Гадаа бороо орсон, бодлын гүнд ч бас бороо орсон 5 дугаар сарын сүүлээр Г.Мэнд-Ооёо найрагчийн урлангаар зочиллоо. Бид олон зүйлийн тухай хоёр цаг орчим ярилцсан юм.
Яруу найраг цөөхөн үгэнд хорвоо ертөнц, хүний амьдралын олон асуудлыг багтааж чаддаг санагддаг. Жишээлбэл түүний “Гол ус тунгалагшиж нэг, булингартаж нэг урсана” гэсэн мөрүүдэд амьдрал тэр чигээрээ багтсан ч юм шиг. Хүн алдаж оноод жаргаж зовоод тэгээд л амьдардаг, он цаг нисэн нисэн одож хөөрхий хүн цаг хугацаанд захирагдаад нэг л өдөр үхдэг, дахиад хэн нэгэн төрөн тунгалагшиж нэг булингартаж нэг урсадаг.
Дэлхийн 50 хэлнээ орчуулагдсан "Чам руу би явж байна" шүлгийг нь уншихаар тэр шүлгэн дотор үхэл, хүсэл хоёр зэрэгцэж яваад байгаам шиг санагддаг.
......Хэдэн зуун гол мөрөнг хөндлөн гаталсаар
Хэзээ учирхаа тааж эс мэдэвч
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам руу би явж байна.
Намрын гуниг хаврын сэрлийг хамтад нь тээж
Насны галыг нарны илчтэй цугт нь атгаж
Навчтай цуг навчилж ,гандахад нь хамт гандаж
Цэцэг жимстэй цэнгэлдэх хүрээлэн дундуур
Цэнгэл амлах хундагатай мутрын дэргэдүүр
Цэхэлж хүрэх хүсэлдээ хөтлөгдсөөр
Чам руу би явж байна.
"Чамруу би явж байна" шүлгийн тайлбарыг уншвал тус шүлгийг зүүдэнд ирсэн нэгэн бүсгүйд зориулсан ч уншигч надад арай өөр мэдрэмжийг төрүүлдэг.
Нэг.Нэг багшаар хөтлүүлсэн гурван найрагч
Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Д.Нямсүрэн гурав Доржийн Гомбожав хэмээх нэг багштай байсан нь ихэд сонирхолтой.Хэрэв тэр багш байгаагүй бол Монголын яруу найраг арай өөр ч байх юм шиг.
Бид
...Эрээн цавд бороо орох сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан ;
..."Чамайг би явна гэхээр, шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа" ,
...“Ирсэн бүхнийхээ тоогоор, хүмүүсийн буцсан хорвоод
Инээд нулимсны нь зайд би амьдарч байна “
гэх яруу найргуудыг уншихгүй ч байсан юм билүү.Ингээд харахаар хүний амьдралыг чиглүүлдэг зааж сургадаг мастер ихээхэн чухал гэдэгтэй улам их санал нийлнэ.Дээрх гурван эрхэм нэг багштай, ах дүүгийн холбоотой мөн утга зохиолын Гал бүлгэмд харъяалагддаг учир ихэд дотно аж. Д.Нямсүрэн агсан Чимэгээр эхэлсэн есөн эмэгтэй, есөн чимэгт зориулан шүлэг бичсэн тухайгаа Мэнд-Ооёо гуайд ярьсан байдаг ,өөрийн эхнэр Хандмаадаа 4-р ангидаа анхлан шүлэг зориулсан байдаг. Д. Нямсүрэн , О.Дашбалбар нартай харьцуулахад Мэнд-Ооёо гуай бүсгүй хүнд зориулсан шүлэг цөөхөнг бичжээ.
О.Дашбалбар агсан 23 насандаа "Амьддаа бие биеэ хайрла" гэж бичихэд хүмүүс жоохон юм байж амьдрал ярьлаа гэх хандлагаар хүлээж авсан тухай "Гол ус тунгалагших цаг" номонд бичсэн байдаг. Тэдний залуу үе, миний залуу үе хоёр нэг юмаараа адил санагдсан нь: залуу юм чинь юу хийж чадхав дээ гэсэн залуу үеэ доош хийсэн хандлага байлаа.
Хүн дандаа юмыг өнгөрсөн хойно нь хүлээн авдаг .О.Дашбалбар агсан энэ тухайд
Өвөл гэдэг дандаа урт байдаг
Өнгөрсөн хойно л богинохон санагддаг
Амьд хүн болгоныг дандаа муу хэлдэг
Алга болохоор нь бүгдээрээ магтаж эхэлдэг хэмээн бичсэн байдаг нь санаанд орж байлаа.
Хоёр. Монгол хэлний тухай
Нийгмийн хөгжилд, хүн ард логиктой сэтгэж сурахад хэл асар их ач холбогдолтой болохыг Виттенгштейн бичсэн. Тэгтэл манайд хэл нэг л хөгжихгүй байгаа юм шиг санагддаг. Үг үсгийн байрлал солигдохоос өөр өөрчлөлт байхгүй, шинэ үг нэмэгдэдгүй. Уг сэдвээр нилээд ярилцахад тэрээр: Зохиолч хүний нийгмийн үүрэг бол үндэсний хэлийг ямагт хадгалж улмаар баяжуулж байх ёстой. Үгийн сан, хэлний эрхэмсэг найруулга, оюуны баялагийг илэрхийлсэн тийм уран зохиолыг хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл ийм уран зохиолын уншигч цөөн байгаа нь хэлний хомсдолтой холбоотой. Гэтэл мянгаадхан үгээр бичигдсэн адал явдлын уран зохиолын уншигчдын хэмжээнд өнөөгийн хэлний хөгжил зогсчих гээд байна. Хэлний хөгжлийн асуудал бол төрийн бодлогын чухал хэсэг байх ёстой. Сэтгүүлчдийн хэл, ярианы соёл, үгийн баялаг, илэрхийлэл явцуу байгаа нь хэлний хөгжилд муу нөлөө үзүүлж буй хэмээж байлаа.
Гурав. Дуу төрсөн түүхүүд
"Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд Миний ээж хүүгээ эх дэлхийтэйгээ бүүвэйлнээ", “Дэлхий ээж тандаа хайртай болохоор дэлхий ээж та мөнх настай” гээд бараг бүгд мэддэг дээрх дуунуудыг Г.Мэнд-Ооёо бичсэн. Тэрээр 1979 оны үед Радиогийн уран зохиолын редакцид харин Соёлын Гавъяат зүтгэлтэн Р.Энхбазар хөгжмийн редакцид ажилладаг байж. "Ээжийн бүүвэй хорвоо" дууны аялгууг нь Р.Энхбазар зохиогоод түүнд сонсгожээ. "Энд нэг сайхан үг хэрэгтэй байна" гээд. Ийнхүү тэр хөгжимөөс урган гарсан дуу аж. Уг дууны тухай ярьж байхдаа нүүдэлчдийн сэтгэлгээний цар хүрээ том байдаг. Нэг чулуунд уул нь багтдаг, нэг ууланд ертөнц багтдаг тухай дурсаж байв. "Ээжийн бүүвээтэй хорвоо" дуун төрсний дараа жил нь “Дэлхий ээж” бүтээгдсэн. Хүйтэн дайны үед "Улс төрийн дууны уралдаан" гэж тэмцээн зарлагддаг байсан байна. Ертөнц хоёр хуваагдчихсан Америк, Орос хоёр цөмийн зэвсэг өөдөөсөө харуулцан хэзээ ч кноп дараад дайтахад бэлэн тийм үед дайтвал хоёулаа хохирно, иймд хамтдаа “дэлхийгээ хайрлая” хэмээх утгаар Дэлхий ээжийн дууны шүлгийг бичиж СГЗ Р.Энхбазар хөгжим зохион Б.Бадарууган агсан гитартай дуулаад улс төрийн дууны уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Арван жилд байхад хүүхдүүд уг дууг чээжилж дуулдаг байсан. Уншигчийн хувьд надад дууны үг агуулга томтой санагддаг юм. "Дэлхий ээж" дууг бүтээхдээ тэрээр 27, 28 настай байсан ба мөн энэ насан дээрээ “Он цагийн хүрд” алдарт бүтээлээ бичсэн байна. Ер нь олон хүмүүс 26-35 насны хооронд гайхалтай бүтээлүүд бичсэн эсхүл нийгмийг өөрчлөх өөрчлөлт хийсэн санагддаг. Хүний амьдралын бүтээх нас нь ч юм шиг. Олон философичид, сэтгэгчид, Будда, Христ гээд ойртуулвал 1990 онд Монголд өрнөсөн Ардчилсан хувьсгалын хараацайнууд дээрх насандаа өөрчлөлт хийсэн.
Дөрөв. Түүний бага нас ба жаран жилийн өмнөх нийгмийн тухай
Түүний бага нас нүүдэлчдийн сонгодог үеийн яг төгсгөлд таарсан. Тэрнээс хойш нэгдэл, хоршоололын хөдөлгөөнүүд гараад өөрчлөлт явагджээ.Тэрээр 3, 4 настайдаа аавынхаа урд эмээл дээрээ дүүрүүлээд сумын дэлгүүрт ороод нээх гялгар юм байхаар нь их айгаад уйлсан тухайгаа ярьсан ба тэр нь никел сав л байсан юм байна л даа. Саванд нар тусан гялбахаар нь айсан хэрэг. Жаран жилийн өмнө шинэ Соёл иргэншилтэй тэгж л танилцдаг байж. Чийчаан дугарахаар бүх адуу малаа нуугаад зугтдаг байсан тухай уншиж байсан минь санаанд бууж байлаа. Одоогоос жаран жилийн өмнө тэрээр анх ааваараа монгол бичгийн цагаан толгой заалгасан түүх нь сонирхолтой. Аав нь нэгдэлийн хонь хариулдаг, голдуу ганц гэрээрээ өвөлжинө. Ах нь цэрэгт явсан тул аавыгаа дагаад хониндоо явна. Тал нутагт дэрсний нөмөрт цас тогтож хатуураад татгаршсан, тэрэн дээр саяхан орсон шинэ цасан дээр аав нь монгол бичиг заажээ. Шинэ шуурсан цасан дээрх бичиг их гоё харагддаг тухай дурсаж байлаа.
Жаран жилийн өмнөх нийгмийг тэрээр хүний оюун санаа хэт их мэдээлэлд дарагдаж бохирдоогүй цэвэр үе хэмээгээд анх радио сонсоод энэ дотор хүн байдаг юм боловуу гээд эргүүлж тойруулж харж байсан тийм л цаг үе. Технологийн хувьд хоцрогдсон ч, оюун санааны цэвэр тунгалаг, гоо сайханыг танин мэдэх, ертөнцийг ойлгох тэр хүрээ нь харьцангуй гоё байсан хэмээв.
Түүнийг анх сургуульд ороход энийг улаан, энийг хар гээд өнгө зааж. Хөдөөний хүүхдүүд чинь адуу малын түмэн зүсийг бүгдийг нь мэдэх учир түүнд өнгө заахад ихэд гайхаж байжээ. Нүүдэлчид мөн хүүхэддээ тэнгэрийн одод, амьтаны анатомыг ч заадаг байсан байна. Хонь төхөөрөхөд хөлийг нь түшүүлдэгдээ, тэр үед хүүхдүүд амьтны анатомитай танилцдаг байсан байна. Дэлгүүрээс юм авна гэж бараг мэдэхгүй юм чинь малд явж байгаад л харгана түүгээд утсаар баглаад л тогооны угаалтуур хийчихдэг байсан гээд л сонирхолтой түүхүүд олныг ярив.
Тав. Нийгмийн тухай
Нүүдэлчдийн соёлын тухай бид нилээд ярилцсан. Монголчууд нүүдлийн мал аж ахуйгаасаа хэт холдчихсон тухай, нүүдлийн соёл иргэншил хичнээн нандин чухал болох тухай тэрээр ярьж байв. Тэрээр сонгодог нүүдэлчдийн яг төгсгөл үед амьдарч таарсандаа баяртай байдаг гэнэ. Надад сонгодог нүүдэлчдийн сүүл үед төрсөн зохиолч найрагчдын бүтээл арай өөр санагдаад байдаг юм. Б.Явуухулан, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Мэнд-Ооёо гээд.... Ямар цаг үе байсныг нь тухайн цаг үеийн бүтээлээс нь харах боломжтой ч юм шиг.....
Яруу найргийн тухай ярьж байхдаа тэрээр Хүний сэтгэлд гэрэл гэгээ тусгаж сайхан юмыг бий болгож, эмзэглүүлэх, гуниглуулах гэдэг бол нь яруу найраг хэмээж байлаа. Би түүний бүтээлээс дотны хүмүүс нь байхгүй болсон тухай хэсгийг уншаад яг л хажууд нь байгаа мэт 3D мэдрэмж авч билээ. Явуу багшийг телевизийн нэвтрүүлэгт оролцох үед залуусд хэрэгтэй зөвлөгөө өгөөч гэхэд хатуужилтай бай гэсэн байдаг.Энэ нэвтрүүлэг санаанд орж түүнээс дээрх асуултыг асуухад тэрээр "хүлээцтэй бай" гэж хэлэв. Аливаад яаран адгах хэрэггүй. Сошиал ертөнцөд хүмүүст ямарч хүлээц байхгүй байна. Бодож амжихгүй адгаж хариу үйлдэл үзүүлж байна. Өөрийнхөө оюун санааг эерэг зөв талд нь жолоодож сурах хэрэгтэй Тэрийг л хүлээц гээд байгаа юм. Нэг нэгнээ уучлаж өршөөж, бухимдахаасаа өмнө адгахаасаа өмнө тунгааж бодох чухал. Тэр хүн ямар ч нөхцөлд тийм үйлдэл хийсэн байж болно. НИЙГЭМ, цаг үеийн ааш араншин нөхцөл байдал, тухайн үеийн сэтгэл зүй янз бүр байж болно шүү дээ, тийм учир хүлээцтэй бай бас уучилж бай гэв.
Нийгэм ямар ч байсан байж болно гэдэг дээр үндэслэн бид өнгөрсөн 30-н жилийн шуурганд өртөн өвгөнтийн хөндийд нас барсан хүмүүсийн тухай ярилцлаа. Яалт ч гүй бүтэн нэг нийгмийн давхарга нийгмийн шуурганд явсаныг ярилцан яриа маань нилээд гунигтай болсон тул түүний мөрөөдлийн тухай яриагаа үргэлжлүүлэв.
Зургаа. Нүүдэлчин соёлыг хадгалах түүний мөрөөдөл
XXI зууны нүүдэлчин ямар байж болох тухай загвар төсөл боловсруулан энэ тухайгаа олон газар танилцуулж, бүр Юнескогийн хуралд хүртэл илтгэл тавьж байжээ. Тухайн үед түүнийг ойлгох, дэмжих зав зайтай төр засаг байгаагүй гэнэ. Тэрээр орон нутагтаа Нүүдэлчний Ардын Хүрээлэн байгуулж байгаад дэмжлэг олоогүй орхичихсон тухайгаа ярьлаа. Дарьгангын нүүдэлчин соёлыг сэргээх зорилготойгоор Дарьгангын зургаан сумдыг хамруулан "Ганга нуурын чуулган" эвентийг гурван жил дараалан зохион байгуулсан байна. Бүх сумдаас зан заншлын үзүүлбэр, угсаатны эдлэлийн үзэсгэлэн гаргаж, гар урлалын бүтээгдэхүүнээ борлуулж, мартагдсан өвөө сэргээх аян өрнүүлсэн байна. Гурван жил дарааллан зохион байгуулсны үр дүнд зарим уламжлал сэргэж, тэмээгээр нүүхээ байсан бол тэмээгээр нүүдэг болж, Мотоциклоор малаа хариулдаг байсан бол буцаад морио унадаг, морь унахдаа мөнгөн эмээл хазаараа хэрэглэдэг болсон тухай ярилцав. Монголчууд аливаа зүйлийг хүлээж авахдаа хурдан санагддаг. Жаахан өдөөгөөд замыг нь засаад дэм өгөх л хэрэгтэй хэмээв.
Харамсалтай нь тэрхүү эвент нь орон нутгийн засаг төр солигдоод зогсжээ. Зогссон шалтгаан нь өмнөх намынхан хийж байсан учир шинээр сонгогдсон засаг захиргаа хуучин намын хийж байсан ажлыг хийхгүй гэх хандлагатай холбоотой гэнэ. Залгамж шинж чанар байхгүй гэдгийг баталгаа ч юм шиг. Манайхан ер нь дээр дооргүй өмнөх хүнийхээ хийсэн ажлыг үргэлжлүүлдэггүй. Тэгээд ихэнх ажил нь үр дүн байхгүй. Энд манайхан рационал сэтгэж чаддаггүй гэдэг нь харагдана. Хичнээн сайхан зүйл байсан ч өмнөх намыхан хийж байсан юм чинь зогсоо, хаа гэдэг. Яагаад ч юм намаа ч ойлгоогүй, зүүн, баруунаа ч мэдэхгүй, бараг чи өрсөлдөгч намын гишүүн юм байна чамд дургүй боллоо гэдэг нэг тийм тэнэг үзэгдэл хөдөө бүр их газар авсан шиг санагддаг. Ийм учир бүгдээрээ хөгждөггүй байх. Уул нь ялгаатай үзэл бодлыг хүндэтгээд хамтраад явах нь бидний амьдарч буй нийгмийн үнэт зүйлсийн нэг гэдгийг нийтээрээ ухамсарлан ойлгох, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.
Долоо. Морин хууртай холбогдсон түүх.
Монголчууд уламжлалаа хаяаагүй. Жишээлбэл: Зарим хотын айлууд гэртээ авдар, морин хууртай бас хүүхдээ шагайгаар тоглуулдаг, уламжлалаа хаяхгүй гэсэн эрмэлзлэл ихтэй мэт.
Морин хуур 1960 он хүртэл хөдөө айлд байжээ. 1960-д оноос хойш гитар болон бусад зэмсгүүд орж ирэн хуучин юм бүхэн хоцрогдсон гэх сэтгэлзүй газар авав. Ихэнх айлууд морин хуурынхах толгойг авч авдарт хийн морин хуураа орхиж, хуурддаг хүн ч цөөрсөн байна.
Тэрээр 1980-аад оны сүүл үед радиод ажиллаж байхдаа нөхдийн хамт "Морин хуурын хөдөлгөөн" бий болгосон нь Морин хуурын чуулга үүсэх суурийг тавилцжээ. 2002 онд тэд Н.Багабанди ерөнхийлөгчөөр морин хуурыг дэлгэрүүлэх тухай зарлиг гаргуулж улмаар “Морин хуурын зохионгуй”, ”Морин хуурын судар” гэсэн хоёр ном бичсэн байна. Морин хуурын тухай бичиг судар энэ үед уламжилж ирээгүй учир тэрээр морин хуурын судар өөрөө зохиожээ. Хэрхэн зохиосон түүх мэдээж сонирхол татах учир түүнээс тодруулахад, бага байхад аав минь морин хуурныхаа ард намайг суулган хуурддаг байсан. Аавын морин хуурын аялгууы увдис надад үлдсэн гэж боддог. Миний амьдралын олон чухал зүйл морин хууртай холбогдсон. Морин хуурын соёлын тиг, дэг ёс, аялгууны утга уянга, гүн сэтгэлгээний уламжлал миний мах цусанд шингэсэн, хөг дуурь нь миний бүтээлд шингэж байдаг хэмээн хариулж байсан юм.
Ийнхүү 2002 оноос морин хуур хэрэглээнд орж, хүмүүс шинэ айл гэрт бэлэглэдэг болсон. Язгуур морин хуурыг 1940-оод онд тайзан дээр гаргаж ирсэн. Морин хуур мэргэжлийн урлаг болон хөгжиж байгаа. Морин хуурийн олон сургалтууд явж байгаа. Япон, Хятад зэрэг орнуудад морин хуурын хамтлагууд бий болж, гадаад залуучууд морин хуур сурах гэж ирдэг болсон. Жишээ нь жил бүр морин хуурын тухай лекцийг нь сонсохоор Америкаас оюутнууд ирдэг гэнэ.
Одоо язгуур морин хуур нүүдэлчин ахуйн хэрэглээнд л гараагүй байна, одоогоор бол айлуудад очсон байна. Яг малчид өөрсдөө ингээ уйлуулах, төлөө авхуулах, морины явдал засахад хэрэглэж заншаагүй байна, гэхдээ энэ заншил сэргэх цаг ойрхон байгаа тухай хэлж байв. Монголын морин хууртай холбоотой түүний түүх миний сонирхлыг ихэд татлаа. Морин хуур гадаад ертөнцөд монгол соёлыг дэлхийд таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа.
Түүний өв соёл уламжлалд зориулан хийж буй ажлууд үнэхээр гайхалтай байлаа.
Ийнхүү бидний ярилцлага дууслаа. Өөрөөсөө өөр хүмүүстэй уулзан,хорвоогийн сонин сайхныг ярилцах хичнээн сайхан бээ.
Bayarlalaa