Нийтлэл 06 сарын 02, 2020

Хөмөрсөн тогоо ба сонгууль

...Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг

 тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор

 гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.

Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж,

 таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.

Хуучин хүү шинэ хүү болов...

/Д.Нацагдорж “Хуучин хүү” өгүүллэгээс/

Анх удаагаа сонгуульд санал өгөх дүү минь "Би хэнд санал өгөх вэ?" гэж асуулаа. Асуултад хариулах гэж буй би гээч нь аль хэдийн гурван удаа сонгуульд санал өгч, дөрвөн удаа сонгуулийн багт ажиллаж үзсэн архаг сонгуульчин. Энэ туршлагаараа дүүгийн тархийг өлхөн угаачихтайгаа. Гэвч, тийм ээ гэвч сонгох олон хувилбар өгөлгүйгээр сонголт тулгавал нүгэл болно.

Анхны сонгууль гэхээр ажилласан 2004 оны сонгууль, санал өгсөн 2008 оны сонгууль тод санагддаг.

 2004 оны сонгууль.

Би энэ сонгуульд санал өгөөгүй юм. Учир нь 17 настай байлаа. Тэр хавар “Сонгуульд ажиллавал ангиар нь зусланд явуулна” гэхээр нь хөөрцөглөсөн хүүхдүүд ажиллалаа. Нэг ангийнханд үүнээс гоё цалин юу байхав л гэж бодсон биз. Монгол ардын хувьсгалт нам (МАХН)-аас манай дүүрэгт нэр дэвшиж буй нөхрийн сурталчилгаанд гүйлээ. Хүүхдүүдээр юу хийлгэх нь ойлгомжтой. Намын логотой малгай, футболка өмсөж нэр дэвшигчээ дагаж явж, сүрийг үзүүлнэ. Туг бариад жагсааж зогсоно. Сурталчилгааны материал айлуудаар тараана. Тэгсхийгээд л болно доо. Энэ МАХН сүүлдээ одоогийн МАН, МАХН гэж хоёр хуваагдсан. Тэр үедээ бол ганц МАХН, намын дарга нь Намбарын Энхбаяр байв. Хэдийгээр аар, саархан ажил хийж байсан ч цаг наргүй л ажиллаж байсан санагдана. Бидэнд улс төрийн мэдлэг түй ч байхгүй, цагаан цаас шиг байлаа. Ийм цагаан цаасан дээр ямар ч өнгийн бэхээр, ямар ч утгатай зүйлийг, хэн дуртай нь бичнэ. Цагаан цаас шиг бидэн дээр томчууд харин улаан өнгөөр “Намбарын Энхбаяр” гээд биччихсэн билээ л.  Өнөө Н.Энхбаяраа хүний дээд, улс төрчийн манлай мэт л боддог болов. Тэр сонгуульд МАХН олонх болж, харин манай нэр дэвшигч ялагдсан юм. Нэр дэвшигчээ ялагдахад бид бараг уйлж байсан даа. Мэдээж хэрэг хийсэн ажлынхаа үр дүнд ялахыг хүсэх нь хэний ч зан.

 МАХН-д элссэн минь

УИХ-ын сонгуулийн хойтон жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог билээ л. 2005 оны хавар. Сургуулиа төгсөх ойртоод л. Сонгуулийн сурталчилгаа ч эхэллээ дээ. “Энхрий хайрт” Н.Энхбаяр минь нэр дэвшлээ. За, яг тэр үеэр манай ангийнхныг дүүргийн Соёлын ордонд аваачлаа. Сонгуулийн сурталчилгаа л бололтой, ордон пиг дүүрэн. Тэгсэн бид ангиараа МАХН-д сайн дураар элсэхийг хүссэн болоод явчихлаа. Хэдэн төлөөлөл нь тайзан дээр гарч намын батлахаа ч авлаа. Гишүүний үнэмлэх гэсэн үг л дээ. Ингээд л МАХН-ын гишүүн болчих нь тэр. Тэгэхэд бидний ихэнх аанай л 18 насанд хүрээгүй явлаа. Томчууд биднийг ахиад л ингэж ашигласан юм. (Дүү минь, одоо чи яагаад намайг шууд “тэрэнд саналаа өг” гэж хэлэхгүй байгааг ойлгож эхэлсэн байх!)

 2008 оны сонгууль

Н.Энхбаяраас өөр мундаг хүнгүй би  их сургуульд элсэн орлоо. Хуулийн сургуульд орсон тул улс төр, хууль эрх зүйгээр бөмбөгдүүлж, тэр хэрээр “МАХН, Н.Энхбаяр”  хэмээх хөмөрсөн тогооноос гарч эхэллээ шүү. Ингэж байтал 2008 он болж анхны сонгуульдаа санал өгсөн юм. Аав хажуу талаас нэг нам, нэг нэр хэлнэ. Ээж нөгөө талаас өөр нэг нэр хэлнэ. Алийг нь ч тоосонгүй. Тэртэй тэргүй миний хэндээ дугуйлахыг хэн ч харж чадахгүй. Хэнд ч тайлагнах албагүй. Надад өөрт бодол бий. Номын дуу гурван жил сонсож, хөмөрсөн тогооноос гарч, “хуучин охин” байхаа больчихсон хойно.

Анхны сонгуульдаа саналаа өгнө гэдэг 18 нас хүрсэний бодит нотолгоо л доо. Улсаа яаж, хэнээр удирдуулах вэ? гэдгээ сонгох чухал мөч. Нэг хаваржин түчигнэж, нэг сар сурталчилгаа хийсэн болоод дөрвөн жил удирддаг. Тэр дөрвөн жилийнх нь үр дүн дөрвөн үедээ ч гарч магад. Сайн үр дүн үү? Муу үр дүн үү? Сайн байлгахын тулд сонгуульд саналаа өгөх чухал. Саналаа өгөхдөө судалж өгөх нь чухал.

2012, 2016 оны сонгууль

Энэ хоёр сонгуульд аль алинд нь нэг хүнд санал өгсөн юм. Дуртайдаа, учиргүй дэмждэгтээ биш УИХ, Засгийн газар бол багаар, бүлгээр, намаар ажилладаг тогтолцоогоо мэддэг учраас тэр. Яахав, тухайн үед нэг нам нь “хуулийн тогтолцооны шинэчлэл” гэж ярьж асан үе. Тэр шинэчлэлийг дэмжиж байсан учир миний санал “нэмэр болуужин” гэж тэр намаас дэвшсэн нөхөрт санал өгсөн хэрэг. Тэр шинэчлэл ч улс төр, хувь хувьсгалын олон шалтгаанаар лөөлөө болчих шиг. Өнөө гишүүн  маань ч намаасаа гарч, миний огтоосоо дэмжихгүй үзэл баримтлалтай нам байгуулчихлаа. Нээрэн би хэнд, юуны төлөө  санал өглөө байз?!

 2020 оны сонгууль

Энэ жил миний санал өгөх дөрөв дэх сонгууль. Гэвч ахиад л арван хэдэн жилийн өмнөх анхны сонгууль мэт байна. Тойрогтоо нэр дэвшигчдийг хараад айх маягтай. Тооны олноос нь айсан юм биш. Тоо олон байх ерөөс буруу зүйл биш.

“Хөмөрсөн тогоо” гэгч чинь нэг гарчихаар ч болчихдог эд биш аж. Хүссэн нь ахиад хөмөрч, харанхуй бүдүүлэг болгочих гээд л анаж явдаг бололтой. Орчин үеийн ”хөмөрсөн тогоо” гэдэг бол олон янз аа. Хамгийн том нь Үндсэн хуульт ардчилалгүй байх явдал. Арай ахмад үеийнхэн “цусаараа олж авсан тусгаар тогтнол” гэж ярихыг чи сонсож байсан л байх. Өнөөдөр бол тусгаар тогтнол гээчийг үндсэн хуульт ардчиллаар хамгаалдаг байж магад. Үүнийг цусаараа биш өөр олон аргаар хамгаалж болно. Үүний нэг нь  сонгуульд хариуцлагатайгаар санал өгөх. Буу шийдэм, цус, нулимсандаа хүрч тусгаар тогтнолыг хамгаалахаа больсон нь аз юм шүү. Бас нэг ахмад үеийнхний хэлдгээр “ардчиллын буян”.

“Үндсэн хуульт ардчилал” гээд дахин, дахин дурдаад буй нь товчхондоо чиний өнөөдөр, маргааш бүхэлдээ эрх чөлөөт байхыг хэлээд буй. Үүнийг задалбал ярвигтай л даа. Миний нөгөө айгаад байгаа шалтгаан нь ардчилалд гай болж чадахуйц хэд, хэдэн нэр дэвшигч манай тойрогт буйд тэр юм. Тэр хэдэн нэр дэвшигчдийн улс төрийн үзэл нэг иймэрхүү:

Цаазын ялыг сэргээх хэрэгтэй гэж сүүлийн хэдэн жил ярьж буй хоёр ч нэр дэвшигч бий. Анхандаа хүчингийн гэмт хэрэгтнүүдийг цаазлана гэсэн. Сүүлдээ авлигачдыг болж өргөжсөн. Авилга муухай, хүчин жигшим. Гэхдээ энд “цаазлана” гэдгийг нь санаад авчихад болно. Өнөөдөр юм уу, маргааш нээрэн ч авлигачийг, хүчиндэгчийг цаазлах байх. Нөгөөдөр харин дургүй хүнээ авлигачин, хүчиндэгч гэж цаазлаж мэдэх вий.

Шүүгч, шүүхийг шударга бус байгаа тул би, бид томилно гэж ярьж явсан нэр дэвшигч бас бий. Шударга, шударга бусын талаар хэнд ч бодол байж бололгүй дээ. Үнэхээр шударга бус  гэмээнэ хэдхэн хүн биш хууль ёсны бүтэн тогтолцоо л шударга болгох ёстой. Нөгөө талаараа “шударга бус шүүхтэй” гэх хэрнээ тэднээрээ цаазын ял оноолгоно гээд байдаг логикийг би бол ойлгодоггүй

Ерөнхийлөгчийн буюу нэг хүний засаглалыг үргэлж зөвтгөдөг хоёр нэр дэвшигч бас байна. Ийм байр суурьтай хүн байж бололгүй яахав. Гэхдээ өнөөх хүчин төгөлдөр үйлчилж буй “Үндсэн хууль” маань нэг хүний засаглалыг биш парламентын засаглалыг хуульчилсан юм.

Лесбиян, гей, трансжендэр, хужаа, хөдөөнийхөн, эмэгтэйчүүд, нарийн өмдтэй эрчүүд муу муухай гэдэг нөхөд бас бий бий. Манай хүн бас тэдний нэг ээ. Хэн нэгнийг муухай гээд эхэлж буй улсын “муухайн жагсаалт” хэр урт, удаан үргэлжлэх бол? Чи дургүй байлаа ч үүнийг төрийн бодлого, хууль болговол яах бол?

гэх мэтээр үргэлжлүүлж болно. Гэхдээ энд хүрээд дуусгая. Үүнээс ч илүү өргөн агуулгатай зүйл. Чи өөрөө үргэлжлүүлж судлаарай. За, энэ хүртэл нуршсаны эцэст хэлэхэд чи өөрөө л хэнд санал өгөхөө шийднэ. Юуг хамгаалах ёстойгоо ойлгож, ямар ирээдүй хүсч буйгаа анзаарч, үүний тулд залхууралгүй уншиж судлах л ёстой болно. Миний анхны сонгууль  шиг л харанхуй, бүдүүлэг байж болохгүй. Ердөө ганцхан сар л сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, саналаа очоод өгөхөд хэдхэн минут л зарцуулна. Харин үр дүн нь ямар байхыг шийдэлцэх хүн нь чи бас би.

Өө нээрэн, надаас сонгууль өгөхийн тулд ямар ном унших вэ? гэж асуусан даа. Өчнөөн  ном бий. Заримаас нь санал болгоё. 

  • Жан Жак Руссо., “Нийгмийн гэрээ”, УБ, 2016
  • Сэм Харрис., “Худал”, УБ, 2017.
  • Харри Франкфурт., “Буллшитийн тухай”, УБ, 2018
  • Маргарет Этвүүд., “Шивэгчний үлгэр”, УБ 2018.
  • Шарль Монтескье., “Хуулийн амин сүнс” УБ 2019.
  • Ан Чи мин., “Улаан сухай, УБ 2020.
  • Бусад номыг эндээс бас харж болно. 

Чамд амжилт хүсье!

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-06-09

    ....

    • Зочин
    • 2020-06-04

    Гайхамшигт 50: Урам зоригийн түүхийн зохиолч эгч байшд. Үнэхээр залуу үедээ санаа тавьдаг болто.

    • Зочин
    • 2020-06-03

    Сайн бичжээ. Баяр хүргэе. Бичлэгийн арга барил тань бас их таалагдлаа. Цаашид хүлээн уншиж байнаа. Амжилт хүсье

    • Amu
    • 2020-06-03

    18 насанд хүрээгүй хүн сонгууль өгөхгүй ээ.. энэ номнуудыг уншаад бүрэн ойлгохгүй ч гэлээ, ухаанд нь ухна шиг үхчихээгүй л бол нэг юм бодож хоцрох байхаа. Хүнд агуулгыг хүргэж байгаа хойно доо энэнээс илүү энгийнээр ойлгомжтой яаж хүргэх вэ??

    • Иргэн
    • 2020-06-03

    Бүгд уншмаар байна.

    • Эрка
    • 2020-06-03

    Зүйл хэлээд байна, ахмад ньч анхаарах!

    • Иргэн
    • 2020-06-03

    Нээрээ бид бүгдээрээ шинэ хүн болсон хөмөрсөн тогооноос гарсан гээд л байдаг , үнэндээ соц үеэс илүү харанхуй байна шүү дээ. УИХ-аа харалдаа мөн чиг ухаантай улсуудын сонгосон мөн чиг ....

    • WAVY
    • 2020-06-03

    18 нас хүрээгүй хүүхдүүд таны санал болгосон номын уншаад тэр бүр ойлгохгүй ээ, тэгээд бас бичиглэл тань нэг л биш ээ, уг нь жаахан хүүхдүүдэд тайлбарлаж бичсэн бололтой, гэхдээ агуулга нь бичиглэлээсээ хүнд байгаад байна.

    • Зочин
    • 2020-06-03

    Залуучууд унших хэрэгтэй бичвэр байна. Сайн бичсэн байна. Амжил хүсье

    • Зочин
    • 2020-06-03

    Мундаг бичжээ

arrow icon