Эдийн засагч Б.Дөлгөөний Коронавирусаас үүдэн Монголын эдийн засагт үүссэн нөхцөл байдалд хийсэн төсвийн шинжилгээний голлох үр дүнг танилцуулж байна.
1. Дэлхий дахинаа Коронавирусаас болж гарч буй эдийн засгийн нөлөө өмнө гарч байсан Sars, Mers-тэй биш 2009 оны хямралын шинж чанартай илүү адилхан байна. Өөрөөр хэлбэл COVID-19 бол ямар нэг энгийн ханиад биш эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх хямралын шок болж байна.
2.Үнэхээр өвчлөл тархаж эдийн засаг цаашид хүндрэх аюултай гэж үзвэл яг одоо маш оновчтой бөгөөд өөрийн улс орны мөн дотоодын аж ахуй нэгж байгууллага иргэд хөдөлмөрчдийн онцлогт тохируулан арга хэмжээ авч байж үр дүнд хүрнэ. Түүнээс биш бусад улс орны авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хуулбарлаад үр дүнд хүрэхгүй. Улс орон бүрийн нөхцөл байдал өөр байна.
3. Сангийн яамнаас 2020 онд 173 тэрбумын алдагдал хүлээнэ гэж зарласан. Гэхдээ үүнээс ч илүү өндөр алдагдал хүлээх нь тодорхой болж байна. Өнгөрсөн 2019 онд сар болгон төсвийн орлого зардал хоёрын төсөөлөл 200 тэрбумаас хэтрээгүй явж байсан. 2019 оны төсвийн алдагдлыг 2,1 их наяд гэж үзсэн байсан. Эхний 6 сарын хугацаанд 900 тэрбумаас хэтрээгүй. Гэтэл 2020 оны төсөөлөл дээр 2,1 их наядын алдагдалтай байгаа мөртлөө 2020 оны эхний 6 сард 2 их наядын алдагдал хүлээхээр оруулсан байна. Тиймээс төсөвт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна.
4. Сүүлийн хоёр сар нүүрс, зэсийн гаргаж буй хэмжээ бүгд буурсан. Буурсан учраас эхний 1 сард 190 саяын алдагдал экспорт талдаа хүлээж байна. Цаашилбал 2019 оны энэ хэмжээндээ очиж чадах уу үгүй юу гэдэг асуудал үүснэ. Энэ хэмжээндээ очно гэвэл эхний хоёр сард гарсан 1.2 сая тонны алдагдлаас гадна дахиад 6 сая тонныг экспортолж байж энэ хэмжээндээ очихоор байна.
5. Зэсийн үнэ өнгөрсөн жилийн өдийд 6400 доллар байсан одоо 4800 доллар боллоо. Нүүрсний үнэ яах нь тодорхойгүй байна. Яг энэ үед манайхан экспорт, импортоос орж ирэх бүх орлогууд багасна гэдгийг дахин тооцоолоод зайлшгүй төсвийн орлогыг бодитоор тооцоолох шаардлага үүсээд байна.
6. Компаниуд энгийн үйл ажиллагаа явуулж чадахаа больж байна, ажлын байр хомстож ядуурал нэмэгдэх эрсдэл бий болж байна. Нэн ялангуяа хувийн хэвшилд. Тиймээс компаниудыг жижиг дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ авч үлдэх боломж олгох хэрэгтэй байна. Бүгдэд хавтгайруулан адил арга хэмжээ авалгүй "бай"-гаа оносон өөр өөрсдийн онцлогт тохирсон арга хэмжээ авах хэрэгтэй байна.
7. Хил хаасантай холбогдуулан гадаад худалдаа зогсож байна. Сарсын үе буюу 2003 онд Хятадын эдийн засаг унасан ч жижиглэнгийн худалдаа зогсоогүй. Гэтэл Коронавирусийн эхний 2 сард 4 хувиар унасан харагдаж байна. Үйлдвэрлэлийн индекс 1 сард -13 хувьд хүрлээ. Энэ бүгд Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.
8. Нэг бизнес дампуурахад нийт эдийн засагт цочрол өгнө. Улмаар эдийн засагт айдас үүсч худалдан авалт буурч улмаар НӨАТ дагаад буурна. Хувийн бизнесийг дампуурлаас сэргийлэхийн тулд иргэдийн худалдан авалтыг дэмжих хэрэгтэй. Үүний тулд бизнесүүдийг ажилчдаа цалинтай амраахад туслалцаа үзүүлэх, гэртээ хүүхдээ харж эцэг эхэд мөнгөн тусламж үзүүлэх, эмзэг бүлгийн сарын ашиглалтын төлбөр дээр тусламж үзүүлэх шаардлагатай байна.
9. Коронавирус илэрсэнээс хойш сул зогсолт хийж байгаа байгууллагууд их болсон . Ялангуяа боловсролын салбарт. Эдгээрийг анхаарч, ядаж нийгмийн даатгалын 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах шаардлагатай байна.
10. Хөл хорионы үеэр зах худалдааны төвүүдэд тэрэг түрж, ачаа ачих зэргээр хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс орлогогүй болж эхэлж байна. Энэ нь ядуурлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. 2018 оны байдлаар ядууралд байгаа хүний тоо хүн амын тоотой харьцуулахад 28.4 хувь байна. Энэ нь 907 мянган хүн гэсэн үг. Хэрэв энэ хэвээр байвал дахиад 475 мянган хүн ядууралд өртөх магадлал өндөр байна.
11. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн байдал хүнд болж түрээсийн төлбөр, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал бий болж байна. Тиймээс эдгээр бизнесүүдийг дампуурахаас өмнө арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв тэдний бизнес дампуурвал тэдгээрийг буцааж босгоход гарах зардал одоо хийх зардлаас ч том зардал гарна.
12. 2020 онд төрийн худалдан авах ажиллагаанд 2,5 их наяд төгрөг төлөвлөгдсөн ба ний тендерийн 50-аас дээш хувийг шалгуулахаар төлөвлөсөн хугацаа нь 2020 оны эхний 3 сард байна. Зарлахаар төлөвлөсөн тендерийн санхүүжилтийг дахин эргэцүүлж, эдийн засгийн уналттай энэ үед нэн шаардлагатай байгаа салбарууд болох худалдаа, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад хөрөнгө оруулах (буцаан төлөгдөх зээлийн хөнгөлөлт өгөх замаар) хэрэгтэй юм.
Сэтгэгдэл бичих