Би өчигдөр дотроо бодож явдаг хоёр зүйлийн тухай хальт цухуйлгасан нь хүмүүсийн дунд багагүй маргаан талцал өдөөх маягтай болсон тул өөрийн санаагаа илүү дээрээс нэлээд гүн гүнзгий тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Юуны өмнө дэлхий дахины байдал цар тахлын нөлөөгөөр туйлын ээдрээтэй нарийн төвөгтэй байна шүү. Ийм байдал үүснэ гэдгийг хэн ч урьдчилан таамаглаж байсангүй. Миний хувьд аюулт «цусан хатгалгаа» Улаанбаатар хотод гараад байгаа тухай бүр өнгөрсөн оны 11 сард нэг эмчийн амнаас сонсож билээ. Өөрөөр хэлбэл өвчний голомтоос алс хол иргэн миний чихэнд дуулдаж байсан аюулт өвчний тухай сураг Хятадын эрх баригчдын сонорыг дэлдээгүй байна гэвэл түүн шиг худал зүйл байхгүй байж таарна. Тэр тусмаа АНУ тэргүүтэй өрнөдийн өндөр хөгжилтэй улс гүрнүүдийн удирдагч нар тэр тухай нүдэн балай чихэн дүлий байсан нь юу л бол? Хятадын засгийн газраас Америкийн төрийн департментад энэ оны 1 сарын 07-ны өдөр титэм вирусийн тухай мэдэгдэж байсан тухай миний хувьд гадаадын хэвлэл дээрээс уншиж байсан нь маш эрт тодорхой мэдээлэлтэй байсны нэгэн баримт бус уу?
Тэр цагаас хойш Хятадад юу болсон. Дараа нь Европт юу болоод улмаар АНУ-д ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар бүгд мэдэх юм хойно дахин нуршихын хэрэг үгүй болов уу. Тийм айхтар өвчний ид дэлгэрлийн өмнө Хятадууд хөл хорио тогтоолгүй дотооддоо цагаан сарын их шилжилт хөдөлгөөнийг зоргоор нь тавьж, гадаад руу Ухань хотоос л гэхэд 5 сая хүнийг чөлөөтэй жуулчлуулахаар явуулсан нь маш том бодлогын алдаа болсон нь яахын аргагүй үнэн. «Та нар цагаан сарын үеэрээ Бээжин Шанхай зэрэг том хотууд руу Уханьгаас ирсэн хүмүүсийг оруулахгүй байсан мөртлөө тэндэхийн иргэдийг ямар санаатай дөрөв таван саяар гадагш нь аялуулдаг билээ?» гэж асуугаад өрнөдийн том гүрнүүд Хятадын эрх баригчдыг нэлээд шаналгаж байгаа нь нууц биш. Хэрвээ Хятад улс титэм вирусийн халдварын тухай мэдээллийг нууцлаагүй бол дэлхий дахины хэмжээнд амсаж байгаа одоогийн хохирлыг 93 хувиар бууруулах байсан хэмээх дүгнэлтийг томоохон судалгааны байгууллагын илтгэлд дурдсаныг гадаад хэлтэй нөхөд эрхбиш олж үзсэн байх аа. Энэ асуудал 2-3 сарын өмнө зөвхөн манай гэр бүлийн хүрээнд яригдаж байсан юм шүү. Миний бие энэ мэт уншиж ухаарсан олон асуудлыг уухайн тас шүүрч аваад нийтэд дэлгээд байдаггүй нь нийгэмд илүү цочирдол үүсгэх вий гэдгээс сэргийлж сэтгэлдээ хадгалаад явахыг эрхэмлэдэг нэгэн гэдгээ энд нурших нь бараг илүүц байх аа.
Гэхдээ Хятад улс өөрөө уг цар тахлын маш хүнд хохирогч болон үлдсэнийг айл хөршийн хувьд Монголчууд бид өдөр тутам амьсгаа даран харж байсаан. Хятад улс 1 сарын сүүлчээс 3 сарын эцэс хүртэл титэм вирустэй амь өрсөн тэмцэлдэж байсан нь угтаа бол жаахан ухаан сэхээтэй удирдагч нарын хувьд түүнээс урьдчилан сэргийлээд арга хэмжээ авахад туйлын хангалттай цаг хугацаа байсан юм шүү.
Даанч тэр боломжийг ашиглаагүй. Хятадын тал энэ асуудлыг өрнөдийн том гүрнүүдийн өөдөөс сөргүүлэн тавьж байгаа нь бас л бодууштай зүйл юм. Бусад улс орнууд Монгол, Орос, Умард Солонгос гурван улсын жишгээр хилээ шуурхай хаачихсан бол өнөөдөр байдал их л өөр байсан байх даа. Түүх хийгээд нэгэнт өнгөрсөн цаг хугацаанд «хэрвээ тэгсэн бол» гэдэг ойлголт байдаггүйг яалтай.
Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ яаж тамирдан сульдсаар байгааг бид бүхэн харж байна. Өчигдөр америкийн ерөнхийлөгч Трамп Хятад улстай бүх талын харилцаагаа таслана гэж айхтар үг амнаасаа унагалаа. Арай ч дипломат харилцаагаа таслачихгүй байх аа. Гэхдээ л өрнөдийн улс орнуудад «Хятадгүй олон улсын шинэ дэг журам тогтоох», «Тайванийг ДЭМБ болон НҮБ-ын гол гол салбар хороодод гишүүнээр элсүүлэх» тухай санаа оноо сонсогдох болов. Түүний хариуд Хятад улс «Зах зээлийн дотоодын хэрэгцээгээ нэмэгдүүлж болох бүхий л арга чаргыг эрэлхийлэх» талаар өндөр төвшинд ярьж эхлэлээ. Энэ сарын 21-нд болох төрийн эрх барих дээд хэмжээний чуулганаар энэ асуудлыг голлон хэлэлцэх нь бараг тодорхой буй за. Ер нь цар тахлын дараа олон улсын шинэ дэг журам тогтох нь туйлын ойлгомжтой хэрэг. Одоохондоо дийлэнхи хүмүүсийн хувьд таамаг төдий байгаа тэрхүү шинэ дэг журам ямархуу байхыг боломжийн хэрээр угтан харж бага буурай Монгол улс маань түүнд хэрхин зохицон оршихыг бодож болгоож байх нь угтаа бол төрийн түшээдийн маань үүрэг байлтай. Ойрын 4-5 жилдээ дэлхий нийтийн хэмжээгээр аялал жуулчлалын салбар сэхэхгүй байх хэмээн яригдаж эхлэсэн энэ цаг үед хүмүүсийн нэлээд найдлага тавиад байсан залуу улс төрч “Манай улс жилдээ 400 сая жуулчин авах боломжтой” гэж яриад зогсож байхыг харахад төрийн түшээдийн маань тархи толгой тэр зүгт бодож санаж байгаа зүйл хомс байж таарна.
Монгол Улсын эргэн тойронд ч байдал тун аюултай байгааг иргэд тэр болгон ойлгохгүй байгаа нь миний бичлэгт зэвүүцэж жийрхсэн цөөн бус хүмүүсийн санаа бодлоос илт байна. Орос улс дэлхий дээр цар тахлын халдвар авагсдын тоогоор 2 дугаарт бичигдээд эхлэлээ. Ухань хотод халдвар дахин илэрсэн төдийгүй манай улсын зүүн хэсэгтэй хил залгаа гурван муж халдварын шинэ том голомт болоод байгаа нь өчигдөрийн миний тэрлэсэн бичлэгтэй маш их холбоотой юм л даа. Өөрөөр хэлбэл бас л нэг сар гаруйгийн өмнөөс эхлэн “Оросоос Хятад руу зөөвөрлөгдөн ирж байгаа хятад иргэдийн дунд титэм вирусийн халдвар тээгсэд хэдэн зуугаараа илрэх боллоо. Тэр тусмаа Оросын онгоцоор ирж байгаа хүмүүсийн дунд халдварын тархалт хувь илүү байна. Оросууд арай ч дээ. Ариутгал цэвэрлэгээ хийж чаддаггүй юм уу?” гэх үг яриа, шүүмжлэл Хятадын сүлжээгээр газар авах хандлагатай байсан. Тэр байдал даамжирсаар Хятадын зүүн хойд зүгийн гурван муж титэм вирусийн халдварын том голомт болон хувирчихаад байна. Өөрөөр хэлбэл Владивосток, Эрхүү, Улаан-Үд зэрэг олон хотуудад үйлдвэрлэл, худалдаа наймаа эрхлэж байсан хятад иргэд эх орондоо халдвар тээж ирсээр тэнд тийм ноцтой нөхцөл байдал үүсээд байгаа юм. Оросууд Хятадаас сэргийлж Европ зүгээс ирэх аюул дээр цалгайрсан. Гадаадаас гайгүй сэргийлээд дотоодын хөл хөдөлгөөнийг чөлөөтэй тавьсанаас байдал муу зүг рүү илүү даамжирсан болохыг одоо олон хүн ойлгож байгаа буй за. Хамгийн гол нь удахгүй Орост үлдсэн 1000 гаруй оюутныг авчрахдаа түрүүчийн хоёр удаагийн үйл явдлаас сургамж авч онгоцны ариутгал халдваргүйжилэлтийг онцгой сайн хийгээсэй. Бас онгоцонд суулгахаас өмнө шинжилгээнд сайн хамруулаад халдвар илэрсэн цөөн тохиолдол гарвал эрүүл хүмүүстэй бүү хольж суулгаасай гэдэг санаа сэдлээр өчигдөрийн бичлэгийг оруулсан бөлгөө. Хэрвээ тэгж чадвал «Орос Монголын найрамдал одноос хурц гэрэлтэй» хэмээн би ч гэсэн багадаа цээжлэж байсан шүлгийг бас дахин уншиж яагаад болохгүй байх билээ.
Монголын улс төрд буруу жишиг тогтоосноо ухаараад Бат-Эрдэнэ аварга энэ жилийн сонгуульд өнжөөсэй!» гээд биччихсэн маань Хэнтий зүгийнх бололтой цөөнгүй хүмүүсийн уурыг хүргэв бололтой. “сайн хүн”, “сайн бөх” гэдгийг тодотгоод над руу дайралт хийсэн байна лээ. Хүн болгон бөх барилдаж чадахгүйтэй адил хэр баргийн хүн төрийн түшээгийн албыг нэр төртэй залгуулж чаддаггүйд л асуудлын учир байгаа юм даа. Хүнийг нэр цохож шүүмжилсэнийг «Бусдыг олны өмнө дайрч доромжиллоо» хэмээн хүлээн авч байгаа нь үнэндээ манай нийгмийн эмгэнэл бус уу? Энэ байдлаараа бол нөгөө л бөхчүүд, уяачид, дуучид, наймаачид, шүлэгчид, сэтгүүлчид удахгүй болох УИХ-ын сонгуульд олон арваараа дэвшээд гараад ирэхэд би л хувьдаа гайхахгүй. Энэ буруу жишиг биш гэж үү? Түүний оронд миний хамгийн их шүүмжилдэг Хүрэлсүхийн баг боломжийн бүрэлдэхүүнтэй байвал, бас ХҮН намын залуучуудыг олон түмэн минь сонгоосой гэх байна. Боломжийн бүрэлдэхүүн гэдэг нь гадаадад өндөр боловсрол эзэмшсэн салбартаа танигдсан эдийн засагч, хуульч, инженерүүд түлхүү байгаасай гэдэг санаа юм шүү.
Сэтгэгдэл бичих