Уншигч таныг цар тахлын үеийн аймшигт мэдээллүүдээс бага ч болов холдуулж, ирээдүйг өнгөлгөөр харах, 10-хан жилийн дараа өөрийн биеээр “Улаан нүдэн гариг” дээр алхаж болох гайхалтай гэгээлэг, бас урам зориг нэмэх мэдээллийг хүргэе.
Хэдхэн хоногийн дараа /энэ ням гаригт/ Монголын телевизүүдээр Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс хэрэгжүүлж байгаа Mars-V төслийн үйл ажиллагааны талаарх “Марс хол биш” /Mars is not Far/ баримтат кино цацагдана.
Сансарт нисэх, шинэ гариг дээр очиж үзэх нь зөвхөн бэлтгэгдсэн сансрын нисгэгчдэд олдох ховорхон боломж биш. Та ч бас Монголын говьд яг Марс гариг дээр авч болох тэр мэдрэмжийг авч чадна. Төсөөлөөд үз!
“2030 он гэхэд хүн төрөлхтөн Марс руу хүмүүсээ, хөлөгтэй нь хамт илгээнэ”
Шинжлэх ухааны “Марс хол биш” баримтат кино дэлгэцнээ гарахаас өмнө Mars-V төслийн тухай таны мэдэх ёстой 10 зүйлийг хүргэж байна.
-
Шинэ тэмүүлэл: Монгол залуус нэгдэн Mars-V төслийг 2018 онд анх санаачилжээ. Тухайн ондоо багтан төслийн танилцуулах уулзалтаа зохион байгуулж, 2019 оны хоёрдугаар сард төслийн нээлтийг хийж, төсөл хэрэгжүүлэх талбай дээрээ ажиллаж эхэлсэн байна.
-
Монгол хүн сансарт ниссэн: Mars-V төсөл Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа уг төслийн зөвлөхөөр ажилладаг.
-
Хамтын ажиллагаа: Marsa & Mars-V санг 2019 оны гуравдугаар сарын 29-нд байгуулж, анхны гадаад зөвлөхөөр Япон улсын Засгийн газрын харьяа Үндэсний Сансрын Бодлогын Хорооны ахлах зөвлөх Хироаки Акихито ажиллаж эхэлжээ.
-
Дэлхийд өрсөлдөхүйц төсөл: Mars-V төсөл нь хэдийнээ NASA болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд танилцуулагдаж ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын хүрээнтэй хамтран ажиллаад эхэлжээ.
-
Томоор сэтгэ: Дэлхий дээр сансар судлал, сансрын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг долоон төсөл хөтөлбөр / Virgin Galactic, Orion Span, Blue Origin, Space Adventures, Axiom Space, Space-X, ОХУ-ын Роскосмос/ бий. Найм дахь нь Монголын SPACE-M болж байна.
-
Дэлхийн сонирхол: Сансрын бизнес, технологийн өрсөлдөөн жил ирэх бүр нэмэгдэж, олон старт-апп компаниуд бий болж, хоорондоо өрсөлдөж, хөрөнгө оруулалт татаж, хүмүүст олон төрлийн үйлчилгээ санал болгож байна. Харин манай залуус Марс судлалын академи байгуулж, сансрын судалгааны чөлөөт бүсийг бий болгож, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацийн олон улсын төв байгуулах төслийг хэдийнэ эхлүүлжээ. Энэ төвд та Марсыг зорих болон адил төстэй орчинд сургуулалт хийх боломжтой юм.
-
Марсыг колончлох төлөвлөгөө: Хүн төрөлхтөн шөнийн оддыг ширтэж, сансрын орон зайг мөрөөддөг байсан нь саяхан. Харин одоо сансар судлалын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, дэлхийн улс орнууд хэдийнэ сансрын аялал жуулчлалыг сонирхоод эхэлсэн. Аялал жуулчлалын төрөлжсөн сансрын станцыг байгуулж, жуулчин хөөргөх бүртгэлээ зарласан. Манай улс ч үүнд бэлэн болж эхэллээ.
-
Монгол орны давтагдашгүй онцлог: Дэлхий дээр оршдог 24 цөл дотроос долоо нь хасах градустай. Үүн дотроос хамгийн хүйтэн, бас Марс гаригтай ойролцоо нөхцөлтэй нь Монголын говь. Монголын говь Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад өндөрлөг газарт оршдог. Нэмэх, хасах 40 хэм хүртэл халж, хөрдөг. Энэ нь манай орны байгаль цаг уурын давуу тал. Япон руу шинжилгээнд илгээсэн хөрсний дээж говийн хөрсний дээж Марс гаригтай хамгийн ойролцоо болох нь тогтоогдсон.
-
Үнэ цэнэ: Яагаад заавал сансрын аялал жуулчлал? гэж та бодож байж магадгүй. Энэ бол маш ойрын ирээдүй. Монголчууд энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал дэлхийд үнэ цэнэтэй ард түмэн болох болно.
-
Марсыг тойрсон бизнес санаа: Сансрын орон зайд аялал жуулчлал, бизнесийн маш том ирээдүй хүлээж байна. Мөнгө төлөөд сансарт нисэх үйлчилгээ бүгдэд нээлттэй болоход ойрхон байна. Бид Марсыг тойрсон бизнесийн нэгхэн хувийг эзэмшихэд л өөрийн улсынхаа эдийн засгийг дөрөв нугалах хэмжээний орлого олох боломжтой.
“Энгийн бизнест оруулсан хөрөнгө 10 хувийн ашиг өгдөг бол сансрын бизнест оруулсан хөрөнгө 10 мянга нугарна”
Mars-V төслийг Монголын томоохон бизнесменүүд дэмжин ажиллаж, одоогийн байдлаар 500 гаруй сая төгрөгийн санхүүжилт босгоод байна. Мөн дэлхийн удирдагчид Монголын залуусын санаачилсан Mars-V төслийн дэмжиж байгаа нь бидэнд технологийн ирээдүй байгаа гэх итгэлийн илрэл. Монголчууд уул уурхайгаас гадна технологийн дэвшилд анхаарлаа хандуулж буйн бас нэг жишээ.
Тиймээс та ч гэсэн “Марс хол биш” шинжлэх ухааны баримтат киног дөрөвдүгээр сарын 12-ны Ням гаригт дараах телевизийн сувгуудаас сонгон хүлээж авч үзээрэй. Дэлхийгээс хоцорч биш, угтаж хөгжих боломж бидэнд байна.
Ц.Булгантуяа
Сэтгэгдэл бичих