилүүдэд Япон улсын засгийн газрын зүгээс кредит, дебит картын төлбөр, QR кодоор төлбөр төлөх цэрэг цахим мөнгөний хэрэглээг эрчимтэйгээр дэмжин ажиллаж эхэлсэн. Япон улсад QR төлбөр тооцооны маш олон сонголт байдаг. Хэрэглэгчийн зүгээс энэ хэрэгсэл нь ямар нэгэн биет байдлаар хэрэглэгчийн нууцлалтай хамааралтай мэдээллийг дамжуулдаггүй болохоор их хэрэглэдэг санагдсан. Японтой харьцуулж ярьвал манай Мобиком корпорацийн Candy цахим мөнгөний төлбөр тооцооны систем нь хэрэглэгчийн хүсэлт шаардлагад нийцсэн цаг үеэ олсон санхүүгийн шийдэл гэж боддог.
Япон улсын финтек зах зээлд маш олон өрсөлдөгч байхад KDDI энэ салбарт орох шалтгаан юу байсан юм бэ?
Миний ажигласнаар үүрэн холбооны оператор компаниудын гол зорилт бол яах аргагүй харилцаа холбооны үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангах. Хэрэглэгчдийн тоо, дата хэрэглээ нь ханаад эхлэхээр операторууд яах аргагүй өөр бизнес рүү буюу value-added үйлчилгээ рүү орж эхэлж байна. Дан ганц KDDI гэлтгүй бүх оператор бизнесээ солонгоруулах сорилттой тулгарч байгаа. Ийм учраас KDDI ч гэсэн финтек зах зээл рүү орсон. Япон улсад хэрэглэгч цахим мөнгөний үйлчилгээ авахад маш олон сонголт байдаг. Эдгээр компаниудын өөр хоорондоо ялгарах гол үзүүлэлт бол хэрэглэгчдэд олгож байгаа урамшуулал, идэвхжүүлэлт гэж харж байна. Тухайлбал, манай компанийн AU Рay үйлчилгээгээр хийсэн худалдан авалт бүрт 20 хувийн буцаан олголт өгөх урамшуулал маш идэвхтэй явсан бөгөөд хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээг авсан.
Монгол дахь үүрэн операторуудын хөгжил ба өрсөлдөөний талаар таны бодол?
Мобайл үйлчилгээний хувьд бид Японтой яг л адилхан үүрэн холбоо, өндөр хурдны интернет, дата төв, цахим мөнгөний үйлчилгээ үзүүлж байгаа нь хөгжлийн хувьд нэг шатанд алхаж байгааг батална. Японы 120 гаруй сая хүнд 3 оператор компани үйлчилгээ үзүүлдэг бол Монголд 3 сая хүнд 4 оператор үйлчилгээ үзүүлдэг.
Энэ талаас нь харвал ширүүн өрсөлдөөнтэй гэж хэлж болно. Мобиком корпорацийн хувьд энэ ширүүн өрсөлдөөнд бизнесийн ёс зүйг чанд баримталж, шударга өрсөлдөөнийг эрхэмлэн, салбартаа байгууллагын соёлоороо эрс ялгардагаар нь бахархаж явдаг.
Монголдоо хэзээ буцаж очих вэ? Очоод хамгийн түрүүнд салбартаа юу хийнэ гэж бодож төлөвлөж байна?
Ирэх оны 4 сард Монголдоо очих төлөвлөгөөтэй байна. KDDI корпорацид маш олон шинэ зүйлийг суралцан, өөрийгөө хөгжүүлсэн цаг хугацаа өнгөрч байна. Мобикомдоо буцаж очоод бүхий л сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг хүсэж байна даа. Ялангуяа ажлын арга барил, соёлын хувьд эрс ялгаатай KDDI болон Мобиком корпорацийн дунд тэнцвэртэй байдлыг хангаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх гүүр нь болж ажиллахыг зорьж байна.
Япон улсад ажиллахаар зорьж байгаа залуучуудад өгөх зөвлөгөө өгвөл юу байх вэ?
Залуу хүний хувьд өөр орчинд, тэр тусмаа манайхаас тэс өөр Япон улсад ирээд ажиллаж амьдарч үзэх нь нэг төрлийн сорилт гэж бодож байна. Нөгөө талаас энэ сорилт хувь хүний хувьд маш том туршлага болно. Нэгэнт ирэхээр зорьсон бол Япон хэл болон бизнесийн ёс зүйг маш сайн сураарай гэж зөвлөх байна. Японд бизнесийн ёс зүйн хувьд хүнтэй мэндлэхээс эхлээд, нэрийн хуудас солилцох, имэйл бичих, хүндэтгэлийн хэллэг тэр байтугай бөхийлтийн хэм гээд маш нарийн дэгийг баримталдаг. Миний хувьд ирэхээс минь өмнө менторууд маань буюу KDDI-гаас Мобикомд ажиллаж байсан экспатууд их зааж зөвлөдөг байсан нь энд ирээд маш их хэрэг болсон.
Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа! Ажлын өндөр амжилт хүсье!
Saihan yariltslaga niitelsend bayrlalaa. Ajliin amjilt husey.