Уулзах цаг тохировч, очихоор гаднаа хэдэн цаг хүлээлгэнэ. Өрөөний гадна бөөн очер. Том дарга байх тусмаа удаан хүлээлгэх ёстой! Томоохон уулзалт, арга хэмжээн дээр заавал 1-2 цаг хоцорч, сүр бараатай орж ирнэ. Асуудал гарвал шийдэхгүй хэсэгтээ хаячихна. Шийд авах гэж царайчилсан хүмүүс тэрүүгээр нэг. Ойлгомжтой дүрэм журам гаргаад процессыг хялбаршуулъя гэхгүй, ойлгомжгүй байдлыг үүсгэж, өөрийн үзэмж, тааллаар “ивээх” гэнэ. Жижиг асуудал дээр ч гарын үсэг нь хэрэгтэй тул, үзэг нь үнэд орно.
Алба авсан эхний өдөр өрөөгөө тохижуулна. Уран зураг, угалз сийлбэр, чихмэл, наамал, баримал, шахмал сувинерүүд. Хаан сандал, заан ширээгээ байрлуулан эгээтэй л музей байгуулчихгүй. Даргын өрөө сүртэй байх тусам орж ирэх хүн сүрдэнэ. Бараалхан орогчид жижиг гэдгээ мэдрэх ёстой! Хурлын самбар, ажлын багаж зэвсэг сонин биш.
Уул нь удирдах алба эрхэлдэг хүний өрөөнд ажлын самбар, 4-5 хүн суугаад товч уулзалт хийх дугуй ширээ г.м чухал байдаг. Гэтэл байхгүй.
Дарга орж ирэхэд ажиллагсад сандарч “номондоо орж” байвал сайн. Аргагүй мундаг дарга юм даа, очоод л гялалзуулаад, хөдөлгөөд... Уул нь гараад явангуут ажил назгайрч байна гэдэг менежмент болохгүй байгаагийн шинж. Ер нь ШИЛДЭГ ЛИДЕР гэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй, гэтэл ажил нь амжилттай явдаг хүнийг хэлдэг. Асуудлыг гал унтраах аргаар биш, үндсээр нь, системээр нь шийдэж чаддаг учраас юм. Хүн биш, систем зохицуулдаг болгох, системээ байнга сайжруулж чаддаг байгууллагын соёл бий болгох нь лидер хүний үндсэн ажил.
Манай Ерөнхий сайд нэг их сүрхий нүдний шилнийхээ дээгүүр харж байгаад хурган, төлгөн дарга нараа загнадаг. Асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх авралын бурхан болж тодордог. Одоо байтлаа хотын дарга, аймгийн дарга нар ч дуурайх боллоо. Зөвлөлт “Сталинч” аргад зохиомол асуудал үүсгээд, тэр шийдвэрийг “их удирдагч” цуцалж, буруутай этгээдүүдийг донгодсоноор мэргэн ухаан, хүч бяраа ард олонд харуулах гэдэг туршлага бий. Манайд ч үүнтэй төстэй жүжгүүд тавигдаж, эргэж буцсан шийдвэр олон гарсан билээ.
Одоо өөрөөр харъя. Бид 20-р зууны социалист лагерт биш, 21-р зууны чөлөөт нийгэмд амьдарч байна. Ирж яваа цаг боссуудыг биш, лидерүүдийг хүлээнэ.
Санал нэг.