Нийтлэл 04 сарын 24, 2020

Аргамжааныхаа морийг алдаж болно Атгахан газраа л алдахгүй байхсан

Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын Баянгол  баг гэх албан ёсны нэртэй боловч олон хүний мэддэгээр  Нарангийн ам гэх   хөдөө нутагт миний өсвөр нас өнгөрсөн юм.   Ёстой л уран зурагт дүрсэлмээр сайхан санагддаг байлаа. Манай зарим хөгшид энэ газрыг бурхан бумбын орон гэдэг байлаа.

Харин одоо хөдөөгийн ийм амар амгаланд уул уурхай хэрхэн нөлөөлж яаж өөрчлөгдсөнийг товч өгүүлье. 

Одоо тэндхийн хүмүүс тоос манарсан их шороонд дунд нүргэсэн их техникийн дуу чимээнд дасал болон амьдарч байна. Баянгол багийн  айл  бүр тодорхой хэмжээний эзэмшил газраа бичил уурхайд алджээ.

Анх 2009 онд Эрдэнэс Майнд, Даш кемп, Бро гоулд зэрэг гурван  бичил уурхай үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол одоогийн байдлаар Шарын гол, Баянголыг тойроод  10 гаруй уурхай ойролцоогоор 20-25 км-ийн зайтай үйл ажиллагаа явуулж байна. 

Нутгийн иргэд  хөдөө  хотын сонин сайхнаас илүүтэй уул уурхайн сонин сайхныг нутгийн иргэд ам дамжин ярилцах нь дуулдана. “Тэр уурхайд тэдэн хүн бэртсэн, тэнд хүн унаж нас барж, тэр уурхайн зөвшөөрлийг цуцалсан гэнэ. Тэднийх малчдын амыг хааж мөнгө өгнө гэнэ. Ёстой авахгүй хөөгөөд явуулах юм шүү” гэх мэт жиг жуг хийлцэнэ. Гэвч тэд эндээс нүүх хүсэлгүй. Битүүхэндээ тэд арай ч гэрийн хааяа тойроод ухахгүй байх, арай ч хадлангийн талбайд хүрэхгүй байх гэх горьдлого тээнэ. Гэхдээ бичил уурхай эрхлэгчид болон  багийн засаг нарт  малчид юу гэж бодох нь хамаагүй.

Бид  Нарангийн голын  малчин Ц.Хүрлээг хадлангийнхаа талбайг эргэх үед хамт очтол үнэхээр сэтгэл сэрдхийлгэм дүр зураг угтсан юм.

Жижиг тэрэг явахын аргагүй шавар шавхай, овоолсон их шороон дунд “Хоолондоо, Хоолондоо” гэж хашхирна. Уурхай гэхэд цөөн хэдэн машин техниктэй ойролцоогоор арав орчим хүмүүс ажиллаж байгаа харагдана. Гайхшаа барсан бид чухам ямар уурхай энд үйл ажиллагаа явуулж байгааг асуухад уурхайнхаа нэрийг мэддэг хүн нэг ч байсангүй. Аргаа барахдаа “Хоолондоо, Хоолондоо” гэж хашхираад байсан ахимаг насны тогооч эмэгтэйтэй учирлан ярих гэтэл “ Дарга цэргийн тушаалаар хөдөлдөг над мэтийг битгий дээрэлх. Ажлын байран дээр ирж дарамт үзүүлэхээ боль зэргээр үгийн зөрүүгүй хөөж гаргалаа. Уг нь нутгийн малчид өөрсдийн эзэмшлийн хадлангийн талбайд ирсэн юмсан. Ингээд эдгээр хүмүүстэй учраа олохгүйгээ мэдсэн малчин Х багийн дарга  руу утас цохиход  тэр компани бидэнтэй анх  тохиролцсон га талбайгаас хэтэрч танай хадлангийн талбай руу орсон байна. Танайд хадлангийн өөр талбай гаргаж өгнө. Наад нөхдүүдтэй чинь хариуцлага тооцож байгаа.  Та нартай удахгүй очиж уулзана. Яаралтай ажилтай байна”  гээд утсаа тасаллаа.

Одоо багийн даргын зааж өгөх шинэ хадлангийн талбайд өвсний гарц ямар байхыг ёстой бурхан л мэднэ гэж хадлангийн талбайгаасаа хумслуулсан малчид хэлж байна. 

Уг нь Баруун хараа сумын удирдлага Нарангийн ам гэх энэ газраа зундаа айл амьтан зусуулахгүй өвөлжилтийн бүс хэмээн нөөцөлдөг ч хамгийн их байгаль сүйтгэх уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компанид хяналт тавьж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай юм.   Бичил уурхайн үйл ажиллагаанд золиослогдсон энэ нутагт одоо эрүүл газар тун цөөхөн. Өвсний гарц жил ирэх тусам багасаж хүн малыг ундаалдаг ганц голыг бор шороогоор дүүртэл алт угааж, голын эхэнд нь боож, том хиймэл нуур үүсгэн угаасан шороотой усаа гол руугаа цутгаж байна.  Өнөөдөр мал л цэвэр бохир гэж ялгахгүй ундаалж байгаа боловч малын гэдэс дотор мах сүү нь тодорхой хэмжээгээр хордож хүмүүс ч түүнээс хордохыг үгүйсгэхгүй.

Аргаа барсан малчид аргамжааныхаа морийг алдаж болно, атгахан газраа л алдахгүй байхсан. Ядаж л тариалангийн бүс нутаг уул уурхай хоёрыг хил залгуулахгүй баймаар юм гэж халаглацгаана. 

Нутгийн иргэдийн дам ярианаас сонсоход үе үеийн сум, багийн удирдлагууд үргэлж ашиг сонирхлын зөрчилтэй тушаал шийдвэр гаргаж үүнд малчид бэлчээргүй болох, алт угаасан шар шороог мал долоож хордож үхэх, нөхөн сэргээлт хийгээгүй нүхэнд нь унаж үхэх зэргээр хохирдог гэнэ. 

Энэ мэт анх зөвшөөрөл авсан га талбайг хэтрүүлэн ухаж малчдын эзэмшилд халдсан асуудал цөөнгүй гарсаар байгаа юм байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon