Хүн тѳрѳлхтний түүхэнд халдварт ѳвчин, пандемик түгээмэл байсаар ирсэн. Анагаах ухаан хѳгжѳѳгүй байхад маш их хохирол, хѳнѳѳлтэй ч байв. Ромын эзэнт гүрний мѳхлийн нэг гол шалтгаан нь тахал байсан бол дундад зууны Европт дэлгэрсэн Хар тахал олон хотод хүн амын талаас дээшийг устгасан байдаг. 20-р зуун гарсан хойно ч I дайны дараа дэлгэрсэн Испани ханиадаар дэлхий дахинд 500 сая хүн ѳвчилж 50 сая хүн нас барчээ. Үүнтэй харьцуулахад илүү глобальчлагдсан энэ цаг үед аливаа вирусын халдвар маш хурдтай тархах боломжтой болсон хэдий ч, эмчилгээ болон мэдээллийн хурд сайжирсан тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж илүү, хохирол эрс багассан.
Хэдийгээр тодорхой хугацааны дараа вирус циклээ дуусгаад дарагддаг боловч аливаа халдварт ѳвчин анх тархаж байх үед цаашид хэр хурдтай дэлгэрэхийг таамаглах хэцүү байдаг. Вирусын онцлог, улирал, хүн амын хѳдѳлгѳѳн, нийгмийн сүлжээний онцлог гээд олон фактор нѳлѳѳлѳх тул нэг улсын кейсийг ѳѳр улстай, ижилхэн улсын кэйсийг ч ѳѳр цаг хугацаатай харьцуулах боломж бага. Халдварын эхний үед ѳсѳлтийн трэндийг дутуу таамаглах нь түгээмэл бол дунд үед давуулж таамаглах алдаа түгээмэл. Иймд real time-аар ѳвчилсѳн, нас барсан хүний тоо, статистикийг анхаарах шаардлагагүй. Гол анхаарах зүйл бол ѳѳрийнхѳѳ эрсдэлийг багасгах явдал. 100 хүн ѳвдлѳѳ ч ѳѳрѳѳ эрүүл үлдэх нь чухал, 1 хүн үхлээ ч тэр нь ѳѳрѳѳ байвал хэцүү. Шаардлагагүй стресс, паникаас хол байж, хүн бүр урьдчилан сэргийлэх, ѳѳрийгѳѳ хамгаалах арга хэмжээг авах нь л чухал.
Коронавирусын хувьд, вирусын шалтгаан, халдвар дамжиж буй зүй тогтол, вакцин, эмчилгээ одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Иймд вирусын тархалтаас сэргийлэх хамгийн сайн арга бол халдвартай хүнийг эрүүл хүнээс тусгаарлах. Үүнийг амжилттай хийж чадсан Азийн гол эдийн засгууд одоо вирусыг хяналтандаа оруулаад байна.
Хятад вирусын голомт Хубей муж хавийн 60 сая хүнийг гэрт нь хориод, улс даяараа хатуу хѳлийн хорио дэглэм тогтоож байж 2 сарын дотор вирусыг хяналтандаа орууллаа. 1.4 тэрбум хүнтэй улсад ѳнѳѳдѳр шинээр илэрсэн кэйс 0 болсныг зарлаж байна.
Хэдийгээр Хятад шиг хатуу арга хэмжээ аваагүй ч ѳвчний тархалтыг хяналтанд оруулахад Солонгос, Японд 20-30 хоногт, Хонг-Конг Сингапурт 2-3 долоо хоног шаардагдсан. Тусгаарлах, тестлэх нь нэг талаас шинжлэх ухаан, нѳгѳѳ талаас урлаг, ѳндѳр ур чадвар шаардсан ажил хэдий ч ямар ч байсан энэ вирусыг харьцангуй богино хугацаанд хяналтанд оруулах боломжтой гэдэг нь нэгэнт харагдлаа.
Америк, Европ хѳгжсѳн улс тул одоо тархалт нэмэгдэж байгаа ч, карантин хүчтэй хийгдээд эхэлсэн тул дараагийн хэдэн 7 хоногийн дотор зогсоож чадна байх. Хѳгжиж байгаа орнуудын хувьд ч амжилттай орнуудын сайн туршлагуудыг нэвтрүүлэх боломжтой. Монголд нэлээд чанга арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа тул цѳѳн хэдэн тохиолдол илэрч болох ч, олныг хамарсан тархалт гарахгүй болов уу.
Гол сорилт нь вирусыг хяналтдаа оруулсан улсад ч бусад улсаас халдвар "дахин импортлогдох" эрсдэлтэй тул дэлхий даяараа зэрэг арга хэмжээ авах явдал болж байна.
Коронавирус бол мэдээж сүүлийн пандемик биш. Ирээдүйд магадгүй илүү аюултай ѳѳр олон халдварт ѳвчин дэлгэрэхийг үгүйсгэхгүй. Хэдийгээр хурдтай тархдаг ч үхэлд хүргэх магадлал бага, мѳн харьцангуй богино хугацаанд хяналтанд оруулах боломжтой тул дэлхий нийтийг илүү аюултай эрсдэлд бэлтгэлтэй болгох "вакцин" нь магадгүй коронавирус байж болох юм.
Ямартаа ч цаашид хүмүүсийн хүнсээ бэлтгэх, ѳдѳр тутмын ариун цэвэр сахихаас эхлээд сурах, ажиллах, аялж зугаалах хэв маяг нэлээд ѳѳрчлѳгдѳх болов уу.
Карантин, хѳлийн хорио хэдийгээр вирус дэлгэрэхээс сэргийлэх ганц арга боловч энэ нь эдийн засгийн зардалтай. Олон улс оронд бизнесийн үйл ажиллагаа хумигдаж нийлүүлэлт саарахын зэрэгцээ, хүмүүс худалдан авалтаа багасгаснаар эрэлт хумигдаж буй. Энэ нь хѳрѳнгѳ оруулагчдыг сандаргаж, Wall Street одоо Wallmart-д 00-ийн цаасанд очерлож буй хүмүүсээс ялгаагүй харагдах боллоо. Ер нь байгалийн гамшиг, халдварт ѳвчин гээд аливаа эрсдэлийн үед паник үүсэх нь тухайн эрсдэлээсээ хохиролтой байдаг.
Энэ нь бизнес эрхлэгчдийн ч, бодлого боловсруулагчдын ч ажлыг хүндрүүлж, хѳрѳнгѳ оруулагчид ѳѳрѳѳ ѳѳрсдийгѳѳ хохироох үйлдэл юм. Заримдаа ухаантай олон хүний нийлбэр үйлдэл тэнэглэл ч болж хувирдаг.
Сэтгэгдэл бичих