Хүний ертөнц өвчин зовлон, гай гамшгаас ангид явж ирсэн түүхгүй. Гэхдээ дэлхийн дайн, хар тахал гэх мэт түүхийг тэр аяар нь өөрчилсөн том гамшиг тоотой цөөн. Коронавирус энэ цөөн тоотой хэдэд багтах магадлал тун өндөр байна. Худалдаа, үнэт цаас, боловсрол, геополитик гээд бүх салбар, бүх улсыг хамарсан нөлөө үүслээ. Тархалт намжсаны дараах дэлхий ямар байх вэ, үүнийг урдчилан төсөөлөхөд эрт байна. Вирусын өмнө давуу тал байсан хүч сул тал болж, эсрэгээрээ сул тал давуу тал болж хувирч ч мэднэ. Манай улсын “хоцрогдол” ч хоцрогдол биш хожил болж мэднэ. Энэ талаар зарим нэг бодол.
Нийгэм ба Байгаль
Байгалийг эрхшээсэн хүний соёл иргэншил сүүлдээ өөрсдийнхөө оюун ухааныг машинжуулах түвшинд хүрэв. Өнгөрсөн хоёр жил хиймэл оюун ухаан зэрэг технологи, бусад нийгмийн систем хааш чиглэж байгаа талаар харьцангуй өндөр түвшинд мэдээлэл авах боломж их тохиолоо. Холоос харахад сүрдмээр хөгжил, харин ойртоод харвал эргэлзэж, хиртхиймээр юм цөөнгүй. Хүний нарциссизм үнэхээр эцэс төгсгөлгүй. Эхлээд өлсөхөөс татгалзсан хүн төрөлхтөн сүүлдээ үхэхээс татгалзаж, хүүхдийн эрхтэн хөгшдөд шилжүүлэн суулгаж, үхэлгүй мөнхрөх арга хүртэл туршиж байна.
Яг энэ оргил дээр нь амьдралын ганц үнэн, үхлийг үгүйсгэх гэж үзсэн хүний амбиц руу бурхны тавьсан сум шиг вирус гарч ирээд байна. Ирэх ирэхдээ Хятад, хөгшин Европ гэх мэт хамгийн өндөр наслалт, хамгийн өндөр хөгжилтэй орнууд голомт боллоо. Уялдаа холбоо, аялал жуулчлал, хил хязгааргүй бүс нутгийн нэгдэл гэх мэт хөгжүүлж ирсэн хамаг гол системийнх нь замаар вирус тархах болов. Хумхын тоос шиг вирусын өмнө энэ системүүдээ хэрхэх вэ гэдэг дээр улс орнуудын бодлого ялгарч байна.
Монгол бол шууд карентилав. Урд хөршөөс бусдаар дэлхийн эдийн засгаас бараг ангид 15 тэрбум долларын эдийн засгийг одоогоор систем гэхэд хэцүү. Хотын эдийн засаг, үйлдвэрлэл, бирж зэрэг орчин үеийн системийг зуу зуун жил хөгжүүлж сайнаар хэлбэл цойлж, муугаар хэлбэл түүндээ живсэн зарим орныг бодвол монголчууд жижиг, нялх системээ хайрлахгүй шахуу хаагаад, тоохгүй шахуу сууж байна.
Мэдээж хөгжүүлэхээс хаах нь амар. Эргээд нээсний дараа хөгжүүлж чадах эсэх нь бидний үндсэн асуудал хэвээр үлдэнэ. Гэхдээ хэр том нээж, хэр гүн “хөгжих” вэ, өөрөөр хэлбэл нийгмийн системүүдийг барьж байгуулахын тулд юу юугаа золих вэ гэдэгт өгөх хариултыг хөл хорионы үеэс хайлаа.
Үйлдвэрлэл ба Хэрэглээ
Энэ тэмдэглэлд систем гэж товчлоод байгаа орчин үеийн нийгмийн загварт үйлдвэрлэл ба хэрэглээ зэрэгцэж явдаг онцлогтой. Манайх энэ загвараас хэрэглээг нь түрүүлж дуурайсныг 31 тэрбум долларын гадаад өр маань батална. Гэхдээ хэчнээн хэрэглээний соёлтой болсон гээд монголчууд 00-ын цаасан дээр лав алалцсангүй. Саяхан л байгальд бие засч чулуу сонингоор болгодог байсан хүн ардын сэтгэлзүй бусад орныг бодвол хэрэглээнд харьцангуй хайнга хандаж байгаа харагдав. Мянга мянган жил байгальд ээлтэй төсөр амьдарч ирсэн нүүдэлчний минимализм амьд байна. Хэрэв энэ онцлогоо дагаж загварчилна гэвэл байгальд ээлтэй аядуу уул уурхай ба аядуу хэрэглээ гэсэн загвар руу орно гэсэн үг. Ямар ч гэсэн сүүлийн 10 орчим жилийн хэрэглээний чиг хандлагаа барих юм бол гүн иргэнших буюу эрчимтэй үйлдвэржих шаардлага гарч ирнэ. Учир нь 31 тэрбум долларын өртэй манай орны санхүү Ч.Хүрэлбаатарын худлаа яриад байгаа шиг сайжраад дээрдээд байгаа юмгүй, цаашид энэ чигтээ явах боломжгүй.
Зүйрлэвэл нэг дугуйтай үнэтэй машин унаж явсаар байгаад онхолдох уу, хос дугуйтай хөнгөн загвар руу орох уу гэсэн асуулт тулж ирнэ.
Хүнс ба Худалдаа
Монгол хэрвээ өнөөдөр системийн дүрмийг тултал хэрэгжүүлсэн бол нүүдлийн мал аж ахуй гэж юм дууссан байх байлаа. Хэл, хил, мал гэж уянгалж ирж байгаад хоосон хармаагаа гөвөөд ч болов хэзээд малчдыг дэмжсэн бодлого барьж ирсэн. Харин төсөөлөгдөөгүй эрсдэл гармагц энэ салбар маань худалдааны систем дамнасан нийлүүлэлтийн шок болон хүнсний аюулгүй байдалд дархлаа болж өгөхөөр байна. Дэлгүүрт төдийлөн алалцахгүй байгаа нь ч мах байхад манжингаар яахав маягийн Монголын их амар амгалан. Харин сүүлийн үед хөлөөр нь экспортлох, мах боловсруулах экспорт гэж их ярьж захаас нь гаргаж эхэлсэн. Мах махан бүтээгдэхүүний дэлхийн supply chain, сүлжээнд холбогдоно гэдэг хөнгөн тоглоом биш. Өдөрт 50 сая тахиа иддэг дэлхийн дүрмээр нийлүүлнэ гэвэл манай нүүдлийн мал аж ахуй даахгүй. Нэг бол системийн дүрмийн дагуу үр ашигт суурилсан, эрчимжсэн фермер хөгжүүлж нүүдлийн мал аж ахуйгаас алсарна гэсэн үг. Зүгээр нэг эдийн засаг биш хүнсний аюулгүй байдал, ядуурлын зөөлөвч, identity буюу ялгамж чанарыг чинь агуулж байгаа байгальлаг салбараа зарж машин буюу нийгэм болгож унаад монгол хүний сэтгэл ханамж, аз жаргалыг нэмэх үү хасах уу, үүн дээр ч үндэсний консенсус эрэлхийлэх нь зүйтэй мэт.
Хүнлэг үзэл ба Үндэсний үзэл
Монголд үндэсний нэгдмэл байдал байна, хүнлэг хандлага байна. Системийг хөгжүүлж баяжаад түүгээрээ хүнд энэрэлтэй нийгэм болох гэдэг утгаараа бол хэцүү дүр зурагтай байгаа нийгэм. Эсрэгээрээ том эрсдэлийн өмнө өөрийн болон бусдын амь биеийг системийн ашгаас дээгүүр эрэмбэлэхийн хувьд жинхэнэ утгаараа дэлхийд гайхуулна гээч нь боллоо. Эрүүл мэндийн систем нь хэр ядарсан, дундаж орлого хэдэн доллар, халдвар тээж ирэх эрсдэл ямар байх нь хамаагүй хилийн чанадаас иргэдээ татав.
Худаг ус, нутаг бэлчээрээ хувааж хэрэглээд ирсэн үндэстний сууринд нэгнээсээ нүүр буруулж, хилээ хааж хүнсээ булаалдахгүй уужуу чанар, хуваалцах дадал байна. Тэрбум тэрбумын үргүй зардал тавьсан төсөвтөө нэмээд хандив өгч ч байх шиг, юу л байна сэтгэл байна. Ийм хэдэн зууны холимог “иргэн” цаашид хэн болж өөрчлөгдөх вэ? Коронавирусын аюулаар эх орон гэсэн нэг шүхэр дор нэгдэж байгаа нь цаашид үндэсний үзэл гүнзгийрэхэд хөтлөхөөр харагдаж байна. Цочмог ууртай, үндэсний үзэлтэй, халуун сэтгэлтэй монгол хүн. Энэ онцлогийг дагуулах уу, сөрөх үү гэдэг ч хөгжлийн загвар сонгохдоо хариулах ёстой асуултын нэг. Хэн хариулах вэ гэдэг нь харин хараахан тодорхойгүй.
Ардчилал, Иргэн
Төр юун тулд оршдгийг мартах шахсан нийгэм онцгой байдалд төрийн манлайллыг сайн дураараа дагаж байна. Үүнд нь захиргаадалт хүссэн соц маягийн ой санамж, түүнээс ч өмнөө оршсоор ирсэн төрийг хүндлэх үзэл дээр нэмээд нэг шинэ үзэгдэл ажиглагдаж байна. Тэр нь айсандаа биш, шүтсэндээ биш, цэвэр өөрийн ухамсраар дэг журмыг дагах сонголт хийж буй хариуцлагатай модерн иргэн. Хэдэн төрөл нийгмийн байгуулал, хэдэн зууны ой санамж холилдон оршиж буй нийгэмд гарч ирсэн шинэ дүр. Энэ дүрүүд дор бүрнээ манлайлал хийж байгаа дүр зургийг харахад манай нийгэм төв эрх мэдэл, нэг цөм дагаж нягтарсан нийгмээс нэгэнт нүүдэл хийжээ.
Мэдээлэл ардчилагдаж, иргэний нийгмийн олон боомтоор мэдээлэл тархаж байна. Хойд хөршөөс голдуу хуурамч мэдээлэл тарсан ч түүнийг араас нь залруулах хурд маш хурдан байна. Алдаж оноод ч болов ардчилал ажлаа хийжээ. Эдийн засгийн хувьд ямар ч загвар сонгосон энэ түвшинд ардчилагдаж, эрх чөлөөний салхи нэгэнт үзсэн нийгэм эргээд нэг гарт атгуулна гэж байхгүйг зарим нэг Путины фанатууд ойлгох хэрэгтэй байх.
Эцэст нь
Тэртэй тэргүй том сорилтуудын өмнө тулж очоод байсан дэлхий коронавирусын дараа их бага хэмжээнд дахин загварчлагдана. Энэ дунд бид хэн байх вэ гэдгийг тодорхойлоход ямар нэг агуу тусгай ген, тэнгэр үзэл ярих шаардлага алга. Монголчуудад түүхэн замнал, учир шалтгаанаар тайлбарлаж болох давуу тал, үндэсний онцлог байна.
Цаашид үйлдвэрлэл ба хэрэглээний комплекс системийг дагаж хөгжих үү? “Ухрах араа”-нд залгах зай чөлөөтэй загвар хийж үзүүлэх үү? Явж явж хүний толгойгоор хийсэн загвар дагах уу, өөрсдийн толгойгоор загварчлах уу гэдэгт тулж очих асуулт. Юм бүхэн хоёр талтай. Коронавирусын аюул өчигдөр мартагдсан зүйлсийг сэргээн сануулж, маргаашийг сайн сайхнаар төсөөлөхөд тустай бодол үлдээнэ гэж найдсан @bolushka.