Нийтлэл 04 сарын 08, 2020

Популизмд хэн буруутай вэ?

Ер нь залуус улс төрд орох ёстой юм уу, бид нэмэр болж чадах уу, дэлхий даяар газар авч буй популизмд залуус буруутай юу гэх зэргийг хэлэлцэхээр АНУ-ын "Улс төрийн ирээдүйн манлайлагчид" институтийн залуустай хагас өдөр уулзлаа.

Ер нь бол санаа нь улс төрд эмэгтэйчүүдийн эрх, квот гэдэг шиг залуусын дуу хоолой байх ёстой, дэлхийн өнцөг булан бүрд энэ дутагдаж байгааг шууд хэлж байна. Залуус нийлж чадвал улс төрд сонгогдох гэж буй этикгүй, чадваргүй, боловсролгүй, сэтгэлгүй хэнийг ч болов сонгохгүй блок хийх хүчтэй. Харамсалтай нь бид ингэж чаддаггүй. Милленал, Z үеийнхэн нийгмийнхээ олонх болсон атлаа яахаараа бид бодлого тодорхойлж, хаана, яаж амьдрах шийдвэрт оролцож чадахгүй, хүсэхгүй байгаа билээ гээд л хэсэг мэтгэлцэв. Ямартаа ч энэ залуус нийлж байгаад хэд хэдэн залуусыг хот, дүүргийн удирдлага, төлөөлөгчөөр сонгуулж, улс төрийн гарааг нь амжилттай эхлүүлж чаджээ. Дандаа 35-аас доош насных шүү. Хамгийн залуу нь 27 настай.

Америкт хийсэн судалгаагаар байгаль орчны асуудлаас болоод залуус (35 хүртэлх насныхыг ойлгоорой) улс төрийг ихээр сонирхож, орж эхэлж байгаа гэнэ. Эдийн засаг гэж эхэлж хэлээгүй байгаа биз? Дараа нь цагаачлал гэж хэлсэн байна. Тэгэхээр шинэ үеийн залуусын үнэ цэнэ, үзэл бодол өөр болсон байх нь. Хэт мөнгө шүтсэн, хэт материаллаг нийгмээс тэд ба бид залхаж байна. Улстөрч гэгдэг манай ах, эгч, өвөө, эмээ нар улс төрийг өөрсдийн карьераа хийх талбар болгон ашиглаж буй олон жишээг бид мэднэ. Уг нь ард иргэддээ үйлчлэх боломж, хариуцлага, үүрэг гэж харах ёстой биз дээ?

Залуусын нэг санал л улс төрийг өөрчлөх хүчтэй байдаг. Үүнийг бид өөрсдөө ч мэддэггүй л гээд байна. Залуус сонгуулийн идэвхгүй байна гэдэг нь нийгмийн эерэг үзүүлэлт юм биш үү? Учир нь тэд улс төрийг тоохгүй байна гэдэг нь тэдэнд бодитой асуудал, эрсдэл байхгүй гэсэн үг биз дээ гэж асуухад сонгуульд саналаа өгөхгүй байх тусмаа хоолойгоо боолгуулж буй хүнтэй адилхан болно гээд ам таглав. No vote is no voice гэнэ. 35 хүртэлх насны залуус Монголын нийт хүн амын 64 хувийг бүрдүүлдэг. Сонгуулийн ирц, санал аваад сонгогдож буй хүмүүсийг бид мэднэ. Товчхондоо залуусын дуу хоолой төрд дутагдаж байна. Гэхдээ л залуус залуустаа санал өгнө гэдэг баталгаа байхгүй. Баталгааг нь өөрсдөө л гаргана гэж байна. Үүний тулд дараах 3 үе шаттай ажиллаарай гэнэ.

1. Бүх шатны сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгч занш. Энэ соёлоороо бусад залуусдаа үлгэр дууриал бол.
2. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, нийгмийн ачаанаас үүрэлцэж эхэл. ТББ, мэргэжлийн холбоод, сонирхлын клубуудэд элсээд унтаа гишүүн байж болохгүй. Харин ч хариуцлага үүрч, удирдлага, удирдах зөвлөлд нь орж ажилла. Энэ хариуцлагаараа үеийн залуусаа манлайл. Бусаддаа мэдлэг, зөв мэдээлэл, эерэг мэдээ түгээ.
3. Улс төрд ор, нэрээ дэвшүүл, өрсөлд. Гэхдээ жижгээс эхэл. Орон нутаг, дүүрэг, хороо, сумаасаа эхэлж улс төрийн тоглолтоо эхлүүл гэж зөвлөж байна.

So what буюу тэгээд яах юм, хэнд хамаатай гэж, миний ажил биш гэж хөгийн асуултыг бидний үеийн залуустаа тавьж бай гэнэ. Өөрийнхөө So what гэдэг асуултын хариуг ол гэж байна. Өөрөөр хэлбэл, Ганзориг ажлаасаа гарчихлаа, гадаад руу цагаачлаад явчихжээ, өвчин тусчээ, эсвэл ажлын чадваргүй болжээ гэвэл таны таньдаг мэддэг хүмүүс чинь тэгээд яадаг юм, тэр Ганзоригийн яасан нь хэнд хамаатай юм гэж хэд нь хэлэх бол гэдгийг бод, яагаад тэгж буйг нь та өөрөө мэдэж байгаа гэнэ ээ. Ингэж хэлүүлэхийг хэн ч хүсдэггүй ч та бид ингэж хэлүүлэх үйлдэл эсвэл эс үйлдэл хийгээд, өөрийн мэдэлгүй амьдаараа зомби болоод, эсвэл хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагдаад яваад байгаа биш байгаа?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon