Нийтлэл 05 сарын 10, 2020

Мэдэмхийрэхэд хязгаар баймаар!

Үндсэн хуулийн шинэчлэл болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад эрх зүйн шинэчлэл дагадаг нь жам ёсны үзэгдэл билээ. Үндсэн хуулийг шинэчлэн найруулснаар эсхүл түүнд нэмэлт өөрчлөлт оруулснаар тэдгээрт хамаарах хууль, тогтоомж нь дагаад хүчингүй болох аваас зохицуулалтгүй харилцаа, эрх зүйн хийдэл үүсэх үр дагавартай учраас түүнээс зайлсхийх зохицуулалт хийдэг нь дэлхийн улс орнуудын нийтлэг жишиг.

Энэхүү жишгийг дагаж 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг батлаад мөн оны 2 дугаар сарын 12-ноос эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тогтоосон юм. Үндсэн хуулийн адил хүчинтэй Хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалт зохицуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурал 1993 онд багтан гаргана" гэж заажээ.

Үүний дагуу Улсын Бага Хурал Сонгуулийн тухай, Улсын Их Хурлын тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай, Засгийн газрын тухай зэрэг хуулийг батлаад 1992 оны 6 дугаар сард Улсын Их Хурлын сонгуультай золгосон байдаг. 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 жил өнгөрөөд байхад Үндсэн хуульд харшлаагүй зарим хууль, эрх зүйн актууд энэ хуулийн дагуу одоог хүртэл мөрдөгдсөөр байна.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлон баталгаажуулсныг ард түмэн мэдэж байгаа.

1992 оны Үндсэн хуулийн жишгийг баримтлан 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахтай зэрэгцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсан юм. Уг хуулийн 1 дүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана." гэж заасан. Үндсэн хуулийн адил хүчинтэй энэ хуулийг 2019 оны 11 дүгээрийн сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна. Энэ дагуу Улсын Их Хурлаар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан хуваарийн дагуу зарим хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэж эхэлж байна. Үүний тоонд Засгийн газрын тухай хууль багтаж байгаа.

Гэтэл зарим хуульчид, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг улс орон даяар дагаж мөрдөхөөр тогтоосон 5 дугаар сарын 25-ны өдрөөс Засгийн газар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр эмхлэгдэн байгуулагдах ёстой гэж мэдэмхийрэх болов.

Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдахын тулд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу уг харилцааг зохицуулж байгаа Засгийн газрын тухай хууль нь шинэчлэгдэн батлагдсан байх учиртай. Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийг батлаад хэзээнээс мөрдөж эхлэх вэ гэдгийг уг хуулиар тогтооно.

Аливаа хуулийг дагаж мөрдөх хугацааг тогтоохдоо тооцож үзэх хүчин зүйл гэж бий. Нэг сарын дараа ээлжит сонгууль болох гэж байхад Засгийн газраа тараагаад шинээр эмхлэн байгуулахаар шийдвэр гаргах хууль тогтоох байгууллага- парламентыг энэ дэлхийгээс хайгаад ч олж чадахгүй.

 Засгийн газрын тухай шинэ хуулийн мөрдөгдөж эхлэх хугацааг Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах буюу Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулах өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох нь аль ч парламентын гаргах ёстой шийдвэр юм.

Ийм учраас 5 дугаар сарын 25-наас

Засгийн газрыг тарааж, шинээр эмхлэн байгуулах тухай яриад, бичээд, мэдэмхийрээд байгаа үзэгдлийг сонгуулийн өмнө Засгийн газраа бужигнуулахыг санаархаж буй улс төрийн хийрхэл гэж үзэхээс өөр гаргалгаа үгүй.

 

 УЛСЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН, УЛСЫН ИХ   ХУРЛЫН ГИШҮҮН АСАН   Ц.ТОВУУСҮРЭН

 

 

 

 

arrow icon