Нийтлэл 05 сарын 22, 2020

Ерөнхий шүүгчийн томилгоо шүүхийн бие даасан байдлыг аюулд оруулж байна!

Үе үеийн Ерөнхийлөгч нар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг шүүгчээр томилохоос үндэслэл хэлэхгүйгээр татгалзаж ирсэн нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулж байв. Жишээлбэл, 2014, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсныг далимдуулж шүүх таслах ажлаа хийж байсан 13 шүүгчийг Үндсэн хууль ноцтой зөрчиж чөлөөлж, зарим шүүгчийг хүсэл зоригийнх нь эсрэг өөр шүүх рүү шилжүүлсэн ч өнөөдөр хүртэл энэ асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдээгүй байна.[1]

Энэ нийтлэлийн хүрээнд шүүгчийн томилгоо бус харин сүүлийн үед олон нийтийн анхаарал татаад буй Дээд шүүхийн болон бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилж чөлөөлж буй байдал, түүнийг боловсронгуй болгох гарцыг танилцуулъя. 1993 оноос хойш Дээд шүүхийн болон бусад бүх шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоог Ерөнхийлөгч гэсэн нэгэн улс төрийн албан тушаалтанд төвлөрүүлж, томилохоос үзэмжээрээ татгалзахыг хуулиар хаагаагүй явж ирсэн байдаг. Энэ төвлөрсөн эрх мэдлээр дамжуулан шүүхэд болон тодорхой хэрэг, маргаанд нөлөөлөх эрсдэлтэй учраас энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг аюулд оруулж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн энэхүү эрх мэдлийн төвлөрлийг задлах зохицуулалт орсон нь чухал ач холбогдолтой.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу аливаа шүүхийн Ерөнхий шүүгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг: тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх; шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах; иргэдийг хүлээн авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах; иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах. Эдгээр бүрэн эрх нь нөлөө бүхий эрх мэдэл юм. Тухайлбал, Ерөнхий шүүгч ямар ч шүүх хуралдааныг даргалахаар заасан нь бусад шүүгчээс давуу эрхтэй дарга мэт ойлголт төрүүлдэг. Жишээлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг Дээд шүүхийн тухайн үеийн Ерөнхий шүүгч Ц.Зориг даргалж, улмаар тэрээр ямар шалгуураар гэнэт уг хуралдааныг даргалсан бэ гэсэн шүүмжлэл өрнөж байв. Зүй нь аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүний даргалагч обьектив шалгуур (тохиолдлын журам)-аар шийдвэрлэгдэж байж иргэний шударгаар шүүлгэх эрх хангагдана. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дээрхээс гадна тус хуулийн 18.2-т заасны дагуу “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцоно,” мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгох зэрэг Дээд шүүхийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөөтэй.

Энэ нийтлэлийн хүрээнд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоогоор дамжуулан шүүх эрх мэдэлд нөлөөлөх эрсдэл байгааг танилцуулж, уг эрсдэлийг бууруулах гарцыг эрэлхийлнэ. Үүний дараа Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрх мэдлийг Ерөнхийлөгчид эдлүүлэх боломжийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хаасан гэдгийг танилцуулж, эдгээр шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид нь сонгох зохицуулалтыг хуульчлахыг дэмжинэ. 

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоогоор дамжуулан шүүх эрх мэдэлд нөлөөлөх эрсдэл:

Ерөнхийлөгч нар шүүгчээр төдийгүй Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилохоос үндэслэл хэлэхгүйгээр татгалзаж ирсэн нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулж байна. Жишээлбэл, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр есөн жил ажилласан Ц.Зориг 2019.03.28-нд уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Улмаар, 2019.04.03-ны өдөр Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж,  Д.Ганзориг тус шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшин, шүүгчдийн олонхийн санал авчээ.[2] Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилохыг татгалзсан бөгөөд ийнхүү татгалзахдаа ямар ч үндэслэлийг олон нийтэд илэрхийлээгүй юм. 2019.05.07-нд Дээд шүүхийн зөвлөгөөнийг дахин зохион байгуулж, Ерөнхий шүүгчийн албан тушаалд Х.Батсүрэнг санал болгохыг олонхын саналаар шийдвэрлэж,[3] улмаар түүнийг Ерөнхий шүүгчээр томилох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.05.09-нд гаргасан.[4]

"Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөллөө" гэсэн мэдээг ЕТГ-ын вэбсайт 2020.05.20-ны өдрийн оройн 8.46 цагт буюу ажлын цаг дууссаны дараа нийтэлсэн.[5] Ганц жилийн өмнө томилогдсон Ерөнхий шүүгч яагаад чөлөөлөгдөх хүсэлт өгсөн юм бол гэсэн асуулт гарч ирж байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч ямар ч үндэслэл хэлэхгүйгээр чөлөөлөгдөх нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд аюул учирсан мэт ойлголтыг төрүүлж байна. Түүнд ямар нэг шахалт, дарамт байв уу гэж иргэд, хуульчид хардаж буй нь зүй ёсны хэрэг. Яагаад ийм хүсэлт өгсөн бэ гэдгээ Х.Батсүрэн шүүгч өөрөө олон нийтэд тайлбарлах хэрэгтэй. 2019.03.26-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аливаа шүүхийн ерөнхий шүүгчийг огцруулах, шүүгчийг түдгэлзүүлэх боломжтой болсон.[6] Шүүгчийн хараат бус байдалд халдсан энэ зохицуулалт нь Ерөнхий шүүгчээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Өчигдөр буюу 2020.05.21-нд "Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо" гэсэн мэдээг ЕТГ өөрийн вэбсайтад нийтэлж,[7] түүнийг нь яг энэ хэллэгээр ikon.mn, gogo.mn, news.mn, sonin.mn, zarig.mn зэрэг вэбсайтууд мэдээлсэн. Ийм чиглэлийг Ерөнхийлөгч Дээд шүүхэд өгсөн бол Үндсэн хууль зөрчсөн. Нэгд, Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулах, тодорхой асуудлаар шийдвэр гаргах чиглэлийг өгнө гэдэг бол шүүхийн бие даасан байдалд халдсан шинжтэй үйлдэл. Хоёрт, ийм чиглэл өгөх бүрэн эрх Ерөнхийлөгчид байхгүй. Хуулиар зөвшөөрснөөс бусдыг албан тушаалтанд хориглодог нь эрх зүйт төрийн шаардлага гэж үзээд ийм зүйл хийсэн албан тушаалтыг огцруулахаар Үндсэн хуулийн цэц 2007 онд шийдэж байв. Дээд шүүхэд чиглэл өгөх бүрэн эрх Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй тул энэ үйлдэл нь эрх зүйт төрийн шаардлага, ялангуяа үүний илрэл болсон Үндсэн хуулийн 1.2-т заасан “хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн гэж үзэх боломжтой. Гуравт, Шүүхийн тухай хуулийн 13.1.2-т Ерөнхий шүүгч "шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах" бүрэн эрхтэй гэж тодорхой заасан. Гэтэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг чөлөөлөөд зогсохгүй түүний энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгч өөрөө хэрэгжүүлэх гээд ийм чиглэл өгөөд байна уу гэсэн асуулт гарч ирж байна.

2020.05.21-ний орой Дээд шүүхэд аливаа чиглэл өгөх бүрэн эрх Ерөнхийлөгчид байхгүй гэсэн шүүмжлэл олон нийтийн зүгээс гармагч ЕТГ вебсайтын мэдээгээ дараах байдлаар засаж өөрчилсөн: “Улсын дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн яаралтай хуралдаж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэв.” Гэвч, дээр дурдсан вэбсайтуудын мэдээ нь Дээд шүүхэд чиглэл өгсөн тухай ЕТГ-ийн анхны мэдээний текст хэвээр хадгалагдаж байна.

Ерөнхийлөгчийн өгсөн “чиглэл”-ийн дагуу Дээд шүүх яаралтай хуралдаж шийдвэр гаргажээ гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Учир нь, Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр буюу 2020.05.22-нд болж, хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.[8] Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг  Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэх бөгөөд тэрээр зарлиг гарган, батламжлах учиртай. Гэвч, Ерөнхийлөгч 2019 оных шиг Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилохоос үзэмжээрээ татгалзах уу гэсэн эргэлзээг олон нийтэд үүсгэж байна.

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоогоор шүүхийн бие даасан байдлыг алдагдуулах эрсдэлийг бууруулах гарц:

Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 37.4-т “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн 8.2-т “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэжээ. Хоёр төслийн эдгээр заалтууд нь хэвээр батлагдвал Ерөнхийлөгчийн зүгээс Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилохоос үзэмжээрээ эсхүл дур зоргоор татгалздаг явдал арилахгүй. Иймд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоогоор шүүхийн бие даасан байдлыг алдагдуулах эрсдэлийг бууруулах хоёр янзын арга байна.

Нэг дэх арга нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилохоос татгалзахыг хуулиар хориглох явдал. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судлахгүйгээр ерөнхий шүүгчийн болон шүүгчийн томилгооны асуудлыг зөв шийдвэрлэж чадахгүй. Үндсэн хуулийн 51.2-т ийнхүү заасан: “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” ШЕЗ-өөс танилцуулсан эсхүл санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхийлөгч заавал томилох үүрэгтэй юу эсхүл томилохоос татгалзах бүрэн эрхтэй юу гэдгийг судлах хэрэгтэй. Тэгнэ, ингэнэ гэсэн бичлэг хуульд ихэвчлэн үүрэгжүүлсэн утгатай хэрэглэгддэг жишгээр бол Ерөнхийлөгч татгалзаж болохгүй. Энийг зөв тайлбар гэж үзвэл одоогийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-т “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан шиг зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Шинээр батлагдах Шүүхийн тухай хуулийн төсөл томилохоос татгалзах боломжийг хааж, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах хэрэгтэй.

Хоёр дахь арга нь Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг томилохоос татгалзвал үндэслэлээ илэрхийлэхийг Ерөнхийлөгчид үүрэгжүүлэх явдал. Дээрх хоёр төслийн заалтаар Дээд шүүхийн шүүгчийн нэр дэвшүүлсэн шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилохоор Ерөнхийлөгч үзэмжээрээ татгалзаж болохоор байгаа нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд буй шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын зарчим үл нийцнэ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон үүнээс өмнөх хуулийн зохицуулалтын ийм дутагдалтай байдлаас болж Ерөнхийлөгч Дээд шүүхийн санал болгосон шүүгчийг томилохоос үзэмжээрээ татгалзаж ирсэн. Энэ нь шүүхийн бие даасан байдлыг эрсдэлд оруулдаг гэдгийг Ц.Ганзориг шүүгчийн жишээ дээр өмнө үзүүлсэн. Мөн, Ерөнхий шүүгчийг гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс томилж буй тохиолдолд зөвхөн үндэслэл бүхий татгалзал хийхийг олон улсын сайн туршлага зөвлөдөг. Жишээлбэл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон ХБНГУ-ын Макс Планкын институтээс зохион байгуулсан уулзалтаас гарсан Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах тухай Киевийн зөвлөмж (цаашид “Киевийн зөвлөмж” гэх)-д ингэж заасан.[9]

Ерөнхийлөгч зөвхөн үндэслэл бүхий тохиолдолд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилохоос татгалзах, уг үндэслэлээ шийдвэртээ бичгээр тусгах, улмаар Дээд шүүх Ерөнхийлөгчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзвэл хуралдаанд оролцсон гишүүний дийлэнх олонхын саналаар дахин нэр дэвшүүлэх, үндэслэлтэй гэж үзвэл өөр шүүгчийг томилуулахаар нэр дэвшүүлэхээр хуульчлах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн томилгоог шүүгчид нэр дэвшүүлж томилох процесстой адилхан (Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 37.1-37.3 дахь сайн заалтуудтай адил) зохицуулах нь зүйтэй. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн төслийн 37.4-т “Улсын дээд шүүхийн санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхий шүүгчээр татгалзсан бол үндэслэлээ албан ёсоор бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх Ерөнхийлөгчийн үндэслэлийн дагуу дахин нягталж, томилохоос татгалзсан шалтгаан тогтоогдоогүй тохиолдолд хуралдаанд оролцсон гишүүний дийлэнх олонхын саналаар тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.” гэж нэмэх саналтай байгаа өмнө нь Ажлын хэсэгт илэрхийлж байв.[10]

Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгох:

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж заасан байсан бол 2019.11.14-нд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж өөрчилсөн. Энэ өөрчлөлт нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнээс гадуур Ерөнхийлөгчид хуулиар ямар ч бүрэн эрх олгож болохгүй гэх үзэл баримтлалаар орсон. Тийм ч учраас, энэхүү үзэл баримтлалыг тодотгох үүднээс УИХ-аас 2020.01.09-нд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 02 дугаар тогтоолын 2.3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд тодорхой бүрэн эрх олгож байхаар зохицуулах,” “Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд байх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид оруулах” гэж бичжээ.[11]

Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, ерөнхий шүүгчийг болон шүүгчийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах бүрэн эрх Үндсэн хуулийн 33.4-т байхгүй учраас шинээр гарах Шүүхийн тухай хуульд ийм агуулгатай заалт оруулж болохгүй. Жишээлбэл, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн 8.3-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилно” гэж заасныг хасах шаардлагатай. Учир нь, Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 болон бусад аливаа зүйл, заалтаар олгоогүй.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 37.5-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн Зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг тухайн шүүхэд нь нэг удаа улируулан сонгож болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцэж байна. Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг нээлттэйгээр нэр дэвшүүлж тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгодог байх нь олон улсын сайн туршлага юм. Киевийн зөвлөмжид “Тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгодог байх нь сайн хувилбар”[12] гэж заасан. Венецийн комисс мөн тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгохыг дэмжиж ирсэн.[13]

 

Жич: Судлаачийн хувьд “Монгол улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаарх санал” аа 2020.03.05-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүнд ерөнхий шүүгчийн томилгоо болон бусад асуудлаарх санал, дэлгэрэнгүй үндэслэлээ бичсэн. Энэхүү саналыг 191 хуудастай онлайн ном болгон хэвлэсэн байгаа.  Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төсөлд санал өгөх цаг хугацааны боломж олгоогүй.

 

АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖ: 

[1] О.Мөнхсайхан, Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам (Нээлттэй нийгэм форум 2015), 65-69.

[2]Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлжээ.

[3] ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭНГ ДЭВШҮҮЛЭВ.

[4] Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томиллоо.

[5] Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө.

[6] О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн цэц ардчиллаа авч үлдэх эцсийн найдвар, 2019.03.26, Ерөнхийлөгчийнхөө онц бүрэн эрхийг сайшаалаа.

[7] Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордууллаа.

[8] Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэв.

[9] OSCE ODIHR and Max Planck, Kyiv Recommendations On Judicial Independence In Eastern Europe, South Caucasus And Central Asia: Judicial Administration, Selection and Accountability, (Kyiv, 23-25 June 2010), 5.

[10] О.Мөнхсайхан, “Монгол улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаарх санал,” 2020.03.05, МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ САНАЛ

[11] Төрийн мэдээлэл, 2020 он №03 /1105/, 110-111.

[12] OSCE ODIHR and Max Planck, Kyiv Recommendations On Judicial Independence In Eastern Europe, South Caucasus And Central Asia: Judicial Administration, Selection and Accountability, (Kyiv, 23-25 June 2010), 5.

[13] European Commission For Democracy Through Law (Venice Commission) Bulgaria Opinion On The Judicial System Act, CDL-AD(2017)018, 7.

Сэтгэгдэл бичих

arrow icon