Нийтлэл 05 сарын 06, 2020

Профанаци ба худал

Профанаци гэж үнэн зүйлийг гажуудуулж, худал болгосон, гуйвуулан тайлбарласан мэдээллийг хэлнэ. Том зорилгын төлөө зориудаар гутаан доромжилж, мушгин гуйвуулахаас гадна суурь ойлголт мэдлэг дутуугаас сонсголоороо бурдаг хүмүүс ч байх нь бий. Хамгийн харамсалтай нь профанаци аргаараа хариуцлагагүй дүгнэлт, шийдвэрийг гаргаснаар хожмын их хохирол, хорлонтой үр дагавар учруулдаг.

Үнэн бол тухайн асуудал, үйл явдал яг тэр байгаагаараа байх мэдээлэл бол Худал нь тухайн бодит байдлыг үнэнээс нь гажуудуулсныг хэлнэ. Худал үг маш жижигхэн хирнээ асар аюултай зэвсэг.

Хүмүүс амьдрахад амьсгалах агаар, уух ус хэрэгтэй байдгийн адилаар худалч хүмүүс худал үгээр голоо зогоон амьдран суудаг ажээ. Ямар нэгэн аргаар өөрийгөө хамгаалахын тулд, өөрийн хуудуутай бодлыг бусдад тулгахын тулд, бусдын анхаарлыг татахын тулд, уруу муугаа далдлахын тулд, угаасаа худал ярих эмгэгтэй төрчихсөн, эсвэл зайлуул унаад гэмтэл аваад тархиндаа худал хэлэх согогтой болчихсон, эсвэл “том” зорилготойгоор зориуд худал ярьдаг ажээ.

Худлын зарим төрлийг сийрүүлбэл:

Хүүхдийн сэтгэхүйгээр худал хэлэх: Цэцэрлэгийн насны хүүхдүүд гэгээн цагаан худал хэлдэг ба эцэг эхдээ загнуулахгүйн тулд өөрөөр хэлбэл өөрийгөө хамгаалахын тулд худал хэлэх орно. Багадаа томчуудад загнуулахгүй, зодуулахгүйн тулд хамгаалалт болгож худал ярьдаг нь нас нь явсан ч хүүхэд сэтгэхүй нь өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл тархины тэр функц/ажиллагааг хариуцдаг хэсэг нь хүүхдийн хэвээр үлдэж гадаад ертөнцөөс өөрийгөө хамгаалах хэрэгсэл болсон байх нь бий. Биеэ хамгаалах чадваргүй, магадгүй багадаа дээрэлхүүлж, ямарваа нэг юмаар дутагдаж өссөн байх нь олонтаа. Бусдыг буруутгаж, өөрийгөө зөвтгөж, цэвэр үлдэх, очков авах гэж, хариуцлагаас мултрах гэж худал ярьснаар сэтгэлзүйн хамгаалалтын механизм нь ажиллаж буй хэрэг юм. Хэрэв нүцгэн үнэнийг хэлбэл худалч нөхрийн нөхцөл байдал дордох байдалд хүрэх нь зүй.

Төрөлхийн буюу байгалиасаа худалч хүмүүсийн тархины цагаан, саарал хэсгийн харьцаа өөрчлөлттэй байдгийг судалгаа нотолжээ.

Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харж, бусдыг жижигрүүлж, өөрийгөө томсгож магтдаг худал нь мөн л хүүхдийн сэтгэхүйгээр худал ярих, эмгэгт худалд ч орно.

Эмгэгт худалч: Хулгайч хүн засардаггүй гэдгийн адилаар эмгэгт худалч хүн засардаггүй ажээ. Хүн “амжилттайгаар” нэг худал хэлэх үед тархи эерэг импульс авдаг байна. Нэг худал хэлснээр тархи ханахгүй, дахин дахин улам худал ярьж, худлын тоо өссөөр байдаг байна. Эмгэгт худалчийн жишээ Далан худалч болой. Өөр дээрээ хамаг анхаарлыг авах, өөрийгөө гялалзсан мундаг болгох зорилгоор маш хурдан сэтгэж, хурдан хөдөлж худал хэлнэ. Хүмүүстэй сайхан харилцаж, таатай сэтгэгдэл төрүүлж, итгэлийг хялбархан олно. Гаднах төрхөндөө ч мөн анхаарна. Байгаа байдлыг нь, ярьж байгааг нь харахад “гялалзсан” амжилттай харагдана. Худлаа ярьж байгаагаа өөрөө мартталаа өөртөө итгэлтэй нь аргагүй ярина. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд юу ч ярьж мэднэ. Уулыг ч нурааж, усыг ч эргүүлнэ, татвараас чөлөөлнө, цалинг тэдэн саяд хүргэнэ, толгойтой бүхнийг орон сууцанд оруулна, сайхан амьдруулна... Профанууд нөхцөл байдлыг буруу ойлгуулан манипуляцид оруулах зорилго нь биелэгдэхийн хирээр улам хөөрч, тархины эерэг импульсийн тоо нэмэгдэнэ. Худлаас худал бий болдог гэдэг.

Том зорилготой худал: Мэргэжлийн худалчид орно. Асуудал, үйл явдлыг зориудаар, зохион байгуулалттайгаар худал болгох төлөвлөгөө гарган ухамсартайгаар худал мэдээлэл тараана. Худлыг тараах, хүлээн авагчдад тулган зөвшөөрүүлэх механизм арга зам боловсронгуй, нарийн зохион байгуулалттай байна. Профанаци аргууд мөн орно. Манипуляци явуулахад худалтай хамтатгах хэд хэд аргууд байна:

Иргэдийг үндсэн асуудлаас холдуулж завгүй байлгахыг тулд анхаарлыг ач холбогдолгүй зохиомол худал зүйлд сатааруулан барих; Олон эх сурвалжаар худал зүйлийг 1000 1000 удаа давтах; Олон нийтийн сэтгэхүйг хэдий чинээ хөдөлгөж, сэтгэлзүйгээр тоглож чадах худал зүйл зохионо төдий чинээ амжилттай болох; Амжилттай хэрэгжсэний дараа худал гэдэг нь илэрлээ ч хэзээ хойно илэрсэн учир үнэнийг мэдээд ч ач холбогдолгүй шахам болсон байдаг.

Аливаа зорилтот том жижиг худлын цаадах зорилго нь нэг болон хэсэг бүлэг хүмүүсийн бодол санааг өөрчлөх, манипуляци хийх замаар өөрт ашиг авчрах байдаг.

Худал хэлэх үйлдэл амьтанд ч байдаг ажээ. Хоол хүнс олсон шимпанзе сүргийн бусад гишүүддээ худал мэдээлэл өгч явуулчихаад эргэн ганцаар ирж зооглодог байна. Шимпанзе төрлийн худал нь өөрт ашиг гаргахын тулд бусдыг төөрөгдүүлэх нэгэн төрлийн манипуляц юм.

Өөртөө худал хэлэн, сэтгэлээ тайтгаруулах гэж өөрөө өөрийгөө зөвтгөж, өөрөө өөрийгөө хуурсан худал гэж бас байна.

Тал зассан худал: Хэн нэгнийг гомдоохгүй, баярлуулах, хөөргөх, тал засах зорилготой худал. Жишээ нь, шинэ хувцас, үс зүс хир байгааг асуухад тааруухан байгаа үнэнийг хэлэлгүйгээр гэмгүйхэн худал хэлж эерэг хариулт өгөх. Онцгой нэгэн зорилго байхгүй ч нөгөө талын өөрөө өөрийгөө хуурсантай нь санал нэгдэж буй хэрэг юм.

Худал хэлэх үйл ажиллагааг оролцогч талаас нь авч үзвэл:

1 оролцогч – өөрөө өөртөө худал хэлэх, өөрөө өөрийгөө хаацайлан хуурах.

2 оролцогч – худал мэдээлэл нэгээс нөгөөд дамжих. Тараагч талаас хүлээн авагч талд гажуудсан эсвэл зохиомол мэдээлэл дамжих.

Нэг хүн хэд хэдэн хүнд худал мэдээлэл дамжуулах – Энэ тохиолдолд тараагч тал олон хүлээн авагчид худлыг тараахад хүлээн авагчийн ухааны цараагаас хамааран үнэн худал дэнслэгдэнэ.

Хэсэг бүлэг хүн өөр хэсэг бүлэг хүнийг төөрөгдүүлэх – Худлыг тараагч хийгээд хүлээн авагч этгээд гэнэн, итгэмтгий, эсвэл хайрцаглагдсан, сэтгэлгээ тааруухандуу, эсвэл нөлөөнд орсон байх аваас худал үг газар авах нь бий. Үнэн илрэхэд тараагч талын тар нь танигдана.

Харилцан худал хэлцгээх – хүмүүс бие биендээ хэт итгэх, хэт үзэн ядах харилцаанд биесээ ойлгоход эмоц голлосноор үнэнээр бус хуурмагаар бие биенээ хүлээн авах нь бий.

Хэдэн ч оролцогч байлаа гэсэн хүлээн авагч тал эргэцүүлэн сэтгэх чадамжгүй байх аваас “Худал үгийг 1000 давтахад Үнэн болох”-од дөхнө.

Хүний харилцаа, нийгэм, байгалийн аливаа үзэгдэлд эргэх холбоо гэж бий. Хүн зорилго тавин түүндээ хүрэхэд хичээж сайн мэрийвэл үр дүнг нь хэзээ нэгэн цагт үздэг. Махран зүтгэсэн ажлын үр шимийг нэгэн өдөр хүртэх нь эргэх холбоо. Чармайн идэвхийлсний хариу шагналыг үзэх цаг ирдэг. Түүнтэй адилаар махран зүтгэж гүтгэн дайрсан ажлын үр дагавар бумеранг шиг эргэн буух нь эргэх холбоо.

Худлыг хөгжөөгчид нь өөрийн үзэл бодол тогтоогүй, сэтгэн бодох, харьцуулан шүүмжлэх сэтгэлгээ хөгжөөгүй, бусдын үгийг шууд хоол болгогч, товчдоо зүүн тархиа үл хөгжөөгчид гэхэд хилсдэхгүй. “Хов үг цэцэн ухаантны чихэнд хүрээд мөхдөг”-ийн адилаар хэрэв худлыг хүлээн авагч тал потенциал гайгүй, юмны наад цаадахыг ухаарах чадвартай байх аваас худал үг тараагчийн хир бараг танигдаж худал газар авахгүй. Хэрэв өрөөсөн дугуй нь бол худлын намагт хамтдаа живнэ.

 

Холбоотой нийтлэл:

 Атаархал, хов жив ба соёлын хожимдол

Долгинох хийгээд сөрөг эргэх холбоо

Оюуны ядуурал ба заримдаг шинжлэх ухаан

 

Сэтгэгдэл бичих

    • Би
    • 2020-05-11

    Манай яам тамгын газраар дүүрцэн байгаа худал ҮНЭН, үнэн ХУДАЛ ингэж л хол явж эсвэл ад үзэгдэж байна даа.

arrow icon