Өчигдөр өглөө онцгой байдалд “түр зуурын” арга хэмжээ “бүр зуурын” болж үлддэг тухай сануулсан Хараригийн нийтлэлийг орчуулж хүргэсэн. Оройдоо Ерөнхийлөгч Х.Баттулга онцгой байдлаар шалтаглан төрийн удирдлагыг төвлөрүүлэх, сонгуулийг хойшлуулах уриалга гаргалаа. Түүний уриалгад
“Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх... ташрамд дурдахад энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.
“Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэн.”
гэх мэт төрийн тэргүүний албан илтгэл гэж үзэхэд хэтэрхий мэргэжлийн бус, хийхээр шийдээд дуулгаж байгаа мэт утга найруулга бүрхэг, давхар санаа агуулсан үг олныг дайжээ. Энэ бол дарангуйлал юм гэж хүлээн зөвшөөрдөг дарангуйлагч ер нь байдаггүйг санах хэрэгтэй. Бас би та нарыг айлгах гэж байгаа юм биш гэдэг нь айдсаар хоол хийдэг дарангуйлагчдын амны уншлага гэдгийг ч санах хэрэгтэй.
Хямрал, онцгой байдлаар шалтаглан түр зуур төрийн удирдлагыг төвлөрүүлэх тухайд магадгүй хамгийн алдартай нь Юлий Цезарийн түүх байдаг. Тэрээр цэргийн жанжны хувьд асар их амжилт олсон байлдан дагуулалтаас эргэн ирмэгц иргэний дайн өдөөж, энэ дайнд ялсныхаа дараа нийтийн тооллын өмнөх 44 оны үед Ромын сенатаас өөртөө төрийн бүх эрх мэдлийг шилжүүлэн авсан байдаг. Үүнийхээ төлөөсийг Цезарь амиараа төлсөн ч Ромын улстөрийн тогтолцоо тэр чигтээ эзэнт гүрний хэлбэрт орж, дэлхийн түүх эгнэгт өөрчлөгдсөн билээ. Ер нь амьд сэрүүн байхдаа зоосон дээр нүүр царайгаа хэвлэх, өөртөө хөшөө дурсгал босгох, бурханчлах гэх мэт нийгмийн эрх тэгш харилцааг устгах олон зан үйл үлдээж хожмын дарангуйлагч удирдагчдын бэлэг тэмдэг болсон түүхэн дүр юм.
Цезарийн дарангуйлал болон түүний өргөсөн хүү, Ромын анхны эмперор Аугустус нарын хүчтэй гарын удирдлага дор эдийн засаг тогтворжиж, эзэнт гүрэн цэцэглэн хөгжсөн нэг үе өнгөрсөн ч яваа яваандаа тэдний орыг залгасан харгис харалган эмпероруудын дур зорго, татварын дарамт, авилга, төрийн хүчирхийлэл, армийн зардал зэрэг хяналт тэнцэлгүй эрх мэдлээс урган гардаг асуудлууд Ромын эзэнт гүрнийг дотроос нь идсээр задрал, мөхөлд хүргэсэн байдаг. Эндээс юу харж болох вэ гэвэл зургаан сарын онцгой байдалд авсан түр зуурын арга хэмжээнд улс үндэстнийг зуун зуун дамнан үндэс сууриас нь бүр зуурч мөхөлд хүргэх эрсдэл ч нуугдаж байдаг байна.
Хүний ой ухаан баатрыг санаж үлдээд, системийг мартах юм гэж олон давтаж бичиж байна. Сүсэгтнүүд Буддагийн захисан тогтолцоог үл ухаад өөрийг нь бурхан болгож залбирна. Монголчууд Чингис хааны хийсэн цэргийн ардчилсан системийг мартаж, өөрийг нь шүтэж үлдсэн. Төвөгтэй системийг ойлгох гэвэл түмэн яршигтай. Харин баатрыг магтан алдаршуулах нь өөрт илүү каифтай. Хичээл хийх хэцүү, хэн нэгний тухай хов ярих амархан байдаг шиг л. Яг үүнтэй ижил Юлий Цезарь хэмээх түүхэн дүр Ромын бүгд найрамдах тогтолцоог устгаж цаашдын мөхөл рүү нь түлхсэн хэрнээ тэр тогтолцооноосоо илүү алдаршиж үлджээ.
Эргээд харахад түүх сонирхолтой. Гэхдээ бид өнөөдөр ч түүхийг амьдарч, түүхийг бүтээж байгаагаа бас ойлгох хэрэгтэй. Гялбаад унтардаг цахилгаан шиг их удирдагч төрж, түүний ор суурь эзгүйрмэгц системгүй үлдсэн Монгол яалаа? Сөнөж мөхөн алдаж байгаад азаар шахуу арай гэж тусгаар тогтносон бус уу? Өнөөдөр монголчууд бид Цезарь ирсэн ч, Цезарь явсан ч ажиллаж байдаг системтэй улс үндэстэн болох замдаа явна.
Ард түмнээс өгсөн түр зуурын эрх мэдлийг бүр зуурч үлдэх сонирхолтой хүмүүс энэ замд халгаатай. Титэм вирусын аюул хэний ч толгойд титэм залах шалтгаан биш.
Коронавирус нэг өдөр явна, Женко Баттулга ч явна, Монгол үлдэнэ.