Нийтлэл 04 сарын 20, 2020

С.Сээсрэгдорж: Одоогоор COVID 19-өөс хамгаалах вакцин нь хувь хүн та өөрөө

Монгол Анагаах Ухааны дотрын өвчин судлалын тэнхмийн багш, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч С. Сээсрэгдоржтой ярилцлаа.

Дэлхий нийтийг түгшээгээд байгаа шинэ коронавирустэй дүйлгэж үзэх өвчин уламжлалт анагаах ухаанд байдаг уу? Түүний онцлог юу вэ?

Энэ вирусыг уламжлалт анагаах ухааны онолоор хижгийн халуун өвчин гэж үзнэ. COVID 19 -ийг Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлзүйгээр авч үзвэл гурван үе шаттай байхаар байна. Эхний эс боловсорсон үе 3-7 хоног. Энэ үеийг өвчний цус, тамирын цус хоёр сүү, ус нийлсэн мэт гэж тодорхойлж болно. Шууд хүчтэй эм хэрэглэвэл эрүүл эс ч, өвчтэй эс ч үхэж болох үе. Эмчлэхийн тулд боловсруулах зарчим баримтлах буюу сүү, ус хоёрыг ялгаж, өвчнийг голомтлог байдалд оруулах арга хэрэглэнэ. Хоёрдугаар үе нь, Боловсрох чөлөөгүй анисанд буусан халуун буюу дүрэлзсэн гал шиг амь насанд аюултай үе болох 6-9 хоног. Эмчилгээний арга нь "Хавцал газар өстөн дайсантай уулзсан мэт "- ээр засна. Буцах газар, эргэх арга байхгүй, чи юу, би юу гэсэн асуудал юм. Иймд хижиг өвчнийг анагаадаг "Ноён мэт хүчтэй" найрлага хэрэглэнэ. Үүнээс цааш Уул талын завсрын үе байна. Хувь хүний бие махбодийн онцлогоос шалтгаалах 14 хоног. Эргээд халуун болох, эсвэл өөр өвчин рүү шилжиж магадгүй эгзэгтэй үе учраас хийг нь анхаарч эмчлэх ёстой. Эдгээр эмчилгээг COVID 19-ийн халдварын үед орчин үеийн эмчилгээний аргатай хослуулан хэрэглэх боломжтой.

Ер нь монгол уламжлалт анагаах ухаанд халдварт өвчнийг анагаах ямар туршлага байдаг вэ?

Монгол уламжлалт анагаах ухааны 5000 жилийн түүхтэй гэж үздэг   нь археологийн олдвороор батлагдсан тоо. Үүнээс ч эрт он тооллоор хэмжигдэх магадлалтай. Хүн төрөлхтөнтэй анагаах ухааныг чацуу гэж ярьдаг шүү дээ. Монголын уламжлалт анагаах ухаан эртний энэтхэгийн Аюурвэдээс улбаатай. Гэхдээ Монголын уугуул анагаах арга ухаан байсан байж таарна, Төвөдийн үр нөлөө ч бий. Эдгээр уламжлалууд холилдож сүлэлдэж Монголын уламжлалт анагаах ухаан бий болж чадсан. Нэлээд сүүлийн жишээ дурьдвал, уламжлалт анагаах ухааны үндсэн сурвалж болох наймдугаар зууны сүүлчээр бичигдсэн "Дөрвөн үндэс" гэж судар бий. Энэ сударт халдварт өвчнийг найман бүлэг, 54 зүйлээр ангилж, тэдгээрийг 182 эмээр анагаах тухай бичсэн байдаг. 1680–аад онд одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Бөөрөлжүүт” гэдэг газарт Монголын анхны Мамбадацан байгуулагдсан. Энэ үед Ламын гэгээн Лувсанданзанжанцаны бичсэн “Рашааны цацал” хэмээх жижиг сударт халдварт өвчнийг анагаах 13 жор бий. Хамгийн гол нь Ламын гэгээн энэ  жоруудыг хэрэглэж ирсэн болон өөрөө хэрэглэсэн туршлагадаа тулгуурлаж бичсэн онцлог байдаг. Наашлаад  Хөхнуурын Ишбалжир " Дөрвөн рашаан " бүтээлдээ 60 гаруй зүйлийн халдварт өвчнийг анагаах 121 жорыг, мөн 1826 онд монгол мэргэдийн нэг Жамбалчойжиданзанпэрэнлэй “Увдисын далай” бүтээлдээ халдварт халуун өвчнийг 100 зүйлээр ангилаад тэдгээрийг  анагаах 467 жорыг бичсэн.

 Гэхдээ энэ  жорууд нь бүх халдварт өвчнийг анагаахад чиглэгдсэн тоо. Эндээс  шинэ корона вирусыг анагаахад чиглэсэн жоруудын тоо мэдээж багасна. Нөгөө талаар  өнөө цагт энэ бүх жорыг үйлдвэрлэх боломж муу хэдий ч 5-15 хувийг ашиглах боломжтой.  Сая гэхэд л шинэ коронавирусийн халдварын үед Өвөр Монголын Альшаа аймагт урьд өмнө халдварт халуун өвчин дэлгэрэхэд алдартай маарамбын хэрэглэж байсан “Дамар” гэдэг тан эмийг сэргээж нийтэд  урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэжээ. Түүнчлэн монгол мэргэдийн халдварт өвчнийг анагааж байсан эмийн жорын бүрэлдэхүүн, хийх технологи, хэрэглэсэн аргад үндэслэж  академич П.Нямдаваа, академич Ш.Болд нар монголчууд европын эрдэмтдээс өмнө вакцин хийсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Ер нь цаг хугацааны явцтай уялдуулан анхаарч үзвэл анагаахын судрууд дахь халдварт өвчний тоо нэмэгдэж шинээр бүртгэгдэж, тэдгээрийн оношилогоо, эмчилгээ сайжирч ирснийг судлах боломж байгаа нь мэдрэгддэг.

Уламжлалт анагаах ухаанд дархлааг хэрхэн тодорхойлдог вэ?

Дархлаа гэхээс илүү бие махбодийг тэгшитгэнэ гэж ярьдаг. Энэ нь бие махбодид илүүдсэнийг дарж, дутуудсаныг нөхөж, махбодио тэнцвэртэй байлгана гэсэн үг. Энгүүнээр авч үзвэл, хүн эхлээд өөрийгөө таньж мэдэх нь чухал. Тэгээд өөрийн бие махбодийн онцлог, нас хүйс, улиралд тохируулан ажил амралт, нойр хоол, сэтгэлийн үйлээ зохицуулах шаардлагатай. Хотын бид өдөрт гурван удаа хоол идчихээд сунаж унах гээд байдаг. Хөдөөнийхөн өглөө аяганы хийцтэй гарсан ч өдөржин торолгүй явдаг нь байгаль, газар уснаасаа энергиэ нөхөөд авч байгаад оршино. Хүний сайхан сэтгэлээр мөн бие махбодь тэгширдэг. Хүн өвдөнө гэдэг махан бие нь өвдөж байгаа юм. Гэхдээ биеийн гадна талаар оршин буй долоон өнгийн солонгон бүрхүүл гэмтэж, цоорч байж махан бие өвдөнө.  Зөв бодол, зөв үйлдэл, сайхан сэтгэлээр солонгон бүрхүүл болох аура бүрэн бүтэн байдаг. Хоёрдугаарт, бид өөрсдөө тоодоггүй нэг асуудал байна. Хүн болгонд түүнийг авран хамгаалдаг заяаны тэнгэрүүд бий. Хүний нэг мөрөн дээр бурхан, нөгөө мөрөн дээр чөтгөр сууж байдаг. Муу бодол, үйл хийхээр чөтгөр баярлаж, сайн үг, үйлдэлд заяаны таван тэнгэр баясаж эзнээ хамгаална. Заяаны таван тэнгэр хүн эхийн хэвлийд бүрэлдэхэд бий болж, насан туршид нь хамт байж өөд болоход нь бүх үйлийг нь аваад Эрлэг номун хаанд айлтгадаг бол чөтгөр нь шарилтай үлддэг гэдэг.

Түүнчлэн хүн болгонд хийморь хэмээн хамгаалагч далд хүч бий. Хийморийг сүлд, сүнсний итгэлт хөлөг гэдэг. Хийморь доройтохоор сүлд унах унаагүй болж, биеэс гарч давхиад амьдрах чадвар алдагдаж, ажил үйлс бүтэлгүйтдэг. Хийморь сайн, бат байвал гадаад бүрхүүл төмөр хана мэт байж эзнээ хамгаална. Хийморь, Заяаны таван тэнгэр бол уламжлалт анагаах ухааны онолын амь баригч, дээш гүйгч, түгээмэл гүйгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч хийтэй нягт хамааралтай. Энэ таван хийг энергийн төвлөрөл чакра ч гэж нэрлэдэг. Тэгэхээр бодол, үйлээ зөв байлгаж, бие махбодио тэнцвэртэй байлгахыг хүн болгон чармайх ёстой. Эцэг, өвгөдийн үе дамжсан бурхан шүтээн, уул ус, нутаг орноо сүслэн дээдэлж явах, уулын оройд гарах, хүй дарсан газраа эргэх, хувь заслаа хийлгэх, сайхан хөгжим, гол усны чимээ, шувуудын жиргээ сонсох, хаа хол хэн нэгэн таныг сайнаар дурсах энэ болгонд хийморь тэтгэгдэнэ. Мөн тарни унших, йог бясалгал хийх, өөрийн ивээл чулууг зүүх нь өлзийтэй. Тарни бол бурхан, судрын охь шим, хэлний эрчис юм. Энэ мэтчилэн бие махбодио хамгаалах, тэгш сайхан байхад нөлөөлдөг далд хүчнүүд их бий. 

COVID 19-ийн халдвар эрчимтэй тархаж байгаа энэ цагт нийт иргэд юу анхаарвал зохилтой вэ?

Яг одоо Монгол нутагт хавар болж байна. Урин цаг ч гэлээ, хамгийн их өвчин дэлгэрэх эгзэгтэй, эрсдэлтэй цаг. Гадаадаас монголчууд олноор ирж байна. Хорио цээр нэлээд удаан үргэлжлэх шинжтэй. Уур амьсгалын хувьд, өвөл хурж байсан бадгана одоо сэргэнэ. Энэ нь ус, шорооны хүч ихэсч байна гэсэн үг. Өвөл хүний бүх шар үс нь хаагдсан гал шиг эрчтэй, хүчтэй байдаг. Хавар аргын чанар багасч, сэрүүн билгийн чанар нэмэгддэг. Энэ үед дархлаа дарангуйлагдана. Иймээс галын илчийг дэмжиж, аарц, чацаргана, зөгийн балтай ус, жамц давстай ус, монгол эм тан уувал сайн. Монгол эм бие махбодийг тэгшитгэнэ. Махбоди тэгшитгэснээр дархлаа тогтвортой байна. Өвөл иддэг хоолоо сайн шингээж дийлэхгүй тул шингэц сайтай шөлөн хоол ид. Шөлөн хоол тухайн хоолны бүх орцуудын шимийг авсан байдаг.

Хавар хүйтэн муу чийг их үүсдэг. Энэ нь үе мөч, бөөрөнд муу. Ер нь монгол хүн хүйтэн чийгэнд тэсвэр муутай. Ийм  учраас бөөр нуруугаа хамгаалж, хуурай дулаан байхыг эрхэмлэх хэрэгтэй. Бөөр бол хүний эрч хүч, чалхыг хамгаалдаг. Урт наслая гэвэл, хүн бөөрөө хайрлаж байх ёстой. Хүн хөгшрөхдөө бөөрнөөсөө, мод хөгшрөхдөө голоосоо гэсэн үг ч бий. Мөн манай ахмадууд “Уулын арын цас ханзартал үстэй өмднөөсөө бүү сал” гэдэг. Халдвар ямар ч чадалтай улсын хэнбугайг ч ялгахгүй байгааг анхаарч, хэнэггүйтэж хэрхэвч болохгүй. Хамгийн эгзэгтэй үе тулаад ирсэн байхыг үгүйсгэхгүй.

COVID-19-ийн халдвар өндөр настнуудад илүү хүнд тусч, амь насанд нь аюултай байна. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ ?

Хүн бол огторгуй, шороо, ус, гал, хий гэсэн таван махбодиос бүрдсэн байгалийн бүтээгдэхүүн юм. Насжих тусам энэ махбодиудын мөн чанар буюу тунгалаг, цус, мах, өөх, яс, чөмөг, дусал гэсэн долоон тамирын боловсролтын нөхөн төлжилт алдагдана. Чөмөг дундрахаар илч, өнгө зүс, цог хийморь, тэнцвэрт чанар буурч, нөхөгдөж үл чадна. Ингэснээр өвчинд нэрвэгдэн, өвчин эсэргүүцэх чадвар, дасан зохицох далд нөөц нь багасна. Нөгөө талаар настай хүнийг хийн хүн гэж үздэг. Ямар ч насны хүнд хий арвидвал, хий нь өвчний эхийг удирдан, өвчин бүхнийг хооронд нь хямралдуулж, эмчлэхэд төвөгтэй болгож, сарниагаад, архаг байдалд хүргэх гэмтэй. Ийм учраас өндөр настнууд миний дээр хэлсэнчлэн, хавар болж галын илч буурч байгааг анхаарах ёстой. Хоёрдугаарт, хаврын улиралд хий орондоо хурж хөдлөхөд бэлтгэгдэж, жамаараа бол зун илүү хөдлөх ёстой. Үүнийг тоймловол хоёрдугаар сарын 22-оос дөрөвдүгээр сарын 22 хүртэл хавар, дөрөвдүгээр сарын 22- оос зургаадугаар сарын 22 хүртэл тэнцлийн цаг, зургаадугаар сарын 22-оос наймдугаар сарын 22 хүртэл зуны цаг үргэлжилнэ. Тэгэхээр настай хүнд халгаатай байж болох цаг одоо эхлэж байгааг сайн анхаарч хамгаалах хэрэгтэй. Мөн хий цаг бусаар хөдлөх гэж байна. Энэ нь тухайн настны бие махбодийн төрөлх чанар, ажил амралтын зохицол, хоол унд зэргээс хамаараад хөдлөж болно. Тэнцвэрт байдлаа хадгалж чадвал энэ цаг үеүдэд тохиолдох хийд нэрвэгдэхгүй.

Тэгвэл өндөр настнууд бие махбодио тэгшитгэхэд юуг анхаарах вэ?

Өндөр настныг хүчтэй эм, тариагаар хамгаалахгүй. Ер нь хамгийн зөв бөгөөд гайхамшигтай арга бол “Хувь хүн өөрөө өөртөө вакцин юм! “

Настай хүнийг хийн хүн гэж би дээр дурьдсан. Энэ нь махбодийн  хөнгөн, сэрүүн, хөлбөрөнги, нүнжиггүй чанарын үйлдэл их болно гэсэн үг. Тэгэхээр үүний эсрэг чадал, эрдэмтэй зүйлийг хэрэглэ. Биедээ сүүлний, чөмөгний тос түрхэж илэх, хамар, чих, толгойн оройд шар тос түрхвэл сайн. Монголчууд хонины сүүлийг өөх, тос гэдэггүй уураг сүүл гэж ярьдаг. Ахар сүүлийг тойрсон аманд ороод хайлдаг хурган цагаан гэж байна. Энэ нь настайчуудад илүү шим тэжээлтэй. Хоолондоо боодог, хорхогны чулуу хийж гарын алга, хурууны өндгөөр барь. Бөөрөнхий задийг аягандаа хийж, цай уухдаа ч хоол идэхдээ ч дээрээс хийгээд хэрэглэвэл хийг дарна. Мөн ходоодны галын илчээ дэмжих зорилгоор өрөм, зөөхий, бурам, шар тосыг өдөр тутамдаа хэрэглэ.

Шар тосыг уламжлалт анагаах ухаанд оюун ухааныг хурцатгадаг гэж үздэг. Шар тос хэрэглэснээр судасны хатуурлаас сэргийлнэ. Сүүний шим өрөм, өрөмний шим цагаан тос, цагаан тосны шим шар тос. Тэгэхээр шар тос бол шимийн шимийн шим юм. Шар тосонд омега, ханаагүй тосны хүчлүүд, витаминууд бүгд байна. Удсан шар тос бол эм. Хэмжээ нь богийн шагай эсвэл өөрийнхөө эрхий хурууны нэгдүгээр үетэй ижил хэмжээтэй байвал таарна.

Гэхдээ эдгээр хүнсийг ходоод, цөс, нойр булчирхай, гэдэс олгойн үрэвсэлтэй хүмүүс анхаарах ёстой.

Мөн хонины цээжин биеийн шимийг хураасан далны яс, доод биеийн шимийг хураасан борви, тойгны яс, ахар сүүлний ясны шөлийг тан маягаар өглөө, оройд уух нь  тустай. Булууны ясны шөл шимтэй, шингэц сайтай,  зөөлөн байдаг. Үхрийн борцтой шөлтэй хоол бас л эмчилгээ. Монгол малын мах бол тэр чигээрээ эм. Манай таван хошуу мал 1000 орчим зүйлийн эмийн, 850-иад бэлчээрийн, тэжээлийн ургамал иддэг талаар судлаачид бичсэн байдаг. Бусад орны малын махтай зүйрлэвэл амьдлаг чанартай зэрлэг амьтдын мах л гэсэн үг. Уламжлалтын хий дарах танг шөл, бурмаар даруулж ууж болно. Бас өндөр настнууд шөнө богино болж байгаа энэ цаг үед  өдөр унтаж амарвал зүгээр.  Зундаа цагаан будаа, ямааны мах нүнжиггүй чанартай учраас сэрүүднэ, шөрмөс татна. Манай хууччуул бүгд мэднэ. Намар хий дарагддаг тослог улирал тул тос идээд хэрэггүй. Энэ мэтчилэн энгийн хэрнээ ийм арвин  аргаар бид настангуудаа асарч, бөөцийлж хамгаалах боломжтой. Энэ аргуудыг ард түмэн мэдэх ч хэрэгжүүлэхгүй байна. Монгол сайхан уламжлалаа сэргээн хэрэглэмээр байна. Шинэ юм гэж мартагдсан хуучин зүйлийг хэлдэг. Мөн хүүхэд багачуудыг өөхнөөс айлгалгүй сүүл идүүлж, сүү уулгах хэрэгтэй.

Энэ уламжлал, энэ аж төрөх ёс саяхан болтол бидний дунд байсан. Одоо жаахан алдагдаад байгаад сэтгэл эмзэглэх юм.

Харамсалтай нь энэ үнэн. Миний үеийн хөдөө байхаа больж. Хүмүүс их өөрчлөгдөж байгаад сэтгэл өвдөх юм. Ганц монгол биш дэлхий даяар хүн чанар алдагдаж байна. Бидэнд америк аж амьдрал, европ ёс суртахуун, суурин соёл тохирохгүй. Монголчууд дэлхийн цорын ганц нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин соёл ахуйд бидний аж төрөх нөөц бололцоо, гарцууд их байдаг. Энэ уламжлалаа улам дээдлэн хөгжүүлж, боловсронгуй болгон салбар болгонд хөгжлийн шатаа ахиулмаар байна. Шинэ коронавирусын үеэр монгол хүний онцлог, чадвар тодорхой хэмжээгээр дэлхийд танигдлаа. Гагцхүү зөв чиглүүлж, хүн бүр бие, сэтгэлийн хатуу сахилга баттай байвал монгол хүний заяа ихээ гэж бодох юм.

Монгол уламжлалт анагаах ухаан сэргэж хөгжөөд гучаад жил болжээ. Энэ хугацаанд ямар боломж мэдрэгдэж байна вэ?

Уламжлалт анагаах ухаан эргэн сэргээд богинохон хугацаа туулж байгаа ч багагүй амжилтанд хүрсэн. Америк, Европод, тухайлбал Польш улсад манай зуугаад эмч ажиллаж амьдардаг. Саяхан Польшид хөл хорио тогтооход зөвхөн нэг эмчээс тан олгож өгөхийг нэлээд үйлчлүүлэгчид нь хичээнгүйлэн хүссэн байна. Польш хүмүүс монгол эм, тан европ эмнээс давуу чанартай гэдгийг мэдэрсэн аж. Үүнд манай эмч нарын ур чадвар ч холбоотой.

Өвөр Монголд илэрсэн Шинэ коронавирусын 75 тохиолдолд уламжлалт эмийг хавсарч хэрэглэхэд 74 хүн эдгэрсэн. Уламжлалт эм нь дархлааг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, шинж тэмдгүүдийг дарж байгааг тухайн голомтонд ажилласан манай сургуулийн ӨМӨЗО-ны магистрант, докторантууд бидэнд мэдээлсэн юм. Ухань хотод өвөр монгол сувилагчдын баг сар ажиллахдаа өөрсдийн монгол эм, халдвараас сэргийлэх зүүлтээ хэрэглээд өвдсөн тохиолдол гараагүй. Мөн Уханьд Өвөр Монголын "Улаан мөчир" чуулга 14 хоног тоглоод, хорионы урд өдөр буцсан. Тэднээс ганц ч хүн өвдөөгүй. Хятадын эрдэмтэд, монгол ахуй, монгол хүнийг судлах ёстой гэж ярьж, бичиж байна. 2002 онд Хятадад анх SARS өвчин гарахад мөн монгол уламжлалт эмчилгээ үр дүнтэй байж, маш их нэр хүндийг олсон. Тэр үеийн Хятад - Монгол эмнэлгүүд одоо Монгол - Хятад эмнэлэг нэртэй болон, асар их хөрөнгө оруулалт хийгдэж хөгжсөн. SARS-ийн үед монгол эмчилгээ үр дүнтэй болох нь манайд ч харагдсан. Эдгээрээс харахад, бидэнд хангалттай нөөц бололцоо байна.

Монгол нутагт нүүдэлчдийн ахуй, соёлоос үүссэн уламжлалт анагаах ухааныг одоо цагт илүү их түгээн дэлгэрүүлэх шаардлагатай харагдах юм. Та энэ талаар юу гэж бодож байна?

Тиймээ, уламжлалт анагаах ухаан бол Монголчуудын бий болгосон оюун соёлын өвийн нэг, олон мянган жилийн хэрэглээ, туршлага дээр нотлогдсон шинжлэх ухаан. Энэ анагаах ухааны хэрэгцээ шаардлагыг өнөө цагт хөгжүүлэх нь зайлшгүй чухал гэдэг нь улам бүр мэдрэгдэж байна. Өнөөдөр олон улсад болон манай улсын эрүүл мэндийн салбарт уламжлалт анагаах ухааны нөөцийг зөв зохистой хэрэглэх нь жам ёсны бөгөөд тулгамдсан асуудлын гарцыг хайх, нууцыг  нээж илрүүлэх цаг ирлээ.

Уламжлалт анагаах ухааныг чамирхал, хийрхлээр гайхуулах бус  нотолгоожуулж, батлан харуулж хөгжүүлэх хэрэгтэй. Боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадвал, судалгаа шинжилгээний ололт амжилтыг зарлан тунхаглаж чадвал, эрдэнэс баялаг бүхий энэ олон толгойноос илүү хөрөнгө оруулалт болж чадна гэж боддог.

Цаг хугацааны эргүүлэг буюу 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед олон хутагт хувилгаад, маарамба дооромбо хүмүүсийг үгүй хийсэн. Тэдний хамт бурхны болон отчийн олон судар ном устгагдсан. Таны дурдсан дээрхи эх сурвалжууд хэрхэн хадгалагдаж ирсэн юм бол?

Бидэнд харамсалтай түүхэн үе тохиолдож, олон сайхан ном судар, сургууль дацан, түүхийн дурсгалт зүйлүүд устгагдсан. Гэхдээ Ц.Дамдинсүрэн гуайн “ Хазгар өвгөнд эрдэм бий, хар авдранд судар бий ” гэгчээр сугавчлаад үлдсэн, нууцлаад үлдсэн нэлээд ном судар байжээ. Мөн Өвөр монголд соёлын хувьсгалын үеэр хэцүү байсан боловч судар номоо эрхэмлэн дээдэлж, хадгалж чадсан. Нөгөөтэйгүүр Төвөдийн Патола ордны номын санд хадгалагдаж байгаа номуудыг нээлттэй болсонтой холбоотой манай эрдэмтэн мэргэдийн төвөдөөр бичсэн судрууд гарч ирсээр байна.

Сүүлийн жилүүдэд манай Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хамт олон бусад байгууллага, яам, эрдэмтэн багш нарын хамт ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр хоёр удаагийн эрдэм шинжилгээний хурлыг  төрийн ордонд зохион байгуулсан. Эдгээр хурлын үр нөлөө чамгүй. Сонирхуулахад, Төв номын сангийн нууцад манай мэргэдийн төвөд хэлээр бичсэн 49 бүтээл хадгалагдаж байгаа нь одоогоор  тогтоогдоод байна. Энд ховор нандин номууд байгаа нь ойлгомжтой. Цаана нь монгол бичиг, тод бичгийн номууд байгаа юм билээ.

Түүнчлэн "Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть" төсөл манай сургууль дээр академич Ш.Болд, профессор Д.Цэрэндагва нарын удирдлагаар хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дэмжлэг их байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ төслөөр уламжлалт анагаах ухааны эрт, дунд, орчин үеийн мэргэдийн бүтээлүүд нэг мөр болон цэгцэрч, эмхлэгдэн гарах буянтай сайхан үйл хэрэг болно. Энэ хэрээр бидний эрэл, судалгаа, нөөц илүү өргөн хүрээтэй нээлттэй болох юм.

Шинэ коронавирусын халдварын сургамж бидэнд юу хэлж байна?

COVID 19-ийн халдвар хүн төрөлхтнийг шалгаж, сорьж байна. Хүн юу тарина түүнийгээ хурааж авахын жишгээр ертөнцийн хууль бид бүгдэд адилхан үйлчилнэ. Эх дэлхий биднийг сорьж буй нь үйлийн үртэй зайлшгүй холбоотой.  .  

Ган, зуд, байгалийн гамшиг, газар хөдлөлт бол хүн төрөлхтний буруу үйлийг сануулсан дохионууд. Нострадамус, Вангагийн таамаглал, Богдын бошгууд, уламжлалт анагаах ухааны мэргэдийн энэ талаар сануулж анхааруулсан багадаагүй. Даанч бид тэнэг юм, зөвхөн өнөөдрөөрөө амьдрах юм. Энэ айхтар вирус хүн болгон адилхан шүү, бүү ихэрх, зөв амьдар гэдгийг анхааруулаад байна.

Харин манай Засгийн газраас авч байгаа арга хэмжээ зөв, мэдрэмжтэй, хурдтай байсан. Ард түмэн өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг ойлгож, төр засгаа дэмжиж, эвлэлдэн нэгдэж чаддагаа харуулсан. Өнгөрсөн сар өдрүүдийн энэ эрчээ алдалгүй, иргэн бүр улам ухамсарлаж, энэ цар тахлыг даван туулахын тулд өөр өвчнөөр ч өвдөхгүйг хичээн,  давшиж дийлэх шаардлагатай юм. Энэхүү давшилтын нэг хэрэглэгдэхүүн нь уламжлалт анагаах ухаан байх болно гэдэгт илтгэлтэй байна. Галын шугаманд улаан нүүрээрээ тулж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдал, хил гааль, мэргэжлийн хяналт, тусгай үүргийнхэн гээд хамгийн эрсдэлтэй газар ажиллаж байгаа хүмүүст уламжлалт анагаах ухааны нөөцийг ашиглах хэрэгтэй юм. Мөн эрсдэлт бүлгийн хүмүүс, өндөр настан, хүүхдүүд уламжлалтын аргаар бие махбодио тэгшитгэж байвал тун үр дүнтэй.

Танд баярлалаа! Таны эрдмийн их ажилд амжилт хүсье!

 Ярилцсан: М. Саруулсайхан 

Сэтгэгдэл бичих

    • DR MAXWELL
    • 2021-10-23

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бөгөөд би BILLROTH HOSPITAL -ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслаар мэргэшсэн бөгөөд амьд болон холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органчууд бидэнтэй и -мэйлээр холбоо барихаас бүү эргэлзээрэй. Имэйл: [email protected] Аппын дугаар гэж юу вэ: +33751490980 Хүндэтгэсэн ЕРӨНХИЙН ЭХЛЭГЧИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

arrow icon