1942 оны 5 сарын 26-ны өдөр «Цөлийн үнэг» хочит генерал Эрвин Роммелийн удирдлагын дор Герман Италийн цэргийн хамтарсан хүчин английн цэргийн зургадугаар нэгтгэлийн зүг шийдвэрлэх ширүүн дайралтыг эхлүүлжээ. Германы цэргүүд Ботлок нэрт хотыг бүслэн аваад удаж төдөлгүй эзлэхэд Английн 33 мянган цэргийн албан хаагчид олзлогдсоны дотор залуухан цэрэг эр Жон Браун байсан гэдэг. Герман цэргүүд африкийн элсэн цөлд тийм олон олзлогсдыг тэжээж байхаас төвөгшөөгөөд харагдсан хүн болгон руу шүршиж эхлэхэд Браун үхсэн дүр эсгэж унасан нь үр нөлөөгөө өгөөд түүнийг дайсан этгээд эс анзаараад өнгөрчээ. Шөнө орой болоход Браун сэмээрхэн босож оргон гүйсээр өөрсдийн талынхан дээрээ эсэн мэнд очсон аж. Гэвч тэр цагаас хойш залуу дайчин эр дайны гал бууны дуунаас үхтлээ айх сэтгэцийн эмгэгтэй болжээ. Болж л өгвөл хурдан оргон зайлаад нутаг орондоо очихсон гэдэг бодол түүний сэтгэлийг эзэмдэх тул өөрийнхөө тэр идэвхигүй дорой бодолтой хэр чинээгээрээ тэмцэх боловч ямар нэмэр байх билээ?
Сэтгэл санааны хувьд ийм хүнд бэрх үе тохиогоод өдөр хоногийг өнгөрөөх гэдэг бүтэн сар жилээс хэцүү болчихоод байтал нэгэн өдөр тасгийн даргынх нь тэвэрч ирсэн номнууд дундахь нэг бүтээл түүний хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх юм гэж хэн санах вэ? Фронтод ард иргэдээс ном илгээх үйл хэргийн шугамаар ирүүлсэн тэр бүтээлүүд дунд «Дайны үед сэтгэл зүйн тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ?» гэсэн нэртэй нэг ном байсан нь түүний анхаарлыг юу юунаас илүүтэй ихээр татжээ. Түүнийг зав чөлөөгөөрөө уншсаар байтал сэтгэлд хургасан айдас хүйдэс ор мөргүй хулжин одоод эрэлхэг зоригтой тулалдах болсон тул удалгүй дэслэгч цолоор шагнуулсан гэдэг. Нэг удаа өөрийн амь шигээ хайрлах болсон мөнөөх номын хуудсыг эргүүлж байтал түүний зохиолч нь Жүдит хэмээх нэртэй залуухан бүсгүй байдаг тухай танилцуулгад бичсэн байв. Тэгээд тэр зохиолчид захиа бичээд үзтэл удалгүй хоёр долоо хоногийн дараа хариу иржээ. Түүнээс хойш хоёр залуу байнга захиа бичилцэх дотоодын сэтгэлийн хувьд улам ойртон нөхөрлөх зуур ахмад цолтой болсон залуу эр Жон Браун европын хоёрдугаар фронтод шилжин байлдах болов. Нэг удаагийн захиандаа тэрээр Жүдитэд «Гэрэл зургаа ирүүлээч!» хэмээх хүсэлтээ бичсэнд “Чи миний дотоод сэтгэл, халгисан авьяас билигт татагдах болсноо илэрхийлсэн. Миний хувьд чиний эх орноо хэмээх эрэлхэг зоригт хамгаас бахдан татагддаг болсноо нуухгүй. Тийм байтал гадаад төрх байдал тийм чухал гэж үү?” хэмээх хариу ирсэн цагаас хойш хоёр дурлалт хос дахин зураг хөрөгний тухай захиандаа дурсалцахаа байжээ.
Тэгсээр дайны ялалтын үе болоход Браун шинэхэн хошууч цолны хувцас тэмдгээ гардан авсан аж. Түүний хувьд эх орондоо очоод хамгийн түрүүнд гүйцэлдүүлэх зүйл юу хэмээвээс Жүдиттэй нүүр тулан уулзах явдал байж таарна. Энэ тухайгаа захиандаа уламжлахад удалгүй ирсэн хариу захианд “1945 оны 06 сарын 25-ны өдөр Лондон хотын галт тэрэгний буудлын нэгдүгээр гарцан дээр оройн 18 цагт уулзая. Чи миний бичсэн номыг гартаа барьчих! Харин би энгэртээ улаан сарнай цэцэг хатгачихаад гарч ирэх болно. Хэрвээ миний царай зүс чамд таалагдахгүй бол чи танихгүй юм шиг шууд яваад өгч болох юм шүү.” хэмээн бичсэн байжээ.
Тэгээд дурдсан цагт хошууч Браун хайртай бүсгүйнхээ туурвисан бүтээлийг барьчихаад зогсож байтал удаж төдөлгүй харсан хүний хайрыг булаахгүй байхын аргагүй, үзэсгэлэнт Англо-Сакс бүсгүйн бүхий хэв шинж төгс бүрдсэн алтан шаргал үст гунхсан сайхан бүсгүй гараад ирэхэд өөрийн хайртай бүсгүйгээ тийм л дүр төрхөөр сэтгэлдээ төсөөлдөг байсан тул өөрийн эрхгүй тосон очтол энгэрт нь улаан сарнай цэцэг үгүй байхын зэрэгцээ өөрийг нь тоож харсан шинжгүй хажуугаар өнгөрөөд явчихжээ.
Ихэд гонсгордуу үлдсэн Браун яг 18 цагт улаан сарнай цэцэг энгэртээ хатгасан нэг бүсгүй гарч ирэхийг олж хараад гайхширан балмагджээ. Тэр залуу бүсгүй өрөөсөн гар хөлгүйгээс гадна, эрүүл гараа ч зузаан сэмдэсээр боосон байлаа. Хамгийн аймшигтай нь түүний нүүрний өрөөсөн талд харахын эцэсгүй айхтар түлэгдсэн шарх сорви үлдэж хоцорсон байжээ. Хэдхэн хормын хугацаанд яах ийхээ шийдэж ядан байх нь таван жилийн дайны хүнд бэрх он жилүүдийг даван гарсан цэрэг эрийн хувьд түүнээс ч хувь илүү том сорилт шалгуур мэт санагдаж байсан нь лавтай. «Танихгүй царайлаад яваад өгдөг юм бил үү?» хэмээх зурвас бодол толгойд нь орж ирэхэд түүнээсээ ичиж айх шиг давхийн цочоод «Энэ бол дайн дажны хөлд талхлагдсан эх орны маань одоогийн эмгэнэлт дүр зургийн хураангуй юм. Хичнээн олон гоо сайхан залуу бүсгүйчүүд түүнээс дутуугүй зэрэмдэглэгдэн хоцорсон бол доо?» хэмээн бодох зуур сэтгэл нь хавьгүй уужраад хажуугаар нь явж одох мөнөөх эрэмдэг бүсгүйн араас дуудаад «Сайн байна уу? Өөрийг чинь Жүдит гэдэг үү? Би өөрт чинь амлаж байсан ёсоор бичсэн зохиолыг чинь барьсаар ирлээ. Хэрвээ татгалзахгүй бол хоёулаа ойролцоох зоогийн газар орж суугаад тухтай ярилцаж болох уу?» хэмээн асуужээ. Гэтэл нөгөө бүсгүй өөдөөс нь санаанд оромгүй хариу өгсөн нь: «Би Жүдит биш ээ. Харин намайг Фэнни гэдэг. Жинхэнэ Жүдит түрүүхэн чиний хажуугаар өнгөрөөд явдаг гоо бүсгүй байгаа юм. Тэр одоо өөрийг чинь сая чиний намайг урихаар завддаг мөнөөх зоогийн газарт хүлээж байгаа. Намайг дуудаж юм ярих бөгөөс энэ тухай дуулгаарай. Харин дуугүй өнгөрчих бөгөөс юу ч хэлэлгүй яваад өгөх хэрэгтэй хэмээн тэр надад захисан юм.» гэжээ.
Хошууч Жон Браун өмнөхөн талд дэлгээтэй байгаа диваажингийн үүд хаалгыг олж харсан юм шиг нисэх мэт хурдан болзоот бүсгүйнхээ хүлээн суугаа зоогийн газар руу гүйсэн аж. Хорьдугаар зууны хамгийн гайхалтай хайрын түүхээр шалгарсан залуу хосын анхны болзоо ямархуу байсныг олон үгээр дүрслэхийн хэрэг бараг үгүй хэмээн бодож байна. Төрөлхийн гоо үзэсгэлэн, оюун билиг нэгэн биед хуран цогцлосон Жүдит бүсгүй «Өөрсдийн ариун хайрын түүхийг насан үүрд өрөөл бусдад дэлгэхгүй юм шүү.» хэмээн хайртай залуугаасаа хүссэнийг Браун дуртайяа хүлээн аваад цэрэг хүний хатуу тангарагаас өөрцгүй гүйцэлдүүлжээ. Хос залуус хожим Фэнни лүгээ гэр бүлийн сайн анд нөхөд бололцсон байна. Гурван хүмүүний дунд задарсан нууц нууц биш болдогийн үлгэрээр Фэнни хожим хоёр найзынхаа ариун хайрын түүхийг хамаатныхаа нэг сэтгүүлч залууд цухуйлгасан нь өөр нэр устайгаар сонинд бичигдсэнээр хүмүүсийн сонирхлыг онцгой ихээр татах болж удалгүй роман, жүжиг, кино бүтээл болон гарах тоолондоо маш их амжилт олж байсан гэдэг. Гэхдээ хүмүүс тэдгээр бүтээлд өөр нэрээр дурьдагдаж байгаа ариун хайрын түүх жинхэнэ бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэгдсэн эсэхийг мэдэхгүй байлаа.
1996 оны 05 сарын 27-ны өдөр ахмад дайчин Жон Браун өөд болжээ. Түүнээс ердөө хоёрхон өдрийн дараа хайрт гэргий Жүдит нь халамжит ханийнхаа араас тэнгэрийн орноо өөдлөсөн аж. Тэр хоёрын оршуулгыг хамтатган үйлдэх ёслол дээр Фэнни найз нь гарч ирээд тэдний ариун хайрын үүх түүхийг нэгд нэгэнгүй нулимс дуслуулан ярьсаныг мөхөс бичээч би вээр товч сийрүүлэн та бүхэнд хүргэж байна.
Английн «Хуримын өмсгөл ба аз жаргал» нэрт сэтгүүлийн газраас явуулсан санал асуулгаар Браун, Жүдит хоёрын учралыг хорьдугаар зууны хамгийн гайхамшигтай хайрын түүх хэмээн санал нэгтэй шалгаруулсан байдаг. «Хэрвээ Фэнни байгаагүй бол бидний цаг үед болж өнгөрсөн энэхүү гайхалтай хайрын тавин жилийн түүхийг хэн ч мэдэлгүй өнгөрсөх байсан. Тийм болохоор түүний гавьяа болон энэхүү хайрын түүхэнд эзлэх байр суурь өнө мөнхийнх байж таарна.» хэмээн сэтгүүлийн газрын цохолборт өгүүлсэнтэй та бүхэн ч гэсэн санал нэгдэх байх аа. «Улаан сарнай цэцэг зүүсэн царай муутай бүсгүй» нэртэй чамгүй урт энэхүү өгүүллэгийг та бүхэн удахгүй хэвлэгдэн гарах «Гэгээгийн уянгын өгүүллэг 2» номноос бүрэн эхээр нь уншиж сэтгэлийн таашаал эдлээрэй.
Ямар гоё юм бэ❤️❤️Ямар сайхан тvvх уншчихваа❤️❤️Ёстой янзтай❤️❤️