Монголд 8 дахь удаагийн ардчилсан сонгууль үргэлжилж байна. Сонголтын шалгуур нь юу байх вэ? Боловсролтой, ёс зүйтэй, нэр цэвэр, залуу, ждүчин биш... Хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйл, итгэл үнэмшлээр шалгуур хийж таараа. Гэхдээ эдгээр шалгуурыг хэн нь ч хангахгүй байвал яах уу? Эсвэл бүгд тэнцээд байвал яах уу? Суурь шалгуур юу байхыг шийдэхэд хэцүү байвал сонгуулийг ер нь анхнаасаа яах гэж хийж байгаагаа нэгэнтээ нэхэн саная. Энэ сонгуулиар парламентыг бүрдүүлнэ. Парламент гэдэг төрийн нэг тулгуур багана, хууль тогтоох, бодлого боловсруулах институц нь. Бас ялсан намын дарга Ерөнхий сайд болно, сайдуудаа томилно. Өөрөөр хэлбэл сонгуулийн зорилго нь төр. Төрийн зорилго нь улс үндэстний оршин тогтнохуй юм. Тэгэхээр сонгуулийг явж явж Монгол гэдэг улс үндэстэн өнөд оршин тогтнохын тулд хийж байгаа гэдгийг сонгогч бүр хатуу ойлгох хэрэгтэй.
Алсын зорилгоо мэдэж байвал ойр зуурын юмсыг хаях амархан. Том том дипломтой ч гэсэн үндсэн зорилгод эс үйлчлэх, эсвэл бүр сөрж ажиллах этгээд байвал хая. Танил найз нөхөд чинь дэмжлэг гуйж байсан ч гэсэн энэ зорилгод хүч үл хүрэх этгээд бол бас таягдан хая, хайрлах хэрэггүй. Царайлаг, секси энэ тэр бүр падлийгүй. Сайн ген хайх амьтны биологи чинь ажиллаж байгаа болохоос царайны сайхнаар, цээжний бакиар төр барихгүй.
Тэгээд хэнийг сонговол Монгол цаашид үргэлжлэх вэ? Энэ асуулт ямар төр оршин тогтнодог вэ гэсэн асуулттай нэг зоосны хоёр тал шиг холбоотой. Ямар төр улс тогтвортой, хүчтэй оршин тогтнодог вэ? Төрт улсуудын үүсэл мөхлийг судлан шинжлэх ажил одоо ч үргэлжилж байна. Ямартай ч улс үндэстэн оршин тогтнох гол нөхцлийн нэг нь “Төрийн нэгдмэл байдал” гэдэг дээр олон түүхч, судлаачид санал нэгддэг. Тэгэхээр сонголтоо хийхдээ энэ нөхөр нэгдэлд нэмэр болох уу, задралд хөтлөх үү гэдгийг бодолцох хэрэгтэй гэсэн үг. Эхэнд асуусан асуулт эндээс улам бүр тодорхой болж ирнэ, хэн төрийн нэгдмэл байдлыг задалдаг вэ?
Түүхэн чиг хандлагын хувьд олон төрийн задрал, мөхөл овог аймгууд эргэн хүчирхэгжихтэй холбогддог. Морин дээрээс дэлхийг дайлах амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх амаргүй гэдэг нь тулгар төрийг байгуулсны дараа эргээд задрал явагдахаас сэргийлэх амаргүй гэдгийг хураангуйлсан цэцтэй хэлц бололтой. Фүкүяма “Төрийн үүсэл” номдоо овог аймаг хүчирхэгжиж, задрал явагддагийн цаана дор хаяж хоёр шалтгаан дурдсан байдаг.
Нэгдүгээрт, хүн биологийн амьтны хувьд ураг төрөл, отог омогтоо угаасаа үнэнч байдаг. Нэг нэгэндээ хэр үнэнч, өгөөмөр байх нь генийн хувьд хэр ойр хамаатайгаас шууд пропорциональ хамаардаг гэж байгаа. Хүн төрсөн ахдаа илүү хайртай, авга ахдаа бол арай багасаад явах маягийн амьдралын бодит үнэнийг хэлж байна. Энэ биологийн хамаарлаас илүү абстракт хийсвэр үнэт зүйл дээр нэгддэг орчин үеийн хүн төрж байж төр улс, шашны урсгал гэх мэт илүү том нэгж үүсдэг. Амьд амьтдаас зөвхөн хүнд бодит амьдрал дээр оршин байхгүй төсөөллийн үнэт зүйл дээрээ нэгдэх чадвар байдаг гэдэг. Жишээ нь яг нүдээр үзээгүй хэрнээ бурхныг төсөөлж, шашин үүсгэж, тэр шашин дороо нэгдэж, бас задарч чаддаг нь зөвхөн оюун ухаант хүн төрөл. Иймэрхүү абстракт үнэт зүйлийн нэгдэл сул байх тусам анхдагч өгөгдөл буюу танил тал, ах дүү, нутаг ус гэсэн бодит шалгуураар нягтардаг гэсэн үг. Тэр нь оюун санаа, төсөөллийн нэгжийг бодвол орон зай, тоо хэмжээний хязгаартай учраас хүн илүү жижиг нэгжид харьяалагдах болж задрал явагдана.
Хоёрдугаарт, мөн л үүсэл хөгжлийн явцад коодлогдсон хүний нэг онцлог нь “өгөө аваа” юм. Асар энгийн бүдүүлгээр хэлвэл тэсч үлдэхийн тулд наймаа хийдэг, хүнээс юм авсан бол хариу өгдөг, өгсөн бол хариу хардаг маягийн араншин бидний зан төлөвт сийлэгдэж үлджээ. Ходоодныхоо мухарт бид бүгд наймаачид. Шууд өгөө аваа мөн л овог аймаг гэсэн жижиг нэгж дотор илүү бодитой явагддаг. Жишээлбэл чи нэг нутгийн хүндтэй хүнд бэлэг сэлт ихээр зэхэж очих хэрнээ төрд татвар төлдөггүй бол сэтгэлгээний хувьд Монгол Улсын иргэн гэхээсээ тухайн овог аймгийн гишүүн, уламжлалт хүн гэсэн үг. Ийм уламжлалт хүнийг орчин үеийн иргэн болгож чадах эсэхээс нэгдсэн төр, төрт улсын үүсэл хөгжил хамаарч ирсэн гээд хэлчихэд хилсдэхгүй.
Монголын анхны орчин үежилт коммунизмтай давхцдаг. Уламжлалт монгол хүн коммунист монгол болж хувирахад Монголын эзэнт гүрнээс хойш төрсөн хамгийн хүчтэй нэгдсэн төр бий болжээ. Тэр нь дээр дурдсан овог аймаг, садан төрлөөс илүү абстракт шинжтэй үзэл суртал нэвтрүүлж, нам төр нэгдсэн хүчтэй захиргааны систем хийж чадсанд байв. 1990 оны өөрчлөлт шинэчлэлтээс хойш энэ хоёр хамт задрах процесс ба дор нь дарагдаж байсан уламжлалт монгол хүн гарч ирэх(кино кино), улмаар овог аймгууд төрийн дээгүүр амбицлах процесс хоёр зэрэгцэн өрнөж ирлээ. Нутгийн зөвлөл гээч сүлжээ, түрүү бөхөө жийпээр зоддог халуурал, авилга хавтгайрах, сум сумандаа 9 хөлт туг залж солиорох, аймаг сумын үүдэнд аварга аварга хаалга үүд зоох нь уламжлалт монгол хүний дотор унтаж байсан бага хаадын синдром илэрч байгаа хэлбэрүүд гэж харж болно. Улсын наадам хийвч уул талаар зассан олон хөлт асар, ул боовтой тавагны өндөр, бөртэ малгай хатан дээлтэй авгай хүүхнүүдийг нь харвал шинэ цагийн бага хаадын цээж өвчин нүднээ илт.
Энэ синдромын эсрэг талд улс үндэстэн нэгдэх чиглэлд үйлчилсэн абстракт үнэт зүйл нь эзэнт гүрний ой санамжаас гадна ардчилал, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг байв. Харамсалтай нь коммунизмыг орлосон эдгээр шинэ үзэл санааны хэрэгжилтэд алдаа гарсан. Орчин үежсэн олон нийгэмд нийтлэг илэрч байгаа нэг эмгэг нь ардчилал, зах зээлийн гажуудлаар төрсөн уламжлалт овог аймгаас ч хүчирхэг, бизнес, улстөр дамнасан орчин үеийн хэлбэртэй шинэ төрлийн картел, бүлэглэлүүд.
Иймэрхүү нео буюу шинэ, гоё хэлбэрт орсон овог аймгууд шилжилт, шинэчлэл хийж байгаа нийгэмд улстөр, эдийн засаг хоёрын завсарт хийдэл үүссэн үед төрөх нь түгээмэл байна. Өөрөөр хэлбэл өмч хувьчлал зэрэг эдийн засгийн шинэчлэл түрүүлж хийгдсэн нийгэмд шинэчлэлээр давуу тал олсон овог аймгууд мөнөөх нутаг ус, танил тал, биологийн хамаарлаа орчин үеийн гоё корпорац, төрийн алба болгож хувиргаад дээлээ тайлж гоонж өмсөнө. Улмаар хараахан бүрэн шинэчлэгдэж төлөвшиж амжаагүй хууль шүүх, төрийн албанд байршиж системийн нэг хэсэг болно. Тэгээд улс үндэстний нийтлэг үнэт зүйл, нэгдсэн төрд биш өөрийн овог аймаг, картелын явцуу эрх ашигт үйлчилнэ. Ийм үзэгдлийг онолд нео-патримониал буюу эзэнт ёс шинэ хэлбэрт орох гэж нэрлэж байна. Манайд бол МАНАН гэж нэршил бий болсон.
Ийм хэлбэрийн задралд живсэн Африкын болон Латин Америкийн орнуудад нийгмийн энерги явцуу эрх ашгийн бүлгүүдэд хуваагдаж, төр авилгад идэгдэж, улстөрийн хямрал нүүрлэдэг нийтлэг хэв маяг давтагдаж иржээ. Монголчууд энэ хэв маягийг давтах маягтай явж байгаагаа анзаарч гэдрэг эргэхгүй бол жинхэнэ орчин үеийн нийгэм үзэхээсээ өмнө эдгээр орны араас орно гэдгээ хаа хаанаа хатуу ойлгомоор байна. Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, Монголбанк нь, Санхүүгийн зохицуулах хороо нь, парламентын гишүүд нь, медиа, “сэхээтнүүд”, нийтлэлч найруулагч нар нь нийлээд нэг арилжааны банкны эрх ашигт үйлчилж, улсын хамгийн том үйлдвэрээ өрсөлдөгчгүй хувьчилж болсон нь нео овог аймгууд төрийн дээр төр, улсын дотор улс байгуулж чадахаар болж, задрал гүнзгийрсэн байсны хамгийн тод томруун баталгаа болно.
Тэр утгаараа энэ сонгуулиар Монголыг учиргүй хөгжүүлэх парламент бүрдүүлэх гэхээсээ задралаас сэргийлэх нь илүү чухал.
Нэгдүгээрт Үндсэн хуульт дэг журам, суурь абстракт үнэт зүйл болох ардчилалд шууд тэрсэлж тогтворгүй байдалд хөтөлдөг галзуу солиотой хүмүүсийг, хоёрдугаарт бизнесийн явцуу эрх ашгийг төлөөлж байгаа нь тодорхой нэр дэвшигчдийг төрд оруулахгүй буцаах хэрэгтэй. М-Ойл, Ажнай, MCS, Худалдаа хөгжлийн банк, АПУ, МАК зэрэг нео овог аймгууд төрийн нэгдмэл байдал, улс үндэстний оршин тогтнохуйг бизнесийнхээ эрх ашгийн дээгүүр эрэмбэлнэ гэж байхгүй.
Эхний төрлийн хүмүүс машины мотоор эвдэнэ, дараагийн бүлэг хүмүүс эд ангиар нь салгаж авна. Энэ хоёроос сэргийлж чадвал энхэл донхол боловч замаар машин явдгаараа явна, хөгжил ирдгээрээ ирнэ.
Эцэст нь ажилладаг компани, үйлчилдэг эзэн, ах дүү, хамаатан садан гэх мэт аливаа хэлбэрийн явцуу хамаарлаа дагаж сонголт хийх гэж байгаа сонгогч та өөрөө төр улсаа задрал, нэгдлийн алинд нь хөтлөх гэж байгаагаа өөрөөсөө дахин нэг асууж үзээрэй.